Ө.СОНОР

Манай улсын хууль зүйн салбарт шинэчлэл хэрэгтэй гэж 10 гаруй  жи­лийн өмнөөс ярьсаар  өнөөг хүрч байна. Үе,  үеийн Хууль зүйн сайд  нар үүний  талаар байнга дурсдаг боловч дорвитой өөрчлөлт хийсэн нь үгүй  юм.

Харин энэ удаад сайд  Х.Тэмүүжин салбарынхаа эрх зүйг өөрчлөх 11 хуу­лийн төслийг бэлдэж байна. Үүнээс ­зургааг нь бэлэн болгож УИХ-д батлуула­хаар өргөн барь­сан ч тавыг нь хэлэл­цэхээр болов. Салбарын яамнаас нь  бо­ловсруулсан Х.Тэмүү­жиний багц хуу­лиудыг хэлэлцэх эсэхийг уржиг­дар УИХ дахь Хууль зүйн байнгын хороогоор шийд­сэн юм.

Хууль  сахиулах  бай­гуул­лагын үйл ажил­ла­гааны шинэтгэлийн хү­рээнд гэж  нэрлэсэн эрх зүйн  зохи­цуу­лалтын талаарх  багц хуулиуд нь батлагдахаасаа өмнө нэлээд хэдэн шалгуурыг  давах бололтой. Х.Тэмүүжин  энэ удаад өөрийнхөө  хийж  буй өөрчлөлт  гэж  зургаан тусдаа  хуулийг  оруулж  ирсэн юм. Үүнд Мөрдөх  албаны тухай, Цагдаагийн албаны  тухай, Хууль сахиу­лагчийн эрх зүйн байдлын тухай, Мар­шалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хам­гаа­лах тухай, Төл­бөрийн чадваргүй яллаг­даг­чид үзүүлэх  хууль  зүйн тус­лалцааны тухай гэсэн  хуулиуд  багтав.

Тэрээр уржигдар байнгын хо­рооны хурал­даан эхэлхэд  Мөрдөх  албаны тухай хуулиа татаж  буйгаа дуул­гасан. Сүүлийн жилүүдэд  манай улсад хүний  наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион  байгуу­лалттай, нууц  аргаар  үйл­дэгддэг  гэмт хэрэг эрс нэмэгдэж  байгаа тул  үүнтэй тэмцэх тусдаа  бүтэц  бүхий албатай байх  нь зүйтэй гэж энэ  хуулийн төслийн танилцуулгад дурдсан байв.  Нэг ёсондоо  АНУ-ын  Холбооны  мөрдөх  товчоотой адил  агент­лагын хэмжээний бүтцийг байгуулахад хуулийн зорилго оршиж  байгаа  ажээ. Гэвч  дээрх төслийг дахин сайжруулах  шаард­лагатай  гэсэн үүднээс санаач­лагч  нь татаж авсан. Үлдсэн хуулиудын хувьд олны  анхаарлыг татсан хэд, хэдэн  зүйл байгааг энд  дурдах  хэ­рэгтэй. Юуны  өмнө ач  холбогд­лоороо  Үндсэн хуулийн дараа  орох  шинэчлэл  гэж  дээрх хуулийн  төслийг санаач­лагчид  үзэж  буй юм билээ. Нийгмийн  харилцааг  зохицуулж буй эрх зүйн шинэтгэлийг хийхэд  дээрх  хуулиуд  онцгой  ач  холбогдолтой гэж  танил­цуулж  байгаа юм. Цаг­даагийн тухай хуульд гэхэд л албан тушаал дагаж  цол олгодог  байхаар тусгасан нь олон хүний  уурыг  хүргэсэн бололтой. Газар, хэлтсийн дарга бол­бол шууд хурандаа цол зүүх гэнэ.   Тэгэхээр  ерөөсөө л  албан тушаалын төлөө үхэн хатан  явах  хэрэгтэй болох  нь гэх шүүмжлэл дагуулсан.  Ха­рин Х.Тэмүүжин  үүнийгээ “Тухайн хүн  Удирдах албан тушаа­лаасаа буувал авсан цолоо  хураалгана. Тэгэхээр  ажил  хийдэг  хүн албан тушаал хаших  цэвэр өр­сөл­дөөн гарна” хэмээн хамгаалсан байна лээ. Цагдаагийн албаны  тухай хуульд  байсан  бас  нэг содон  зүйл нь  сог­туу­руулах  ундаа  хэт­рүүлэн хэрэглэж,  өөрийгөө  удирдах  чад­варгүй болсон хүн ямар нэг нийгмийн  эмх  зам­ба­раагүй байдал  гаргаагүй бол цагдаагийн  байгуул­лагад  бус эмнэлэгт  эрүүлжүүлэгддэг байхаар тусгасан байв.

Харин Маршалын албаны хуулийн тухайд уг алба нь яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаа болон оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхээс гадна хорих байгууллагад ялтны зүгээс бусдыг барьцаалах, өмч хөрөнгө эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүс­сэн зэрэг нөхцөл байдлын үед хориход байгаа гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хорих байгуул­лагатай хамтран ажил­лахад  чиглэнэ гэж үзжээ.  Өөрөөр хэлбэл, цагдааг  цагдаагаар  нь  харгал­зуулах нь  учир дутаг­далтай хэмээн  өөр бүтэцтэй ажиллуулах зорилго  агуулсан байна.

