Р.ОЮУН

 

Ажилгүй гэртээ  сууж буй залуус олон бий. Тэгвэл бид нэгэн боломжийн талаар ярих гэсэн юм. Үнэгүй сурч бас цалин авч, ажилтай болох хөтөлбөрийн талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамбаатай ярилцлаа.

 

-”Үндэсний мэргэ­жилтэн, ажилтан бэлтгэх” хөтөлбөр хэрэгжүүлж бай­гаа гэсэн. Ямар учиртай хөтөлбөр юм бэ. Энэ та­лаар тодруулаач?

-Засгийн газраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Нэгдүгээрт, хавар эхлэх бүтээн бай­гуулалтад монголчуудаа мэргэ­жил эзэмшүүлж оролцуулах, хоёр­дугаарт, компаниудад мэргэжил­тэн, ажилтан бэлдэж өгөх буюу төр, хувийн хэвш­лийн төслийг хангах. Ком­паниудын за­хиалгаар  ямар журмаар зо­хион бай­гуу­лах вэ, ком­пани, аж ахуйн нэгжүүдэд ямар мэр­гэжилтэн, ажил­тан хэд хэрэгтэй байна гэдэг за­хиалгыг нь аваад, захиал­гынх нь үндсэнд хүмүүсээ  бүртгэж хоо­ронд нь ярилц­лага хийгээд тэнцсэн нь сургалтад сууна. Сургал­тад хамрагд­сан хүмүүс сар бүр 194 мянган төгрөгийн цалин­тай мөн нийгмийн даатгал нь бөглөгдөж бай­гаа. Үнд­сэн сургалтад ес­дүгээр анги төгссөн хүүх­дүүдийг авч 2.5 жилээр сургаад сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байгаа. Насанд хүрэгч­дийг нэг жилийн хуга­цаатай мэргэ­жил эзэм­шүү­лэх сургалт манайд бий. Насанд хүрсэн хү­мүүс 45 мянган төгрөгийн тэтгэлэг авах­гүй. Яагаад гэвэл хуулиар 24 нас хүр­сэн бол тэтгэлэг авахгүй гэж заасан байгаа. Гэхдээ сургалт нь төл­бөргүй, мэр­гэжил эзэм­шээд ажлын байртай болно гэсэн үг. Мөн 24-өөс дээш насны хүмүүс сургалтад хам­рагдаж болно. Сурал­цах хугацаанд тодорхой хэм­жээний зардал гарна. Үүнийг өөрөө гаргана. Зөвхөн таван сарын сур­галт гэхгүй.      

 -Сургалтад хэчнээн хүнийг хамруулж ажилтай болгох вэ. Хамрагдсан хүмүүс ямар хугацааны дараа мэргэжлээрээ ажил­лах боломжтой вэ?

-Сургалт таван сарын хугацаатай. Эхний хоёр сар нь танхимын хичээл буюу онолын хичээл заана. Үлд­сэн гурван сар нь тухайн захиалсан ажил олгогч дээр дадлага хийх юм. Эхний ээлж хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн. Нийт 6600 хүнийг хам­руулахаар төлөвлөсөн ч 4817 хүн улсын хэмжээ­гээр суралцаж байна. Анх 10 мянга гаруй хүн бүрт­гүүл­сэн. Долоон мянга орчим ажлын байрны захиалга ирсэн. Зарим нь ярилц­лагадаа тэнцээгүй. Хоёр­дугаарт, дээд мэргэж­лээр бэлтгэдэг ийм мэр­гэжлийн захиалгуудыг бэлтгэх бо­ломжгүй. Зарим мэргэж­лүү­дийг анги дүүр­гэлт хийх боломжгүй уч­раас хоёрдугаар ээлжийг түр хойшлуулсан. Иймээс бодит захиалга маань багассан. Эхний ээлжийн 6600 хүнийг хоёр ээлжээр сургахаар төлөвлөж бай­гаа. Хоёр сарын онолын хичээл энэ сарын 31-нээр тасалбар болж дөрөвдүгээр сарын 1-нээс захиалсан ажил олгогч дээрээ очиж дадлагаа хийнэ. Харин хоёрдугаар ээлжийн сур­галт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

-Нас хүйсийн хязгаар байгаа юу. Ямар шаардлага тавьдаг вэ?

