С.БАТГҮР

Төрийн өмчийн хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Цогтбаатарыг “Ярилцах цаг”-даа урилаа.

 

-Юуны өмнө олон нийт таныг ихэд сонирхож бай­на. Учир нь хаана байсан, хэний ямар хүн ТӨХ-ны даргаар ирчихэв гэж харж байна?

-Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн дөрвөн алба байдаг. Тэд­гээрийг бүгдийг хашсан. Тухайлбал төрийн үйл­чил­гээний албанд инже­нер, төрийн тусгай албанд офицер, төрийн захир­гааны жинхэнэ албан хаагч буюу Сангийн яам­ны Тамгын газрын дарга, мөн улс төрийн албанд Сангийн сайдын зөв­лө­хийн ажил албуудыг тус тус хашиж ирсэн. Хувь хүний хувьд бол миний хашиж байсан ажил бүхэн ард иргэдийн, нийгмийн, хүний эрхийн төлөө үйл ажиллагаанд оролцож бай­сан учраас би улс төрд ч, ард иргэдтэй ч ойрхон.

-Аль фракцийн хэн гэгч вэ? гээд л?

-Улс төрийн амьдралыг мэдээж ямар нэгэн фракц­гүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Амьд­ралд байж л байдаг зүйл. Фракц бол улс төрийн амьдралын гол нийтлэг болоод аливаа улс төрийн ажил үйлсийг хэрэгжүү­лэхэд олон талын ургальч үзэл санааг дэвшүүлж байдаг, түүнийгээ хэрэг­жүү­л­эхэд зүтгэж, тэмцэж байдаг үйл ажиллагаа юм. Тиймээс  АН-ыг нэг фракц гэж ойлгодог. Түүний нэг гишүүн. Улс төрийн талаас нь харж үзэх юм бол би өөрийгөө АН-ын төлөөлөгч гэж хэлнэ. Одоо төрийн албан хаагч шүү дээ.

 

ГАЗАР, БАЯЛАГ ХОЁР БАЙСАН ЦАГТ ТӨРИЙН ӨМЧ БАЙНА

 

-Та ажлаа аваад удаагүй байна. Тиймээс ТӨХ-ны системийн төв­шинд та ямар реформ хийх гэж байна вэ?

-Хүн аливаа ажлыг хийхдээ өөрийн гэсэн төлөвлөлттэй байх ёстой. Энэ ажлыг би аваад юуны түрүүнд байгууллага хамт олны сэтгэлгээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж харсан.  УИХ, Засгийн газрын гишүүд ТӨХ-г их хувьч­лалын үүргээ биелүүлж дууссан байгууллага гэж хардаг. Тэгвэл би энд ирээд арай өөр өнцгөөс харж байна. Модун Шанью “Улсын өмч газар” гэж хэлсэн байдаг. Газар байгаа цагт төрийн өмч байна. Газрын хэвлийд байгаа баялаг бол төрийн өмч. Тиймээс газар, баялаг хоёр байсан цагт төрийн өмч  байна. Иймд Төрийн өмчийн хороо ч байна. Байх байхдаа ТӨХ төрийн зан­гарагтай, хүчтэй, бүтээлч зохион байгуулалттай байгууллага байх болно. Өмчөө мэддэг, ашигладаг, эзэмшдэг, захиран зар­цуулдаг, бүртгэдэг, тоол­дог хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд чиг үүргээ гүйцэтгэх, үйл ажиллагаагаа байнгын хэрэгжүүлэх, хөрөнгийн буюу үнэт цаасны зах зээл дээр олон улсын стан­дартын дагуу идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаард­лага зүй ёсоор тавигдаж байна. Өөрөөр хэлбэл бай­гууллага бүхэн өөрийн гэсэн концепцитэй, алсын хараа, эрхэм зорил­готой.

