Ш.ОТГОНЖАРГАЛ
“Эмийн дээд нь ширгээсэн ус, эмчилгээний дээд нь бариа засал” гэдэг. Энэ үгийн ид шидийг эмгүй эмчилгээ, уламжлалт бариа заслын аргаар олон хүнд мэдрүүлж, өвдөж зовсон хүнийг эдгээн илааршуулж байгаа газар бол “Хосвансэмбэрүү” эмнэлгийнхэн. Тус эмнэлгийг хүмүүс нуруу, нугасны эмгэг судлалын төв гэдгээр нь андахгүй сайн таньдаг. Учир нь энэ эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас албан ёсны зөвшөөрөл авсны дагуу улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд бариа заслын чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэдэг юм байна. Энэ тухай “Хосвансэмбэрүү” эмнэлгийн гүйцэтгэх захирал, доктрант Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.
ХҮНИЙ ААРЦАГ НУРУУ ГАЖИХАД БИЕД МАШ ОЛОН ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ
-Орчин үед гэртээ эмийн сангүй айл, цүнхэндээ эмгүй хүнийг олоход тун бэрх болсон. Магадгүй, энэ нь цаг агаар болон хүмүүсийн идэж буй хоол хүнс, биеийн дархлаатай холбоотой байх. Тиймээс хүмүүс сүүлийн үед эмгүй эмчилгээ буюу бариа засал, нөхөн сэргээх эмчилгээний ач тусаар эдгэж, эрүүлжихыг хичээдэг болжээ. Танай эмнэлэг энэ чиглэлээр ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?
- Манай эмнэлэг 2001 онд байгуулагдсан. Дотор, мэдрэл болон уламжлалт бариа засал, эмнэлэг сувилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайд бариа заслаар олон жил ажилласан, мэргэшсэн бариа засалч эмч нар ажилладаг. Бид бүх төрлийн бариа заслаар эмчилдэг. Тухайлбал, аарцаг нурууны гажилтыг засах бариа, бөөрний доргилт суналтыг засах, тархины доргилт, цусан хангамжийг сайжруулах бариа, суудлын мэдрэл, тунгалгийн системийг сэргээгч бариа, өндгөвчний үйл ажиллагааг сайжруулах бариа гэх мэт бариа заслыг хийдэг. Мөн савны хий доргилтыг бариа заслаар эмчлэх, дархлалын систем болон түрүү булчирхайн үйл ажиллагааг сэргээх бариа, хөлийн улны цэгэн бариа гэх мэт эмчилгээг сүүн болон тосон бариа, ясны шөлний бариа засалтай хавсран эрүүлжүүлж, шимжүүлэн залуужуулах бариа заслуудыг хийж эмчилж байна.
-Хүмүүсийн олонхи нь анзаардаггүй байх. “Хөл гар өвдлөө, хөшлөө”, “Тархи толгой эргээд байна” гэж ярьдаг хүмүүс хамгийн түрүүнд эм уухаа илүүд үздэг. Гэтэл энэ нь тархины доргилт, аарцаг нурууны гажилт, хүзүү сээрний муруйлт зэргээс болдог гэдэг. Өөрөөр хэлбэл, уламжлалт эмчилгээний эмч нар олон өвчний учир шалтгааныг аарцаг нуруу гажсанаас болдог гэж тайлбарладаг юм билээ. Тиймээс та аарцаг нуруу гажихад биед ямар шинж тэмдэг илэрдэг талаар яриач?
-Хүний аарцаг нуруу гажихад биед маш олон өөрчлөлт гардаг. Тухайлбал хүзүү, сээр лүү хөөрч хөших, нүүр минчийж улайх, ууц нуруу, суудлын мэдрэл өвдөх, хөл гарын үзүүр даарах, нуруу 51-52 луу шилжиж мурийж бөгтийх, гэдэс дүүрч цанхайх, байнга толгой доргих, ядарч сульдах, хөл урт богино болж бүдрэх зэрэг олон шинж илэрдэг. Удамшлын шинжтэй аарцаг нурууны гажилттай бол хөлийн ул халуу шатах гэх мэт шинжүүд үүсдэг. Тиймээс аарцаг нурууны гажилтыг аль болох бага, өсвөр наснаас нь засвал хүүхдийн өсөлт хөгжилт, оюун ухаан, бие бялдар нь өв тэгш болно.
