ХӨСҮТ-өөс хепатит С вирусын нуклейн хүчлийн хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх чадавх бүхий арван байгууллагыг зарлаж, батламж гардуулсан. Тус зөвшөөрлийг авахаар 18 байгууллага хүсэлт гаргаснаас Элэгний төв, Грандмед, Интермед, Сонгдо эмнэлэг, Гялс анагаах ухааны төв, Хаппи веритас, Мед-аналитик, Онкоген, Стандлаб, Итгэл эрүүл мэндийн төвүүд шалгарсан байна. Шалгаруулалтын үнэлгээг хийхдээ Австралийн Үндэсний лавлагаа лабораторийн мэргэжил арга зүйн зөвлөгөөнд үндэслэжээ.Вирусыг илрүүлэх шинжилгээ дунджаар 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээ 160 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна.
Вирусын шинжилгээний үнэ: Элэгний төвийн лаборатори: хепатит С вирүс илрүүлэх шинжилгээ 3000, тоолох жинжилгээ 120 мянга
Гялс анагаах ухааны төв: илрүүлэх 6000, тоолох нь 140 мянга
Хаппи веритас: илрүүлэх шинжилгээ 15 мянга, тоолох шинжилгээ 90 мянган төгрөг байдаг юм байна.
Бид “Сонгдо” эмнэлэгт вирусын шинжилгээ хэдэн төгрөгөөр хэрхэн хийх талаар тус эмнэлэгийн лабораторийн тасгийн эрхлэгч Б.Еркегүлтэй ярилцлаа.
-Улс даяар вирусын гадаад хяналтанд эмнэлэгүүдийг хамрууллаа. Тус хяналтанд “Сонгдо” эмнэлэг хамрагдах хүсэлтээ гаргаж, элэгний вирус тоолох шинжилгээний албан ёсны зөвшөөрөл авсан арван эмнэлэгийн нэгээр шалгарсан. Бидний аппарат, боловсон хүчин, өрөө танхимын хувьд стандартад нийцсэн учир манайхыг тэнцүүлсэн байх. Бид 2008 оноос вирус тоолох шинжилгээг хийж Монголдоо нэвтрүүлсэн.
-Ямар шаардлага тавьсан бэ?
-Тус зөвшөөрөлд хамрагдах хүсэлт тавьсан лабораториудад “Хөндлөнгийн хяналт” тавьсан юм. Бид хүсэлтийн дагуу хяналтын материалыг илгээсэн. ХӨСҮТ-ээс ижил сорьцоор шалгалт хийж, бодитой хариу гаргаж, шалгуур хангасан арван эмнэлэгийн жагсаалтыг гаргасан байна. Мөн ХӨСҮТ-ийн тусгай баг ирж, техник, багаж, хэрэгслүүдэд хяналт тавьсан.
-Элэгний вирус тоолох шинжилгээ ямар үнэтэй вэ. ХӨСҮТ-ээс үнэ тарифыг тогтоож өгдөг үү?
-Зөвшөөрөл авсан арван эмнэлэгийн хувьд ХӨСҮТ-өөс үнэ тариф тогтоосон зүйл алга. Хэт үнэтэй биш, улсын эмнэлэгтэй ойролцоо тарифтай байх чиглэл өгч байна. Цаашдаа элэгний вирус тоолох шинжилгээний өртөгийг бууруулах талаар ХӨСҮТ-тэй ярилцаж байгаа.Дунджаар тариф нь 150-200 мянгийн хооронд байдаг.
-Энэ шинжилгээг бүх эмнэлэгүүд хийгээд байдаггүй гэсэн?
-Бүх лабортарууд элэгний С вирусыг тоолох шинжилгээг хийдэггүй. Өртөг өндөртэй. Тоног, төхөөрөмж нь өндөр үнэтэй. Улсын эмнэлэгүүд бараг хийж чаддаггүй. Хэчнээн төхөөрөмж нь байлаа ч төсөв нь хүрэлцэхгүй, урвалжаа авч чадахгүй тохиодол бий. Улсын эмнэлэгээс ХӨСҮТ л багтсан. Манай Сонгдогийн лаборатори багтсанд бид сэтгэл хангалуун байгаа. Грандмед, Интермэд нь манайхаас арай хожуу шинжилгээ хийж эхэлсэн.
-Ер нь элэгний вирусын шинжилгээг хэчнээн янзаар хийдэг юм бэ?
-Вирусыг гурван аргаар тодорхойлдог. Рапитист нь нэмэх, хасах сөрөг урвалаар илэрдэг тестийн арга. Титрийн арга аппарад дээр суурилагдсан тоон үзүүлэлтээр гаргадаг. Мөг вирусын идэвхжлийг тодорхойлох арга багтдаг. Нэг микр литр цусанд хэдэн ширхэг С вирус байгааг тодорхойлдог. Тус гурван шинжилгээг манайд хийж байгаа. Эхний шат, дараагийн шат, сүүлийн шатанд нь тодорхойлдог.
-Элэгний вирус тоолох шинжилгээг өгөхөд яаж бэлдэх вэ?
-Вирус тоолох шинжилгээг өгөхөд өлөн, архи дарс хэрэглээгүй үед өгдөг. Шинжилгээний хариу олон улсын Си нэгжээр гарна. Шинжилгээгээ өгчөөд эмчилгээгээ хянах үедээ дахин шинжилгээ өгөхөд олон улсын нэгжээр гардаг. Тайланд, Америк, Монголдоо өгсөн ч яг адил нэгжээр хариугаа авдаг. Манайх бүрэн автомат Германы Рошшио пермийн аппаратаар шинжилгээ хийдэг.
Эх сурвалж: www.polit.mn