Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү уригдлаа.
-Хууль зүйн салбарт өрнөж буй шүүмжлэлийг УИХ дахь хуульч гишүүд хэрхэн дүгнэж байгааг сонирхмоор байна?
-УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч “Ард түмний нуруу тэнийлээ. Ард түмэн хууль байдаг юм байна гэдгийг ойлгоод хууль л байвал гэж яриад янзын болж байна. Ер нь хууль зүйн салбар одоо шинэ эргэлт рүү орлоо” гэж хэлсэн. Гэтэл харамсалтай нь тийм биш байна. Шалтгаан нь гэвэл бид саяхан статистикийн мэдээг авсан. Түүнээс үзэхэд нас баралтын тоо 2.4 хувь өссөн байна. Гэмт хэргийн тоо 84.5 хувиар өсч, дээрээс нь 82 мянга буюу бүхэл бүтэн аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээний хүн торгуулсан байна. Энэ тоо бараг 100 мянгад хүрэх гэж байгаа биз. Тэгэхээр ард түмэн өнөөдөр ташуур дунд амьдарч байна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг харахад өдөр болгон нэг, нэг шинэ гэмт хэргийн мэдээ гарч байна. Үүнийг фронтын мэдээ гэж ярьдаг байх аа. Иргэд ингэж өдөр болгон гэмт хэргийн халдлагад өртөх ёсгүй. Тэгэхээр би ард түмнээ мартчихаад байна гэж хэлмээр байна. Дарга нарын хүрээнд, тэднийг л ярьдаг, чухалчилж авч үздэг. Дарга гэмт хэрэг хийвэл олны өмнө гардаг, тэр нь шүүхээр тогтоогдоогүй байхад улстөрждөг. Тэндээс хэн нэгэн нь оноо авах гэж явдаг. Ийм л чиг хандлага бий болчихлоо. Гэтэл өнөөдөр хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг. Сайхан амьдрахын хамгийн энгийн жишээ нь эрүүл, аюулгүй орчинд амьд явах баталгаатай амьдрахыг л хүсч байгаа шүү дээ. Өнөөдөр иргэд төрөөс олон юм хүсэхгүй байгаа. Хамгийн гол нь амьдралын баталгааг л хүсч байна. Өөрөөр хэлбэл, тэгш боломж, амьдралын баталгааг хүсч байна. Гэтэл Төрийн тэргүүнээс авахуулаад, хууль зүйн салбар энэ асуудлыг уналтад оруулчихлаа.
-Тэгвэл ямар гарц байна. Гажуудлыг хэрхэн засах вэ?
-Гарц нь маш энгийн. Тухайлбал, би бодож үзсэн. Хууль зүйн салбарыг шинэчлэх зургаан хууль орж ирлээ гэж өмнө нь хэлж ч байсан. Онолын хувьд эхлээд Үндсэн хуулиа, дараа нь иргэний хууль, хуулийг хэрэгжүүлэх процессын хууль, процессын хуулийг хэрэгжүүлэх субьектийн хуулиа батлах журмаар явдаг. Тэгвэл өнөөдөр манай систем, ялангуяа хууль зүйн салбарыг авч явж байгаа хүмүүс урвуу байдлаар яриад байна. Жишээлбэл, өнөөдөр Маршалын албаны хууль гэж ярьж байна. Тэнд маршал гэдэг үгийг яагаад ашиглаж байгааг нь би ойлгохгүй байгаа. Тэр үгнээс болж төсөвт асар их хүндрэл учрахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, маршалд зориулсан эмблем, форм хувцас, баланк гээд тэрбум тэрбумаар мөнгө урсана. Яагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь юмуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль гаргаад түүнийгээ сайжруулж болохгүй байгаа юм. Үнэхээр тэр маршалын албанд хэрэгжүүлэхээр сайхан санаа, бүтэц байгаа бол энэ хүрээнд зохицуулж яагаад болохгүй байгаа юм бэ. Нөгөөтэйгүүр, гэмт хэргийн тухай хууль гэж ярьж байна. Жишээ нь гэмт хэрэг хийсэн хүнийг шүүх тогтоодог. Гэтэл гэмт хэргийн мөрдөгдөж байна гэдгийг юу гэж ойлгох вэ. Гэмт хэрэг гэдэг үг өөрөө хүнийг гэм буруутай гэж байгаатай адил. Орос хэлэнд угловное право буюу эрүүгийн холбогдолтой гэсэнтэй адил. Ингэж махчилсан үг, утгаар хөөцөлдөх жижиг сажиг зүйлээр ярихын оронд өнөөдөр хууль зүйн салбарын аль хэсэгт асуудал байна, аль хэсгийг нь шинэчлэх юм бэ, юуг нь сайжруулах вэ. Наад зах нь цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудал ямар байна. Үүнийг шийдэх ёстой. Өнөөдөр цомхон бөгөөд хурдтай, хүчтэй байгууллагатай баймаар байна. Улстөржсөн хүчний байгууллага байх юм бол тэр нь дахиад буруу тийшээ явж байгаа гэсэн үг.
-Өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажилладагийг илүүтэй харуулсан үйл явдал бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг барьж хорьсон үйл ажиллагаа. Бодит байдлыг та ямар өнцгөөс харж байна?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд баривчлахаас эхлээд улс төржсөн үйл явдлууд өрнөсөн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт хариу өгөх ёстой байтал тэтгэвэрт гарсан нэг настан өмнөөс нь гарын үсэг зураад хариу өгч байна. Доромжилж байгаа юм уу, дооглож байгаа юм уу. Бид гайхаж байгаа. Ерөнхий шүүгч л хариу өгөх ёстой шүү дээ. Тийм л хуультай. Гэтэл өнөөдөр гэхэд л Тамгын газрын даргынх нь эхнэр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болох гээд орж ирж байна. Тэр хүн өмнө нь Н.Энхбаярыг яллах гээд л сууж байсан шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ийм утгагүй асуудал маш хүчтэй явж байна. Шуудхан хэлэхэд, тэр хүмүүс шалгалтынхаа тестийг бөглөж чадсан уу гэхэд би эргэлзэж байна. Тэгвэл шүүхийн тогтолцоог ингэж ялзралд оруулчихаад байна. Нөгөө талаас шагналын зарчим үйлчлээд байгаа юм уу, хаашаа юм. Хаана хаанаа шударга баймаар байна шүү дээ. Шүүх засаглал хараат бус байх ёстой. Үүний төлөө хууль санаачлахгүй харин нэг хүний засаглал руу хүчний байгууллагыг төвлөрүүлж байна. Жишээ нь мөрдөх албаны тухай хуулийг хэлж болно. Энэ бол маш аюултай үзэгдэл. Тиймээс түүнийг зогсоохын төлөө явна. Тэр тусмаа өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдуулаад байгаа гэмт хэрэг гэгч нь худал болчихлоо шүү дээ. Хөрөнгө оруулсан хүн ял авдаг юм бол хөрөнгө оруулах хэрэггүй. Хүн болгон айдастай байна. Юунаас айж байна гэвэл хэрэг хийснээс бус хэнийг ч хэрэгтэн болгож харуулж болох юм байна гэдгээс айгаад байгаа байхгүй юу.
-Эвслийн гишүүдийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгааг хүмүүс янз бүрээр ойлгож ярьж, бичдэг. Нөгөөтэйгүүр засагт хамтарчихаад шүүмжиллээ гэж буруутгадаг?
-Хамтарсан учраас харин ч их ярих ёстой. Засагт ороогүй байсан бол арай өөр өнцгөөс бас ярих байсан байх. Орсон учраас Засгийн газрын хариуцлагыг ч бид үүрэх ёстой. Гавьяаг ч мөн эдлэх ёстой. Гэтэл өнөөдөр нөхцөл байдлыг хар л даа. Иргэдийн амьдралыг харъя. Мах хэдэн төгрөг байна, талх хэд болчихов. Таны, миний халаасанд байгаа мөнгө амьдралд хүрэлцэх үү, яаж амьдрах гэж байна. Өнөөдөр 500 мянган төгрөгийн цалин авдаг хүн хоёр идэхгүй, хоосон хонохгүй шиг байгаа. Гэтэл цалин үнийн өсөлтөө гүйцэхээ байлаа. Энэ бол нийгэм хямрал руу орж байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт зогсчихлоо. Дээрээс нь валютын нөөц багасч байна. Төсвийн алдагдал хэдэн тэрбумаар ярьж байна. Ийм байхад Ерөнхий сайд уул хадаар явах, олон хүн дагуулж зардал чирэгдэл болгох нь төрийн ажил биш. Ийм явцуу байж болохгүй.