Х.Тэмүүжиний энэ шинэч­л­элийг хүчтэй эсэр­гүүцсэн  хүний  нэг  нь  мэдээж Ц.Нямдорж.  Хууль  зүйн  сайдын  албыг найман  жил хашсан тэрээр байнгын  хорооны хуралдааны үеэр “Эдгээр хуулийн төлсийг дахин нягтлуулахаар буцаах саналтай байна. УИХ  болоод  хуульчид  оролцсон томоохон ажлын хэсэг байгуулж тал  бүрээс нь судалсны үндсэнд хэлэл­цэх нь зүйтэй. Хуулийн  төслийг өнгөц харахад  асар  их  алдаа  дутагдал  байна. Эдгээр  хууль  Эрүүгийн суурь  хууль­тайгаа  хамт  орж ирэх  ёстой. Эрүүгийн хуулийн өөрчлөлттэйгөө  давхар  оруулж ирье” хэ­мээн  няцаасан. Ц.Нямдоржид хамаарах автортайгаар 2002  онд  нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуульд өнөөг хүртэл “гар хүрээгүй” байгаа боловч өөрчлөх ёстой гэдэгт  олон хүн  санал   нэгддэг нь  үнэн юм. Ц.Нямдорж  өөрөө  энэ хуулиа  сайн болсон гэж магтдаг, харин ард түмэн энэ хуулийн балгаар  Монгол  Улс дээвэргүй шорон  боллоо  гэж  ярилцдаг байсан нь  ч үнэн билээ. Харин одоо тэрээр гурван  Доржоор  овог­лодог  буюу Ц.Нямдорж, Д.Бямба­дорж, Ц.Шарав­дорж гэсэн тодотголтой батлагдсан Эрүүгийн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж ярьдаг болсон бололтой.   Түүнийг сайд байх үед  нэгэн сэтгүүлч “Та Эрүүгийн хуулийг өмнөхөөс нь зөөл­чилсөн гэж  байна. Гэтэл гадуур Ц.Нямдоржийн хар хууль, хатуу хууль гэж шүүмжилдэг шүү дээ” гэж  асуусан  байдаг юм. Үүнд тэрээрХатууруулсан хоёр л зохицуулалт байдаг. Нэгд, тэнсэх ял. Хүнд гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэх заалтыг байхгүй болго­чихсон юм. Шалтгаан нь гэвэл тэнсэх заалтыг хэ­вээр үлдээчихээр иймэрхүү хүнд хэргүүд дээр танил талтай нь, арын хаалгатай нь хэргээс мултраад, жирийн хүн хорих ялыг нь авдаг шу­дарга биш зарчим тогтож магадгүй байсан. Авлига бий болгож ч бол­зошгүй. Чадалтай, тэнхээтэй нь шүүгч, өмгөөлөгчид мөнгө өгөөд хорих ялыг тэнсэх болго­чихдог. Хоёрт, ялаас хугацаанаас нь өмнө суллах гэж байдаг. Жишээ нь, 10 жилийн ялтай хүн долоон жил хоригдоод, засарснаа харуулж чадвал хуга­цаа­наас нь өмнө сулладаг зарчим. Би үүний дотор нэг нөхцөл нэмчихсэн юм. Ял эдэлж байх хуга­цаандаа төлбөрөө төлсөн байх ёстой гэсэн нөхцөл. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн, эрүүл мэндийн хохирол бусдад учирдаг. Эрүүл мэндийн хохирол нь дахиад мөнгөөр илэрхий­лэг­дэж гардаг. Тэр хо­хирлыг төлсөн байх зарчмыг суулгасан. Хо­хирлоо төлсөн бол хуга­цаанаасаа өмнө суллаг­даж болох зарчим тогтоо­сон гэсэн үг. Өөрөөр хэл­бэл, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, төлбөр төлөгдсөн байх, хохирол арилсан байх зарчим бий болгосон хэмээн хариул­сан  байдаг. Мөн хууль  зүйн  салбарын системийг бүхэлд нь шинэ­чилсэн хууль ба­тална гэвэл энэ парла­мент, дараагийн парла­мент ч чадахгүй. Би өөрийнхөө батлуулсан юмыг хадгалах гээд эсэр­гүүцээд байгаа юм биш, бодит байдал нь ийм” хэмээн  ярьж  байжээ.

Харин одоо  Ц.Ням­доржийн дээрх  өөрч­­лөлтөөс Х.Тэмүүжинийх ялгаатай юу гэх асуулт  гарч ирнэ. “Шударга  ёс” эвслийн  О.Баасанхүү, МАН-ын  дарга  Ө.Энх­түвшин нарын хэд хэдэн гишүүн  бас л  Эрүүгийн хуулийнхаа өөлч­­лөлттэй дээрх  хуулийн төслүүдээ  оруулж ир гэсэн шүүмж­лэлийг хэлсэн байдаг.  Гэвч  Х.Тэмүүжин тэдэнд  бууж  өгөхийг  хүсээгүй. “Та  нар хууль  шүүхийн байгуул­лагын шинэчлэл гэж амныхаа  зоргоор  ярьдаг. Үүнийх нь  хариу болгож төсөл  оруулаад  ирэхээр болохгүй гэх юм. Ямар учиртай хүмүүс вэ” гэж сөргөж байна. Ер  нь  бол  нэг зүйл  тодорхой  байгаа.  Энэ бол  манай хуулийн  салбарын эрх  зүйг  өөрчлөх  хэрэгтэй  гэдэг нь.  Шүүхийн, хуулийн ши­нэч­лэл гэдгийг  дор  бүрнээ  ярьж байгаа  энэ  үед  Х.Тэмүүжиний шинэчлэл Ц.Нямдоржийнхоос  өөр байж нийт  олны  эрх ашигт  нийцсэн хуулиуд  болж  чадах болов уу.