Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор академич Л.Дашнямыг урилаа. Тэрээр 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан юм.

 

-Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших эрхмүү­дийн нэр тодорч, намууд байр сууриа илэрхийлж эхэллээ. Үйл явдлын өр­нөлийн талаар та ямар бодолтой сууна?

-Намуудын нэр дэв­шигч  тодорхой болчихлоо. Парламентад суудалтай 2-3 нам нь  нэр дэвшигчээ тодруулчихлаа. Цаана нь нэр дэвшүүлэх эрх бүхий хоёр нам үлдэж байгаа ч нэр дэвшүүлж өрсөлдөх­гүй болов уу. Дэм­жих нь дэмжээд, ний­лэх нь ний­лээд сонгуульд орох байх. Үндсэндээ ний­гэмд бааз сууриа тогтоо­сон хоёр том намын хоо­ронд сонгуу­лийн үйл явц өрнөх нь.

Сонгогчдын хувьд учир­гүй мундаг болчих­сон, гэгээр­чих­сэн гэж  бодохгүй бай­на. Нийг­мийн доторх ир­гэ­ний ухам­сар, өөрөө өөрий­гөө жолоодож, зо­хион байгуу­лах, улс орны эрх ашгийн төлөө, өөрс­дийн болоод үр хүүхдийн­хээ төлөө ярьж хэлдэг ч ний нуугүй хэлэ­хэд гэ­гээр­сэн юм алга.

 

Сонгогчид боловсроо­гүй байна. Тийм байлга­хыг ч тодорхой хэсэг нь хүсдэг шиг байна. Тий­мээс манайхны ярьдагч­лан хошгируулах, донго­дуулах юм их байна. Тодорхой гэгээрсэн,  юм боддог хэсгийн хувьд өнөөдөр Монголын нийгэм задгайрч, суларч, эзэнгүйдэж байгааг мэр сэр ярих болж. Өөрөөр хэлбэл, энэ эх орны эзэн нь хэн бэ, хэн бүтээн байгуулах вэ, хувь заяаг нь яаж өөрсдөө шийддэг болох вэ.  Улс орныхоо хөгжлийг бүхэлд нь харж чаддаг, өнгөрсөн хуга­цаанд болж өнгөрсөн элдэв хөдөлгөөн, хэрэг явдлууд, бужигнааны учрыг олох юмсан. Энэ байдлаас ангижирсан гэж байгаа хүмүүс байгаа байх. Тэд нэг бодолтой байгаа. Ма­най улс Ерөн­хий­лөгчийн засаглалтай орон биш ч гэсэн, хэ­дийгээр үндсэн хуульдаа гар хүрч Ерөн­хийлөгч нь анх батлагдсан Үндсэн хуулийнхаа хэм­жээнд ажиллаж чадахаа больсон ч төрийн тэргүүн бол нийгэмд олон юм хийж чадна. Намчир­хах­гүй, туйлшрахгүй, ерөн­хийдөө нийгэмд байгаа мэдлэг, чадварыг, турш­лагыг ашиглаж олон чиглэлд ажиллаж чадвал боломж бий.

-Ерөнхийлөгч нийгмийн дотоод амьдралыг өөрчилж чадна гэж үзэж байна уу. Тэгвэл Монголын нийг­мийн задгайрлыг байгааг засахад ямар оролцоотой байх ёстой вэ. Ер нь тэгээд тэр талаар ярьж байгаа хүн байна уу? 

