Н.МӨНХЖИН

Япон эмэгтэйчүүд эр­чүүдээсээ илүү их сургуу­лийн диплом өвөртлөх сонирхолтой байдаг. Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд арван жи­лийн өмнөхөөс эрс нэмэгд­жээ. Гэвч эхчүүд олон шалтгааны улмаас сайн ажил олж авахад хүндрэл учирсаар байна.

Нобуко Ито бүсгүй мэргэшсэн өмгөөлөгч, анг­лиар цэвэрхэн ярина. Олон улсын гэрээний эрх зүйгээр нэлээд хэдэн жил ажиллажээ. Гэвч Нобуко одоо мэргэжлээрээ ажил­лахаа больсон юм. Харин үүний оронд гурван хүүхэд төрүүлэн өсгөж байна. Японд ажил хийх, хүүхэд­тэй болохыг зэрэг хийх тун хэцүү аж. “Хүүхэдтэй бо­лохоосоо өмнө нэг сарын турш галзуу юм шиг ажил­ласнаа санаж байна. Өг­лөө 09.00-д ажил эхлээд шөнийн 03.00-т дуусдаг байлаа. Дээр нь хагас, бүтэн сайнд ажилладаг байлаа” хэмээн Нобуко өгүүлж байна. “Ажил хийе гэж байгаа бол хүүхдийг мартаж, ажилдаа хамаг цаг заваа зарцуулах хэрэг­тэй болно. Би үүнийг хийж чадахгүй, боломжгүй” хэ­мээн тэрээр нэмж хэллээ. Япон дахь ажлын соёл, уламжлал ямар харгис болохыг Нобукогийн жи­шээ харуулж байна. Япон эмэгтэйчүүдийн 70 хувь нь нэг хүүхэдтэй болов уу үгүй юу ажлаа орхидог ажээ.

Ажлаа орхих бас нэг шалтгаан нь нөхөр нь бай­даг аж. Гэрийн ажилд тус­лах тал дээр япон эрчүүд Европ, АНУ-ын гэрийн эздээс хол хоцордог байна. Швед, Герман, Америкт нөхрүүд өдөрт дунджаар гурван цагийг хүүхэд ха­рах болон гэрийн ажилд зарцуулдаг бол, япон нөх­рүүд гэрийн ажилд нэг цаг, хүүхэд харахад 15 минутыг л зарцуулдаг аж.

Шинэхэн япон эцгүүд хүүхдээ харах цалинтай чөлөө авах эрхтэй байдаг. Гэвч япон эцгүүдийн дөн­гөж 2.6 хувь нь энэ чөлөөг авдаг болохыг Эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны яамны тоо баримт ха­руулж байна. “Манай нө­хөр эцэг болсныхоо чөлөөг аваагүй. Ер нь япон эрчүүд энэ эрхийг хэрэглэхдээ их хойрго. Гэртээ үлдэж эх­нэр, хүүхэддээ туслахыг хүсдэг л байх, гэхдээ карьер ахих, эсвэл ажлаа алдахгүйн тулд завсар зайгүй ажиллах хэрэгтэй гэсэн бодол нь давам­гайл­даг” хэмээн Нобуко Ито ярилаа. Олон япон эмэгтэй хүүхэдтэй болсныхоо да­раа ажиллахыг хүсдэг ч хүүхдийг хэн харах вэ гэдэг том ажил байдаг. Токиод гэхэд л 20 мянган хүүхэд өдрийн цэцэрлэгт “орон тоо” гарахыг хүлээж байна. Улсын цэцэрлэг их цөөхөн. Олдсон ч үнэтэй. “Улсын цэцэрлэгт хүүхдээ явуулахад сард 1000 дол­лар төлдөг. Хувийн цэцэр­лэг бол бүр 2000” хэмээн Нобуко хэлж байна.

Япон-америк эдийн засагч эмэгтэй Кэти Мацуй “Womenomics: Японы нууц хүч” хэмээх судалгааны ажил хийсэн юм. Япон эхчүүдийн аж­лын байрыг нь хадгалах, эсвэл тэднийг дахин ажил хийлгэх нь Японы нэн тэргүүний зорилтуудын нэг байх ёстой хэмээн тэрээр хэлж байна. Ингэж чадвал Японы дотоодын нийт бүтээгдэхүүн 15 хувиар өснө хэмээн үзжээ. Бас нэг гажиг байгаа нь Японд гэрийн тэжээвэр амьтдын тоо хүүхдийн тооноос давж гарчээ. Тус улсад нэг эмэгтэйд 1.7 төрөлт ногдож байгаа нь маш доогуур үзүүлэлт. Хүн амын өсөлт тогтвортой байхын тулд энэ үзүүлэлт 2.1 байх ёстой аж. Төрсөн эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалснаар тө­рөлтийн хувь нэмэгд­дэгийг Европ, Америкийн жишээ харуулж байна.

Швед, Дани, Америкт эмэгтэйчүүдийн ажил эрх­лэлт өндөр байдгийн хэрээр төрөлтийн хувь ч өн­дөр байдаг аж. Эмэгтэй­чүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байдаг Итали, Өмнөд Солонгос, Японд төрөлт бага байдаг. Японд хүн ам зүйн хямрал нүүрлэсэн нь тодорхой байна. 2006 оноос хойш тус улсын хүн амын өсөлт зогсчээ. Өнөө­гийн чиг хандлага үргэл­жилсээр байвал Япон улс дараа­гийн хагас зуунд хүн амын­хаа гуравны нэгийг алдана.