Б.ЗАЯА

Монгол Улсын гурав­дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүл мэн­дийн шалт­гаанаар ялаас чөлөө­лөгдөх эсэх магадлан шин­жилгээг эмч нар хийжээ.

Энэ талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэв.

МАХН-ын дарга Н.Энх­­баяр Шүүхийн шийд­­вэр гүйцэтгэх ерөн­хий газар, Улсын Ерөнхий прокурорын газар болон Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн шалтгаа­наар ялаас чөлөөлүүлэх хүсэлтээ гаргаад байсан юм. Одоогоор өвчтөний биеийн байдал тааруухан байгаа аж. Хоол идэхээ больж, шингэн зүйл ууж эхэлжээ. Ин­гэснээр биеийн байдал улам дордож, элэгний үйл ажиллагаа дутагдалд орж байгааг салбарын сайд дуулгалаа. Түүнчлэн өлс­гөлөнгөөс үүдсэн эрхтэн системийн өвчлөл хэ­вээ­рээ, цул эрхтнүүд өвч­лөлтэй  байсан бол одоо хөндий эрхтэн муудаж эхэлсэн байна. Тиймээс холбогдох бай­гууллагууд хүсэлтийг анхааралдаа авч, эцсийн магадлах шин­жилгээг хийлгэж бай­гаа гэв.

Шинжилгээний багт 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс хоёр шинжээч эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр, мэд­рэлийн нарийн мэр­гэжлийн эмч нар багтжээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлыг талаар эцэслэн дүгнэж, ялаас чөлөөлөх эсэх шийдвэрийг гаргах юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Хэрэв шинжээчдийн дүгнэлтээр ялаас чөлөөлөх үндэс­лэлтэй гэж үзвэл прокурорт шилжүүлнэ. Хуулийн байгууллага хянаж үзсэнээр шүүх ху­рал хийж ялаас чөлөө­лөгдөх шийдвэрийг эцэс­лэн гаргана” гэв. Ялаас чөлөөлөх эсэх шин­жилгээ хийхийг Засгийн газраас шийдвэрлэснийг ч тэрээр хэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Засгийн газарт хаяглаж, хүсэлт гаргасан учраас хүн ардын эрүүл мэндийг хариуцаж буй салбарын төв байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөхөд шаар­дагдах бүх шинжилгээ, онош тодруулах, эрүүл мэндийн дүгнэлт гаргахад нарийн мэргэжлийн эмч нараар үйлч­лэх үүргийг гүй­цэтгэсэн гэлээ. Монгол Улсын гурав­дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргагч байгууллагуудад хүргүүл­сэн захидалдаа “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гар­гасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн юм.