Би ажил аваад нэг сар болж байна. Дотоод үйл ажиллагааны талаар тодорхой ажил үүрэг гүй­цэтгэлээ. Харин одоо бидэнд цаашдын эрхэм  зорилгоо биелүүлэх үлдлээ. Бид ямар мене­жентээр ажиллах вэ гэвэл нэгдүгээрт хамт ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ итгэл өгөх. Газар, хэлтсийн дарга нартайгаа бид нэг баг болж ажиллах. Төрийн ажлыг маш цомхон, хариуцлагатай, чадварлаг гүйцэтгэх нь бидний зорилго. ТӨХ-ны дарга бол “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг зарчмаар ажиллана. Бид төрийн болон орон нутгийн өмчийг хариуцдаг шиг хариуцъя, мэдсэн шиг мэдье, чадахгүй бол чадахгүйгээ хэлье. Ийм зангараг бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна. Төрийн ажлын турш­лага, төрийн өмчийг хамгаалах үйлсэд төр өөриймсөг сэт­гэ­лээр хандаж ажиллах шаардлагатай. Өнөөгийн нийгэмд төрийн өмчит болон улсын үйлдвэрийн байгууллагуудыг ашиггүй ажилладаг гэдэг нийтлэг ойлголт байна. Тэгээд нэг бизнес хийдэг, баахан хэрэгтэй, хэрэггүй бараа бүтээгдэхүүн шахдаг ийм сэтгэлгээ ойлголт амь бөхтэй оршиж байна. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана. Улсын аливаа өмчийг үнэгүйдүүлж хувь­чилдаг ойлголтыг хална. Харин бид үнэд хүргэж хувьчилдаг тогтолцоог бий болгож, аливаа төрийн өмчит компаниудын то­дорхой хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруу­лалтыг татах нэмэлт хувь­цааг хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилдаг тог­толцоог бий болгоно. Зо­ригтой алхамууд хийнэ. Мэдээж ажил хийж байгаа хойно саад бэрх­шээл, буруу зөрүү ойлголт гарах л байх. Гэвч ажлынхаа эрч хүчийг сааруулахгүй, тууштай зүтгэнэ.

-Их хувьчлалаас хойш төрийн гэх ихэнх компани аж ахуй нэгжүүдийг хувьчлаад дуусчихсан гэж бид харж байгаа. Тэр ч утгаараа төрөөс хувьч­лахаар жагсаасан нэр бүхий төрийн өмчит компани аж ахуйнууд хэр зэрэг цөөн үлдсэн юм бол?

-Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компани, хамтарсан үйлд­вэр, улсын үйлдвэрийн газар зэрэг нийтдээ 94 компани үйл ажилла­гаагаа явуулж байна. Цаа­шид төрийн өмчийн компаниуд зах зээлийн зарчмаар үнэлэгдэж хувьчлагдана. Би түрүүнд хэлсэн,  хувьчлагдахдаа үнэгүйдүүлж биш, үнэ цэнэтэй болгож хувьчлах нь улс орны хөгжилд асар том хувь нэмэр болно гэ­дэгт би итгэдэг. Тэгэхдээ зах зээлийнхээ хуулиараа хувьчлагдах нь  хувьчи­лагдаж, өөрчлөгдөх нь өөрчлөгдөөд дахин ши­нээр төлжөөд явах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Тиймээс ерөнхий баланс тодорхой хэмжээнд байна гэсэн үг. Төрийн өмчит компаниудыг алдаг­далгүй, ашигтай ажиллуу­лах шаардлага улс орон, нийгмийн өмнө тулгамд­сан асуудал болоод байна.

 

ТЭД ӨӨРИЙН ЦАГ  ХУГАЦААНДАА ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ХҮМҮҮС

 

-Тэгэхээр таны яриа­наас сонсоод байхад, өмнө нь явагдаж байсан төрийн өмчит компаниуд үнэхээр “үнэгүйдэж” байжээ гэдгийг таны хувьд хүлээн зөвшөөрч байна гэж шууд ойлгож болох уу?

