Р.ОЮУН

Өнөөдөр ходоод, элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах эрхтэн системийн өвчин, эмгэг манайхны дунд дээгүүр байр эзэлж байна.  Тиймээс хоол нь шингэдэггүй, ходоод гэдэс нь хямардаг хүмүүст нэгэн таатай мэдээллийг дуулгая. Шинжлэх ухаан үйлд­вэрлэлийн  “Монэнзим” компани хоолны шин­гэцийг сайжруулдаг, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжигч байгалийн гаралтай бэлдмэл гаргажээ. Энэ талаар “Монэнзим” ХХК-ийн гүйцэтгэх  захирал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

-Та компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-”Монэнзим” компани 1976 онд байгуулагдсан. Урд нь үйлд­вэрлэлийн эн­зи­мологи, микробиологийн үйлдвэрлэл, туршилт шинжилгээний төв гэсэн нэртэй судалгаа шин­жилгээний үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж байгууллага байсан. “Монэнзим” гэдэг нь  Монгол энзим гэсэн утгатай юм.

Хүмүүс энзим гэдэг  үгийг мэдэхгүй учраас гайхдаг. Энзим гэдэг нь оросоор фермент гэсэн үг. Бид шууд англи нэрийг нь авч хэрэглэсэн байгаа. Энзим гэдэг  нь бодисын солилцооны хурдасгуур болдог том молекулт уураг юм. Хурдасгуур гэж хүмүүс сайн ойлгохгүй байж магадгүй. Явж  байгаа урвалыг өндөр хурд­тайгаар задлана, тас­лана, холбоно, зөөж нэгт­гэнэ. Амны хөн­дийгөөс эхлээд, бүхий л хоол бо­лов­сруулах эрхтэн сис­темийн замд янз бүрийн энзим ялгарч хоол боловс­руулалтад оролцож байдаг. Гол хоол боловс­руулах үйл явцын эн­зимүүд нь нойр булчир­хайд ялгардаг.  Нойр булчирхайнаасаа нарийн гэдэс рүү ялгарч  ороод тэнд гүйцэд бо­ловсорч задарсны үндсэн дээр элгээр дамжиж шүүг­дээд цус руугаа шимэгдэж орно. Амаар орсон хоол хүнс энзим гэдэг энэ бодис, хурдасгуурын  ачаар  бидний  хүч чадал, тэжээл, оюун ухаан, энэ бүхэн болж хувирч байдаг.

-Та  сая Монгол энзим гэж ярилаа. Танайх ямар эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг вэ?

-Манай хамгийн анхны бүтээгдэхүүн бол бог малын нойр булчир­хайнаас гаргасан Пан­кип­син байсан. Химот­рипсин, трипсин гэсэн хоёр энзимийн холимог байгаа юм.

Энэ төрлийн бэлд­мэлийг дэлхийн бусад оронд үхэр, гахайн нойр булчирхайгаар үйлдвэр­лэдэг бол манайд хонь, ямааны нойр булчир­хайнаас гарган авч, шинж чанарыг нь судлан нэвт­рүүлсэн нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл эм­чил­гээний салбарт шинэлэг ажил болсон. Үүнийхээ үр дүнд манай хүмүүс төрийн соёрхол хүртсэн. Пан­кипсиныг бид анх гэмтэл, түлэгдэл, түлэнхий хөл­дөлтөд тосон түрхлэгээр хэрэглэдэг байсан.

Мөн мэс заслын дараах эмчилгээнд хэвлийн хөндийн наалдац үүсгэхгүй байлгах тал дээр хэрэглэж байлаа. Ер нь хэрэглэхгүй салбар гэж байхгүй. Үрэвслийн эсэргүүцэх үйлчлэлтэй учраас нүдний үрэвсэл, чихнээс булаг гоожих үед хэрэглэнэ.

