Хавар иржээ. Хатуу өвөл халирах цаг дор хүн бүхний сэтгэл гэгэлзэж, хотын залуус хайрын дуу аялан, зүсрэх бороог хүлээн догдлох аж. Харин малчны хотонд төлийн дуу цангинаж, өглөө бүрийг нялх төлийн дуугаар угтах баяр жаргалыг эдэлж сууна. Ардын хувьсгалын партизан Г.Дамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Даян аварга Х.Шаравжамц нарын алдартнуудын өлгий нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зорилоо. “Ерөнхийлөгч ажиллана” гэхээс өөр мэдээлэлгүй байсан бид өглөө эртлэн Төрийн ордоны гадна цуглаж, сэтгүүлчдэд хуваарилсан машиндаа суулаа. “Нууц” гэх тэмдэгтэй материал тарааж өгсөний дараа л тус сумын хаваржилтын байдал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Шууд ардчилал- Иргэний оролцоо” багт хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлахаар явах ёстойг мэдлээ. Аргагүй ч биз дээ, Төрийн тэргүүн хаашаа ямар ажлаар хэд хоногийн хугацаатай явах талаар урьдчилж мэдэгдэх нь хуулиар хориглосон учраас битүү таамаг төдийхөн мэдээлэл авсан бид нимгэн хувцастай даарна даа, малчны хотонд хоноглоно гэж байна гэх зэргээр өвөр зуураа ярилцсаар Улаанбаатар хотоос хөдөллөө.
Малчин Р.Дагвын “Элбэгсаарал”
Өглөө эртлэн гарсан цуваа их үдийн үед зорьсон газартай очлоо. Тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох “Элсэн тасархай”-дЕрөнхийлөгч болон дагалдан яваа албаны хүмүүсийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд нар угтаж авсан юм. Ерөнхийлөгч тэндээс хөдөлж,Бүрд сумын Хөөвөрийн гүүрийн Үзүүр овоонд хаваржиж байгаа хоёрдугаар багийн малчин Т.Дагвын хотонд зочилж хаваржилтын байдалтай танилцлаа. Аймгийн сайн малчин Т.Дагвынх тарган сайхан хаваржиж байгаа талаараа ярьж нутаг орныхоо сонин сайхнаас танилцуулав. Төрийн өндөрлөгүүдийг орон нутагт ажиллахад малчид хурдан удмын адуу бэлэглэдэг бичигдээгүй “хууль”-тай. Эл заншлаар Ерөнхийлөгчид Т.Дагва гуайнх соёолон насны хонгор морь бэлэглэсэн юм. Ерөнхийлөгчийн тэднийд зочилсон өдрийн өглөө адуун сүрэгт нь анхны унага гарсан гэнэ. Шинэ мэндэлсэн унагыг харахаар Ерөнхийлөгч Т.Дагва гуайтай хамт адуун сүрэг хураасан юм. Хонгор гүүнээс саарал унага төрснийг нутгийн иргэд бэлэгшээж Т.Дагвын эр саарал унаганд “Элбэг саарал” нэр хайрлажээ. Сэтгүүлчдийн баг Ерөнхийлөгчийн цуваанаас түрүүлж явсан учраас Ерөнхийлөгчөөс өмнө Бүрд суманд очлоо. Хурал эхлэхийг хүлээх зуураа нутгийн иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Хар замаас тийм ч хол биш ч өвөлдөө цас их орж зам даваа хаагдсан үед аймгийн төвөөсөө ч бараг шахуу холбоо тасарчихаад байдаг Бүрд сумын иргэд Ерөнхийлөгч