-Аливаа юм хоёр талтай. Юм бүхнийг нэг талаас нь хараад үнэ­хээр “үнэгүйдүүлжээ” гээд...Өнгөрсөн бүх ажлыг нь харлуулж харж бо­лохгүй. Түүхийн цаг хуга­цаанд зохих үнэлгээгээрээ үнэлэгдээд шударгаар хувьч­лагдаад явсан аж ахуй нэгжүүд ч бий, ашиг­гүйгээр “үнэгүйдүүлж” хувьчлагдсан аж ахуй нэгжүүд цөөнгүй байсныг одоо ч шуугиж байдаг. Үүнийг хэлэх шаардла­гатай үед нь хэлэх хэ­рэгтэй. Эр хүний хувьд хэлэхэд надаас өмнөх дарга нар өөр өөрийн гэсэн онцлог, арга барилтай, нэр хүндтэй хүмүүс байсан. Тиймээс би өмнөх дарга нарын тухай ярих нь илүүц. Энэ нь миний ч зан араншин биш. Тэд өөрийн цаг хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн хүмүүс. Харин Д.Цогтбаатар гэдэг хүн өнөөдөр барилгаар бол барилгын сууриа цутга­чихлаа. Одоо бид нар өөрийн мэргэшсэн хамт олонтойгоо тоосгоо өрнө. Энэ нь хэр сайн байшин болох эсэх нь бидний яриад байгаа менежмент үйл ажиллагаанаас шууд хамаарна. Цаашдаа ч бид компаний засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, зах зээлийнхээ зарчмаар хоёр­дах буюу нэмэлт хувьцаа гаргах бодлого руугаа явна. Ялангуяа 100 хувийн төрийн өмчит компанийн хувьцааг эхний ээлжинд 51 хувиар байлгаж, бусад 49 хувийг ээлж дараа­лал­тайгаар гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр үнэ цэнэтэй хувьцаа болгон гаргана. Өөрөөр хэлбэл компанийн засаглалийн хэлбэр концепцийг бид өөрсдийн гол зарчим бол­гон ажиллах юм. Аливаа компанийн төлөөлөн удир­дах зөвлөл гэдэг чинь хөрөнгөө хэрхэн арви­жуулах вэ, яамар менеж­ментээр авч явах вэ гэдэг асуудлуудыг ярьдаг “за­саг­лал” юм.  Байгууллага амжилтад хүрэх, тогт­вортой ажиллахад нө­лөөлнө гэсэн үг. Компанийн засаглал бол маш сайн менежерийн үүргийг гүйцэтгэдэг л бүтэц. Тэнд байгаа бүтэц тодорхой шалгууртай байх ёстой. Тэр бүтэц дотор эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн, уул уурхай, эрчим хүчний, байгаль экологийн зэрэг мэр­гэжлийн салбарын олон талын хүчин зүйлээс бүрд­сэн чадварлаг мэр­гэш­сэн баг байх шаард­лагатай. Шинэ ком­панийн засаглалын хуу­лиар бол Төлөөлөн удирдах зөвлөлд нь хэнээс ч хамаарахгүйгээр гуравны нэгд нь хараат бус гишүүн байна. Ийм л бүтцээс бүрдсэн компанийн засаглал ажиллаж чадах юм бол улс орны нийгэм , эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах ба тухайн компани ч ашигтай ажиллана. Компанийн хувьцаа ч дэлхийн хөрөнгийн бир­жид үнэ цэнэтэй арилжаалагдах бололцоо бүрдэнэ. Энэ хэлбэр чиглэл рүү бид ч явна.

-Төрийн зарим нэг ажил үйлчилгээг хувийн хэвшил болоод иргэний нийгмийн байгууллагад эрх үүргийг нь шилжүүлэх хэрэгтэй гэж бүхий л төвшинд олон жил ярилаа. Энэ талаар таны үгийг сонсмоор байна?

