Л.МӨРӨН

Төсвийн байнгын хорооноос өчигдөр мэдээлэл хийж, хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, 44 асуудал хэлэлцсэн байна. Үүнээс 27 хуулийн төсөл,бусад нь УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцжээ. Тухайлбал, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж баталсан байна. Хууль баталснаар төсвийн ерөнхийлөн захирагчдын 2014 оны төсвийн хязгаар болон 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл бий болсон байна. Ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 14.7 хувьд хүргэж хэрэглээний үнийн индексийн дундаж төвшинг зургаан хувьд барихаар төлөвлөсөн байна. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7270 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьд хүрнэ. Мөн Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7686,3 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416,3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах юм. Ирэх жил Улсын нэгдсэн төсвөөр 2299,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсын нийт өрийн хэмжээ өнөөгийн ханшаар найман мянга 314 тэрбум төгрөг байх аж.
Байгын хороо Оюутолгойн гэрээг нягтлах, Сургалтын төрийн сангийн төсвийн зарцуулалтыг шалгах зэрэг ажлын хэсгүүд байгуулж ажилласан байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь Оюутолгойн гэрээнд хяналт тавих ажлын хэсэг. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ийм хариулт өглөө.
-Оюутолгойн гэрээг хянах ажлын хэсгийн ажил хэр урагштай байгаа вэ?
-Оюутолгойн гэрээний асуудалд бидний санааг хамгийн их зовоож байгаа хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын бодит хэмжээг тогтоох тухай юм. Энэ хэмжээ байнга өсөж байгааг цэгцлэнэ. Одоо бол 7.1 тэрбум долларын хөрөнгө оруулсан гэсэн тоо байна. Анх энэ тоо 4.1 тэрбум байсан. Цаашдаа 13 тэрбум хүртэл өсөх тухай асуудал яригддаг. Хэрвээ ийм бол Монгол Улсын 34 хувьд ноогдох өрийн хэмжээ дөрвөн тэрбум доллар хүртэл өснө. Тиймээс бид энэ тоог техник эдийн засгийн үзүүлэлтэд заасан хэмжээнд хүргэх ёстой. Би ажлын хэсгийн явц байдалтай байнга танилцаж байгаа. Бидэнд өгч байгаа мэдээллээр бол 7.1 тэрбум доллар гэдэг үндэслэлгүй тоо гэж тооцсон байна. Түүнчлэн Оюутолгой баяжмалаа гаргаад экспорт эхэлсэн. Хөрөнгө оруулалтын эрээний 9.10.3-т заасан баяжмалын борлуулалтын орлогыг гадаадад хадгалж, зарцуулах тухай заалт зэрэг асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ингэвэл манай улсын эдийн засаг, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиггүй болох нь тодорхой. Засгийн газар энэ асуудалд ажиллаж байгаа, ярилцаж ойлголцсон гэсэн. Оюутолгойгоос ачуулсан баяжмалын төлбөр Монгол Улсад эргэж орж ирнэ гэж байгаа. Үүнийг гэрээнд албан ёсоор өөрчлөлт оруулж шийдэх ёстой. Зэсийн баяжмалтай гарч байгаа алт, мөнгө зэрэг үнэт металлын бодит агууламжийг тодорхой болгох ажлыг бас хийхэд лаборатори, байгууллагууд хаа хаанаа анхаарал тавьж ажиллах болно. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ахалсан Оюутолгойн гэрээг нягтлах ажлын хэсгийн тайланг намрын ээлжит чуулганы үеэр хэлэлцэхээр товлосон.
-”Хадгаламж” банкны дампуурлын талаар та ямар байр суурьтай байгаа бэ?
-Банкны асуудал манай байнгын хорооны эрхлэх хүрээнд байдаггүй. Тиймээс банктай холбоотой авч байгаа арга хэмжээний тухай мэдээлэл байхгүй. Гэхдээ Төрийн банк татаж авч харилцагчдын эрх ашгийг хамгаалж байгаа нь сайн. Бидний анхаарлыг зайлшгүй татсан асуудал бол төрийн өмчийн газраар баталгаа гаргуулсан нь эргээд “Эрдэнэт” үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эсэх тухай юм. Цаашлаад татвар төлөлтөд үр дагавар гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс “Эрдэнэт”-ийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзана.