М.ГАНЦЭЦЭГ

Монголчууд арил­жааны банкуудын хаалга сахидаг байсан  цаг саяхан. 21 мянган төг­рөгийн төлөө үүрээр босч банкны үүдэнд дугаар­ладаг байв. Улстөрчид увайгүй амлалтаа биелүүлсэн болж байгаа нь тэр байсан юм. Тэд амалсан учир иргэд мөнгө авах дархан эрхтэй байлаа. Гэвч өнөөдөр 21 мянга ч алга, Хүний хөг­жил сангийн данс ч хоо­сорчээ. Ямар ч үр дүнд хүр­сэнгүй. Зарим эцэг, эх хүүхдийнхээ 21 мянгыг аваад архиддаг бол нөгөө хэсэг нь замын нэг талын банкнаас мөнгөө авчи­хаад нөгөө талд нь нөөцийн маханд дугаар­ладаг байв. Улстөрчид ард түмнийхээ ядуу, зүдүүг ашиглаж 21 мянган төгрөг өгсний хүчинд улс орон хөгжсөнгүй, өрх гэрийн амьдрал ч дээшлээгүй билээ. Хүний хөгжил сангийн мөнгө олон монгол айлд хоногийн хоол залгуулдаг байснаас биш хүн хөг­жүү­лээгүй. Анхнаасаа ч ийм зорилготой байгаагүй юм. Олон айл 21 мянгын тухай ярьж, хөдөөнийхөн хотоос очсон хүн бүрээс энэ мөнгийг асууж сурагладаг байв. Улстөрчдийн уулзалт бүрээр 21 мянгын тухай асуулт, хариулт өрнөсөөр дөрвөн жилийг үдсэн. Эцэст нь юу ч өөрч­лөгдөөгүй. Харин мон­голчуудын бэлэнчлэх сэт­гэлгээг л хөгжүүлсэн юм.

Манай сонин Засгийн газрын тусгай сангууд ямар үйл ажиллагаа явуул­даг, хэдэн төгрөгийн ор­логотой, түүнийгээ хэрхэн зарцуулдаг талаар цувра­лаар нийтэлж байгаа. Энэ удаад мон­голчууд бүг­дээрээ мэддэг Хүний хөг­жил санг онц­лов. Гэхдээ хий хоосон амлалтаар ард түмнийг үүр цүүрээр банкны үүд са­хиулж бай­сан улс­төрчдийн ажлыг дэмжсэн юм биш. Харин сангийн талаарх одоогийн бодит мэдээллийг хүргэхийг зорив.

 

БАШИР АРГААР БАЙГУУЛСАН САН

 

Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ баталж, монголчуудыг хөгжүүлэх сайхан нэртэй сан бай­гуулав. Зорилго нь маш тодорхой. 2008 оны УИХ-ын сонгуулийн үер МАН-ын амалсан 1.5 сая, Ард­чилсан намынхны амал­сан нэг сая төгрөгийг иргэ­дэд олгох байв. Тухайн үед манай улс дэлхийд тоогдож, уул уурхайн то­моохон ордуудыг гадаа­дын­хан ихэд сонирхож, ордуудыг ашиглаж мөнгө босгох сайхан боломж бий болсон байлаа. Ашигт малт­мал, уул уурхайн сал­барын орлогоос хуримтлал үүсгэж, түүнээсээ ир­гэддээ тэгш хүртээх гэсэн зорилготойгоор Хүний хөгжил санг байгууллаа. Харамсалтай нь эрх баригч болон сөрөг хүчний хамтран бий болгосон сан гуравхан жилийн настай байж. Тодруулбал, 2009 онд байгуулсан сан өнөөдөр жинхэнэ утгаараа ажиллахгүй байгаа. Одоогийн эрх баригч намын сонгуулийн амлалт болох хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгож бай­гаагаас цааш сангийн ажил ахиагүй, харин ч алдагдалтай, ажил нь до­гол­долтой байна. Хүний хөгжил сангийн хөрөнгө гэж одоогоор юу ч байхгүй. Мөнгө олдог байсан Оюутолгой, Тавантолгойн ажил доголдсон, хөрөнгө оруулагчид зугатаасан, гэрээ байгуулсан гадаа­дын­хан луу унжсан, манай улстөрчид молиго үмхсэн гэх мэт учир шалтгааныг тоочиж болно. Тухайн үед сонгуулийн амлалтаа бие­лүүлсэн нэр зүүх гэж, дараагийн сонгуульдаа хэлсэн үгтэй, хийсэн зүйлтэй орох гэж Оюу­толгой, Тавантолгойгоос урьдчилгаа төлбөр зээлсэн. Тэр мөнгөө иргэдэд та­рааж дуусгасан. Аваагүй хүмүүст энэ онд олгохоор хуульчилж, сангийн хө­рөнгийг тодорхой бол­го­сон ч өдгөө өрөнд ба­ригджээ. Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн өртэйг зарласан юм. Сангийн тухай хууль, энэ жилийн төсвийн орлого, зарлага, мөнгийг юунд зарцуулах нь цаасан дээр тодорхой байгаа ч бодит байдал ийм байна. Бүр ойлгомжтой тодорхойлбол улстөрчдийн хүнээ хөгжүүлэхээр бай­гуулсан сан дампуурчээ. Нэг удаагийн сонгуулийн амлалтад зориулан башир аргаар байгуулсан сан гэдэг нь өнөөдөр илүү тодорхой болов.

 

ХААНААС МӨНГӨ АВЧ ХЭНД ӨГДӨГ ВЭ?

 

Хүний хөгжил сангийн мөнгийг стра­тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөв­шөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувиас бүрдүүлэхээс хуульчилсан байдаг. Мөн уул уурхайн хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг, стратегийн ач хол­богдол бүхий ашигт малт­малын орд ашиглахтай холбогдуулан авсан урьд­чилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгээс бүрдэнэ. Энэ сангийн хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулдаг бө­гөөд Засгийн газрын тусгай сангуудаас то­дорхой хуулиар зохицуу­лагд­даг хэдэн сангийн нэг нь энэ юм. Жил бүр ор­лого, зарлагыг нь тодор­хойлсон хуулийг тухайн жилийн төсөвтэй хамт УИХ-аар хэлэлцдэг.

Энэ жил л гэхэд Хүний хөгжил сангийн төсөвт нийт 621.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 284.2 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар болсон. Ин­гэхдээ  95.3 тэрбум төг­рөгийн урьдчилгаа төл­бөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийг  барагдуулахаар хуульчил­сан юм. Түүнчлэн Хүний хөг­жил санд 2013 оны төсвийн жилд 49.8 тэрбум төгрөгийг хуримтлуулна. Тус  сангаас иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 12,151.5 сая төгрөг, бэлэн мөнгөөр хишиг, хувь хүр­тээ­хэд 272 сая төгрөг олго­хоор болсон юм. Энэ нь өмнөх жилүүдэд олгосон мөнгийг авч амжаагүй иргэдэд олгох мөнгөн дүн.

Хишиг, хувь нөхөж олгоход нийт 32 тэрбум төгрөг зарцуулах юм. Өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд иргэний бүрт­гэлийн зөрчилтэй, орон гэргүй, бичиг баримтгүй, гадаадад амьдардаг ир­гэдийг иргэний шинэ­чил­сэн бүртгэлд хамруулах арга хэмжээ үргэлжиж байгаа зэрэг шалтгаанаар хишиг, хувиа авч ча­даагүй иргэдэд олгоход зар­цуу­лахаар хуульчилсан. Эндээс 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох арга хэмжээний хүрээнд нийт 240 тэрбум төгрөг зарцуулна.

 

ХҮН ХӨГЖҮҮЛЭХ ХУВЬЦАА ХААНА БАЙНА?

 

Хүнээ хөгжүүлэх гэж байгуулсан сан хөрөнгө ч үгүй, дээр нь хувьцаа ч алга. Яагаав, УИХ-ын гишүүд баахан хэрэлдэж шийдсэн хувьцаа. 21 мянган төгрөгийн үргэлж­лэл гэсэн үг. Иргэн бүр хувьцаа эзэмшиж, ара­буу­даас ч баян боллоо гэж зарлаад байсныг санаж байна уу. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хувийг ир­гэн бүрт тэнцүү хуваан эзэмшүүлэх шийдвэр гар­гасан. Дараа нь 20 хувь болгож 1072 ширхэг хувьцаатай болсон. Тэр үедээ л дээр, дооргүй хөөрцөглөснөөс биш хувьцаагаа яаж эзэмших, юунд ашиглаж болохыг мэдээгүй. Хувьцаатай эсэхээ одоо ч мэдэхгүй, хайгаад ч олдохгүй бол­сон. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хад­га­ламжийн төвийн https://net.schcd.mn/registration хаягаар орж үзлээ. Ре­гистрийн дугаараа оруу­лаад хувьцаагаа шалгав. Тэгтэл “Иргэн та Монгол Улсын Засгийн Газраас олгосон “Эрдэнэс таван­толгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна” гэсэн өгүүлбэрээс өөр мэдээлэл олдсонгүй.  Тэр хувьцаа нь хаана ч байгаа юм, хаанаас асуух юм бүү мэд. Дээрх цахим хуудаст 120 гаруй  брокер, дилерийн компанийн жагсаалт байна. Тэдний аль нэгэнд хандаж данс нээлгэж хувьцаагаа эзэм­шинэ гэсэн зааварчилгааг тухайн үед өгч байсан санагдана.

Иргэд  давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртэнэ гэж хуульчилсан. Компанийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөр­гүй­гээр иргэнд эзэмшүүлэх бөгөөд хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барь­цаалах, өв залгамж­луу­лахыг хориглосон байдаг. Хувь­цааг ингээд орхиё. Монголчууд үнэт цаасны зах зээлийн талаар сайн мэдээлэлгүй, мэддэг нэг нь 1072 ширхэг хувьцаагаа эзэмшиж баяжсаныг  мэ­дэхгүй юм байна. Ямар боловч бидний хувьцааг нь эзэмших гээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн данс улайсан гэж шинэ захирал нь ярьсан. Мөнгөний гачиг­далтай учир компа­нийнхаа гадаад захир­луудыг халж зарлагаа танасан мэдээлэл ч байна.

 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ЗАВШСАНЫГ АУДИТ ТОГТООЖЭЭ

 

Хүний хөгжил санг хэрхэн мөнгөтэй болгох арга нь хуульд тодорхой байдаг. Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган сан­хүү­жүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болдог гэнэ. Сангийн хөрөнгийг ар­ви­жуулах зорилгоор до­тоодын болон олон улсын сан­хүүгийн зах зээлд үнэт цаас, өрийн бичиг, хадгаламж зэрэгт хөрөнгө оруулж болдог аж.  Сан одоогоор нэг их наяд төгрөгийн өртэй гэдэг нь сонгуулиас өмнө Хятадын “Чалко”-гоос зээлсэн мөнгө. Үүгээр амлалтаа үргэлжлүүлж өгсөн байгаа юм. Харин “Чингис” бондын мөнгөнөөс арай татаагүй байгаа гэсэн.

Ер нь тус сангийн мөнгийг хэзээ хэнд өгөхийг хориглодог бол. Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан бол хувь хишгийг олгохыг зогсооно. Хэрэв иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв зал­гамж­лагчид нь олгож болохоор заасан байна.  Сангийн мөнгийг бэлэн мөнгө, тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төл­бөр, эрүүл мэнд, боловс­ролын үйлчилгээний төл­бөр, хүүхдийн мөнгө хэл­бэрээр олгож болдог. Хи­шиг, хувийг тухайн жилдээ багтаан авч ча­даагүй бол түүний хишиг, хувь дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүй.

Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийж, дүгнэлт гар­гадаг байна. Одоогоор 2010 болон 2011 оны тайланд аудит хийжээ. Хүний хөгжил сангийн 2010 оны мөнгөн хөрөнгийн орлого бүрдүүлэлтийн харьцаа оновчтой бус байна гэж тухайн үед ажиллаж бай­сан Ерөнхий аудитор Ч.Раднаа дүгнэжээ.

2011 оны зарлагын тайлан бас гарчээ. 2011 онд Засгийн газраас баталсан журмын дагуу нийт 144.9 мянган оюутан сургалтын төлбөр хэлбэ­рээр хишиг, хувь хүртэх хүсэлт гаргаснаас батал­гааж­сан 92 их дээд сур­гууль, коллежийн 133.6 мянган оюутанд 66.8 тэрбум төгрөгийг олгосон байна. Аудитаар 2011 онд зарим сургуульд сур­галтын төлбөрийг илүү олгосон зөрчил гарчээ. Тухайлбал, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуульд хасагдсан таван оюутны, “Монос” уламж­лалт анагаахын дээд сур­гуульд  хасагдсан зургаан оюутны, нийт 4.2 сая төг­рөгийг илүү олгосныг аудит тогтооожээ.

Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт хувь хишгээ ашиглаж болох тогтоол гарсан. Энэ арга хэмжээнд 20 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ч ашиглаагүй байна. Иргэ­дэд хувь хишиг хүртээ­хээс өөрөөр сангийн мөнгийг захиран зар­цуу­лахыг хориглосон хуулийн заалт бий. Хэрэв хууль зөрчсөн бол 25-50 мянга, 150-250 хүртэл мянган төгрөгөөр торгодог байна.

 

ХЭРХЭН МӨНГӨЖҮҮЛЭХ ВЭ?

 

Сангийн сайдын хэлс­нээр нэг их наяд төгрөгийн өртэй санг хэрхэн мөн­гө­жүүлэх талаар 2013 оны төсвийн задаргаанд то­дорхой заажээ. Мөнгө саадаг нэг компанийн үйл ажиллагаа сэргэсэн тухай уржигдар мэдээлсэн. Таван­толгой Хятадын “Чалко”-той байгуулсан гэрээг сайжруулах талаар хоёр тал тохирч  нүүрсээ ашигтай худалдаж эхэл­сэн гэсэн. Тэгэхээр эрх баригчид тэндээс мөнгө татаж Хүний хөг­жил санд төвлөрүүлэх биз. Гэхдээ монгол хүн бүрийн өмч болсон байгалийн баял­гаас олсон орлого хүнээ хөгжүүлэхийг хүс­дэггүй улстөрчдийн сон­гуулийн амлалт биш жин­хэнэ утгаар хүний хөгж­лийн мөнгө бай­гаасай.