М.ГАНЦЭЦЭГ 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг өнгөрсөн сонгуулийн үеэр тойргийнхоо ахмадуудад 640 мянган төгрөг тараасан нь эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсэн гэдэг. Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл бий. Ер нь Авлигатай тэмцэх газар таныг дуудаж байцаалт авсан юм уу?
-Өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн зүйл надаас асууж лавлаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Би энэ гараад байгаа элдэв мэдээллийг хуулийнхан ингэж яриад байна уу, хэвлэлийнхэн ингээд байгаа юм уу гэдгийг ойлгохгүй л явж байна. Монгол жижигхэн, нууц хадгална гэж бараг байхгүй дээ. Миний тухай яриад, элдвээр хатгаад байгаа хүмүүсийн тухай ерөнхийд нь гадарласан л даа.
-Тойргийнхондоо мөнгө тараасан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү?
-Би Төсвийн тухай хуулийг л биелүүлж ажилласан.
-Таныг Сангийн сайд байсны хувьд эдийн засгийн талаар асуух зүйл байна. Өнөөдөр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зогсчихлоо. Зээлийн хүүг нэмж зах зээлийн жамаар нь явуулах, эсвэл орон сууцны метр.кв-ын үнийг нэг сая төгрөгт хүртэл бууруулах хоёр хувилбарыг эдийн засагчид ярьж байна. Энэ хэр оновчтой вэ. Өөр ямар хувилбар, гарц байж болох вэ?
-Урьдын юм бүхэн муу, болохгүй бүтэхгүй байсан гэдэг өнцгөөс хараад алдаа завхрал хайгаад байвал ажил бүтэхгүй л дээ. Зах зээлийн жамаар явуулаад иргэдээ орон сууцтай болгоно гээд шийдвэл урт хугацаа шаардагдах болов уу. Метр.кв-ын үнийг нэг сая төгрөгт хүргэж буулга гээд хувийн компаниудыг шахаад байх нь хэр зөв байдаг юм бол. Өнөөдөр орон сууц авах боломжтой нэг хэсэг нь аваад ханасан байх л даа. Зах зээлийн гэх 20 жилд махийтал зүтгээд хэд гурван төгрөг хураагаад орон сууцтай болох, орон сууцны нөхцлөө жаахан ч гэсэн сайжруулах гэхээр хураасан хэд нь хүрэхгүй нэлээдгүй хөдөлмөрч нэг хэсэг байгаа. Тэднийг л төр дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэр нь хөнгөлөлтэй зээл л дээ. Өмнөх Засгийн газар ийм л ажлыг эхлүүлсэн ч одоо буруудаж байх шиг байна. Өөр сайн хувилбар байгаа байх л даа. Харж л байна.
-”Чингис” бонд ч нэлээд шүүмжлэл дагуулсаар байна. Төлөвлөөгүй мөнгө бидний хойч үед их өр болж үлдэх үү. Их бүтээн байгуулалтад зарцуулах үр өгөөжтэй мөнгө байх уу. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Монголыг дэлхий нийт сүүлийн хэдэн жил маш их хэмжээгээр сонирхож хөрөнгө оруулалт хийх сонирхол эрс нэмэгдсэн цаг үед л бонд зарагдаж мөнгө боллоо. Энэ Засгийн газар гарч ирээд л дэлхий дэмжээд байгаа юм биш. Хөгжлийн банкны 580 сая долларын бонд босгох үед л 6-7 тэрбум долларын захиалга ирж байсан юм. Тэр үед Сү.Батболд Ерөнхий сайд “Илүү хэрэггүй ээ. Юунд зарахаа тодорхой болгохгүй бол үр ашиггүй болно” гэж анхаарууулж байсан л даа. Одоо өр болно гэж яриад яах вэ. Тэртэй, тэргүй л өр шүү дээ. Харин яаж үр ашигтай хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах тухай бодох л цаг. Биднийг юунд ч зарцуулж чадаагүй бие биенийгээ хуурч, муур хулгана болж байх хооронд манай бондын үнэ, манай улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн орчин, улс төрийн нөхцөл байдлын үнэлгээ дэлхийд унаад л байгааг эрх баригчид анзаарч байгаа байлгүй дээ.
