М.ГАНЦЭЦЭГ
УИХ-ын гишүүн, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Та саяхан Эквадор улсын Кито хотод болсон Олон улсын парламентын холбооны эмэгтэй парламентчдын хуралд оролцоод иржээ. Тус хурлын талаар сонирхуулна уу?
-Олон улсын парламентын холбоо нь бүх улс орнуудын парламентын гишүүд хэлхээ холбоо тогтоох, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, олон улсын сонирхол, эрх ашгийг хөндсөн асуудлуудад анхаарал хандуулах зорилгоор хэлэлцэх, байр сууриа илэрхийлэх боломж олгох, хүний эрхийг хөхүүлэн дэмжихэд тус дөхөм үзүүлэх үүрэг, зорилттой байдаг. Энэ удаагийн чуулган нь “Зогсолтгүй өсөлтийн замналаас зорилттой хөгжилд хүрэх нь: шинэ хандлага, шинэ гарцууд “ гэсэн сэдвийн хүрээнд болсон. Энэ үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж хэлэлцсэн байгаа.
-Тухайлбал, онцлог ямар асуудал байв?
-Иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэх нь, энгийн иргэдийн амь насыг хамгаалахад парламентын гүйцэтгэх үүрэг гэсэн сэдэв байсан. Мөн хар тамхи, мансууруулах бодисыг хуульчлах нь зохион байгуулалттай гэмт хэргийг хазаарлан барихад эерэг үр дүн өгөх эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх, тулгамдсан асуудлууд зэрэг хэлэлцүүлгүүд бидний сонирхлыг татсан сэдэв байлаа. Олон улсын парламентын холбооны хурлын төлөөлөгчид жендерийн тэгш байдлыг хангах үүрэг өгдөг. Нийт зургаан төлөөлөгчийн хоёр нь эмэгтэй гишүүн байлаа. Мөн энэ үеэр эмэгтэй парламентчдын 18 дугаар хурал болсон. Энэ хурлаар улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг хийж, 2012 оны хувьд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөлд гарсан ахиц, ухралтыг танилцуулсан.
-Манай улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор хэддүгээрт орж байна вэ. Хангалттай үнэлгээ авч чадсан уу ?
-2012 оныг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сайжирсан жил гэж дүгнэлээ. Дэлхийн дундаж үзүүлэлт нэг хувиас өсч, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 20.3 хувь болсон байна. 33 парламентын доод, дээд танхимын 17 хувь нь эмэгтэйчүүдийн оролцоо 30 хувьд хүрсэн байна. Нийт 1711 парламентын эмэгтэй гишүүнтэй болжээ. Өмнөх парламентаасаа өсөлтийн хувиараа эрэмбэлэхэд Монгол Улс тавдугаарт жагсч байна. Гурван гишүүнээс 11 болсон өсөлттэйгээр дээгүүрт бичигдсэн боловч дэлхийн дундаж 20.3 хувийг бодвол манайх 14.4 хувьтай байгаа нь хангалттай үзүүлэлт биш.
-Эмэгтэй парламентчид жендерийн мэдрэмжтэй парламентуудын үйл ажиллагааны талаар хэлэлцсэн гэсэн. Жендерийн мэдрэмжтэй парламенттай аль, аль орныг нэрлэх вэ?
-Жендерийн мэдрэмжтэй парламент гэдэг нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн эрх ашигт нийцсэн бүтэц, зохион байгуулалт, ажлын арга барилтай байхыг хэлдэг. Голдуу эмэгтэйчүүд нь цөөнх байдаг учраас эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү хэмжээнд ажиллах боломжийг бүрдүүлэх нь парламентын зорилго байх ёстой. Парламент нь жендерийн мэдрэмжтэй байж чадсанаараа нийт улс орныхоо хэмжээнд жендерийн эрх тэгш байдлыг хөхүүлэн дэмжих гол сурталчилгааны хэрэгсэл болж өгөх ёстой. Мөн жендерийн тэгш байдалд чиглэсэн хууль батлах нь ийм парламентын нэг үзүүлэлт юм.
-Олон орны эмэгтэй гишүүд цугласан гэлээ. Тэд эмэгтэйчүүдийн өмнө, тэр тусмаа улстөрч эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй ямар асуудал, түүнээс гарах ямар гарцыг ярилцсан бэ?