Энзим эмчилгээ гэдэг нь анагаах ухааны салбарт нэг том бүлэг байдаг. Энзимээр бүх өвчнийг эмчилж болдог. Хүний эрүүл эрүүл мэндийн байдал, хоол боловсруулах үйл явц гүйцэт зөв явагдаж байна уу гэдгээс хамаарна. Тиймээс өнөөдөр орчин үед хүмүүс янз бүрийн хоол хүнс хэрэглэж байна.Тэрэнд дуртай , дургүй гэдгээс шалтгаалаад эсвэл хэт их идэх, ямар нэгэн юмныхаа хэмжээг нь ихдүүлэх гээд байдаг. Тиймээс өөрийнх нь нойр булчирхайнаас ялгарч байгаа энзимийн хэмжээ, хүчин чадал нь хүрэхгүй ч байдаг юм уу, дутуу задрал явагдсанаар хор болдог. Энзимийг одоо хоол боловсруулах үед хэрэглэснээр хоол боловс­руулалтыг гүйцэт боловс­руулж хоргүйжүүлнэ, дарх­лааг сайжруулна. Эн­зимийг хоёр бүлэг болгож хуваадаг. Нэг нь хоол боловсруулах, нөгөө дэх нь бодисын солилцоонд оролцдог энзимүүд гэж хуваадаг. Манай компани сүүлийн гурван жил хоол боловсруулалтад оролцдог энзимийн судалгаа, шин­жил­гээн дээр ажиллаад энзим гэдэг нэртэй бүтээг­дэхүүнийг энэ жил худалдаанд гаргаад байна.

-Шинээр үйлдвэр­лэгдсэн Энзим ферментэн бэлдмэлийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

-2011 оноос хойш уудаг энзим хийх туршилт судалгаа, шинжилгээ хийснээр энэ жил энэ эмийг гарган, зах зээлд нийлүүлж байна. Энзим эм нь үхрийн нойр бул­чирхайнаас ялгаж авсан уураг задлагч протеаза, нүүрс ус задлагч амилаза болон өөх тос задлагч липаза фермент, үхрийн хатаасан цөс тодорхой хэмжээгээр агуулсан хоол боловсруулах ферментэн бэлдмэл юм. Энэ эм нь нойр булчирхайн шүүрлийн үйл ажил­ла­гааны дутмагшлыг нөхнө. Панкреатины найрлага дахь липаза, амилаза, протеаза нь нарийн гэдсэн дэх өөх тос, нүүрс ус, уургийн бүрэн шимэг­дэлтийг дэмжиж хоол бо­ловсруулалтыг хөнгөвчил­дөг. Манайхан ходоодоо өвдөхөөр мезим­форте, панзинормыг хэрэглэдэг шүү дээ. Энзим нь энэ эмнүүдийн үйлчлэлтэй адилхан.

Манай энэ эмний өөх тос, уураг задлах нь мезим­фор­тегоос хоёр дахин илүү.

Энэ чанараараа бусад импортын ижил үйлчлэл бүхий эмнүүдээс да­вуутай.

-Энэ эмийг хаанаас авч болох вэ. Яаж хэ­рэглэх вэ?

-Бөмбөгөр худалд­ааны урд байрлах манай эм ханган нийлүүлэх бөөний төвөөс авч болно.  Бусад эмийн сангуудаар түгээг­дэж байгаа. Нойр булчир­хайн гадаад шүүрэл буюу фермент дутагдсаны у­лмаас хоолны шингэц алдагдсан үед хоол идэхээс 20-30 минутын өмнө нэг ширхэгийг бүх­лээр нь залгиж хэрэглэнэ. Хоолны шингэцийг хар­гал­зан хувь хүнд тунг зохи­цуулж болно. Энэ эм маань капсултай учир за­жилж болохгүй. Хэрэв капсулыг задалбал сул­лагд­сан фермент нь амны хөндийн салстыг цочрооно.

-Ямар нэгэн гаж нөлөө, хориглох заалт байгаа юу. Бусад эмтэй хольж ууж болох уу?

-Жирэмсэн болон хө­хүүл эх хэрэглэж болохгүй. Учир нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодор­хойгүй байгаа. Кальци, магни агуулсан ходоодны хүчил саармаг­жуулах эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй. Үүнийг эмийн хэрэглэх заавар дээр тодорхой бичсэн байгаа.

-Энэ эмийг заавал эмчийн заавраар уух уу, эсвэл хоол нь шингэхгүй байгаа үедээ авч уух ёстой юу?

-Эмчийн заавраар болон өөрсдөө ч авч ууж болно. Манай энэ эм яг хоол боловсруулахад зориулагдсан бөгөөд элдэв дагалдах хор багатай.