Д.Сүрэн
Монголын Донорын холбооноос Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Донорын тухай шинэчилсэн хууль 2012 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан байна. Энэ хуульд доноруудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал халамжинд анхаарч, Донорын Холбооноос тавьсан саналыг журмандаа тусгаж өгсөн талаар тэд мэдээлсэн юм. Донорын хуулийн шинэчлэгдсэн заалтын талаар тэд хэвлэлийнхэн болон донорууддаа мэдээлэл өгч, иргэдийг дорон болохыг уриалсан юм.
Бусдын амь нас эрүүл мэндийг аврахын төлөө 35 удаа буюу 12 литр цусаа хандивласан хүн хүндэт донорын болзол хангаж тусгай үнэмлэхтэй болдог аж. Иймн донорууд дараах эрхийг эдлэхээр болжээ. Үүнд:
1. Хүндэт Донорын болзол хангасан хүн нь рашаан сувилалд насны ялгаваргүйгээр жилд нэг удаа үнэ төлбөргүй амарах эрхтэй юм.
2. 2, 3 дугаар шатлалын эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эрүүл мэндийн байгууллагаар дараалал харгалзахгүйгээр эхний ээлжинд үзлэг шинжилгээг хийлгэж, хэвтэн эмчлүүлж болох аж.
3. Эрүүл мэндийн байгууллага нь хүндэт донорт доорхи оношлогоог үнэ төлбөргүй хийнэ. Үүнд:
- Хэвлийн хөндийн хэт авианы шинжилгээ
- Рентген шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг
- Тархины цахилгаан бичлэг
- Цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, элэг цөсний үйл ажиллгааны, бүлэгнэлтийн суурь шинжилгээ орж байна.
4. Цусны албанаас: резус сөрөг донор, эмэгтэйчүүд, жирэмсэлсэн тохиолдолд резус Д-ийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх шинжилгээ, доноруудын ийлдсэнд агуулагдах төмөр ферритины хэмжээг тодорхойлох шинжилгээ.
5. В вируст гепатитаас сэргийлэх вакцинжуулалтыг үнэ төлбөргүй доноруудад хийхээр тусгасан байна.
- Хүндэт Донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино.
Монгол Улсын Донорын шинэчилсэн хуульд төрөөс хүндэт доноруудын эдлэх эрхийг баталгаажуулан тусгаж байгаад Донорын Холбооны гишүүн хүндэт донорууд баяртай байгааг илэрхийлсэн юм. Тэд хүндэт донорууддаа хандаж цусаа бэлэглэх ажилд хамтран зүтгэхээ уриалсан юм. Эдгээр донорууд ихэвчлэн нэг хүн гэхэд 40 орчим литр цусыг бусдын эрүүл, энхийн төлөө өгч байсан буянтнууд аж.