Д.БОЛОР

 

Мөнгө угаах болон тер­роризмыг санхүү­жүүлэх­тэй тэмцэх тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Хуулийн төсөл бүхэлдээ эсэргүүцэлтэй тулга­раа­гүй ч зарим зүйл заалт нь түүхий, бодит байдалд нийцэхгүй байна гэсэн санал шүүмжлэл дагуулсан. Мөнгө угаах болон терроризмыг сан­хүү­жүүлэхтэй тэмцэх ту­хай хууль 2006 онд бат­лагдсан бөгөөд уг хуулиар мөнгө угаах болон тер­роризмыг санхүү­жүү­лэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх зохицуулалтыг хийжээ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон тер­роризмыг санхүү­жүү­лэх­тэй тэмцэх эрх зүйн ор­чинг боловсронгуй болгох шаардлага тулгарсан юм байх. Төсөл санаачлагч сайд Х.Тэмүүжин “Мон­гол Улсад банк, санхүү­гийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хө­рөн­гө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинж­тэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байна. Манай улсад хэдийгээр террорист үйл ажиллагаа болж байгаагүй ч террорист байгууллагад гишүүнээр элсэх, тер­роризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгтэй аливаа хэл­бэрээр холбоотой тохиолд­лууд гарахыг үгүйсгэх аргагүй. НҮБ болон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгуул­лагын гишүүн орны хувьд мөнгө угаах болон тер­роризмыг санхүүжүү­лэх­тэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байна. 2011 оноос ФАТФ нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж тодорхой зөвлөмжүүдийг өгсөн. Тэд ирэх сарын дотор Монгол Улс дотоодын хууль тогтоомжоо гэрээнд тааруулахгүй бол ФАТФ-тай хамтран ажилладаггүй улс орнуудын тоонд буюу хар жагсаалтад оруулна гэсэн. Иймээс мөнгө угаах болон терроризмыг сан­хүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан то­дорхой болгох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь чухал байна” гэлээ. Түүнд зарим гишүүн ийм асуулт илгээв.

 С.Одонтуяа:

-Хуулийн төсөлд заа­сан 20 сая төгрөгийн гүйл­гээ хийсэн хүн болгоныг шалгах уу. Эсвэл гүйлгээнд ямар нэг саатал гарахаар нь шалгах юм уу.

Х.Тэмүүжин:

-Тухайн банкаар байнга үйлчлүүлдэггүй этгээдийн эрсдэлтэй гэж үзсэн гүйлгээнд мөнгөний дүнг харгалзан аль эх үүсвэрээс хаашаа орж буйд нь хяналт тавих юм. Гүйлгээ саатах, удаашрах явдал гарахгүй, энгийн гүйлгээг нягтлаад явна. Харин зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзсэн гүйлгээнд л хяналт тавина.

 З.Баянсэлэнгэ:

-Яагаад заавал 20 сая гэж заах болсон юм. Тэр хэмжээнд хүрээгүй атлаа 24 цагийн дотор хийсэн гүйлгээ болгоныг хамруу­лах ёстой гэж ойлгох уу.

Х.Тэмүүжин:

-Хуулийн төсөлд заа­сан 20 сая төгрөг гэдэг нь олон улсын хэмжээнд мөр­дөж байгаа жижиг стан­дарт. Давтан гүйлгээнд шалгах үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг л хам­руулна.

С.Дэмбэрэл:

-Хуулийн төсөл, энэ талаарх бусад орны жи­шиг, ойлголт, арга хэл­бэрийг харьцуулж харахад хуулийн төсөл дутуу ду­лимаг байна. Бодит бай­далд амьдралаас тасархай болсон хууль юм биш үү.

Ц.Нямдорж:

-Хуулийг энэ хэвээр нь батлах юм бол банкны нууц гэх юмгүй болж, олон байгууллага оролцдог бо­лох нь ээ. Хэлэлцүүлгийн шатанд ихээхэн ажил хэ­рэгч хандаж эдийн засагт хохиролтой заалтуудыг авч хаях хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

Хэлэл­цүүлгийн төгс­гөлд гишүү­дийн олонхи нь дэмж­сэнээр хуулийн төс­лийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.