Э.БЭРЦЭЦЭГ

Тамхи татах уушгинд муу гэдгийг бид сайн мэднэ. Мөн Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд сар болж байгаа гэдгийг ч бас мэднэ. Гэсэн ч тамхинаас гарах гэдгийг ор тас март­чихсан яваа хүн цөөнгүй байна. Тиймээс бид тамхийг  таягдан хаяж чадахгүй яваа хүмүүст дараах мэдээллийг дуулгаж байна. 

Английн эрдэмтэд бөөрний хавдартай 845 өвчтөнд судалгаа хийсний үр дүнд тамхи татах нь энэ өвчнөөр өвчлөх магадлал 1.5 дахин нэмэгддэгийг олж тогтоожээ. Өмнө нь тамхи татаж байгаад хаясан хүн ч энэ эрсдлийн бүлэгт хамаарна.  Гэтэл Америкийн бөөрний эмч нарын холбооноос тамхи мөн түрүү булчирхайн хав­­дар үүсгэхэд нө­лөөлдгийг тогтоожээ. Тэгэхээр бид эрүүл байя гэвэл тамхийг анхнаас нь татахгүй байх хэрэгтэй болж таарч байна. Удаан хугацаагаар тамхи татсан эмэгтэйчүүд уушги, гэдэс, хөхний хорт хавдраар өвчлөх магадлал тун өндөр байдгийг судлаачид туршилтаар баталжээ.

Тамхи огт татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуу­лахад тамхичдад хөхний хавдрын эрсдэл 60 хувиар илүү байжээ. Тодруулбал 15-35 жил тамхи татсан эмэгтэйчүүд энэ эрс­дэлтэй бүлэгт хамаарна. Харин 15-аас доош жил тамхи татсан эмэгтэй­чүүдэд энэ эрсдэл бага байсан аж. Уушгины хавдар тусах магадлал дээрх эрсдэлтэй бүлгийн эмэгтэйчүүдэд тамхигүй­чүүдээс 13 дахин өндөр байв. Ялангуяа эцэг, эхийнх нь хэн нэгэн хорт хавдраар өвчилж байсан бол тамхи удамшиж ирсэн тэр эрсдлийг улам өндөр болгох аюултайг суд­лаа­чид анхааруулжээ. Нэгэнт хэвшил болсон муу зуршлыг хаях амаргүй. Гэхдээ тамхитай хийх тэмцлийг арай хялбар бол­гох арга бий. Тиймээс энгийн энэ аргуудаас тани­л­цуулъя.

 

ГААТАЙ БОХЬ ЗАЖИЛ

Та  гаатай чихэр, цэвэр гаа хүлх. Аль эсвэл  гаатай бохь зажил. Сэнгэнэсэн сайхан амт амны хөндийг цэвэр байлгахаас гадна завгүй байлгана. Мөн амны хөндийн сэнгэнэсэн үнэр амт тархинд мэдээлэл дамжуулан, тамхи үгүйлэх таны рефлексийг дарна.

 

УС ИХ  УУ

Гэхдээ удаанаар. Аяга усыг бага багаар балган, яаралгүй уу. Тамхи нэхэх хорхойг угааж алга болгоно. Аяга ус уугаад дуусахад ямар ч байсан тамхи татмаар байгаа оволзсон их хүсэл чинь дарагдсан байх болно.