Э.СОЛОНГО

Сангийн сайд Ч.Улаантай сэтгүүлчид ярилцлаа. “Чалко”-той байгуулсан гэрээ, “Чингис” бондын зарцуулалт, төсвийн тогтвортой байдал гээд хариултаа хүлээсэн олон асуултад тэрээр хариулсан юм.

 

-Шинэчлэлийн Зас­гийн газар эдийн засагт томоохон өөрчлөлтүүдийг эхлүүлнэ гэсэн. Тэгвэл төсөвт энэ нь хэрхэн мэдрэгдэж байна. Орлого зарлага нь оновчтой болж чадаж байна уу?  

-Шинэчлэлийн Зас­гийн газар ажиллаж байна, төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн  алдаг­далтай байна. Төсвийн орлого  нэг их наяд 500 тэрбум төгрөг, инфляцийн төвшин 15 хувьд хүрсэн. Төлбөрийн тэнцэл 160 орчим сая ам.долларын алдагдалд хүрсэн. “Хүний хөгжил” сан бүхэлдээ нэг их наяд төгрөгийн өртэй эдийн засгийг бид хүлээж авсан. Үүнийг онолоор нь яривал хэт хөөсөн зар­лагатай. Зарлагаа даахгүй орлоготой төсөв байсан юм. Тиймээс эрс ши­нэчлэл хийх шаардлага гарсан. Монголын санхүү, эдийн засагт шинэчлэл хийхийн тулд төсөв, санхүүгийн удирдлагын хуваарилалтыг өөрчилнө. Гол нь төсвийн зар­цуу­лалтад иргэд хяналт тавьдаг болно. Төсвийн  тогтвортой байдлын тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Хөгжлийн банкны тухай хуулиуд гарсан нь төсөв, санхүүгийн эрх зүйн шинэчлэл болсон. Орон нутгийн удирдлагуудад төсвийг зарцуулах, орлого олох эрхийг өгч байгаа. Үүнийг дагаад хариуцла­гын тогтолцоо чангарна. Өмнө нь ашигтай ажил­ласан сумдын төсвийн орлогыг төр хураагаад авчихдаг байсан. Одоо тэгэхгүй. Төсвийн орлого төрийн мөнгө биш тухайн сумын дарга нар болон иргэдийн мэдлийн асуу­дал болж хувирна. Мөн татварын шинэчлэлийг хийнэ.

-Тэгвэл жижиг, дунд үйлдвэрүүдийг татвараар хэрхэн дэмжих вэ?

-Жижиг, дунд үйлдвэ­рээс авсан 10 хувийн тат­варын 90 хувийг нь бу­цааж олгохоор болсон. Татварын таатай үзүүлэл­тээр дээгүүр жагсдаг ор­нуудын тоонд орж байгаа. Татварын хоёр дахь ши­нэчлэлийг удахгүй хийнэ.

-Төрийн сангуудын талаар та ямар байр суурьтай байна. Баялгийн санг нэмж бий болгохоор ярилцаж байгаа. Гэвч олон эдийн засагч үүний эсрэг байна шүү дээ?

-Энэ салбарт хийж байгаа өөрчлөлтүүдийн нэг нь төрийн сангуудын шинэчлэл. Манай улс 2009 оноос төсөв дотор тусгай зорилт хэрэгжүүлэх сан байгуулсан байдаг. Сангууд сүүлийн үед зорилгоосоо гажиж байна. Сантай болохын төлөөх өрсөлдөөн өрнөж байна гэж болно. Монголын төсөв тойрсон 40 гаруй сан байна. Энэ сангуудад улсын төсвийн зарлагын 35 хувь нь хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, 2.3 их наяд төгрөг сангуудад байна. Олон сан бий болсноор сангуудын удирдлага явцуу болж эхэлсэн. Хоорондын уялдаа гэж зүйл үгүй болсон. Үүнээс болж төсвийн хөрөнгө үрэн таран болж эхэлсэн. 40 гаруй санг гурав хувааж байгаа. Нэг хэсэг нь  хэвээрээ үлдэнэ. Нөгөө хэсэгт нь төсвөөс хөрөнгө хуваарилсан ч гадны хан­див тусламжийг хуримт­луулна. Олон эх үүсвэртэй сан байхад зөвхөн нэг сайдын ажил бус бусад салбарыг санхүүжүүлдэг сан бас байна. Тухайлбал, Төрийн сангийн сан гэхэд зөвхөн боловсролын сайдын мэдэлд байхгүй.

-Тогтворжуулалтын санд одоо хэчнээн хөрөнгө байна. Үүнийг юунд зарцуулж байна вэ?

-Тогтворжуулалтын сан хөдөлгөөнгүй сан. Одоо­гоор 330 орчим тэрбум төгрөг энэ санд бий. Үүнийг гэнэтийн то­хиолдолд ашиглана. Тухайлбал, ДНБ-д гурван хувиас доошүй хэмжээ­ний алдагдал бий болоход үнийн савалгааг арилга­хад ашиглана. Тэгэхээр энэ сан өнөөдөр нөөц хөрөнгө гэсэн үг.    

