М.ГАН
Энэ сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг угтаж тус нийгэмлэгийн ажлын албаны ерөнхий зохицуулагч, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболдтой ярилцлаа.
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал болоход цөөхөн хоног үлдлээ. Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл болох энэ хурлын бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?
-Бэлтгэл ажлыг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо удирдан чиглүүлж байгаа. Үндэсний хороонд яам, агентлагууд, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байгаа. Сайд нарын бага хурлын өмнө буюу сарын 27-28-нд АОХН-ийн Парламент, Эмэгтэйчүүд, Залуус, Иргэний нийгмийн чуулга уулзалтууд болно. Дээрх арга хэмжээнүүдэд нийт 1000 гаруй төлөөлөгч ирнэ гэж тооцоолж, бэлтгэлийг хангаж байна. Улаанбаатар хот ийм томоохон арга хэмжээг хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаа. Замын хөдөлгөөнийг зохицуулахаас эхлээд нэлээд ажил хийж байна. Засгийн газар Сайд нарын хурал болох өдөр буюу энэ сарын 29-нийг ажлын бус өдөр болгох, тавдугаар сарын 4-нд нөхөж ажиллах шийдвэр гаргахаар шийдээд байна.
-Энэхүү томоохон арга хэмжээнд орон орны сайд нараас гадна дэлхийд нэрд гарсан нийгмийн зүтгэлтнүүд ирнэ гэж байгаа. Тухайлбал Нобелийн энхтайваны шагналтай хоёр эмэгтэй ирнэ гэсэн мэдээлэл байна?
-Улаанбаатарын Сайд нарын бага хуралд нийт 133 улсыг оролцогч орноор, 15 орныг ажиглагчаар, 20-иод олон улсын байгууллагыг урьсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт зочноор 12 орны төр, засгийн тэргүүн, дэлхий дахинаа нэр хүндтэй улс төр, нийгмийн 10 зүтгэлтэн уригдсан. Зочдыг хүлээн авах дотоодын бэлтгэл хэвийн явагдаж байна. Одоогоор зарим орны төр, засгийн тэргүүн, улс төр, нийгмийн алдартай зүтгэлтнүүд, Гадаад хэргийн сайд, сайдын төвшинд 50 гаруй орон ирэхээ нотлоод байна. Заримаас нь нэрлэвэл, Нигерийн Ерөнхийлөгч, Тайландын Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид Сайд нарын бага хуралд оролцоод албан ёсны айлчлал хийнэ. Коста Рика Улсын Дэд Ерөнхийлөгч ирж оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Таван орны Шадар сайд оролцохоор нотолсон.
Ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж амжилтад хүрснийхээ төлөө Нобелийн энхтайваны шагнал хүртсэн хоёр эмэгтэй ирнэ. Тэд бол Мьянмарын Ан Сан Суу Чий, Йемений Таваккол Карман шүү дээ. Та бүхэн хэвлэлээс олж уншсан байх. Сайдын төвшний оролцох төлөөлөгчдийн тоо 30 хүрсэн. Цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Оролцоо ийм өндөр байгаа нь хурлын чансааг илтгэж байна гэж ойлгож болно.
-Монгол Улс ардчиллыг амжилттай тогтоож, хөгжүүлж байгаа гэдгээрээ бүс нутагтаа загвар орон болдог. Энэхүү бага хурлыг амжилттай зохион явуулснаараа манай улсын нэр хүнд болоод ардчиллыг бэхжүүлж буй үйл явцад ямар бодит үр дүн гарах бол?
-Олон орны төр, засгийн тэргүүн, дэлхийд нэр алдартай улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, 40 шахам орны гадаад хэргийн сайд нэг дор цугларч, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран чуулна гэдэг бол маш онцгой тохиолдол. Хурлаас “Улаанбаатарын тунхаглал” нэртэй албан ёсны баримт бичиг гарна. Бүр хөрсөн дээр буулгаж харвал ардчилал, хүний эрхийг дээдэлдэг дэлхийн хамтын нийгэмлэг Монгол Улсаар энэ байгууллагыг даргалуулж байгаа нь нэг талаар бахархал, нөгөө талаар ачаа үүрүүлж байгаа хэрэг юм. Бахархал гэвэл Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгосноос хойш 20 гаруй жил болж байна. Ард түмэн ардчилсан нийгэмд аж төрөх арга ухаанд суралцсаар байна. Ардчилсан нийгэмд аж төрөхийн амтыг улам л мэдэрч, түүний мөн чанарыг нээж байна. Ачаа, хариуцлага гэвэл хүнд. Дэлхийн олон орон ардчиллын замыг сонгосон ч эргэж буцах, унаж ухрах нь их байна. Манай улсын хувьд гольдролоороо урагшилж байгаа. Монгол Улс энэ байгууллагын дарга болоод хоёр жил шахуу ажиллаж байна. Даргалах хугацаандаа таван асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон сонгосон. Үүнд ардчиллын боловсрол, АОХН-ийн хамтын ажиллагааг бүс нутагтаа бэхжүүлэх, иргэний нийгэмтэй хамтран ажиллах, бусад улс оронтой туршлага хуваалцах, авлигыг үл тэвчих гэсэн асуудлууд орж байгаа юм. Дурдсан чиглэлүүдээр манай тал хэд хэдэн бодитой санал санаачлага гаргаж, хэрэгжүүлэн ажиллалаа. Бага хурал бол манай улс АОХН-ийг даргалах хугацаандаа хийсэн ажлын үр дүн байх юм.
-Та Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг арай тодорхой танилцуулаач?
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь 2000 онд байгуулагдсан, ардчилсан үйл явц, ардчиллын хэм хэмжээ, үнэт зүйлс, институцүүдийг хөгжүүлэн бэхжүүлэх зорилго бүхий дэлхийн 150 шахам ардчилсан улсуудын эвсэл юм. Өдрөөс өдөрт үйл ажиллагаа нь өргөжин тэлж буй энэхүү нийгэмлэгийг манай орон хоёр жилийн хугацаанд даргалж, энэ хугацаандаа шинэчлэлийн асуудлыг бүхэлд нь эхлүүлж чадлаа. Тухайлбал, бид 25 гишүүнтэй Удирдах зөвлөлийг байгуулж, Гүйцэтгэх хороог сонгож, АОХН-ийн анхны Ерөнхий нарийн бичгийн даргыг шалгаруулан томилоод байна. Эдгээр нь АОХН-ийг институт шинжтэй болгоход чиглэсэн арга хэмжээнүүд юм. Аливаа өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх нь удаан хугацааны үйл явц байдаг. Бидний хувьд харин харьцангуй бага хугацаанд нэлээд зүйлийг хийж чадсан нь АОХН-ийн орнуудын хүсэл эрмэлзэл, чин зорилго, тэдгээрийг дагасан дэмжлэг өргөн байгаатай холбоотой гэж бодож байна. Гэхдээ манай улс хэрхэн ажилласныг удахгүй Бага хурлаар хэлэлцэж, албан ёсны үнэлэлт дүгнэлт гарах болов уу.