-Энэ удаад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийллийн талаар ярилцлаа. Энэ бол цаг үеээ олсон сэдэв. Ялангуяа ирэх намрын чуулганаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль өргөн барихын өмнө болсноороо бидэнд ач холбогдолтой байлаа. Хүний эрхийн энэ зөрчил нь дэлхийн өнцөг булан бүрт хамгийн түгээмэл байдаг бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох тэгш бус байдлын шууд илрэл болдог. Олонх парламент энэ асуудлыг улс төрийн тэргүүлэх зорилтоо болгон ажилладаг. Үүнийг л жендерийн мэдрэмжтэй гээд байгаа юм шүү дээ. Дэлхийн хэмжээнд таван эмэгтэй бүрийн нэг нь хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөхийг завдсан гэсэн тоо судалгаа байна. Дийлэнх улс оронд хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд бэлгийн хүчирхийллийн томьёолол явцуу утгатай байна. Хүчирхийллийн түгээмэл хэлбэрүүдийг устгах, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлийн хууль тогтоомж батлах нь тэргүүний зорилт. Монгол Улсад хүчирхийллийн түгээмэл хэлбэрийг бид гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байна. Сүүлийн үед болж буй хэрэг явдлуудаас ч энэ нь харагдаж байгаа шүү дээ. Тиймээс бид энэ хуулиа яаралтай батлах шаардлагатай байгаа.
-Олон улстай харьцуулахад манай парламент хэр жендерийн мэдрэмжтэй гэж дүгнэв?
-Манай парламент хэр жендерийн мэдрэмжтэй байгааг хэлэхэд арай эрт байна. Хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсны дараа мэдэгдэнэ дээ.
-Эмэгтэй гишүүдийн бүлэг ажиллаад хоёр дахь чуулганаа эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн том ажил Тамхины хяналтын тухай хууль байлаа. Хэрэгжилт ч сайн гэж олон нийт үнэлж буй. Харин та ямар дүн тавих вэ?
-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзлаа. Тамхины хуулийг маш сайн хүлээн авч байна. Баяр хүргэж байна, гэхдээ араас нь нэг том шаардлага тавьж байна. Одоо архины хуулиа яаралтай гаргаач ээ гэсэн.
-Архины эсрэг хуулийн төсөл бэлэн болсон уу. Энэ талаар танилцуулна уу?
-Тамхины хяналтын хуулиас харахад иргэдэд дүрэм, журам үгүйлэгдэж байгаа юм байна лээ. Өөрсдөө тэр дүрэм журмаа сахин биелүүлэх туйлын их хүсэлтэй болжээ. Цаг нь ч болж. Архины хяналтын хууль гаргахад ч бүгд даган биелүүлэхэд бэлэн байна. Мөн хог хаягдлын тухай хууль гаргахыг шаардаж байна. Өөрсдөө даган биелүүлэхэд ч бэлэн байгаа гэсэн. Үнэхээр архи, архидалтаас иргэд дэндүү залхсан байна. Чангахан хууль гаргаж өгөөрэй гэж захиж байна лээ.
-Мөн сүүлийн үед нийгэмд асуудал дагуулаад буй хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар эмэгтэй гишүүдийн бүлэг нэлээд ярьж байна. Олон жил асуудал болж буй энэ сэдэв өнөөдөр бүхний анхааралд орлоо. Асуудлыг зохицуулах тусгай хууль хэрэгтэй юү. Эмэгтэй гишүүд төсөл санаачлах уу?
-Би Сүхбаатар аймагт олон жил ажилласны хувьд энэ асуудлыг маш сайн мэднэ. Олон ч уяанд очиж, олон ч уралдаан үзэж, олон ч хүүхэдтэй уулзаж явлаа. Хүүхдийн эрх дэндүү зөрчигддөг. Наадмаар хөдөөнөөс хотод ирээд уяан дээр олон хоногоор байгаа хүүхдүүд гэрээсээ хол, эрүүл ахуйн шаардлага, орчин хангагдаагүй байдаг. Хүүхдүүд өөрсдөө хурдан морь унах дуртай болохоор өсч том болох дургүй, хүчээр жингээ барьдаг ч хүүхдүүдтэй таарч байсан. Хамгийн гол нь хүүхдүүд амь насаа алдаж байгаа нь харамсалтай.