Н.МӨНХЖИН

Орос, Японы лидер Владимир Путин, Шинзо Абэ нар энхийн гэрээ байгуулах шийдвэр төгс байгаа­гаа зарлалаа. Хоёр талын харилцааны идэвх­тэй хөгжилтэй зэрэгцэн энхийн гэрээний үйл явцыг хэлэлцэж байх ёстой хэмээн ОХУ-ын Ерөн­хий­лөгч В.Путин мэ­дэгдэв.

“Дэлхийн II дайн дуу­саад 67 жил өнгөрч байхад Орос, Японы хооронд эн­хийн гэрээ  байгуулаагүй байгаа нь хэвийн бус нөхцөл гэдгийг хоёр улсын удирдагч хү­лээн зөвшөөрлөө. XXI зуунд Орос-Японы түнш­лэлийг өргөжүүлж, хоёр улсын харилцааг цаашид хөг­жүүлэхийн тулд яриа хэлэлцээний хүрээнд зө­рүүтэй байр сууриа арил­гаж, энхийн гэрээ бай­гуулахын чухлыг хоёр ул­сын тэргүүн илэрхийл­лээ” хэмээн Владимир Путин, Шинзо Абэ нарын хамтарсан мэдэгдэлд он­цолжээ. Кремлийн лидер Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийснийхээ да­раа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ “Мэ­дээж бид энхийн гэрээний асуудлыг хөндөж ярилц­сан. Гадаад хэргийн яам­дад харилцаа холбоогоо идэвхжүүлж, энэ асууд­лыг шийдэх харилцан ашигтай хувилбарыг бо­ловсруулах даалгавар өг­лөө” гэв. Уулзалтын төгс­гөлд гаргасан хамтарсан мэдэгдэл нь энхийн гэрээ байгуулахад чиглэгдэж байгааг тэрээр цохон тэм­дэглэсэн юм.

Шинзо Абэгийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр талууд өнөөг хүртэл батал­сан бүх баримт бичигт үндэслэн энхийн гэрээ байгуулах гэрээ хэлэлцээг хөхиүлэн дэмжихээр бол­жээ. Японтой эдийн зас­гийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлснээр энхийн гэрээ байгуулах угтвар нөхцөлийг бий болгоно хэмээн Москва үзэж байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Москвад бол­сон дээд хэмжээний уул­залтын үр дүнг өндрөөр үнэлэв. Энхийн гэрээ бай­гуулах асуудлаар Оростой гэрээ хэлэлцээгээ түргэс­гэх шийдвэр гаргасан нь том ололт болж байгаа аж. “Энхийн гэрээ байгуулах хэлэлцээ сүүлийн хэдэн жилд гацаад байсан. Гэвч энэ уулзалтаар эдгээр яриа хэлэлцээг сэргээх нь чухал гэдэг дээр санал нийллээ. Энэ бол том ам­жилт” хэмээн Японы Зас­гийн газрын тэргүүн мэдэгд­жээ. Шинзо Абэ энэ асуудлыг бие даан хариуцаж, хамаг хүчээ дайчилна хэмээн онцлов.

Орос, Японы харилцаа газар нутгийн шийдэгдээ­гүй маргааны улмаас сүү­дэрт­сээр ирсэн юм. Япон улс 1855 оны хоёр талын Худалдаа, хил хязгаарын гэрээний дагуу Курилийн дөрвөн арлыг (Итуруп, Кунашир, Шикотан, Ха­бо­маи) авах ёстой хэмээн үзсээр байна. Арлуудыг буцааж өгвөл энхийн гэ­рээ байгуулна хэмээн Токио болзол тавьсан ч дэлхийн II дайны дараа ийм гэрээ байгуулагдсан­гүй.

Өмнөд Курилийн ар­лууд дэлхийн II дайны явцад ЗХУ-ын мэдэлд ор­сон, Орос улс олон улсын зохих эрхийн дагуу уг арлууд дээр бүрэн эрхээ тогтоосон тул хууль эрх зүйн талаасаа ямар нэг эргэлзээ байхгүй гэсэн байр сууринд Москва зогссоор байна.

 

“ИТАР-ТАСС”