зорин ирж уулзаж байгаад тун баяртай байгаа аж. Алдрын одон тэмдэгээ зүүсэн өвөө, эмээ ач, зээгээрээ хөтлүүлэн ирж, залуус Ерөнхийлөгчид хэлэх, дуулгах үгээ бэлтгэж, цаасан дээр бичин тэр хавьдаа л бужигнав. Товлосон цаг ч болж сумын иргэдтэй хийх уулзалт эхэллээ. Энэ хурал дээр яригдаж байгаа сэдэв бүхэн Ерөнхийлөгчийн анхаарлыг татаж байсан юм. Иргэдийн хувьд эмнэлгийн хүрэлцээ хангамж, сургууль цэцэрлэг, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний чадвар, боловсролын салбар, уул уурхай, нутгийн хөгжил гээд дурьдахгүй өнгөрсөн сэдэв гэж байсангүй. Хүн бүхэн өөр, өөрсдийн бодол санаагаа хуваалцаж, Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлын сайныг нь магтаж, саар байгааг нь анхаарч, иргэдийн оролцоог дэмжиж, дарга нь иргэндээ үйлчилдэг төрийг бий болгож байгаад нь талархаж байлаа. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд 360 гаруй сум, 1575 баг байдаг. Бүх баг суманд өөр өөрсдийн гэсэн бэрхшээлтэй асуудал байгаа. Миний хувьд танай суманд гуравдахь удаагаа ирж байна. 1991 оны үед нэг ирсэн. Дараа нь Ерөнхий сайд байхдаа Улсын сайн малчны шагнал гардуулах гэж ирж байсан. Харин энэ удаа танай сумыг онцлох болсон шалтгаан бол өвөлжилт хүндэрсэн, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа сумдын нэг гэж өвөлжин анхаарлын төвд байсан сумдын нэг учраас ирсэн юм. Өвөлжилтийг хэр даван туулсан, хаваржилт ямар байгаатай биечлэн танилцах, цаашлаад миний ярьж, хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо-Шууд ардчилал” хөрсөнд буусан эсэх, суманд хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг хармаар санагдлаа. Засаг даргын тамгын газар Засаг даргад бус иргэнд үйлчилж байгааг харъя. Та бүхэнд ямар асуудал байгаа, тулгамдсан бэрхшээлтэй асуудал юу байна вэ гэдгийг надтай ярилцмаар байгаа бол сонсоход бэлэн байна” гэсэн юм. Монгол Улсын хүйс буюу төв цэгээс ажлын гараагаа эхэлж байгаа Төрийн тэргүүний ажилд амжилт хүссэн нутгийн иргэн н.Доржсүрэн Монгол Улсын төв цэгийг улсын хэмжээнд хамгаалалтад авч, 1994 онд барьсан суваргыг нь шинэчлэх төсөв мөнгийг улсаас гаргаж өгөх хүсэлт тавив. Иргэний бүртгэлийн ажилтнуудын хүнд суртал, сумын Засаг дарга удирдлагууд малчдаа эргэхгүй байгаа, “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилт муудсан, хөдөөгийн залуусыг бэлэнчлэх сэтгэлгээнээс гаргаж, халамжийг бууруулах, сумын төвөө хар замтай болгох гэх зэрэг сумын хэмжээнд яригдах бэрхшээлээс гадна Тавантолгойн хувьцаа, Оюутолгой зэрэг улс орны хүрээнд анхаарал татсан асуудлыг ч тэд Ерөнхийлөгчөөс асууж, байр суурийг нь