-Миний санаа зовж буй зүйл тэр. Манайх  залуучуудын орон учраас хөдөлгөөн хөнгөн­тэй гэд­гээр тайлбарлаж болохгүй. Ардчилал эхэлс­нээс хойшхи 20 гаруй жил өнгөрөхөд  хүн амын бараг дийлэнх хувийг эзэлдэг  бүхэл бүтэн нэг үе бий болчихож. Тэр нэг үеийг бий болгосон хүмүүс юу бодож байна, хэрхэн амьдаръя гэж төлөвлөж байна гээд үзэхэд нийт ард түмний эрх ашгийг бодохоо больсон хүмүүс олон байгаа бололтой. Зүгээр л яаж өөрийнхөө орон зайг олох вэ, яаж хөрөнгө мөнгөтэй болох вэ гэдэг юм уу, яаж би ая­тайхан газар амьдрах вэ гэж байгаагаас биш  Монголдоо амьдаръя, энд миний ард түмний, миний хувь заяа бий. Би түүнд оролцох ёстой гэж байгаа хүн  цөөхөн байгаа шүү дээ. Хаана сайхан нөхцөл байдал байна, тэнд л байх ёстой гэлцдэг. Тэр нь хүний эрх юм. Монголд байх албагүй гэж ярьдаг хүн олон болчихсон. “Муу охин минь гадаадад бай­гаа. Тэндээ бүр суурьшиж ногоон паспорт авчихсан” гэж баярлаж хөөрдөг хүн, миний охин, хүү гадаадын хүнтэй нийлсэн, ханил­сан, ёстой нэг жаргаж байна гээд л баярладаг нь бишгүй бий дээ. Улс орны хувь заяаг бүхэлд нь бодоод үзэхэд тэр  эмгэнэл юм. Миний хувьд Монгол ор­ны төлөө чаддаг, мэддэгээ зориулна гэсэн үзэл бодол төлөвшсөн  учраас надад энэ бүхэн гунигтай  санагддаг. Гэвч хараад байхад үзэл бодлын зөрүү ихсэж, үнэ цэнэтэй зүйл гэдэг нь их өөр болох нь. Түүндээ ч дасч байна. Зүгээр сууж байхаар мөн­гө олох хэрэгтэй, тэнэгтэж байхаар яадаг юм гэх мэтчилэн нийгмийн  зүй бус харил­цааг  дэмжиж, зөвтгөдөг болчихсон. Ийм байдал бидний үеийнхэн, миний насны хүмүүст ихээ­хэн эмзэг тусч,  сэт­гэлийн зовлонтой амьдарч байна.  Гэхдээ арай том юмны төлөө санаа зовж сэтгэл өвддөг хүмүүс  бий.

-Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуу­лиар нийгэмд эерэг өөрч­лөлт гарах болов уу?

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн дүнд  том өөрчлөлт гарах, эсэхийг мэдэхгүй, гараасай л гэж хүснэ. Одоогийн төрийн тэргүүн дахин гарах юм бол  дөрвөн жилийнхээ нүсэр ажилд   гүнзгий дүгнэлт хийх байх. Туршлагадаа тулгуурлан цаашид юу хийх ёстой вэ гэдгээ  бодож цэгнэх болов уу. Одоо ярьж байгаагаас үзэхэд хүндээ хүрч ажиллана гэж байх шиг байна. Өнгөрсөн жилүүдэд амжаагүй бололтой. Ойртлоо гээд бидний байгуулж байгаа нийгэм чинь хүн болгоны өмнөөс хийж байгааг нь хийгээд өгөхгүй нийгэм. Хүн нь өөрөө ажилладаг, мэдлэг чадвараа гаргадаг, түүнээс нь хамаарч амьдрал нь өөрчлөгддөг. Харин тэр бололцоо,  эрхийг нь хангах л чухал. Түүнээс биш өмнө нь очиж хоолыг нь хийж өгөөд байвал юу болох вэ. Гэтэл төрд байгаа хүмүүс тийм байдалд дасгаж  залж сургаад байх юм. Хэдэн төгрөг өгөөд тэгж сургаад өгье, зовлон байвал ангижруулаад өгье, бүтэхгүй юм байвал хийгээд өгье гээд л.Ийм  замаар улс орон урагшлахгүй. 

-Бид сонгууль гэж яриад байдаг. Ер нь тэгээд Ерөнхийлөгч хувь хүн, нийгэм, улс төр, гадаад орчны  талаас ямар хүн  байх ёстой вэ?

