Ч.ГАНТУЛГА
Бид энэ удаагийн “Танд хэрэгтэй зөвлөгөө” булангаа хүнсний ахлах технологич Ч.Өлзийсайхантай хамтран бэлтгэлээ. Өнгөрсөн дугаараараа өргөст хэмх дарах аргыг заасан бол энэ удаад сармис хэрхэн дарах болон сармисны ханд бэлтгэх тухай зөвлөв.
Өвсний толгой шарлаж, сэрүүн салхи үлээх нь гадаа намрын урь орсны тэмдэг. Энэ үед ханиад ихэсч, биеийн эсэргүүцэл мууддаг. Харин хүний дархлааг нөхөх амин дэм сармисанд хамгийн ихээр агуулагддаг юм байна. Сармис нь мөөгөнцрийн, шимэгч хорхойн, вирусын, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг биологийн идэвхт бодисыг агуулдаг. Тиймээс өвчнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Сармисыг дархлаа бэхжүүлэх, өвчний илааршилтыг түргэсгэх эмийн бэлдмэл байдлаар хэрэглэж болох ч элдэв эмгэгтэй хүмүүс эхлээд эмчээс зөвлөгөө, зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа, бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод болон гэдэсний шархтай хүмүүс сармисыг тун болгоомжтой хэрэглэнэ.
Ингээд сармисыг гэрийн нөхцөлд даршилж, түүнийгээ эмчилгээнд, биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэж болох тухай энгийн аргуудыг танилцуулъя.
- 1. Сармисны хандыг бэлдэхдээ 200 грамм сармисыг жижиглээд 0.5 литр сайн архинд хийж харанхуй газар хоёр долоо хоног дарна. Үүний дараа шүүгээд 5-6 ширхэг нимбэгний шүүс нэмнэ. Хоол идэхийн өмнө хоногт гурван удаа хагас аяга буцалсан усанд, эсвэл сүүнд амны халбагаар хийж хэрэглэнэ.
- 2. Нэг кг сармисыг жижиглээд нэг литр буцалсан усанд хийж, хуванцар тагаар таглан 30 хоног дарна. Дараа нь хоол идэхээс хагас цагийн өмнө тал аяга сүүнд амны халбагаар нэг хийж ханиад хүрсэн үед ууна.
- 3. Сармисны жижиглэсэн хумсыг нэг шөнө аяга тараганд байлгаад маргааш нь бага багаар ууна.
- 4. 2-3 ширхэг сармисны хумс ба мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад нэг литр буцалсан усанд хийж хоёр хоног дарна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа ууна.
- 5. 2-3 долоо хоногийн туршид амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө ууна гэж баримжаалаад жижиглэн нухсан сармис ба зөгийн балын адил харьцаатайгаар хольж бэлтгэнэ.