Ч.ЗОТОЛ
Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг болон “Ачтан” клиникийн эмнэлэгт ажиллав. Энэ үеэр “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” гаргасан 449 дүгээр тушаалынхаа биелэлтийн явцтай биечлэн танилцсан байна.
Энэ үеэр П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн хамт олон “Эмнэлгийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж байгаа” –г тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир онцолж байв. Мөн эмч ажилтнуудынхаа харилцаа хандлагыг сайжруулах, дэг журам, ажлын цаг ашиглалт, үүрэг хариуцлагыг сайжруулах талд онцгой анхаарч байгаагаа хэллээ.Тус хамт олон 2014 оныг “Ёс зүйн харилцаа хандлагын жил”, 2015 оныг ёс зүйг эрхэмлэсэн “Эвнэгдэл-Итгэлцэл”-ийн жил болгон зарлажээ. Энэ ньЭМС-ын сайдын гаргасан “сахилга-хариуцлага- дэг журам”-ыг хэрэгжүүлэх 449 дүгээр тушаалын суурь болж аж. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг өвчтөнүүдэд хүнд сурталгүй,чиргэдэлгүйгээр хүргэхийн тулд ачаалал ихтэй байдаг зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах чиглэлийн кабинетүүд дээрээ тус бүр нэг кабинетийг нэмэн ажиллуулж эхэлснээ эмнэлгийн ажилтан, эмч нар ярьж байна.

Нөгөөтэйгүүр, шинэ техник технологийг эмнэлэгтээ нэвтрүүлэх нь тус эмнэлгийнхний зорилт болоод байгаа аж. Ингэснээр гадаадын улс орнуудыг зорин явж, эмчилгээ үйлчилгээ авдаг өвчтөнүүдийн тоог цөөрүүлэх, гадагшаа урсч буй валютын урсгалыг сааруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, гадаадад хийж буй өндөр үнэтэй хагалгаануудыг Монголдоо хийх боломжтой гэдгийг эмч нар хэллээ.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөллийн нэг болох“Ачтан”эмнэлгийн, хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээнд ам сайтай байлаа. Мэргэжилтний хувьд тус эмнэлгийнхэн чадварлаг эмч нарын багтай гэдгээрээ бахархаж байсан. Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүргийн өвчтнүүд тус эмнэлгээр үйлчлүүлдэг. Тэдгээр үйлчлүүлэгчдээс хожуу үеийн хавдар гэсэн оноштой үйлчлүүлэгч нар сүүлийн үед их ирдэг болжээ. Тэдний оношлохоос гадна мөн хагалгааг нь ч амжилттай хийж байгаагаа хэлж байв.
Харин хүндрэлтэй асуудал нь хувийн эмнэлгийнхэн зардлаа дийлэхгүй, ор хоногийн мөнгөний тодорхой хувийг авч чадахгүй байгаа зэрэг бэрхшээл учирч байгааг дуулгаад, цаашилд анхаарч өгөхийг хүсэв. Мөн өвчтнүүдийг эмнэлгүүдэд тараан байршуулбал зүгээр юм гэсэн санааг ч эмч нар дурдаж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn