Д.БОЛОРМАА
Халх голын байлдааны ялалтын өдөр өнөөдөр тохиож байна. Монголын цэрэг эрс ЗХУ-ын дайчидтай Японыг бут ниргэж, алтаар бичигдэх гавьяа байгуулсан нь 1939 оны энэ өдөр байлаа. Энэ түүхэн цаг үеийн гэрч болж эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад дайчдын олонхи нь бурханы оронд морилжээ. Халх голын дайнд оролцсон ахмад дайчид зэвсэгт хүчин, тагнуул, хилийн цэрэгт тус бүртээ гарын тавын хуруунд хүрэхгүй цөөхөн болсныг албаныхан дуулгаж буй. Ингээд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад дайчдын нэг бэлтгэл хошууч Гончигийн Батмөнхийг энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо урилаа.
Ахмад дайчин Г.Батмөнх гуайтай уулзаж ярилцахын тулд багагүй эрэл болов. Эрж сурсаар байгаад өчигдөр нэг юм Зэвсэгт хүчин, жанжин штабын харъяа цэргийн амралтын газарт байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр хөгшинтэйгээ хамт амарч сувилуулахаар ирээд тав хонож буй гэнэ. Өдгөө 90 нас шүргэж буй гэхэд хөнгөн шингэн хөдөлгөөнтэй бөгөөд түүртэх зүйлгүй харагдана. Дайнд оролцож байсан цаг хугацаагаа хүртэл он, сар, өдөртэй нь хэлж байна. Ингээд эх орныхоо төлөө энэ биеэ үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх өнгөрсөн түүхийн талаар ийн дурсч байна.
16 НАСТАЙДАА ДАЙНД МОРДСОН НЬ
Амьдрал гэдэг бүхэлдээ тэмцэл, Дайн байлдаан бол тэмцлийн хамгийн хурц, ширүүн хэлбэр мөн. Халхын голын дайн байлдааны их давшилт эхэлсэн наймдугаар сарын 20-ны өдрийн тухай бодол сэтгэлд хэзээ ч бүдгэршгүй тод ул мөрөө үлдээжээ. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос эхлэн Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүмийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Тэд 1939 оны хавраас манай улсын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалгаа улам эрчимжүүлэх болсон юм. Тухайлбал, тус оны тавдугаар сарын 28-нд Японы 2.5 мянган цэрэг манай хилийг зөрчлөө. Иймээс хуучны ЗХУ буюу ОХУ-тай байгуулсан үүргийнхээ дагуу Зөвлөлтийн 57 дугаар тусгай корпус Монголын зэвсэгт хүчинтэй хамтран тавдугаар сарын 28-нд бут нэргэлээ шүү. Энэ үед би 16, дүү маань 15 настай байсан юмдаг. Дүү бид хоёр 1938 оны долдугаар сард Матадын цэргийн наймдугаар дивизид сайн дураараа элссэн юм. Бид хоёрыг элссэний дараахан цагийн байдал бүр ч хүнд байлаа.
Ингээд 1939 оны тавдугаар сарын 14-ний өглөө таван цагт түгшүүрийн дохионы дуугаар Халх голын зүг хөдөллөө. Гурван шөнө хоёр өдөр маршилж явсаар байгаад Халх голын Баянцагаанд очоод түр амсхийлээ. Энэ үед дивизийн захирагч “Удахгүй нөхөн хангалтын цэрэг нэмэгдэж ирнэ. Та нар морио амрааж өөрсдөө ч амар” гэлээ. Удсан ч үгүй 80 гаруй цэрэг бас хангалтын баазынхан ч ирэв. Хүн бүрт буу зэвсэг, гранат тарааж байтал түгшүүрийн дохио дуугарлаа шүү. Харсан чинь таван хошуутай гурван онгоц бидний дээгүүр өнгөрч байна. Таван хошууг нь харчихаад манай зөвлөлтийн цэргүүд байна гэж тайвшраад зогсож байтал өнөөх онгоц шууд биднийг бөмбөгдлөө. Тоос ч манараад явчихсан. Тэр үед бидэнд нуувч байхгүй ил задгай байсан тул дайчдаа алдчихлаа гэж үхэтлээ айсан ч аз болж хүний амь эрсдээгүй байж билээ. Гэхдээ есөн цэрэг шархдаж, зургаан морь үхсэн байсан юмдаг. Бөмбөгдөлтийн дараа дивизийн захирагч түргэн авч биднийг жагсаалаа. Ингэхдээ дайны голомтод ажиллах дайчин, ар тал хариуцсан цэрэг эрс, холбоочин, эмч сувилагч гэж тус бүрт нь ялгаж зогсоодог юм байна. Энэ үед 20 бүсгүй ялгарч байна. Учир нь дивизийн зарим дарга нар нь эхнэрээ аваад явж байсан болохоор тэр. Ангийн захирагч надад “20 эмэгтэйг гэрт нь хүргэж, хөнгөн шархадсан есөн хүнийг эмнэлэгт хүргэ” гэж тушаав. Тэгээд буцлаа. Долдугаар сар хүртэл хөнгөн шархтай цэргүүдийг эмчлэх үүрэгтэй ажилласан даа. Хэрэв хүнд шархтай бол нисдэг тэргээр нийслэл рүү явуулна. Харин хөнгөн шархтайг нь дивизийн эмнэлэгт эмчилнэ. Эмчлээд зогсохгүй эх орны тухай шүлэг уншиж, дуу дуулж өгөх давхар ажилтай байлаа. Өөрөөр хэлбэл, дайчдыг түргэн эдгэрээд дахин байлдаанд оролцож эх орныхоо төлөө ялалт байгуулахын төлөө зүтгэх ёстой гэсэн ухуулга хийнэ. Энэ үүргийнхээ дагуу 1939 оны долдугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн харъяат Содном гэдэг байлдагчийн шархийг эмчлэхээр байлдааны голомтоос үүрээд явж байтал агаарын дайралт ирлээ. Дайралтын донсолгоонд ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэхэд ашгүй шархадсан цэрэг бид хоёулаа амьд байна. “Хоёулаа ус уух тавилантай л юм байна” гээд мөлхөж байтал хоёр цэрэг биднийг чиглээд ирж байгаа харагдана. Би ч “Муусайн япончууд байх. Буудчихъя” гэхэд шархадсан цэрэг “Хэрэггүй. ЗХУ-ын цэрэг байх шиг ээ” гэлээ. Үнэхээр ч ЗХУ-ын хоёр цэрэг байсан юм. Тэд бид хоёрт анхан шатны тусламж үзүүлэхээр авч байх хооронд япончуудын агаарын довтолгоо дахиад л ирсэн. Энэ үед оросууд бид хоёрыг их бууныхаа доогуур хэвтүүлж дээрээс нь өөрсдийн шинелээр хучиж бөмбөгдөлтийг өнгөрөөж байсан юм. Оросууд үнэхээр ахан дүүс шиг сайхан хүмүүс. Тэднийг ярихаар өөрийн эрхгүй нулимс асгарах гээд байдаг юм” хэмээн хоолой зангиран өгүүллээ.
“АХ ДҮҮ ДАЙЧИД ЭХ ОРОНДОО ГАВЬЯА БАЙГУУЛЛАА” ГЭЖ СОНИНД ГАРЧ БАЙЛАА
Түүнээс цэрэгт хамт татагдсан дүүгийнх нь талаар асуухад “Халх голын дайнд өвөө нь дайны голомтод гэхээсээ илүү шархадсан цэргийг эмчлэх үүрэгтэй оролцсон. Харин миний дүү Г.Доржпалам бол жинхэнэ голомтод ажилласан хүн дээ. Ажиллахдаа бүр тагнуулын үүрэгтэй байжээ, миний дүү. Дүүгийн маань алдар гавьяаны талаар хоёр ном гарсан байдаг. Нэгийг нь би, нөгөөх нь “Бүрхэг тэнгэрийн наран дор” зохиолд тодорхой өгүүлсэн байдаг. Дүү бид хоёрын талаар тэр үеийн “Улаан-Од”, “Соёмбо”, “Хилийн манаа” сонинд “Ах дүү дайчид эх орондоо гавьяа байгууллаа” гээд зурагтайгаа гарч байлаа шүү дээ. Дайны талбараас шархадсан цэрэг авахдаа нэг л зүйлээс хамгийн их эмээдэг байлаа. “Миний дүү байх вий” гэж. “Би эх орныхоо төлөө амиа алдаж болно. Харин дүү маань эцгийн маань гал голомт нь байх ёстой” гэж дотроо уйлсаар явдаг байсан юм. Миний байгуулсан гавьяа гэж юу байх вэ. Харин миний дүү гавьяатай хүн байсан юм даа. Тэр маань саяхан бурхан болсон. Түүнээс хойш ганцаардаад л байх юм” хэмээн өнчин нулимс унагах нь нүдний үзүүрт харагдав.