-Төрийн хүн ямар байх ёстой гэдгийг олон зуун жилийн өмнө боловсруул­чихсан ард түмэн шүү бид. Хаан хүн ямар байх ёстой вэ, түшмэл нь ямар байх вэ, ямар эрдмийг эзэмш­сэн, ямар харилцаатай  байхыг  нарийн гаргасан. Бид улирсан, баларсан гээд  тэр соёлыг анзаар­даггүй. Уг нь ялгаж, салгаж үзвэл  тэнд төрийн хүн ямар байх, яаж харилцах ёстой гээд бүгд бий. Одоо түүнийг яриад яах вэ. Одоогийн мөрдөж байгааг харахад, нийгэм доторх нэг хэсэг нь нөгөөгөө ялахын төлөө  юм яваад байдаг. АН нь МАН-аа ялах  юм уу, нам доторх нэг фракц нь нөгөөгөө ялах гэсэн үйл явдал өрнөдөг. Юуны төлөө ялж байгаа юм бэ. Ямар нэгэн сайхан хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд гэдэг юу л бол. Нэг суудлын төлөө эсвэл аль нэгэн орон зай эзэлье, өөрсдөдөө ашигтай зүйл бий болгоё  гэж байна гэвэл үнэнд дөхөх байх. Бүх зүйл тийм жижигхэн юмны төлөө, жижигхэн зорилгын төлөө тэмцэлдэнэ гэхээр төрийн хүмүүсийн тухай яриа бараг  дуусчихаж байгаа юм. Тэгэхээр хэн нь хороо чадварлаг найруулж байна вэ гэдгийг харах, бараг нэг циркийн жүжигчний үзүүлбэр ч гэдэг  юм уу,  нэг чадвар эзэмшсэнийг харж алга ташиж хөөрдөг шиг юм болж байгаа юм. Ерөөс  одоо хэнд нь ч төрийн ажлын мэдлэг чадвар байгаа юм бэ, түүнийгээ гаргаж чаддаг ч юм уу, үгүй ч үү, хэлэхэд хэцүү болж дээ. Гоё нэрийн хуудас үзүүлж гоё гоё үг хэлнэ. Тэр нь үнэн эсэх, түүнийг нь шалгаж хянадаг ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь УИХ-ын гишүүдийн мэдлэг, чадвар бидний нүдэнд илхэн байгаа. Тогтоож байгаа хуулийн цоорхойгоор нь л  чадвар нь хэмжигдэж байгаа шүү дээ. Хууль батлаад дахин дахин өмнөхдөө нөхөөс хийж байгаагаас нь тодорхой  харагдана. Хуулиуд нь хоорондоо хэр  уялдаж байгаа гэдгээс ч тэдний мэдлэг харагдана. Хууль тогтооход оролцож байна уу, яаж байна гээд олон юм бий.  Гэхдээ тийм бай­на гэж мянга шүүмжлээд  нэмэр байхгүй. Ийм л хүчгүй нийгэм байна. “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэдэг түүнийгээ чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг, тэгээд өөрийгөө сонгуулж чаддаг хүмүүсээр дүүрсэн. Монголын улс төр дахиад 25 жил бүхэл бүтэн нэг үе гарч байж өөрчлөлт ирэх байх.

-Ямар гарц байна?

-Сэхээрлийн хувьсгал хийж байж л өөр болно. Түүнээс миний яриад байгаа  тийм ойлголттой, үзэл бодолтойгоор оролцоод ахиц гарахгүй. Амьдрал бол  энерцээрээ явах л байх.

-Бусад оронтой харь­цуулахад юуг нь онцлох бол?

-Тэд   улс орноо гэсэн нарийн төсөл, хөтөлбөр, хөгжлийн үзэл баримт­лалтай байдаг шүү дээ. Тэр нь урт хугацааны турш уламж­лагдаж, залгамж­лагдаж яваа. Нөгөө талаас бусад орны нам манай­хантай адилгүй. Хөгжиж төлөвшчихсөн байдаг. Нам байна гэдэг ерөөс бодлого, хөтөлбөрөөрөө уралдахыг хэлнэ. Тэр дотроос гаргаж байгаа хүн өөр. Хүнээ сонгож, үнэлж, нэр дэвшүүлж байгаа нь бодитой. Тэр хүн шалгуурт нийцсэн үнэмлэхүй хүн мөн үү гэдгийг бодитой гаргаж байгаа учраас  ард нь байгаа баг нь ч өөр байдаг.

-Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө  сонгох гэж  байна. Эхний Ерөнхийлөгч нар Оюутолгойн ТУЗ-д ажиллахаас эхлээд уул уурхайтай холбогдсон эрхмүүд бий. Гурав дахь нь улстөрийн хоригдол гээд шоронд сууж байгаа. Дө­рөв дэх нь буюу одоогийн Ерөнхийлөгч  дахин дэвшихээр зэхэж байна. Ингээд бодоход өвөрмөц сонгууль болох нь ээ?