-Гэхдээ Засгийн газрыг, Ерөнхий сайдыг дорвитой шинэчлэл хийнэ гэж иргэд хүлээгээд байгаа шүү дээ?
-Шинэчлэл хийнэ гэдэг шинэ юм хийхийг хэлдэггүй. Тэр бол байгаа зүйлийг засах, сайжруулах, шинэлэг болгохыг хэлдэг. Шинэчлэл гээд шинэ юмаар засч сайжруулаад байгаа юм бол яг юу хийсэн юм бэ. Үүнийг л бид харах ёстой. 11-11 утсыг яриад байгаа юм уу. Юу яриад байна вэ. Тийм биз дээ. Засна, сайжруулна гэдгийн ард эрх ашиг яваад байна. Жишээ нь хуулийн байгууллагуудыг хооронд нь мэдээлэл, харилцаагаар холбоно гэж байна. Ард нь эрх ашиг явж байгаа. Хувцас, формын шинэчлэл л гэж байна, бас л эрх ашиг үйлчилж байна. Хэн оёх юм бэ, хэн авах юм гээд. Орост нэг байгууллагыг шинэчлэхэд арван хүн тэрбумтан болсон гэсэн тооцоо бий. Монголын тэрбумтнууд хэд болох гэж байна вэ. Монголчууд түүний төлөөсийг төлөөд сууж байна шүү дээ. Ард түмэн ямар буруутай юм бэ. Тиймээс энэ асуудлыг ярих цаг болсон.
-Өнөөдөр Засгийн газрыг огцруулах, эсэх асуудлыг олон хүн ярьж байна. Та ямар бодолтой байна?
-Засгийг огцруулах асуудлыг 100 хоногт дотор нь ярих ёстой байсан уу. Эсвэл одоо огцруулвал улс оронд яаж тусах вэ гэдгийг харах ёстой. Нэг жишээ хэлэхэд, 461 дүгээр ангийн камерт хоригдож байсан тэр залуу шатсан, шатаагүй гэж ярихаас өмнө телевизээр нэвтрүүлэг гарч байна. Тэр нэвтрүүлэгт нь оролцож байна шүү дээ. Нэвтрүүлэг гарсан биш түүнд оролцож байгаа байхгүй юу. Энэ бол аймшигтай үзэгдэл. Тэр үйл явдал Монголын төр бөөсөнд хутга гэдэг шиг явж байгаагийн илрэл. Өнөөдөр алхам бүртээ хүн болгон өөрийн байгааө байр суурьт хариуцлагатай байж чадахгүй байна. Чадахгүй байгаа учраас солих ёстой. Бушуухан сольсон нь нийгмийн идээ, бээрийг цэвэрлэх алхам болно. Хорт хавдрыг эхний шатанд нь гэж үг байдаг шүү дээ.
-Тэгэхээр удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдах гэж байна. Нийгэм гажуудсан өнөөгийн нөхцөлд Төрийн тэргүүн билэг тэмдгийн чанартай байх ёстой юу. Улс орны амьдралд болоод шийдвэр гаргах төвшин дэх оролцоо нь ямар байх ёстой вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнаж, Их хурал нь түүнтэй нь холбогдуулан чиглэл өгч явах ёстой гэсэн одоогийн хэрэгжиж байгаа хуулиар явж байгаа. Харамсалтай нь хууль, хүчний байгууллага өнөөдөр Ерөнхийлөгчийн хараа, хяналтад орчихсон учраас түүнээс нь болдог уу, эсвэл тэр байдлыг нь хэтэрхий өндрөөр үнэлээд байна уу. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнахгүй, хамтран ажиллахгүй байна. Ерөнхийлөгч өөрт таалагдсан хуулиа оруулж ирдэг. Таалагдаагүй хуулиа оруулж ирдэггүй. Уг нь Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнаж чиглэлээ аваад явах ёстой. Тэгэхгүй байгаа учраас Төрийн тэргүүн гэж тусдаа субьект гарч ирээд байна. Тэр утгаараа засаглалын хямрал руу ороод байна.