САВ ДОРГИХ, САВНЫ ХИЙ ҮҮССЭНЭЭС БОЛЖ САРЫН ТЭМДЭГ АЛДАГДАЖ, ХУГАЦАА ӨӨРЧЛӨГДДӨГ
-Сүүлийн үед төрөх насны эмэгтэйчүүд савны хий гаргах, сав хазайж мурийх, сав доргих гэсэн шалтгаанаар бариа заслын эмчилгээ их хийлгэдэг болж. Зарим нь үүнээс болоод үр хүүхэд олдохгүй байна гэж ярих юм. Энэ бариа заслыг гол төлөв ямар зовиур илэрсэн хүнд хийдэг вэ?
-Охид бүсгүйчүүдийн хувьд эрхэм нандин зүйл бол яах аргагүй сав юм. Эмэгтэйчүүдийн сав доргих, савны хий үүссэнээр сарын тэмдэг алдагдах, өвдөж ирэх, хугацаа болон өнгө нь өөрчлөгдөх, хэт их эсвэл бага ирэх, тогтворгүй болох, гуяа руу өвдөх, царай сэвхтэх, ядрах, нойргүйдэх, хэвлий, бага аарцгаар хөндүүрлэх зэрэг шинж илэрдэг. Энэ тохиолдолд тусгай мэргэшсэн эмч нар эмэгтэй хүний нууцын цэгүүдийг дарж засах, доргисон савыг засаж хэвийн болгож эмчилдэг. Эмчилгээний дараа тухайн эмэгтэйн сарын тэмдэг тогтворжиж, хөх болон үтрээ чангарч, царай зүс өнгөлөг сайхан эруүл болдог.
-Монголчууд дунд эрүүл бөөртэй хүн ховор байдаг гэж зарим эмч нар ярьдаг юм билээ. Тэгвэл бөөр өвдөх нь дан ганцхан хүйтэн сэрүүний улиралд доороосоо даарах бус бөөр сунаж, доргисонтой бас холбоотой байх нь?
-Хүн үргэлж залуу сайхан байхын үндэс нь бөөрний язгуурын тамиртай байх явдал юм. Бөөр доргиж сунаснаас болж бөөрний язгуурын тамир алдагддаг. Үүнээс үүдэн үс унамтгай болох, ургалт нь удаашрах, өнгө нь алдагдах, нүд ядрах, нойргүйдэх, улцайж шарлан улаанга болох, хэт турж хэт таргалах, гэдэс дүүрч цанхайх, өтгөн хатах, уруул омголтох, ууц нуруу хөшиж чилж өвдөх, эцэж ядрах, тамирдах, тархины судас нарийсч лугшиж, таллаж өвдөх, толгой бамбайж хавагнах, арьс үрчийж толботох, чихний сонсгол муудаж, хумс хугарамтгай болох зэрэг шинж илэрдэг. Энэ бүгдийг бид оношлосны дараа бариа заслаар засах болон эмийн эмчилгээгээр эмнэж, анагаадаг. Тиймээс эрүүл мэнд бол хувь хүний өөрийнх нь гарт байдаг гэж би боддог. Учир нь эрүүл мэндийг хүн ганцхан өдөр олж, худалдаж авч чаддаггүй, ганц хоёр удаа эмнэлэгт хандах бол маш их учир дутагдалтай. Харин өглөөнөөс орой хүртэл хийж байгаа үйл бүхэн, өөртөө хандаж байгаа хандлага болгон эрүүл энх амьдрахад чиглэгдэж гэмээн хүн эрүүл энхэд ойртож байна гэсэн үг.
-Танай эмнэлэгт эмчилгээ барианаас гадна бясалгал заадаг гэж дуулсан. Энэ ямар ач холбогдолтой юм бэ?
-Бид ганц бариа засал, эмээр эмчилээд зогсохгүй эмчилгээний бясалгалын аргыг зааж сургадаг. Эмчилгээний бясалгал нь хүний амьсгалын хүч, сэтгэлийн хүч хоёрыг хослуулан жолоодож, тэдгээрийн хүчийг ашиглан стресс, ядаргаанаас гарах, мөн өртөхгүй байх, алдагдсан энергийг нөхөх, амьдралын эрч хүчийг сэргээх бүр цаашлаад сүнсний төвшинд бие организмыг засдаг. Манай эмнэлэг хүний биеийг 30-40 минутанд бүрэн цогц байдлаар мэргэжлийн өндөр төвшинд оношлож, эмчилгээг уламжлалт болон европ анагаах ухааны битүү хэлхээнд эмчилдэг. Ингэснээр хүний бүх эрхтэн тогтолцооны нэгдмэл харилцан хамаарлыг хангаж чаддаг юм.