-Засгийн газраас явуулж буй эдийн засгийн бодлогыг та бүхэлд нь юу гэж харж байна. Өмнөхөөсөө дээрдсэн үү?
-Дээрдсэн гэвэл шал худал ярьсан болно. Дордсон гэвэл их улстөржсөн л болох байх даа. Энэ асуултыг бизнесийн хүрээний хүмүүс л сайн хариулах байх.
-Энэ хаврын улс төрийн гол сэдэв бол Ерөнхийлөгчийн сонгууль. Танай намын Бага хурал хэзээ хуралдаж нэр дэвшигчээ хэлэлцэх вэ?
-Ойрын үед намын Бага хурал хуралдаж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлаа ярина.
-Ардын намаас хэн нэр дэвших вэ гэсэн асуулт олон нийтийн анхааралд бий. Олон хүний нэр таамаг төдий явж байгаа. Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намаас нэр дэвших боломжтой хүн хэн байна вэ, намын дарга мөн үү?
-Манай намд Монгол Улсын Ерөнхийлөгч болох шаардлагыг хангасан олон хүн бий. Намын даргын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг мөн гэж би хэлнэ. Тухайн үедээ намын Бага хурал шийдэх учраас тэр, энэ гэх юм алга.
-Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс өөр ямар асуудал хэлэлцэх бол?
-Өөр ямар асуудал хэлэлцэхийг би мэдэхгүй.
-Ардын намыг шинэчлэх хөдөлгөөн, жигүүр гээд хэдэн хүн ярьдаг боллоо. МАН-ыг шинэчлэх шаардлага байгаа юу. Шинэчлэлийг яаж явуулах ёстой юм бэ?
-Аливаа амьд бүхэн шинэчлэгдэж хувьсаж өөрчлөгдөж байхгүй бол мөхөл рүү л явна биз дээ. Нам гэдэг чинь оюун санаа үзэл, бодлоо нэгтгэсэн хүмүүсийн нэгдэл учраас шинэчлэлийн тухай байнга ярьж байх ёстой гэж бодож байна. Шинэчлэлийг төрийн болоод намын том бодлого дээр тулгуурлаж нухацтай ярих хэрэгтэй байх аа.
-Улс төрийн хүрээнд нэгэн том сэдэв үргэлжилж байна. МАН, МАХН хоёр нэгдэх үү, үгүй гэж нэлээд ярих боллоо. Эвсэх эсэхийг судлах ажлын хэсэг ч хоёр талаас гарсан. Хоёр нам хамтарч ажиллах боломж бий юү?
-Боломж байгаа. Хамтарч нэгдэхийг нийгэм ч шаардаад байна шүү дээ. Нэгдэх тухай гарцаагүй яригдах ёстой. Эрт, орой хэзээ вэ гэдэгт л асуудал байгаа гэж би хувьдаа боддог .
-Танай аймагт газрын тосны үйлдвэр барих гэж байгаа. Түлхүүр гардуулах нөхцөлөөр японууд барихаар болсон. Яагаад Дарханд үйлдвэр барих болов гэж хүмүүс харддаг. Түүхий эдээ дагавал өөр газар барих ёстой гэх юм. Газрын тосыг зөвхөн ОХУ-аас оруулж ирэх тухай яриа бас байдаг. Энэ хэр оновчтой вэ?
-Энд хардах юм байхгүй дээ. Юуг нь харддаг юм бол гэж гайхаж байна. Хаана барьвал оновчтой вэ гэдгийг бид биш, ялонууд судалж байж зөвлөсөн юм.ОХУ-аас өөр орноос газрын тос оруулах ямар боломж байгааг судалж байгаа байх аа. Хамгийн оновчтой нь ОХУ гэж л харагдаж байна даа, тийм үү.