сонслоо. Ерөнхийлөгч иргэн бүрийн асуултыг нэг бүрчлэн сонссоны дараа бүх асуултад нь хариуллаа. Тэрбээр, “Монгол Улсын төв цэг дээрээс ажлаа эхэлж байгаа гэж хэлэхэд үнэхээр бэлэгшээж суулаа. Төв цэгийг яах аргагүй анхаарах ёстой. Бүрд сумын хувьд газар нутгийн байршил сайн юм байна. Та бүхэн суманд хар зам тавьж өг гэж хэлэхээсээ өмнө Монгол Улсын төв цэгийг хар замтай болгож, аялал жуулчлалыг хөгжүүл гэж төлөвлөгөө гаргаад ирвэл албан тушаалтнууд анхаарч үзнэ. Халамжийг бууруул гэж хэлж байгаа иргэн Г.Оюун-Эрдэнэ таны түмэн зөв. Гэхдээ төр нь халамжлах ёстой гурван бүлэг байдаг гэж би боддог. Тэр гурвыг дэмжинэ. Нэгдүгээрт, улс орондоо хийдгээ хийгээд өгчихсөн ахмадуудаа бид дэмжих ёстой. Хоёрдугаарт, ирээдүй хойч болсон оюутан залуусыг бид дэмжиснээр тэд илүү хариуцлагатай, боловсролдоо анхаарч, мөнгө бодох бус мэдлэг боддог болно. Сургалтын төлбөрөөс гадна өдөр тутмын хэрэгцээнд шаардагдах мөнгө нь эгэл иргэн таны халааснаас бус төрөөс гардаг болчихвол мэдлэг нимгэн боловсон хүчин төрж гарахгүй. Гуравдугаарт, бид залуу ээжүүдийг дэмжинэ. Бид хэдэн тэрбум хүн амтай биш. Хэдэн сая ч биш. 2.8 сая хүн амтай улсад хүүхэд эрүүл чийрэг, өсч бойжих тусмаа л сайн. Үр хүүхдээ өсгөж бойжуулах гэж ажлаа орхин гэртэй сууж байгаа ээжүүдийг бид дэмжих ёстой. “Архигүй Монгол” гэж уриалсан нь хөдөөгийн малчид бидэнд таалагдаж байна гэж Г.Цэнджав та үзжээ. Би санал нэг байна. Тамхийг сая хязгаарласан. Архийг ч хязгаарлах ёстой гэж боддог. Бид эрүүл нийгэмд амьдрах ёстой. Архинаас гарсан хүмүүс, төрийн байгууллагын ёслол архигүй болсон олон жишээг дурьдаад ч барахгүй их учраас энэ ажлыг дэмжиж байгаа та бүхэнд талархмаар байна. Оюутолгойн гэрээнд анхнаасаа л шүүмжлэлтэй хандсан гэдгээ хэлсэн. Төсвийн хуулиар орон нутагт эрх мэдэл нь шилжсэн. Ингэлээ гээд төсвийн эрх мэдэл сумын Засаг даргад шилжээгүй, тухайн сумын иргэдэд шилжсэн. Сум хөгжүүлэх сангийн мөнгөөр Бүрд суманд юу хийж болох вэ гэдгийг Засаг дарга шийдэх бус иргэдээрээ хэлэлцүүлээд түүний үндсэн дээр ажил хэрэг болгох ёстой. Ингэж байж Монгол орны хөгжил урагшлах юм. харин Бүрд сум УИХ-д төлөөлөлгүй байгаа асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Хуулиас давсан зүйл байхгүй” хэмээн нэг бүрчлэн ярилцаж, сум аймгийн удирдлагын шийдэх асуудлыг Сумын Засаг дарга М.Очирсүх, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нарт даалгаж, Ерөнхийлөгч болон Засгийн газар, УИХ-ын гишүүд анхаарал хандуулах асуудлыг бүгдийг нь тэмдэглэж авсанаар иргэдтэй хийх уулзалтаа өндөрлөв.
Малчны хотонд нялх төлийн төлийн дуу цангинаад л...