-Ажил албатай холбоогүй ч хариулъя. Ер нь хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж бид анхнаасаа зорьж яваа улс. Энэ загвар хэвээрээ хадгалагдаж байгаа. Төрийн өмнөөс ажил үйл­чилгээ гүйцэтгүүлэх тэр механизм байх ёстой. Иргэний нийгмийн бай­гуул­лагуудаараа төрийн тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгүүлдэг байх нь зөв. Хяналт болоод гүйцэтгэх талаасаа, ашигтай ажил­лах талаасаа харсан ч энэ маш чухал. Ардчилагчид үүнээс ухрах ёсгүй. Ингэж ч бид хамтарч ажиллах болно. Энэ талаар тодорхой үр дүнд хүрсэн дэлхийн практикууд олон байдаг учраас бид ч үүнийг зогсолтгүй эргэлтэд оруулах хэрэгтэй.

-ТӨХ гэгч байгууллага байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Энэ бай­гууллагыг татан буулгах  хэрэгтэй гэж ярих нэг биш хүмүүстэй би таарч байлаа?

-Би ярианыхаа эхэнд хэлсэн “газар түүний хэвлий дор байгаа баялаг төрийн өмч” гэж... Газар байгаа цагт ТӨХ байх ёстой. ТӨХ-гоор тэр ярьж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар татан буулгаад, аль нэг яаманд газар юм уу, хэлтэс болгоё гэдэгт нь өрөөсгөл ойлголт, утга агуулгаа алдана. Тэгвэл ямар бүтцээр төрийн өмчийг хамгаалах болж байна вэ? Төрийн өмчийг хэн тоолох юм, хэн бүртгэх юм, хэн захиран зар­цуулах юм, хэн хувьчлах юм, хэн хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж борлуулах юм бэ гээд олон асуултад хариулах ёстой болно. Тогтсон бүтцийг нураах амархан, харин эргээд сэргээхэд хүн хүч, хөрөнгө мөнгө илүү шаардагдах болно. Хуучинсаг сэтгэлгээ хэнд хэрэгтэй юм бэ. Төрийн өмчийг хараа хяналтаас бага ч гэсэн холдуулах юм бол манай нийгэмд гай авчрах болно. Илүү ирээдүй рүүгээ харсан цогцтой бодлого хэрэгтэй. Ингээд бодохоор ТӨХ-ны эрх үүрэг болоод гүйцэтгэх үүрэг маш их байдаг. Үүнийг бид ямар нэг оновчтой хэлбэрээр байлгах ёстой. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бидний хувьд ийм утга бүхий зүйл ярьсан хэний ч үгийг хааж, боох, хориглох эрх байхгүй. Тэр хүмүүс ямар мэдээлэлтэй, ямар өнцгөөс харснаа яаж ч хэлж болно.

 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 40 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИЛҮҮ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙЖЭЭ

 

-Сүүлийн үед МИАТ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг олон нийт ан­хааралтай ажиглаж байна. Үүнд ТӨХ өөрсдийн өмч хөрөнгө, сан хөмрөгөө сайн харж хандаагүйгээс болж ийм хэрэг үйлдэгдэх нөх­цөлийг бүрдүүллээ гэж шүүмжлэх нэг хэсэг хү­мүүс байна?

-Ард түмэн үнэнийг л хэлдэг. Бидний хариуцаж ажиллаж байгаа байгуул­лага дотор сайн ч, муу ч зүйл байгааг үгүйсгэхгүй. Үүний нэг жишээ бол МИАТ юм. МИАТ өөрөө дандаа муу ажилласан байгууллага байсан гэвэл эндүүрэл. МИАТ-д ашигтай ажиллаж байсан цаг үеэ бий юу гэвэл бий.2002-2004 онуудад МИАТ-ын захирлаар ажил­лаж байсан Б.Цогоо, Н.Хүрэлсүх нарын үед тус компани ашигтай, алдаг­далгүй ажиллаж байсан байдаг юм билээ. Харин сайн менежменттэй ажил үйлчилгээ явуулж байсан компанийг алдагдалтай ажилладаг болгодог менежментийг огт ойлгохгүй байна. Тиймээс хэв­лэлээр хангалттай бичигдэж, ярьж байгаа зүйлийг би энд дахин ярих шаардлагагүй. Хууль хяналтын байгууллага тодорхой хариулт өгнө. Цаашдаа бид ганц МИАТ гэлтгүй хэд хэдэн компаниуд дээр анхаарал тавьж байгаа. ТӨХ үе шаттайгаар компа­ниудынхаа үйл ажилла­гаатай танилцаж байна.

