Б.ЭРХЭС
Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад зочилж байгаа ардчиллын алдарт онолчид болох АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өчигдөр лекц уншлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лекцийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн бодлого боловсруулагчид, судлаачид, эрдэмтэд, оюутнууд хамгийн түрүүнд энэ профессоруудын аль нэгтэй уулзахыг хүсдэг. Энэ гурван хүний аль нэг нь ном бичиж, судалгаа гаргахад дэлхийн оюуны давхарга тэднийг уншиж, уулзахыг хүсдэг. Ийм гурван хүн Монголд ирнэ гэдэг бол сайхан боломж. Монголын өнөөгийн ядуу, ийм хатингиршсан нийгэмд энэ төр засгийн бодлого үнэхээр ядуу байхаас аргагүй юм. Тийм учраас би нэг сэрүүлэг дуугаргах гэсэн юм. Энэ гурван профессортой би Америкийн Нэгдсэн Улсад айлчилж, Стенфордын Их сургуульд зочилж байхдаа уулзаад яагаад энэ сэрүүлгийг дуугаргаж болохгүй гэж гэж бодсон юм. Бид эндээс шинэ баримжаа авна гэж найдаж байна” гэсэн юм.
“Ертөнцийн төгсгөл ба сүүлчийн хүн” номоороо дэлхий нийтэд хэдийнэ танил болсон судлаач Фрэнсис Фукуяама “Хямралын дараах хөгжлийн загварууд” сэдэвт лекц уншсан юм. Эрх чөлөө байгаа цагт шинэ зүйлийг бий болгож болдог, шинэ зүйл бий болно гэдэг нийгмийн хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр онцолж байлаа. Мөн дэлхийн улс орнуудын байдлыг жишээ болгон татахдаа Европын улс орнуудын ялгааг ч онцолж хэлсэн юм. Европын хувьд Грек, Итали зэрэг улс орнууд хямралд илүү өртөж байгаа нь төсвөөс хараат, хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй нь холбоотой хэмээн тайлбарлаж байлаа.
Харин профессор Стивен Краснер төр өөрөө өөрийнхөө гарыг хумьж, шаардлагатай үед эрх мэдлээ хязгаарладаг байх тухай тун сонирхолтой илтгэл тавьсан.
Ялангуяа Монгол шиг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа, уул уурхай газрын баялаг ихтэй улс орон “Баялгийн хараал”-д өртөхгүйн тулд үндэсний хэмжээний сан байгуулж, орлогоо зөв зарцуулах тухай сонирхолтой санааг тэрээр зөвлөсөн. Тухайлбал, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийн хэмжээний томоохон банктай гэрээ байгуулж, сан бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Тэрхүү сандаа уул уурхайн баялгаас олж байгаа орлогынхоо 70 хувийг хадгалж, зөвхөн бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах тухай журам гаргаж ч болох аж. Түүний хэлснээр энэ сан нь Сингапур ч юм уу гуравдагч улсад байрлаж, сангийн удирдлагыг Азийн хөгжлийн банк, Монгол Улсын нийлсэн зургаан хүн болон аль алинаас нь ч хараат бус өөр нэг гишүүнтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл удирдаж, хянадаг байх талаар онцолж байлаа. Мэдээж энэ бол зөвхөн жишээ. Гэхдээ энэ сангийн загвар ардчилал сайн хөгжсөн улс оронд илүү тохирно хэмээн тэрээр хэлсэн. Ингэж хөндлөнгийн хяналттай үндэсний сан байгуулснаар орж ирж байгаа мөнгөнд төр хүссэнээрээ гар дүрэх боломжгүй болж, эрх мэдэл нь хязгаарлагдана хэмээн судлаач Стивен Креснер онцолж байлаа.
Харин Ларри Даймонд профессор өмнө ярьсан хоёр судлаачийн яриаг дүгнэж, ардчиллын үнэлэмжийн талаар лекц уншсан юм. 1974 оноос хойш ардчиллын шинэ давалгаа эхэлсэн. Мэдээж энэ давалгаа ардчиллын хөгжилд илүү сайнаар нөлөөлсөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд ардчилсан орнуудын тоо 126 байснаас 110 орчим болж буураад байгаа тухай харамсалтай баримтыг хэлсэн юм. Ардчилал хэврэгших нь авлига, хүчирхийлэл, төр хүчгүй, сул дорой байх зэрэг олон шалтгаантай гэнэ. Нийгэм эдийн засаг тогтворгүй, төр засаг сул дорой, шударга бус байдал газар авсан нөхцөлд ардчилал урагшилдаггүйг ноён Л.Даймонд сануулсан юм.
Лекцийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дээрх гурван эрдэмтэн сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм.