-”Чингис” бондыг өрийн дарамт үүсгэнэ гэж болгоомжилж байгаа хүн олон байна. Өрийн дарамт үүсч болзошгүй эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

-”Чингис” бондыг ар­ван­хоёрдугаар сард гаргасан нь эдийн засгийн төлөвлөгөөтэй бодлого. Засгийн газрыг ажлаа хүлээж авах үед эдийн засаг сульдаж, бараа бү­тээгдэхүүний үнэ, инфляц өсөх хандлагатай байсан. Тиймээс “Чингис” бон­доос босгосон мөнгөөр инфляц, үнийн хөөрөгд­лийг зогсоож чадсан. Энэ бондын хүү өрийн дарамт үүсгээгүй. Үүсгэх ч үгүй. Тиймээс хүмүүст “Чин­гис” бондын өрөөс бүү ай гэж хэлье. Олон улсын зах зээлд бонд гаргаж эхэлс­нээс хойш манай арил­жааны банкуудын чадавх сайжирсан. Валю­тын хү­рэл­цээ нэмэгдсэн. Харин одоо бид энэ бондын мөн­гийг хөрөнгө оруулалт бол­гож ашиглах хэрэгтэй. Үүний эхлэл нь тавигдсан гэдгийг он­цолъё. Гэрээ хийхдээ 35 сая ам.дол­ларын өрийг төлөх эрсдэлийг сайн тооцсон байгаа. Энэ бон­дын хөрөнгөд Монгол­банк хяналт тавина.

-Дотооддоо бонд гар­гах боломж хэр байна. Энэ талаар Сангийн яам ямар бодлого баримталж байна?    

-Дотоодын бондыг тө­лөв­шүүлэхэд бид анхаарч байна. Улсын төсөв хө­рөнгөгүй. Гэтэл нэг хэсэг компани, иргэдэд илүү мөнгө байдаг. Тэдний мөн­гийг хэн ч сонирх­доггүй. Сул хэвтэж байгаа. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бонд болгохоор төлөвлөж байна.

 -Нүүрсний экспорт төсвийн орлогод нөлөөлж байна уу. Мэдээж энэ оны  төсвийг нүүрснээс олох ашгаа тооцолж тогтоосон байх?

-Нүүрсний экспорт зогсч, Хятадын талтай үл ойлголцол үүссэнээр Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн хурд саарсан. Энэ хэрээр эдийн засгийн өсөлт буурсан.  Хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон. Тэгэхээр өмнөх жилүү­дийн эдийн засгийн өсөлт хөөс байжээ. Тий­мээс Хятадын талтай тохи­ролцоонд хүрч, харилцан ашигтай гэрээ хэлцэл хийх хүртэл дахин урд хөрш рүү Таван­толгойн нүүрс гаргахгүй байх нь оновчтой. Тавантолгой ордоос бид их зүйл хүлээсэн. Гэвч бидний бодсон, хүлээсэн үр дүн өнөөдөр харагдахгүй байна. Засгийн газар 350 сая ам.долларын урьдчил­гаа авсан. Ингэхдээ өрийг Тавантолгойн нүүрсээр төлнө гэж тохиролцсон. Зарчмын хувьд ийм тохиролцоо байж болно. Гэхдээ бид нүүрсээ өгөх­дөө тонн тутмаас нь 20 ам.доллар бууруулсан. Үүнээс болж Монголын тал хоёр жил гаруй хуга­цаанд 170 сая ам.дол­ларын нүүр зарахдаа 40 саяын алдагдалд орсон. Одоо бидэнд 180 сая ам.долларын өр байгаа. Үүнийг хуучин гэрээгээр барагдуулна гэвэл бид дахин 60 сая ам.долларын хохирол амсана гэсэн үг. 180 сая ам.долларын өрийг “Чингис” бондоос бэл­нээр нь төлөх саналд эргүүлээд дахин таван жилийн хугацаанд нүүрсээ тогтвортой үнээр нийлүүл гэсэн шахалт үзүүлж байгаа юм. Ийм гэрээг хянахгүй, дахин ярилцахгүй байх аргагүй. Тэгэхээр Оюутолгой, Та­вантолгойн гэрээ хоёулаа эргэлзээтэй болж байгаа юм. Үүнээс болж энэ хоёр том ордыг дагасан хөрөнгө оруулалт зогссон. Энэ хоёр том гэрээ ашиггүй болсон нь одоо Монголын эдийн засаг, төсвийн байдлаас харагдаж байна.