-Эхнийх нь нэг удаа, дараагийнх нь хоёр удаа, түүний дараагийнх нэг удаа сонгогдон ажилласан. Тэгээд одоо сонгууль болох гэж байна. Гурав дахь Ерөнхийлөгчийн тухайд хуулийн хүрээнд бүх зүйлийг хийж байгаа гэж ярьж байгааг л сонсч сууна. Шударга шүүгчтэй, шударга хуультай бол бүх юм байр байрандаа байна л даа.

-Та тийм л байх гэж боддог уу?

-Хуулийг нь хэн сахиулж байгаа билээ. Хууль  нь ч ямар билээ гээд яриа бий л дээ.

-Та 2001 онд Ерөн­хийлөгчид нэр дэвшиж байсан. Тухайн үед Р.Гон­чигдорж, Н.Багабанди нартай өрсөлдсөн  байх аа?

-Гончигоо бид хоёр шинээр, Н.Багабанди хоёр дахиа нэр дэвшсэн. Манай нам АН-тай хамтарч дэвшүүлье гэтэл  “Та нар зүгээр л дэмжинэ биз. Та нарын дэвшүүлнэ гэж юу байсан юм” гэсэн. Тэгээд манай залуусын амбиц гэнэт хөдлөөд, эрх нь байсан болохоор  тусдаа оролцсон. Эхнийхээ хэв­лэлийн хурал дээр манай С.Оюун дарга “Бид ялна гэж орж байгаа юм биш” гэж хэлээд эргээд иртэл хэдэн ахмадууд маань биднийг “Сонгуульд орж байгаа хүмүүс тэгж хэлдэг юм уу” гэж загнаж байлаа. Тэгээд бид найман аймагт очоогүй. Очих чадал ч үгүй байсан. Сонгууль тэгж л явагдсан.

-“Манай нам ялах гэж орж байгаа юм уу” гэж ИЗНН сонгууль болгоноор  хэлдэг. Одоо ч тэгж ярьж байна. Яагаад тэгж  хэлдэг юм бэ, танайхаас өөр тийм “уриа”-тай нам байна уу?

-ИЗНН-ын удирд­ла­гуу­дад  улс төрийн хүчтэй хүчин болох хүсэл зориг бай­даггүй юм. За тэгээд  надаас өгсүүлээд хүлцэнгүй  гишүүд олонтой. Яахав дээ, тэгээд л ирсэн юм. Одоо байж л байна, түүгээрээ л байна биз. Байгаад ирсэн нь ч хэдэн хүнд хэрэг болоод л байдаг юм. Нэг хэсэг нь ч гэсэн болж байг.

-Тэр байдлыг нь та хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

-Тэгээд яах юм бэ, твиттэрт бичээд  байх уу, С.Оюун ингэж байна, тэгж байна гээд /инээв/.

-Сүүлийн үед ажил хийдэг хүн бараг байхгүй болсон шүү дээ. Их хурлын гишүүд ч өглөөнөөс орой хүртэл жиргэж байгаа юм чинь?

-Нээрээ ажиглаад байхад бүтээлч хөдөлмөр хийдэг хүн Монголд хэрэггүй болчихсон юм биш үү. Нэг юмыг нааш цааш холхиулж  дунд нь нэг жаахан хий гаргадаг ч юм уу, жаахан ашиг авч амар хялбар аргаар амьдраач гэсэнтэй  адил байх болж.  Малаа маллаж, тэр хэрээр булчин шөрмөс нь хөгжиж, тэр ид хаваа гайхуулан наадмаар барилдаж, морио уяад уралдуулдаг байсан улс өнөөдөр профессионал, мэргэжлийн гэдэг нэртэй  болчихжээ. 600-700 сайхан залуу том цүнх үүрчихээд жил тойрон заал хэсч барилдахаас өөрийг хийхгүй байна. Тэднийг 600-700 охин   “Ямар гоё биетэй юм бэ” гээд дагаад явдаг. Театрт 200-300  охид хөвгүүд  хичээлээ  ч хийх­гүй гадаад дуу дуулаад  цаг нөгцөөж байна. 2000-3000 эмэгтэй гадаад хүнтэй суучихаад бидний төлөө харийн орон руу явчихсан юм шиг гонгинож байна. 200-300 монгол хүн дэл­хийн өнцөг буланд тар­чихаж. Монгол хэдэн хүнтэй вэ, хэн хаана амьдарч, юу хийж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Бидний яриад байгаа бүтээн байгуулалтууд ажиллах хүчнээсээ хэд дахин давчихсан. Ийм байхад  аль нэгэн намын хэн нэгнийг  дагаж салбаганаад яалтайв.

