М.ГАН

 

Парламент бүрэн бү­рэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Эрхэм гишүүд Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөдөө, гадаа дав­хи­хаас илүү Төрийн ордон­доо сууж нэгэн хуулийг даруй батлах шаард­лага­тай болжээ. Олон улсын байгууллагуудаас ч Мон­голд  сануулга өгсөн гэнэ. Мөнгө угаах болон тер­роризмыг санхүү­жүү­лэх­тэй тэмцэх тухай хуулиа шинэчлэн ирэх зурга­ду­гаар сарын дотор бат­лахгүй бол хар жагсаалтад тэмдэглэнэ гэсэн сануулга ирсэн байна.

Манай улсад банк, сан­хүүгийн тогтолцоо хур­дацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэг­дэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион бай­гуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлддэг мөнгө угаах арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болсон гэнэ. Түүнээс гадна олон улсын байгууллагаас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж тодорхой зөвлөмжүүдийг өгчээ. Тухайлбал, хууль тогтоомждоо ирэх  зургадугаар сарын дотор нэмэлт, өөрчлөлт хийж олон улсын байгууллагаас тавьж буй зөвлөмж, шаардлагад нийцүүлэхгүй бол Монгол Улсыг  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлж магадгүй улс орнуудын тоонд багтааж хар жагсаалтад бичих тухай сануулсан байна. Хэрэв манай улс хар жагсаалтад орвол гадаад, дотоод санхүүгийн гүйлгээ удаашрах, хаагдах зэрэг бэрхшээл тулгарах аж.  Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэ­чил­сэн найруулгын төслийг өнгөрсөн пүрэв гаригт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-д өргөн барьсан юм.

Хуулийг шинэчлэн баталснаар мөнгө угаах болон терроризмыг сан­хүүжүүлэхтэй тэмцэх асуу­дал төдийгүй дотоо­дын санхүүгийн луйвар­тай холбоотой хэргүүдийг ч тухайн цаг үед нь илрүүлэх боломжтой болох гэнэ. Хэрэв энэ хуулийг эртхэн шинэчлэн баталсан бол МИАТ-ийн хэрэг, Татварын ерөнхий газрын хэлтсийн даргын нууц ам­раг­таа мөнгө зувчуулсан хэргийг тухайн үед нь илрүүлэх боломжтой байсан гэж хуулийн төсөл санаачлагч үзэж байгаагаа хэлсэн юм.

АЖЛААС ГАРСАН Ч ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛНА

Хуулийн төсөлд санхүүгийн мэдээллийн албанд мөнгө угаах болон терроризмыг сан­хүүжүүлж болзошгүй мэдээллийг гар­гаж өгөх байгуул­лагууд, тэдгээрийн үүрэг, харилцагчдаас мэдээлэл гаргуулж авах, гаргаж өгөхгүй татгалзсан то­хиол­долд авах арга хэмжээний талаар тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн мэдээллийн албаныхан ажлаасаа гарсан тохиол­долд харилцагчийн гүйл­гээний талаарх мэдээл­лийг бусдад өгч, дам­жуулахгүй байх, тухайн харилцагчийн нууцыг хад­галах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүү­жүү­лэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтол­цоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой бол­гох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэг­жүүлэх чиглэлээр Мөнгө угаах болон тер­роризмыг санхүү­жүүлэх­тэй тэмцэх тухай хуулийн шинэ­чил­сэн найруулгын  төслийг боловсруулсан тухай танилцуулгад дурджээ.

Мөнгө угаах болон тер­роризмыг сан­хүү­жүүлэх гэмт хэрэг гарч болзошгүй талаар мэ­дээ­лэх үүрэгтэй байгуул­лагууд илт үндэслэлгүй, хэвийн бус их мөнгөн дүнтэй, улс төрийн нөлөө бүхий этгээ­дийн нэр дээр хийгдсэн, мөнгө угаах болон тер­роризмыг санхүүжүүлэх тэмцэх талаарх хяналт хангалтгүй улс орноор дамжуулан хийгдэж буй гүйлгээнд тусгай хяналт тавих, ха­рил­цагчийн та­лаарх ба­римт, материалыг хадга­лах, сэжигтэй гүйл­гээний тухай мэдээлэх, санхүү­гийн мэдээллийн алба­наас мөнгө угаах бо­лон терроризмыг санхүү­жүүлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн дансанд хяналт тавих, гүйлгээг түр зогсоох, хө­өнгө битүүмжлэх талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн мөнгө угаах бо­лон терроризмыг санхүү­жүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий Мөрдөх алба, болон бусад холбогдох төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг, нэгдсэн мэдээллийн сан, гадаад улсын ижил төвшний байгууллагатай харилцах харилцааны талаарх зохицуулалтыг тусгажээ.

Санхүүгийн мэдээл­лийн албаны дэргэд мөнгө угаах болон тер­роризмыг санхүү­жүү­лэхтэй тэмцэх хууль тог­тоомжийн хэрэг­жилтийг хангах, мэдээлэл солил­цох, эрсдлийг буу­руулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Орон тооны бус Зөвлөл ажиллуулах, уг Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах субьектыг хуулийн төсөлд тодорхой заасан байна.

Хуулийг баталсаны дараа Монгол Улсад уул уурхай түүнийг дагасан эрчимтэй хөгжил, гадаад, дотоодын хөрөнгө оруу­лалт нэмэгдэхийн хэрээр түүнийг дагах сөрөг үр дагаврын нэг болж болзошгүй мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Нэгдсэн Үндэстний Байгууллага, ФАТФ зэрэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын зүгээс тавих хяналтыг эрсдэлгүй туулж, олон улсын банк санхүүгийн салбарт Монгол Улсын нэр хүнд дээшилнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Дээрх хуулийн төсөл нь дөрвөн бүлэг 23 зүйлтэй. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийднэ.