Д.БОЛОР
УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн халуун сэдэв УИХ-ын дэд дарга С.Баярцогтын тухай байна. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухайд танай эвслийнхэн нэлээд ширүүн үг дайж байсан. Та хувь хүний зүгээс хэрхэн хандаж байна?
-С.Баярцогт гишүүний парламентын ажлын баялаг туршлага, мэдлэг боловсролд нь хүндэтгэлтэй ханддаг. УИХ-ын дэд даргаас огцрох хүсэлтээ өөрөө гаргасан учраас асуудлыг нь зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Манай бүлгийн гишүүд ширүүн байсан гэхээс илүү асуудалд нухацтай хандаж байгаа гэвэл илүү нийцнэ.
-Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй гэх шалтгаанаар чуулганыг завсарлуулсан. Одоо хэлэлцэж амжсан биз дээ?
-Өнгөрсөн бүлгийн хуралдаанаар энэ талаар санал солилцсон. Гэхдээ С.Баярцогт даргын асуудал гэхээс илүү цаашид төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, хувьцаа эзэмших зэрэгт төрийн бодлогын үүднээс хэрхэн хандвал зохих талаар санал солилцож байна.
-Түүний нууц данс илэрснээр Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө авсан шан харамж байх гэж хардаж байна. Г.Уянга гишүүн түүнийг гишүүнээс нь татах ёстой гэж байсан?
-Улстөрч төдийгүй уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс ч хардаж байгаа бололтой. Ер нь Оюутолгойн гэрээг цаашид ч олон жил ярьж сургамж, туршлага, харьцуулалт болж явах биз. Манай Г.Уянга гишүүн парламентад орж ирэхээс өмнө ч улс төрийн тэмцэл хийж энэ нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг гаргаж тавьж, засч сайжруулахын төлөө явсан. Үүний дотор уул уурхайн салбар дахь лицензийн хууль бус наймаанаас эхлээд олон зүйлд иргэний зориг гарган тэмцсэн нэгэн шүү дээ. Энэ үүднээс хэлэх ёстойгоо л хэлсэн байх.
-Ер нь улс төрчид нууц данстай байж магадгүй гэсэн хувилбар С.Баярцогтын үйлдлээс илэрлээ. Та гадаадын банкинд данстай юу?
-Нууц данс гэдэг нууцлах ёстой хөрөнгийн эх сурвалж гэж ойлгох байх. Төрийн бодлогын зүгээс далд эдийн засгийг ил болгох, түүнийг бүртгэлжүүлэхэд анхаарах ёстой. Засгийн газар болон төрийн өмчийн аж ахуйн байгууллагын нэрийн өмнөөс гэрээ хэлэлцээрт орох хүмүүсээ эрсдэлээс хамгаалахаар давхар хяналт бүхий тогтолцоог нэвтрүүлж болох юм. Ингэснээр хардах эрхэд хариулт өгч таарна. Надад гадаадын банкинд ямар нэгэн данс байхгүй.
-Энэ хаврын чуулганаар ач холбогдол өндөртэй хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Үүний нэг нь хуулийн шинэтгэлийн тухай багц хууль юм. Х.Тэмүүжин сайдын оруулж ирсэн Маршал, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай зэрэг таван хуулийн төсөлтэй танилцсан биз дээ?
-Бүлгийн хурал дээр Х.Тэмүүжин сайдын хуулийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл, танилцуулгыг хоёр цаг гаруй сонссон. Гишүүд олон асуулт асууж дэлгэрэнгүй тайлбар авсан. Хийх гэж буй реформдоо итгэл үнэмшилтэй байж, эрсдлийг нь тооцсон байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Гагцхүү шийдвэр гаргагчид хууль зүйн салбар бүхэлдээ реформын хүлээлттэй байж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал. Зарим нь реформыг хүлээж авахгүй ч байж мэдэх юм. Энэ нь бодит байдал шүү дээ. Тэгэхээр сорилтыг давж байж реформ үр дүнгээ өгнө, автор нь хүлээн зөвшөөрөгдөнө. Иймээс хуулийн төслүүдэд хэн нэгэн улстөрч биш цаг хугацаа дүнгээ тавина.
-Дээрх таван хуулийн нэгэнд нь цагдаа хүн албан тушаалаа дагаж цол өгсөхөөр оруулсан байна. Үүнийг үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид нь таатай хүлээж авахгүй байгаа. Хуулийн төсөлд байгаа өвөрмөц гэхээр зүйл заалт нь Монголын нийгэмд оновчтой болов уу?
-Цол зэрэг, дүрэмт хувцас хоёроо ялгахаас реформ эхэлнэ гэсэн үг. Аливаа соёл урт удаан хугацаа туулж байж бүрэлдэн бий болдог. Иймээс тушаал дагаж цолтой байсан тэр соёл амар арилахгүй. Хувцас мөрдөс бол үзэгдэж буй хэсэг. Харин сэтгэлгээ бол цаг хугацааг элээж байж өөрчлөгдөнө. Магадгүй тэр өвөрмөц гэх зүйл заалт дотор нь шинэчлэлийн амин сүнс явж болно. Түүнийг нь өөрчилж оновчтой заалтаар солих гэж байгаад амин сүнсийг нь аваад хаяж магадгүй шүү дээ. Тэгэхээр одоо оновчтой, оновчгүйн тухай хэлэхэд төвөгтэй. Одоо бол шийдвэр гаргагчдын хийх чадвар буюу өөрчлөлт хийх хүсэл эрмэлзлэлээс шууд хамаарна.
-Хэрэв өөрчлөлтийн тухай хүсэл сонирхолгүй байвал яах вэ?
-Байхыг үгүйсгэхгүй. Тэр хүсэлгүй байгаа нь өөрөө бас бодит байдал шүү дээ. Цаг нь болоогүй байна гэсэн үг. Гэхдээ би цаг нь болсон гэж бодож байна. Одоо өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн бодолтой явна.
-Удахгүй Газрын багц хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулийн талаар байр сууриа илэрхийлээч?
-Бүлэг дээр Ц.Цолмон гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Эхлээд газрын харилцааны чиглэлээр асуудал хариуцдаг бүх байгууллагаас мэдээллийг сонсох нь зүйтэй. Дараа нь тодорхой байр суурь илэрхийлнэ.
-Өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ. Эвсэл санал нэгтэй огцруулах нь гэсэн мессеж тарсан ч бодит байдалд тийм байсангүй?
-Санал нэгтэй огцруулна гээгүй. Гэхдээ гишүүдийнхээ өөрсдийнх нь итгэл үнэмшлийг нь хатуу хайрцаглаж “Саналаа тэгж өг” гэж шаардахгүй.
-Түүнийг огцруулах үндэслэл хэр бодитой байна вэ?
-МАН-ын бүлгийн гишүүд огцруулах зургаан үндэслэл гаргасан байна. Түүн дотор ажил хэргийн үүднээс анхааралдаа авч ажиллах ёстой зүйлүүд байсан ч огцруулах хэмжээний алдаа биш юм. Огцруулахаар гаргасан үндэслэл, дүгнэлт дотор нь “Олон нийт бүхэлдээ айдас хүйдэстэй байна”, “Ууланд төөрөхөд нь нүсэр эрэл хайгуул хийсэн” гэх мэт буруутгах гэж хэтэрхий улайрсан шинжтэй байдал ч харагдаж байна.
-Бүлгийн тэргүүний хувиар Н.Алтанхуягийн Засгийн газарт ямар дүн өгөх вэ. Танай бүлэг хамтран засаг барьж байгаа болохоор бөөрөнхийлж мэдэх юм?
-Бөөрөнхийлөх шаардлагагүй. Энэ Засгийн газрын гарааны найман сарын ажлыг боломжийн гэж дүгнэж байна. Мэдээж хамгийн гол нь үр дүн чухал. Энэ үүднээс эхлүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр ашиг, бондын мөнгөний үр ашигтай зарцуулалт чухал юм. Мөн нийгмийн салбарт тулгамдаж буй асуудалд Засгийн газрын зүгээс хариулт шийдэл эрж байгаа, олж байгаа гэсэн эерэг үнэлэмж нь байвал ажлын үр дүнгийн гол үзүүлэлт болно.
-Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Танай нам хамтарч оролцох уу эсвэл дангаараа оролцоно гэж тооцож байна уу. “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан гэрээ ёсоор МАХН-МҮАН хоёр дундаасаа нэр дэвшигчээ тодруулах ёстой юм уу?
-МҮАН хуулийн хугацаанд хурлаа хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох тухайгаа ярих болно. Аль болохоор МАХН-тай хамтарч оролцохыг эрмэлзэж байна. Мөн манай намынхны урьдчилан тохиролцсон нэг зүйл нь кандидат хэн байх вэ гэх асуудал. Түүнтэй зэрэгцээд ойрын жилүүдэд нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд ямар мөрийн хөтөлбөр байх, ямар шинэ санаа, хөгжлийн хувилбарыг сонгогчиддоо санал болгох зэрэг зарчмын олон асуудал байна.
-Та МҮАН-д Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой сайн улс төрчид бий гэж хэвлэлд ярьсан байдаг. Хэрэв танайх дангаараа оролцоно гэж тооцож байгаа бол яг хэн нэр дэвших бол?
-Гишүүдээс янз бүрийн сонирхолтой хувилбарыг санал болгож байна. Гэхдээ бусад намын нэр дэвшигчидтэй хийж хэрэгжүүлэх ажлын гол санаагаа нэгтгэж чадвал дангаараа оролцохгүй байж болно.
-Нэгэнт АН засаг барьж байгаа үед Ц.Элбэгдорж автомат машины тусламжтайгаар дахин сонгогдох байх гэлцэх боллоо?
-Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтын байдлыг харахад автомат машиныг хардах шаардлагагүй юм биш үү. Тэгээд ч одоо үнэлэлт дүгнэлт өгнө гэхээсээ илүү батлагдсан хуулиа баримтлах хэрэгтэй.
-Танай нам бүгд хурал хийнэ гэсээр байгаад хагас жил боллоо. Хэзээ хийх юм бол?
-Бид хурлаа хийх нь гарцаагүй. Чухам хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй юм. Бусад намуудын хурлын товыг харгалзах нь дамжиггүй.