Саяхан “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Бид газар дээр нь үйл ажиллагаатай нь танилцаад  тухайн бай­гуул­лагыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар удирд­лагын багтай нь санал солилцож, илэн далангүй ярилцах зорилго тавьж байна. Гол нь тухайн компани бүх л талаараа хэнд ч нээлттэй “шилэн хорго” шиг байх шаард­лагатай. Ийм л байхыг би бүх төрийн оролцоотой компаниудаас цаашид ч шаардаж ажиллана. “Багануур” гэхэд 95 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй мөртлөө, 75 тэрбум төг­рөгийн өртэй ажиллаж байна. Тэгэхээр би урд нь ажиллаж байсан хү­мүүс талаар болон уг компани тийм байжээ гэж хэзээ ч арагшаа харж ярихгүй, одоо ямар байна, яах вэ л гэж урагшаа харж ярина. Шинэ дарга нар ажиллаж байгаа болохоор, тэднийгээ би арай өөр арга барил менежменттэй, хүчтэй, санаачилгатай, бүтээлч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бага­нуурын уурхайн агуулахад 4.2 тэрбум төгрөгийн хүнд машин механизмын сэлбэг хэрэгсэл үхмэл байдалд орсон байна. Энэ их хэмжээний сэлбэгийг хаана бусад ямар компани, уурхайд хэ­рэгтэй байгаа талаар судалгаа хийх, харилцан уялдаатай тогтолцоо, программын шинэчлэл шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгтэйг нь өгөөд, хэрэггүйг нь зоригтой актлаад дараа дараагийнхаа асуудал руугаа шуурхай орохгүй бол энэ үхмэл хөрөнгө жилээс жилд өсөөд байна. Зарим компа­ниудын удирдлага менеж­ментийн буруугаас худалдан авалтыг буруу төлөвлөж ажиллаж байсныг судлан тогтоож, зарим компаниудын захир­луудад тушаалаар арга хэмжээ авлаа. Эрдэнэт үйлдвэрт 40 тэрбум төгрөгийн илүү худалдан авалт хийхээр төлөвлөсөн байсныг Эрдэнэтийн шинэ удирдлагууд, мөн ТӨХ зогсоож, болиулсан. Энэ бол сэтгэлгээний маш том ажил. Эндээс юу хэлэх гээд байна гэвэл зарим төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, хамтарсан үйлдвэрүүдэд инженерийн болон технологийн бодлого алдагдсан, төрийн өмчид хоноцын сэтгэлээр ханд­даг хандлага Монголын нийгэмд нүүрэлсэн бай­гааг харуулсан тод жишээ мөн.

-Ингэхэд ТӨХ өөрт хамааралтай бүхий л компани, аж ахуй нэгж байгууллагуудынхаа нэг ширхэг ч хадаас бүрийг тоолж, бүртгэж авч чадсан байгууллага мөн үү?

-Мөн. Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай хуулийн хүрээнд дөрвөн жилд нэг удаа төрийн өмчөө стандартын дагуу тоолж, үр дүнгээ албан ёсоор Засгийн газарт танилцуулдаг. 2013 оны байдлаар 14 их наяд төгрөгийн хөрөнгө төрийн өмчид бүртгэгдсэн байна. 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧААС САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАЖ Л БАЙЛАА

 

-ТӨХ-ны дарга хэмээх энэ хариуцлагатай ажил, албан тушаалыг анх хэн танд санал болгосон юм. Та энэ ажилд ирэх шийдвэрийг шууд хүлээж авсан уу?