Г.К.ЖУКОВ ЖАНЖНЫ БЭЛЭГЛЭСЭН 10 ТӨГРӨГИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ӨГСӨН
Халх голын дайны хамгийн хэцүү нь долдугаар сарын 2-5-ны өдөр байсан юмдаг. Тэр үед Оросын нэрт жанжин Г.К.Жуков Монголын дайчдын бэлтгэлийг шалгах гээд ирчихсэн байлаа. Би ч ар тал хариуцсан дайчин байсан болохоор Г.К.Жуков жанжныг ирсэн гэж дуулснаас биш “Ирэх вий. Намайг шалгах вий” гэж эмээсэн зүйлгүй. Тэгээд долдугаар сарын 4-ний өдөр нэгэн сувилагч цэргийн хамтаар худагнаас ус авах гээд явлаа. Худаг дээр ус ховоодоод зогсож байтал Г.К.Жуков жанжин хамгаалагч, хэлмэрч, жолооч гуравтайгаа ирдэг юм байна. Би ч орос хэл мэдэх биш ёсолчихоод сүрдсэн байдалтай хэсэг ажигласан. Энэ үед хамгаалагч нь хэсэг дэрсний орой дээр шүдэнзний хайрцаг тавиад буудаж байгаад больчихлоо. Хүүхэд ч байсан болохоор тэр үү сонирхоод “Шүдэнзний хайрцагийг би буудаж болох уу” гэж асуухад жанжин ч зөвшөөрлөө. Буудсан чинь өнөөх хайрцагийг зад буудаад оносон юмдаг. Буудахыг харсан Г.К.Жуков жанжин “Монгол цэргүүдийн дайны бэлтгэл сайн байгаа юм байна. Арын албаны цэрэг ингэж сайн буудаж байгаа юм чинь дайны талбарт байгаа цэргүүд бүр илүү сайн байх нь. Ялалт бидний талд байна” гэж хэлээд надад баяр хүргэсэн. Тэгэхдээ өөрийнхөө авч явсан хоолны сав болон 10 төгрөг өгсөн шүү. Тэр үед чинь бид сардаа гурван төгрөгийн цалинтай байсан юм. Тэгэхээр чамгүй мөнгө өгсөн байгаа биз. Хожим нь надад бэлэглэсэн 10 төгрөгийг цэргийн музейд дурсгал болгон өгсөн. Харин хоолны сав дотор нь төрөөс өгсөн одонгоо хадгалдаг юм” гэлээ. Тэрээр цаашид хэлэхдээ “Г.Жуков жанжны хэлсэнчлэн Орос, Монголын цэргүүд Халх голын дайнд ялсан даа. Гэхдээ Халх голын ялалт бидэнд амар хялбар олдоогүй. Олон ч аавын хүү, эх орны дайчид амиа алдсан даа. Халхын голын байлдаан 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын хамтын ялалтаар төгсч, эх орны дорнод хил хязгаарт энхийн салхи сэвэлзэж, эхэлсэн юм. Энэ өдөр Москва хотноо ялалт байгуулсан хүчин ЗХУ, БНМАУ-ыг төлөөлж, Улаан армийн нэгэн захирагч М.Багданов, И.Полотов, БНМАУ-ын жанжин штабын дарга Ж.Цэрэн нар гарын үсэг зурж, ялалтыг баталгаажуулсан юм. Ялалт олдоогүйсэн бол Монгол эх орон , тусгаар тогтнол, газар шороо, монгол хүн ард, ардчилал эрх чөлөө цөмөөрөө хүнийх, харийн гүрнийх болох байсан биш үү. Ялалт аяндаа амархан олддог биш. Нэг биш улс гүрний ард түмний цус, нулимс, хагацал өнчрөл, залуу нас, газар шорооны үнэ цэнээр олддог. Тийм ч учраас Монголын ард түмэн
“Цэлмэг залуу насны гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээн шүлэглэлээ.
