Б.ЯНЖИНДУЛАМ

Жил болгон зохиогддог “Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мари Стопс олон улсын байгууллага хамтран “Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл бол миний дотны анд” гэсэн уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн өдрийг 2000 оноос эхлэн дэлхийн 70 гаруй улс тэмдэглэх болжээ. Харин манай улс энэ хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийд жилд 15-16 насны 16 сая орчим охид, эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс болоод амь насаа алддаг. Харин Манай оронд 2014 оны байдлаар үр хөндөлтийн 18145 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хүн ам цөөн улсын хувьд их тоо юм. Иймээс охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, жирэмслэхээс хамгаалах эмийн хэрэглээг нэмэгдүүлэн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зорилготойгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.

Энэхүү өдрийн хүрээнд маргааш Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв дээр 11.00 цагаас ЖХЭХ-ийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, сургалт явуулж,  жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг, бэлгэвчийг үнэ төлбөргүй тараах юм байна. Мөн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол дахь Мари Стопсын эмнэлэг гэр бүл төлөвлөлтийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ирсэн үйлчлүүлэгчиддээ гарын бэлэг өгөх юм байна.

Эх сурвалж: www.zms.mn