Төлийн дуу цангинасан малчны хотонд нэгэн шөнийг өнгөрүүлж, эхийгээ олохгүй хөл дээрээ тэнцэж ядан зогсох нялх төлийн дуунд сэтгэлийн амар амгаланг олох шиг л боллоо. Монгол Улсынхаа төв цэг дээрээс өглөө нарыг харах азтай хувь надад тохиов. Зураг, түүхийг нь сонсохоос хэтрээгүй хангайн бугын барааг дэргэдээс нь шахуу харлаа, сүрдмээр юм аа. Гурван ихэр хурга төллөсөн, багийн нутагт мэндэлсэн анхны саарал унага, ингэ ботголж, ямаа ишиглэсэн гээд бэлэг дэмбэрэлтэй үйл явдал олон байлаа, энэ томилолтын хугацаанд. Албаны гэхээсээ илүү, энгийн элгэмсэг болсон ням гарагийн уулзалт, хурал Өвөрхангай аймгийн Бүрд сумын дөрөвдүгээр багийн сумын сайн малчин Д.Төмөрбаатарынд хоноглохоор очсоноор өндөрлөв. Ерөнхийлөгч Ар хөшөөтөд хаваржиж байгаа Д.Төмөрбаатарынд зочилж тэндээ хонож айл саахалтын малчидтай уулзаж тэдний амьдрал ахуй, мал сүргийн байдалтай танилцан хууч яриа дэлгэцгээсэн юм.Бүрд сум хэдийгээр өнгөрсөн өвлийг зудтай, гамшгийн байдалд өнгөрүүлсэн ч малын хорогдол харьцангуй багатайгаар хавартай золгож бог мал ид төллөж байгаа гэдгийг малчин Д.Төмөрбаатар хэлж байлаа. Ерөнхийлөгчийн хоноглосон малчны хотонд ингэ ботголж, гурван ихэр хурга төллөсөн, ямаа ишиглэсэн гээд таван хошуу мал төллөсөн нь бидний хувьд ч бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсон юм. Сэтгүүлчдийн баг мөн л хоёр хуваагдаж малчин айлд хоноглов. Манай групп малчин В.Батжаргал ахынд хонохоор очсон бөгөөд Ерөнхийлөгчтэйгээ хөөрөг зөрүүлж, тамхилаад ирлээ хэмээсээр гэрийн эзэн тун ч баяртай биднийг угтаж авлаа. Харин сэтгүүлчдийн нөгөө групп Д.Чулуунбат малчныд хонож, хот, хөдөөгийн сонин сайхныг ярилцаж, хонь хургалсан, гүү унагалсан сонинг ярьсаар өглөө ирэв. Бид ч гэрийн эзний Харгис гэх нохойтой танилцаж, Сосоно гэх муурнаас нь айж, даарна хэмээн битүү хучиж унтсан ч өглөө нь халууцаж хөөрч боссон, гэрийн эзэгтэйн амттай бууз, үхрийн шөлөнд чанасан аарц уусан талаараа нөгөө багийнхандаа сонин болгон ярив. Нялх төллөсөн ишиг, хурганы уургийг өөр хурга ирж хөхөж байгааг “авлигач” хэмээн даапаалж, анх удаа ишиглэсэн ямаа ишгээ танихгүй хонинд долоолгож, өнөөх хөөрхөн амьтан нь эхийгээ танихгүй хонь даган майлж байгааг нь харж, хөхрөлдөв. Гэрийн эзний сонирхолтой яриа, аргалын утаанд бүлээцэж халуу төөнөх Монгол гэрийн хойморт нэг шөнийг өнгөрүүлж, хотын утаа униараас түр ч гэсэн салсан бид өглөө эртлэн босч дараа өдрийн ажилдаа гарлаа.
Төрийн тэргүүнтэйгээ хамт төв цэгээс нар мандахыг харлаа
Төрийн тэргүүн болон дагалдан яваа албаны хүмүүс, сэтгүүлчид даваа гарагийн өглөө үүрээрБүрд сумын нутагт орших Монгол Улсын төв цэгийн Уяа хэмээх өндөрлөгт гарч өглөөний мандах нарыг нутгийн иргэдтэй хамт угтлаа.Өглөө мандах нарыг Төрийн тэргүүнтэй хамт угтсан иргэд хажууханд нь дүнхийх тахилгат уулын оройгоор буга бэлчээрлэж байгааг харж, мөн л бэлэгшээж байсан бөгөөд хувьтай ерөөлтэй байгаагаа ярилцсаар өндөрлөгөөс буусан юм. Үүний дараа Монгол Улсын төв цэгт хүрэлцэн очиж төв цэгийг тэмдэглэсэн цагаан суварганд сүү өргөж хүндэтгэл үзүүлэн тулганд гал бадраав.Улсын геодези, зураг зүйн газраас хэмжилт хийн тогтоосон энэ цэг Монгол орны баруунаас зүүн, зүүнээс баруун, хойноос урагш, урдаас хойш хэмжихэд яг төв нь болдог. Их Монгол гүрний үед ч Монголын төв байсан, түүнээс хойших олон зуунд Монголын нутаг хумигдан багассаар өдийг хүрэхэд ч төв нь хэвээр үлдсэнээрээ онцлог. Төв цэгийн эргэн тойрны газар нутаг Хүйс, Уяа гэхчлэн ямар нэг байдлаар гол, төв гэсэн утгыг агуулсан нэртэй юм.