-Ноён Л.Даймонд та лекцийнхээ үеэр ардчилсан сонгуультай орнуудын тоо сүүлийн үед буурч байгаа тухай дурдсан. Үүний шалтгаан юу вэ?
Ларри Даймонд:
-Сүүлийн үед ардчилал ухралтад орсон байдал харагдсан. Азид ч, бусад газарт ч тийм байна. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэг дэх шалтгаан нь тийм газруудад авлига газар авч байна. Улстөрчид ард түмнээс тусгай анги давхарга мэт байх болсон. Авлига газар авч байгаа нь улстөрчид хувьдаа ихээхэн баялаг эзэмших гэсэнтэй холбоотой. Авлигыг таслан зогсоох боломжгүй орнуудад ийм байдал үүсч байна. Тийм орнуудад улс төрд хамаатай хүмүүсийн амьжиргааны төвшин бусдынхаас хавьгүй дээгүүр болж байна. Тухайн улс орны ардчилал хэр чанартай байна, авлигаас ухрах боломжтой эсэх зэргээс ардчиллаас ухрах уу, үгүй юу гэдэг шалтгаална.
-Монгол Улс ”Баялгийн хараал”-д өртөхгүйн тулд хөгжлийн сан байгуулж гуравдагч оронд байршуулах талаар ноён С.Краснер хэлсэн. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
Стивен Краснер:
-Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн ашиглах нь улс төрийн лидерүүдээс шалтгаалдаг. Аль ч төр, засаг мөнгөнд дуртай байдаг. Тиймээс улстөрчид нэг гараа нөгөө гараараа атгаж баялгийн зарцуулалтад хяналт тавих ёстой. Баялгийн зарцуулалтыг зохицуулах чиглэлээр Монголын хөгжлийн санг байгуулах талаар сая ярьсан. Тэр санд гуравдагч талыг оруулж хяналт тавих нь зөв юм. Гуравдагч орноор Сингапурыг сонгон нэрлэж жишээ болгосон. Азийн хөгжлийн банкны төлөөлөл болгож гурван гишүүнийг зөвлөлд оруулж бас хяналтын үүрэг гүйцэтгүүлэх юм. Монголын талын гурван гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, парламент, Засгийн газраас томилно. Шийдвэр гаргахдаа зөвлөлийн долоон гишүүний дөрвөөс дээш хүний саналыг дагах ёстой. Тэр дөрвөөс дээш хүн дотор Монголын талын төлөөлөл заавал байх ёстой.
-Ноён Фрэнсис Фукуяама Монгол Улс дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг харьцангуй амжилттай давсан нь юутай холбоотой вэ гэж үзэж байна. БНХАУ хямралд авталгүй тэсч гарсан нь үүнд нөлөөлсөн үү?
-Монгол орон санхүүгийн хямралыг давж гарсан нь нэгдүгээрт, Монгол Улс Хятад руу экспортын бүтээгдэхүүнээ гаргадагтай холбоотой. Хятад хямралд өртөөгүй нь давуу тал болсон. Хоёрдугаарт, Монгол Улсад банк, санхүү, мөнгөний салбар сайн хөгжөөгүй нь нөлөөлсөн. Үүнийг зохицуулах амаргүй байдаг. Эдгээр салбарын зохицуулалт тааруу байснаар хямралын ангал болж хувирдаг. Монгол Улс үүнээс ангид байсан нь эерэгээр нөлөөлөл болсон байх.
-Та лекцийнхээ үеэр ардчиллын хэврэгших шалтгаануудыг хэлж байсан. Ер нь Монголд ардчилал хэр төлөвшсөн гэж үздэг вэ?
Ларри Даймонд:
-Монголд ирээд 24 цаг болоогүй хүний хувьд үүнийг хэлэхэд хэцүү. Гэхдээ бусад орны судалгаанаас үүнийг харж болох юм. Монголд ардчилсан сонгууль, төлөөллийн тогтолцоо сайн. Сая болсон УИХ-ын сонгуулиас сонгуулийн тогтолцоо сайн гэдэг нь харагдсан. Тухайн оронд хууль дээдлэх ёс байгаа эсэхээр бас ардчиллыг хэмждэг. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдуулсан асуудлаар АНУ-д сэтгүүлчид янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Энэ хэрэгт улс төр нөлөөлсөн гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй. Бид аливаа зүйлийг тодорхой баримтанд тулгуурлаж ярих хэрэгтэй. Аль нэг орны төр барьж байсан хүнийг хэрхэн шийтгэх нь тухайн орны шүүх эрх мэдлийн чадварыг харуулдаг. Дээрх хэрэгт улс төр орсон эсэхийг цаг хугацаа харуулах байх.