М.ГАН

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр завсарлав. Ээлжит бус чуулган гурван долоо хоног үргэлжилж төлөвлөсөн асуудлаа бүгдийг нь хэлэлцэн баталсан юм. Аймаг, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай шинэчилсэн найруулгыг өнгөрсөн баасан гаригт баталсан ч “цоорхойтой” байжээ. Иймд өчигдөр хуульд нэмэлт оруулж батлав. Баталсан хууль нь төгс байгаагүйг эрхэм гишүүд гурав хоногийн дараа мэдэж дахин өөрчлөх төсөл санаачилсан юм байна. Ингээд ээлжит бус чуулганы сүүлчийн хурал­даанаар баталсан хэрэг. Аймаг, сум, дүүргийн сонгуулийг холимог хувилбараар явуулахаар заасан билээ. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүр ИТХ-д төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан. Шинээр баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд  заасны дагуу нийслэлийн дүүрэг бүрт хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөө­лөгчдийн тоог тогтооход нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан  дүүрэгт тус тус  41 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй байхаас 14 нь хувь тэнцүүлэх хэл­бэрээр, 27 нь хороодоос сонгогдохоор байгаа юм. Гэтэл Баянзүрх дүүрэг 28 хороо, Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой байгаа учир зарим хороо Иргэ­дийн Хурлын төлөөлөгч­гүй байх нөхцөл бий болжээ. Иймээс хуулийн зарим заалтад нэмэлт оруулан зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр сум, дүүр­гийн иргэдийн Төлөө­лөгч­дийн Хуралд тухайн сум, дүүргийн  бүх баг, хорооноос төлөөлөлтэй байх нөхцөл бүрдэх аж. Үүний дараа Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Төсөлд  аймаг, сум, дүүр­гийн иргэдийн Төлөөлөгч­дийн Хурлын сонгуулийн  зардлын хэмжээг таван тэрбум 206 сая төгрөг байхаар тогтоолоо.

 

НАМРЫН ЧУУЛГАНААР 11 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ

Энэ өдрийн хурал­дааны нэлээд шүүмжлэл дагуулсан асуудал нь УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл байв. Тогтоолын төслийг боловсруулахаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Ерөнхийлөгч 20, Засгийн газар 96, байнгын хороод 48, УИХ дахь намын бүлгүүдээс 31, нийт 195 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлснээс 11 төслийг намрын чуулга­наар хэлэлцэх асуудлын  дараалалд тусгасан байна.  Гишүүн Ж.Батзандан “Бид өөрсдийгөө “Шинэч­лэлийн Засгийн газар” гэж нэрлээд байгаа. Гэтэл энд оруулж ирсэн жагсаалтад байгаа хуу­лиудын олонхи нь өмнөх Засгийн газар, өмнөх парламентын гишүүдийн оруулсан хуулийн төслүүд байгаа учир буцаамаар байна” гэв.  УИХ дахь МАН-ын гишүүд ч мөн шүүмжлэв. Тэд МАН-ын бүлэг байгуулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцээгүй тул дахин ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Гэвч тэдний саналыг тоосон­гүй. Намрын ээлжит чуулганаар ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлого, ирэх оны төсвийг хэлэлцэх учиртай юм.

 

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОВ

Олон  нийтийн радио, телевизийн Үндэсний зөв­лөлийн зарим гишүүнийг томилов. МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөв­лөлийн бүрэлдэхүүнээс одоогоор найман гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ.  Тус зөвлөлд Ерөнхийлөгчөөс Б.Цэнддоо, Д.Сосорбарам нарыг, Засгийн газраас А.Мөнхбат, А.Арман нарын нэрийг  дэвшүүлэв. Мөн УИХ-д төрийн бус 28 байгууллагаас нийт 29 хүнийг нэр дэвшүүлснээс Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, Л.Пүрэвдорж, С.Мягмар нар хамгийн олон санал авсан байна. Нэр дэвшигчдийн талаар хэ­лэлцээд долоог нь дэмж­лээ. Харин нэр дэвшигч Ц.Батмөнхийг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжсэнгүй. Гишүүд үг хэлэхдээ Үн­дэс­ний зөвлөлийн гишүүнээр томилогдож буй хүмүүст өөрсдийг нь нэр дэвшүүлсэн талд үйлчлэлгүй, улс төрийн нөлөөнөөс ангид байх, ялангуяа ялсан намын дуу хоолой, улс төрийн индэр болохгүй байхыг анхаа­руул­лаа. Гишүүн Н.Энхболд “Энэ бол улс төрийн байгууллага биш, түүнээс ангид ажиллах ёстой өвөрмөц байгууллага тул хэн хаанаас томилогдсоноо өнөөдрөөс эхлэн мартах хэрэгтэй. МҮОНРТ нь бодлого тодорхойлж, хамтын шийдвэр гарган, ерөнхий хяналт тавиад явдаг байгууллага болохоос бус мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдралд оролцох ёсгүй. МҮОНРТ  бол нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд эрх гэхээсээ илүү үүрэг хүлээдэг газар тул ажил төрөлдөө ийм байдлаар хандах хэрэгтэй” хэмээн захилаа.  Сайд Х.Тэмүүжин  татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа учраас аль болох нийтийн эрх ашигт үйлчилж, нийтийн ашиг сонирхол руу чиглэсэн бодлого боловсруулахад анхаарах, соён гэгээрүүлэх үүрэг давхар хүлээж, иргэний сэтгүүл зүй, иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг захилаа.