“Шууд ардчилал-Иргэдийн оролцоо” багт хүрч чаджээ
Хоёр өдрийн томилолтын маршрутын сүүлийн албан ёсны үйл ажиллагаа бол Бүрд сумын хоёрдугаар баг буюу “Их хоригдай” багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож, иргэд өөрийн багт хуваарилагдсан төсвийг хэрхэн хэлэлцэж, шууд ардчилал, иргэний оролцоо хөрсөндөө бууж чадсан эсэхийг харах байсан юм. Багийн иргэд нэлээд идэвхитэй цугласан байсан бөгөөд эхлээд багийн сан байгуулах асуудлыг хэлэлцлээ. Тус баг бусад багаас ялгарах онцлогтой бөгөөд багийн сандаа нэг нэг борлон хандивлаж, цуглуулсан малаа мал цөөн, амьдралын боломж тааруухан иргэндээ өгдөг аж. Тухайн малыг авсан иргэн хоёр жил ямаагаа хариулаад, хоёр жилийн дараа эргүүлж тоо ёсоор нь хүлээлгэж өгөөд, төлийг нь өөрөө авч үлддэг аж. Багийн иргэд Төрийн тэргүүн бусад албаны хүмүүсийн дэргэд биеэ барьж байгаа бололтой хэлэлцэх асуудлын талаар санаа оноогоо дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй байсан ч Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр “Биднийг ирээгүй гэж бодоод та бүхэн ажлаа ярилц. Та бүхний гаргаж байгаа санал санаачилга бүхэнд танай багийн даргын саналтай нийцэх албагүй. Өөрөөр хэлбэл, дарга иргэдэд үйлчилдэг, иргэн та өөрөө багийнхаа хөгжилд зарцуулах хөрөнгө мөнгөө өөрсдөө сайн ярилцдаг байхыг иргэдийн оролцоо гэж хэлээд байгаа юм. Бид иргэд хэрхэн идэвхитэй ярилцаж, төсвөө хэлэлцэж байгааг харахыг хүссэн” хэмээсний дараа иргэд хурлын дэгийн дагуу зохион байгуулалтад орж, төсвийг хэрхэн зарцуулах талаар өөрсдийн санал бодлоо хэлж, нэлээд идэвхитэй хуралдав. Бүрд суманд сум хөгжүүлэх 280 сая төгрөг төсөвлөгдсөнөөс “Их боригдой” багт 40 саяыг нь зарцуулахаар болжээ. Сумын Засаг даргын зүгээс энэ мөнгөөр Их боргидой булгийнхаа эхийг хашиж хамгаалах, гүний худаг гаргах, малчдыг малжуулах төсөл, хадлангийн талбайгаа хамгаалах зэрэг ажилд зарцуулах саналтай байгаагаа хэлсэн. Гэхдээ тус багийн хувьд цаашлаад сумын хэмжээнд 42 мянгат малчин байгаа учраас мал багатай иргэдийг дэргэдээ буулгаж, малжуулах, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах замаар явж болно гэдгийг Засаг дарга дэвшүүлээд иргэдээс саналыг нь сонсч, төсвийг журмын дагуу хэлэлцүүлэв. Иргэд гүний худагтай болох, малжуулах бус бэлчээрийн талбайгаа хамгаалах, жишиг багийн төвтэй болох, багийн эмчийг суурин болгох, бага сургуультай болох, хоршоолох ажлыг эрчимжүүлэх зэрэг олон санал дэвшүүлсэн учраас иргэдийн саналыг нэг бүрчлэн тусгаж, чухам ямар бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөө, төсөлд зарцуулах талаар нухацтай ярилцахаар дараагийн хурал хүртэл хойшлуулав. Ерөнхийлөгч багийн хуралд суусны дараа “Өмнө нь хэзээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч багт ажиллаж байгаагүй. Миний анхны ирж байгаа баг танай баг боллоо. Та