-Замбараагүй байдлыг  ардчилал  гэж ойлгодог хүн олширсон. Сая болж өнгөр­сөн дэлхийн ардчилсан орнуудын  хамтын нийгэмлэгийн орнуудын хурлаар Монголд үүссэн замбараагүй ардчилал, монгол хүний үнэ цэнийн талаар дорвитой дуугарсангүй?

-Тийм том хуралд  улс орны үнэн бодит нүүр царай мэдэгддэггүй юм. Хэн  ч байсан, нэг айлаар жишээ авахад л гаднаас хүн ирэхэд бүтэн аягаа гаргана биз дээ. Очиж очиж гаднын хүний дэргэд булайгаа дэлгээд яах вэ гээд л боллоо. Тэгээд бүх юм өнгөлөгддөг. Түүнээс чинь бүх дүгнэлтүүд гараад, бүх юм гялгар цалгар, үнэхээр гоё гээд явчихна.

-Ардчилсан орнуудын хурал Ерөнхийлөгчийн PR боллоо гэж  зарим нь ярьж, бичиж байна?

-Тэр хурлыг  хэрхэн хийхээ эртнээс бодож төлөвлөсөн. Тэр дагуу л болсон байх. Тэгж чадаж байгаа нь бас нэг чадвар юм. Болж л байна. “Чадаж байгаа юманд арга алга”  гэдэг гайхалтай үгийг  Гомбосүрэн гуай хэлсэн байх аа. Тийм л байна. Ер нь бол өнгөрсөн 20 жилд  Монголд өөрчлөлт гарсан уу гэвэл гарсан. Хамгийн гол нь бидний оюун санаа чөлөөлөгдсөн. Харин тэр байдлаа эдэлж чадахгүй байна. “Муу но­хойн гэдсэнд юм тогт­доггүй, муу хүний ойнд эрдэм тогтдоггүй” гэгчээр юм тогтохгүй байгаа тал бий. Уг нь тогтоож чадах ард түмэн л дээ. Тогтоохгүй байх юмыг нөгөө талаас нь  хийгээд байна шүү дээ. 

-Ингэхэд таны түрүүнд хэлсэн тоо баримт, бүрт­гэлүүд сонин санагдлаа. Хаана ч, хэн ч тийм цэгц­тэй хэлж байгаагүй юм байна?

-Би сүүлийн үед тий­мэрхүү бүртгэл хийж суу­даг болсон. Тоо баримтууд дотор толгойгоо ажилуулж байдаг сэтгүүлчид ч  тэгж бүртгээгүй байна лээ. Надаас асуудаг юм, та яасан бүрхий бүтгэл хөтлөв гэж. Өнөөдөр 6000 хүн шоронд хоригдож  байдаг юм байна. 2000 эмэгтэй гадаад хүнтэй суусан бол тэр тоо 3000 болж өсчихөж. За тэгээд гадаад хүнтэй суугаад яаж явааг нь сүүлийн үед сонин хэвлэлээр гарч  байгаа мэдээллээс  хангалттай харж байгаа биз дээ. 160 гаруй мянган оюутан эрдэм сурсан юмгүй харин ч тэдний хүчээр баар, уушийн газрууд орлоготой байна. Орлогыг нь тооцоод үзтэл татвар төлөгчдийн мөнгө тэдэнд хуваарилагдаад байдаг. Тэр мөнгө нь тө­рийн түшээдээр дамжиж очдог. Нийгэм тийм за­маар явж байна. Хамгийн гол нь тэр мөнгөний урсгал Монголд шингэхгүй гадагшаа урсч байгаа  нь харамсалтай.

-Энэ байдлаа  яаж өөрчлөх вэ?