-Ер нь хүмүүс янз бүрийн өндөр албан  тушаалын ажилд очихдоо урьдчилан төлөвлөж, ярьж хөөцөлдөж байгаад очдог гэж ярьдаг. Миний хувьд шударгаар хэлэхэд ийм зүйл огт болоогүй. Ер нь бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гэнэт дуудагдсан. Танд ТӨХ-ны даргын ажлыг санал болгож байна та юу гэж бодож байна гэсэн. Төрийн ажил хийж, төрийн төлөө хүчин  зүтгэж байсан хүний хувьд надад итгэл хүлээлгэж байна, бас  чамгүй “хариуцлага” үүрэх болж байна гэж л хүлээж авсан. Аливаа албан тушаал мөнхийн байдаггүй. Даалгасан ажлыг хийсэн шиг хий­гээд, өгөх цагт нь өгсөн шиг өгдөг байх ёстой гэж боддог шүү.

-Тэгэхээр бусад томоохон өндөр албаны дарга нарыг аялдан дага­даг, зусарддаг, үүд хаалгыг нь өндөр шөнөгүй сахиж суудаг нөхдөөс өөр байдлаар сонсогдсон гэж ойлголоо. Таныг хэвлэ­лийн­хэнд их нээлттэй түс тас байж чаддагт тань сэтгүүлчид талархалтай байдаг шүү.

-Хэвлэл мэдээл­лийнхэн та бүхэн мэднэ дээ. Би анх удаа 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нд хэвлэлийн бага хурал зарлан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч буюу Сангийн яамны тамгын газрын даргын ажлаас сайн ду­раараа татгалзаж мэдэгдэл хийж байсан. Үүний дараа 2012 оны сонгуулийн хуульд төрийн болон захиргааны албан хаагч сонгуульд өрсөлдөх бол төрийн албанаасаа зургаан сарын өмнө татгалзах заалт орсон юм. Тиймээс тухайн үед хийсэн алхам маань бүх шатны сонгуульд тусгай заалт болон ортол нь нөлөөлж чадсан. Учир нь бүх хүнд энэ заалт нь сонгуульт ижил гараанаас гарах бололцоог  олгосон чухал заалт болсон юм.

-ТӨХ-ны дарга гэдэг энэ ажил, албан тушаал бол улс төрийн амбийц, карьер хөөдөг хүмүүсийн хувьд очихыг хүсдэг ажил алба юм уу гэж хардаг. Миний энэ бодол зөв үү?

-Хүн болгон адилгүй, Хүлэг болгон жороогүй. Хүн болгон өөр өөрийн­хөөрөө харж, ойлгож байгаа байх. Олонхи нь хариуцлага гэж бодож, хардаг гэдэгт итгэлтэй байна.

-ТӨХ-оог анхлан байгуулагдсан цагаас хойш ирээд явсан дарга нарыг хараад байхад бүгдээрээ л өнөөдөр өндөр өндөр бодлого, шийдвэр гаргах ажил албанд очсон байх юм. Үүгээрээ юу асуух гээд байна вэ гэвэл таны энэ сууж байгаа суудал их л булган сүүлтэй суудал юм уу даа л гэж өөрийн эрхгүй асуумаар санагдаад байна л даа?

-Манай ТӨХ-ны үе үеийн дарга нар маш их чадварлаг төр, нийгмийн нэр хүндтэй удирдагч зохион байгуулагч нар байсан. Тэд чадварлаг, ажил хэрэгч байж чадсан учраас дээшээгээ өндөр албан  тушаалууд дээр очиж чадсан байх. Түүнээс биш  хувиа хичээсэн удирдагч нар байсан бол юу гэж дээшээгээ өсөж хөгжиж явах вэ дээ. Аливаа хүн төр, ард түм­нийхээ өмнө хариуцлага хүлээн төрийн өмчөө хамгаалах эрхэм үүргийг хүлээнэ гэдэг бол тэр бүр хэн хүнд ч заяагаад байх­гүй маш хариуцлагатай ажил үүрэг юм.