-Оюутолгойн гэрээг муу болсон гэдэгт та санал нийлдэг юм байна. Харин гэрээг яаж сайжруулах ёстой юм бол?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэлгэрэнгүй санхүүгийн баримтаар нэг бүрчлэн гаргаж баталгаажуулж байна. Анх байгуулагдсанаас эхлээд хаанаас ямар үнээр ямар тоног төхөөрөмж авсан зэрэг мэдээ тайлан байхгүй байсан учраас өнөөдөр хоёр тэрбум ам.доллараар хэтэрчихээд бид мэдэхгүй сууж байна. Ингээд Монголын Засгийн газраас баримтын шалгалт хийх ажлын хэсэг гарсан. Сангийн яамны Эрсдэлийн удирдлагын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд Оюутолгойн хөрөн­гийг үргүй зарсан, зардлыг хэтрүүлсэн зэрэг маргаан тасалдаж Монголын талд бүртгүүлэх гээд байгаа олон оронтой тооны асууд­лыг шийднэ. Тэгэхээр Оюутолгойд хяналт тавих эрхээ бид одоо л эхэлж эдэлж байна. Үүнийг би үр дүн гэж бодож байгаа. Мөн тус компанийн газар, хэлтсийн даргаар монгол хүнийг ажиллуулахаар тохиролцсон. Цаашдаа гэрээг боловсронгуй болгоход хэрэгтэй.    

-”Чалко”-ийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-”Чалко”-ийн гэрээ­ний хувьд дахин тохи­ролцож, хэл амаа олол­цохоос өөр арга байхгүй. Яг энэ хэвээр нь цааш нь явж болохгүй. Оюутолгойтой харьцуулахад харьцангуй удаан явж байгаа гэрээ. Ямар ч байсан үр дүнг нь үзнэ гэж бодож байгаа.

-Гэтэл “Чалко” манай Засгийн газрыг олон улсын шүүхэд өгсөн гэсэн мэдээ яваад байх юм. Энэ үнэн юм уу?

-Одоогоор мэдээлэл алга. “Чалко”-той бай­гуулсан гэрээг сайн судлах ёстой. Өмнө нь,  байгуулсан гэрээний дагуу бид бүтээгдэхүүнээ нийлүүлбэл тонн нүүрс тутмаас 20 ам.долларын алдагдал хүлээх юм. Ин­гэж алдагдалтай ажиллах эрх манайд байхгүй. Бид гэрээг эргэж үзэхээр бол урьдчилж авсан 350 сая ам.доллараас 180 саяыг нь нэн даруй барагдуулах шаардлагатай болно. Үүнийг хэрхэн шийд­вэр­лэх талаар ярилцаж байна. Ямар ч тохиолдолд худал­дааны хамтын ажиллагаа харилцан ашигтай байх ёстой. Энэ чиглэлээр то­дор­хой санал тавьж ярилцаж байна. Одоогоор асуудал бүрэн шийдэг­дээгүй. Үүнтэй холбоо­тойгоор манай гадаад худалдаанд таагүй байдал үүссэн. Нүүрсний экспорт буурч байгаа. Бид үүнийг бодитойгоор үнэлж, дүгнэх ёстой. 

-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт Монголд саарсан гэж мэдээлэх боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өмнө нь байгуулсан зарим гэрээ хэлцлийг үнэлж дүгнэх, эргэж хя­нан боловсронгуй болгох шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан ца­гаа­саа  хөрөнгө оруу­лал­тын гэрээ харилцан ашигтай байж, Монголын ард түмэнд өгөөжөө өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчимд нийц­сэн, Монголын хуулийг дээдэлсэн гэрээ хэлцэл хийх хэрэгтэй. Хуульд хэр нийцүүлж хийсэн эсэхийг нь эргэж магадлах шаард­лага байна. Үүнтэй хол­боотой асуудал анхаарал болгоомжлол үүсгэж бай­гааг үгүйсгэхгүй. Хэдий үед гадаадын хөрөнгө оруулалт их орж ирсэн эсэх, ямар нөхцөлөөр орж ирснийг нь ч судална. 

-Тэгвэл гадаадын хө­рөн­гө оруулалт буурсантай холбоотой Монгол Улсын төсөвт өөрчлөлт орсон уу?

-Монгол Улсын төс­вийн байдал амаргүй байна. Нэгдүгээр улирлын төсвийн орлогын төлөв­лөгөө тасалдаж гарсан. Гэхдээ бид зайлшгүй олгох шаардлагатай сан­хүү­жил­тийг аль болохоор бүрэн өгөхийг хичээж байна. Цалин, тэтгэвэр, нийг­мийн халамж, төрийн бо­лон төсөвт байгууллагын өдөр тутмын үйл ажил­лагааны санхүүжилтийг саадгүй өгч байгаа. Харин нэгдүгээр улирлын байдлаар хөрөнгө оруулалт маш доогуур төвшинд гар­сан. Үүнд, хууль эрхзүйн орчин, бодит байдал нөлөөлсөн. Бид нэгдүгээр улиралд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийсэн. Үүний 187 тэрбум нь өмнөх оны сан­хүүжилтэд ашиглагдсан. Тэгэхээр энэ оноос ши­нээр эхлэх хөрөнгө оруулалт маш доогуур бай­гаа. Бид хөрөнгө оруу­лалтын санхүүжилтийг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авна. Гэхдээ энэ нь цаанаа нөхцөлтэй. Тухайлбал, зураг төсөл нь бэлэн болсон, гүйцэтгэгч нь сонгон шалгаруу­лал­таар шалгарч, гэрээ бай­гуулсан байх ёстой. Үүний дараа хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгддэг. Өнгөрсөн улиралд бэлтгэл ажлуудаа хийлээ.