-Хүн болгон үүнийг ухаарч ойлгоход 8-10 жил, хоёр ч сонгуулийн хугацаа өнгөрнө. Хүүхэд, залуус өнөөдөр эрүүл бус үзэл бодолтой нь олонхи байна. Гэр орон, эргэн тойрон, орчинд нь харагдаж, ярьж байгаа юм тийм болгож байна. Зүтгэж бүтээж бай­гаа бодитой зүйлүүдийг телевизээр үзүүлэхгүй байна. Гарч байгаа юм нь  дуучин болох тэмцээн, бөхийн барилдаан, за тэгээд  шагнал өгч байгаа мэдээнүүд байх юм. Төрийн бус байгууллага гээд 13 мянган юм байна, тэдэн   дотор өөрөөс нь мөнгө авч эргүүлээд шагнадаг  ажил хийдэг нь зөндөө. Бүгдийнх нь үйл ажиллагаа адилхан. Тэгэхээр одоо яах вэ гэвэл Монголын сэхээтнүүд сэрэх хэрэгтэй. Нэг хэсэг нь хүч болох хэрэгтэй. Хүч болсон хэд нь нийгмийнхээ төлөө ажиллах хэрэгтэй. Тэгвэл өөрчлөлтийг жаахан түргэсгэж мэднэ. Түүнээс биш “Шинэлчлэлийн” энэ тэр гэж  гоё нэр өгөөд хэрэггүй.  “Мандан бадрах нийгэмлэг”  гэх мэтээр гоё нэр өгч хэн ч чадна. Чи ч гэсэн  “Улам бадрах” гээд холбоогоо  нэрлэчихэж болно. Тийм биз. Тэгэхээр энэ бүхнийг ярьж, эрүү­лээр харж байгаа хүмүү­сийг жаахан ч гэсэн хүч болоосой гэж бодох юм. Тэр хэсэг жагсч чадахгүй, өргөх бичиг барих сонир­холгүй хүмүүс байгаа. Гэхдээ л нийгмийг өөрч­лөхөд оролцох хэрэгтэй байна.

-Тухайлбал, та тэгж орол­цох уу?

- Үгүй.

-Яагаад?

-Үлдэж байгаа насаа хийх юмтайгаа жигнээд үзэхээр юун тэр элдвийн юманд оролцох вэ болоод явчих юм байна шүү дээ.

-Тэгвэл ярьж яах юм?

-Үгүй чи надаас ядаж төд дүү байна шүү дээ, хийгээч гэх мэтээр нийгмийн нэг хэсгийг нь ч болтугай хөдөлгөхийн тулд  ярьж суугаа юм л даа.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна?

-Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэн­дэлсний  2010 жилийн ойд зориулсан эрдэм шин­жил­­гээний хурал Сайншандад болно. Түүнд нийгэм рүү хандсан илтгэл тавья гэж бодоод “Ичиг, ичиг” шүлгийн эргэн тойронд сэдвээр илтгэл тавих гэж байгаа. Тэр шүлгийг 200 жилийн өмнө бичсэн бол өнөөдөр 200 жилийн дараа ч гэсэн бидний байдал бүр ч ичиг, ичиг байна шүү дээ. Нийтдээ 19 мөр шүлэг байдаг. Түүний дөрвөн мөрийг  нь лам, хуварга  егүзэрүүдийг оруулаад шашин номынхоо хүмүүсийг  хэлсэн байна. Өөрөө ойр байсан болохоор мэдэж байж.  Гурван мөрийг нь хүний нүүр харахаас илүү бөгсийг нь хардаг охидоос эхлээд авгай, хүүхнүүдэд зориулжээ. Тэр байтугай нэг мөрийг нь өөртөө зориулж  хэрэв надад ийм гэм нүгэл байгаа бол би бүүр ичиг гэсэн байдаг. Тэгж ичээсэн юм уу, ичсэн юмыг түрүүнд ярьсан шигээ хөрсөн дээр буулгахаар бид үнэхээр их ичихээр болчихсон байгаа. Одоо яая гэх вэ дээ, дахиж  түүнээс чангаар ичиг гэж мянга орилоод ч бүүр дор юм. Яагаад гэвэл, бидний  хамгийн чухал эрхтэн булчирхай гэгч зүйл алга болчихсон гээ биз дээ. Тэгээд яая гэхэв, миний илтгэл тавих гэж байгаа учир нь тэнд цугларсан олон нэг удаа ч гэсэн “Нээрээ тийм” гэж хэлээсэй гэж  байгаа юм. Эцэст нь хэлэхэд,  энд миний ярьсан зүйлүүд ярилцлага гэхээс илүү  дотоод сэтгэлийн зов­лон­гоо дэлгэж тавьсан төдий юм. Аяга цайны ард хуу­чилсан хөөрөлдөөн  гэж нэрлэвэл зохих болов уу.