бүхний хувьд дэд бүтцэд маш ойрхон байна. Хажууханд хар зам байхад танай баг энэ давуу талаа ашиглаад хөгжих ёстой. Иргэд нэг үеэ бодоход даргын ажил надад хамаагүй гэж орхидоггүй болж. Гэхдээ л алдаа оноо байна. Иргэн бүхэн төсвөө хэлэлцэж, дарга нь иргэндээ үйлчилдэг болоход тун ойрхон ирсэн. Багийн Засаг дарга бол чухал хүн. Хоршоолох талаар танай багийн малчин хөндлөө. Энэ тун зөв асуудал. Үүнийг ажил хэрэг болгоход бид анхаарах ёстой. Хүний нийгэмд нэг нэгэндээ л туслах хэрэгтэй. Бүрд сумын хувьд мянгат малчин 42 бий гэдгийг сонслоо. Энэ хүмүүс бусаддаа үлгэрлэж, тусалж амьдрах ёстой. Заавал нэг борлон бус, мянган малтай нь 10 борлон өгч бусаддаа дэмжлэг болдог байх хэрэгтэй. Ингэж байж бидний амьдрал хамтаа хөгжинө, сайжирна. Шууд ардчиллын талаар би их ярьж байгаа. Энэ бүхэн ч ажил хэрэг болж байгаад таатай байна. Дарга асуудлыг шийдэж, түүнийг иргэдэд танилцуулдаг бус, иргэд нь өөрсдөө шийддэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд та бүхэн дор бүрнээ тунгааж, аль зөв гэсэн асуудлаа шийдвэрлэдэг, түүнээс нь олон хүн ашиг шим хүртдэг байх учиртай. “Шууд ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруул гэж эмэгтэй надтай хамт явж байгаа. Та бүхэн танилцаад ав. Дэргэдээс нь битгий холд. Мэдэхгүй байгаа асуудлаа лавлаж, энэ суманд иргэний оролцоо бүрэн утгаараа хэрэгжих хүртэл битгий сал. Танай багийг жишиг баг болгох талаар ярьж байна. Ер нь танай баг ч биш Монгол Улсын хэмжээнд байгаа 1575 багийг хөгжүүлэх үлгэрчилсэн төлөвлөгөөтэй танилцаж, жишиг баг болох ёстой” хэмээн үгээ өндөрлөсөн юм. Уулзалтын дараа сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс цөөн асуултад хариулт авсан юм. Бүрд сумын онцлох болсон шалтгаанаа тэрбээр, Монгол Улсын төв цэг, цаашлаад өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа сум гэж өвлийн турш яригдсан учраас ирсэн хэмээн тайлбарлаж, Бүрд сумын хөгжих гарцыг хэрхэн харсан талаархи сэтгүүлчийн асуултад “Нэг айлаар ороод гарахад л нэлээд хэдэн айлын ахуй амьдрал харагддаг. Хөгжлийн гарц нь өөрсдөд нь байгаа. Бүрдийн айраг улсад алдартай. ХАА-н бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, Улсын төв цэг, Ширээ цагаан нуур зэрэг нутгийн онцлог давуу талаа ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлэх нь хөгжлийн гарц нь болно” гэсэн хариулт өгсөн юм. Ерөнхийлөгч “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-г ганцхан өгүүлбэрээр товчхон тодорхойлохдоо “Малчид адуундаа явж, үхрээ сааж, малаа хотлуулчихаад орой нь гэртээ орж ирчихээд маргааш хийх ажлаа яг таг төвөвлөж ярьдаг юм. Тэр бол иргэний оролцоо. Энэ яриаг арай жоохон том хүрээнд авч ирэх ёстой” гэх энгийн ойлгомжтой үгээр тодорхойллоо. Төв цэгт айлчилсан Төрийн тэргүүний энгийн элгэмсэг айлчлал үр дүнтэй болж өндөрлөлөө.