ОРОСУУДЫН БААТАРЛАГ ГАВЬЯАГ МАРТАХ УЧИРГҮЙ
Халх голын дайн дууссаны дараа дүү бид хоёр гэртээ баяр бахдалтай нь аргагүй харилаа. Харамсалтай нь, удалгүй аав маань бурхан болж дүү бид хоёр амьдралаа авч явах хүнд ачаа ирсэн юм. Ээж маань дүү бид хоёрыг нялх байхад насан эцэслэсэн болохоор аав гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэгтэй хүн болдог байж билээ. Удалгүй 1943 онд хугацаат цэргийн албанд дахин мордсон юм. Хоёр жилийн дараа гэхэд тагнуулын тэрэгний жолооч болон салааны орлогч болж дэвшлээ. Тэр үед 1945 оны чөлөөлөх дайн ч болсон. Сайхан Монгол эх орны минь газар шороо, нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, халдашгүй дархан эрх чөлөөнд өнгөлзөгчид цөөрсөнгүй. Эх орны баруун хязгаарт 1945 онд болсон зэвсэгт тулгаралт бол бас л том биш юмаа гэхэд дунд зиндааны дайнаас дутуугүй том зэр зэвсэг агссан мөргөлдөөн болсон юм. БНХАУ-ын асар өндөр уул байдаг юм билээ. Бороо орж байгаа мэт чулуу буудаг. Амьд хүн байхын аргагүй хүнд. Тэр уулын дэргэдүүр явтал өнөөх чулуу нүүгэлтээд ороод ирдэг юм байна. Машин ч гацлаа. Юун, байлдааны голомт руу явж дайснаа дарах. Өөрөө чулуунд даруулаад гацчихсан. Тэр үед бас л зөвлөлтийн цэргүүд ирж надад тусалсан даа. Ер нь Халх гол болон 1945 оны дайны Монголчуудын ялалтыг ЗХУ-ын цэрэг эрс авчирсан юм шүү дээ. Тэдний баатарлаг гавьяаг монголчууд хэзээ ч мартаж болохгүй. Аюулт дайныг дэгдээсэн түрэмгий эвслийн тухайн үеийн хамсаатнуудын улс төрийн бодлогын уршгаар амь үрэгдсэн олон мянган дайчид, гэм зэмгүй энгийн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байх учиртай. Түүхэн их үйл явдлыг дархлан мөнхжүүлж, Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Оросын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ монгол түмэн үеийн үед санан дурсаж, гавъяат үйлсээр нь ямагт бахархаж байх ёстой юм шүү дээ.
Дайн гэдэг тоглоом биш ялалт гэдэг мөрөөдөл биш ээ. Халхын голын дайнд Монголын бүх ард түмэн, Оросын мянга мянган цэрэг, дайчид, онгоц, гайхамшигт монгол морьд, газар тэнгэр цөмөөр байлдсан. Үлгэрлэвэл Ардын зураач Б.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” шиг Япон, Монгол их бага хоёр гүрэн ана мана, ач тач мөргөлдсөн. тулалдсан, байлдсан. Улаан арми усан дундуур, улаан арми цасан дундуур, улаан арми цусан дундуур, улаан арми тэнгэр дундуур, улаан арми уулан дундуур. улаан арми нулимсан дундуур, улаан арми өлсгөлөн дундуур цээлийн усыг буцалтал цэгээн чулууг бутартал байлдаж, агуу их орны дайны ялалтыг дэлхий дахинд авчирсан шүү дээ. Халхын голын зарлаагүй дайн бол дэлхийн хоёрдугаар дайны “төрсөн дүү” нь байсан.
ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН ДАЙЧИН Г.БАТМӨНХ ЭМЧ БОЛСОН НЬ
Хоёр дайнд оролцсоныхоо дараа 1958 онд анагаахын сургуулийг эмчийн мэргэжлээр төгсдөг юм байна. Тэр үед гэргийтэйгээ танилцсан даа. Миний хөгшнийг А.Пунцаг гэдэг. Бид хоёр насаараа анагаах ухааны салбарт ажиллажээ. Дундговь аймгийн эмнэлэгт ажиллаж байхдаа бас л зөвлөлтийн эмч нартай хамтран анагаах ухааны салбарт хүчин зүтгэсэн. ЗХУ-ын эмч нартай хамтран арьс өнгөний өвчнөөс сэргийлэх бригадад ажиллаж орон нутгаар тэнүүчилсэн юмдаг. Хожим 1998-2011 он хүртэл Монгол цэргийн музейд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Саяхан хүртэл Монгол цэргийн музейн дарга бололтой хурандаа ирээд “Таныг ажиллуулмаар байна. Та цэргийн түүхийн ач холбогдлыг хүмүүст тайлбарлаж өгөөч” гээд байна лээ. Одоо 90 нас шүргэж яваа миний хүмүүст юм ярьж зогсоно гэж юу байх вэ. Хөл, гар хөшөөд өтөлсөн байна шүү дээ хэмээн хөхөрлөө. Тэрээр “ЗХУ-ын цэргүүд монголчуудад их тусалсан даа. Тэдний гавьяа алдар мөнхөд дуурсагдах учиртай. Би зөвлөлтийн цэргийг ах аа, зэвсэгт хүчний армийг аав аа, Ардын намыг ээж ээ гэж боддог шүү. 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор УИХ-аас надад “Монгол төрийн ахмад дайчин” гэсэн сүлд тэмдэг өгсөн. Одоо намайг улсаас л тэжээж байна даа. Байр, цол тэмдэг гээд бүгдийг нь өгсөн байна. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие, хүч хөдөлмөрөө зориулсан залуу нас, дайчин зан чанарыг маань үнэлсэнд талархаж сууна даа, өвөө нь” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ш.Сүрэнжавын “Ерөн баатрын дууль”-д
Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер
битүүрсэнгүй хэмээн шүлэглэсэн байдаг. Ялалтын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавьяа ашид мөнх мандан бадарч байх болтугай.