-Нас, хүйсийн хязгаар байхгүй. Хөдөлмөрийн насны бүх хүн сурч болно. Ажил олгогчийн тавьж байгаа гол шаардлага бол ажилгүй хүмүүст мэргэ­жил эзэмшүүлээд ажил­тай болгохыг зорьсон. Үүнд бүртгүүлж байгаа хүмүүс ажил хийх сонирхолтой, тодорхой хэмжээний ухам­сартай, хариуцлага­тай байх ёстой. Үндсэн 180 мэргэжлээр сургаж байгаа. Үүнээс 80 га­руй мэргэж­лээр эр­чимж­­сэн сургалтыг явуу­лах боломжтой гэж үзсэн. Таван сарын хуга­цаанд хөтөлбөрүүдийг то­дорхой хэмжээнд шахсан. Зарим мэргэжлийг шахах бо­ломж­гүй байна. Техник мэргэжлүүд гэхэд л хоёр жил сурах ёстой юмыг таван сарын хугацаанд тухайн хүнийг мэргэшсэн байдлаар төгсгөж чадах­гүй. Тиймээс сурах бо­ломж­той 80 гаруй мэргэжлийг хөдөлмөрийн биржээр оруулсан. Ажил олгогчийн захиалга бол 40 гаруй мэргэжлээр ирж байгаа. Энэ мэргэжлээр бид хүмүүсээ бэлдүүлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу сургаж байна. Хот, хөдөө нийлсэн 40 га­руй сургууль дээр бэлдэж байна.

-Хүмүүс ямар мэр­гэжлийг их сонирхож, бүртгүүлж байна?

-Бид янз бүрийн бо­ловсруулалт хийхэд ба­рилгын салбарт нэлээд захиалга ирсэн. Тухайл­бал, засал чимэглэл, өрөг угсрагч, бетон арматур­чин, сантехникч, барил­гын цахилгаанчин гээд. Одоо барилгын салбар сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Олон ч барилга баригдаж байгаатай холбоотой болов уу. Мөн уул уурхайн чиг­лэлээр өрмийн оператор, засварчин, хүнд машин механизмын операторын захиалга ирсэн. Үүний хажуугаар хөнгөн үйлд­вэрийн салбарт буюу ноолуур, хивсний үйлд­вэрт ажилтан бэлтгэж бай­на. Сүүлийн үед зус­лан­гийн байшин, бүх айм­гийн төв, сумдад шилэн эсвэл Канад каркасан байшин олноор барьж байна. Ийм 100 байшин болгоё гэвэл бидэнд боловсон хүчин байгаа юу. За­мын компаниуд гэхэд энэ жил таван аймгийг хол­боно гэж байна. Тий­мээс бид энэ чиглэлийн ком­паниудтай хамтарч ажил­лах хэрэгтэй байна. Мөн компаниуд хамтарч ажил­лах санаачилга гаргаасай.

-Орон нутгийн мэргэ­жилтэн, ажилтнуудыг хаана сургаж байгаа вэ?

-Засгийн газрын бод­лого нь аймгийн төвийг хотын статустай болгоно гэж байгаа. Тухайн аймагт хэрэгтэй мэргэжилтэнг тэнд нь бэлтгэнэ. Тэнд нь бэлтгэх бо­ломж­гүй мэр­гэжлийг хотод су­ргаж бай­на. Ерөнхий сайд Дор­ноговьд ажлын айлчлал хийнгээ замын компа­нийн удирдлагууд­тай уул­захад “Манайх за­мын чиг­лэлээр хүн бэлд­дэггүй. Гаднаас мэргэ­жилтэн ав­даг. Амар­хан ажлуудаа монголчуу­даар хийлгэдэг. Мэргэж­лийн ажил хийл­гэх гэхээр ма­най хүмүү­сийн чадал хүр­дэггүй” гэсэн тайлбар өгч байсан. Тэ­гэхээр ком­пани, аж ахуйн нэгжүүдэд юу уриалж байна гэхээр мэргэжлийн боловсролын байгуул­лагууд манай га­зартай хамтарч ажиллаач. Ирэх жил, эсвэл энэ намар ийм мэргэжилтэн, ажилтан хэрэгтэй болно. Ийм шинэ үйлдвэр ашиг­лалтад оруулах гэж байна. Энэ чиглэлээр гаднаас ийм хүн авчрах гэж байна гэ­хийн­хээ оронд Мон­голдоо бэлд­дэг больё. Үнэнээ хэлэхэд 180 гаруй мэргэжлээр бэлдэж байна. Гэтэл зах зээл, тех­ник технологи хөгжиж байгаа болохоор бидний бэлддэг­гүй мэргэжил байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мэ­дэх­гүй, чадах­гүй байж болно. Түүнийгээ бид дотооддоо бэлддэг больё. Ажил­гүйд­лийг буу­руулах тодорхой нэг зүйл маань энэ. Ком­паниуд ийм мэргэжлээр, ийм хүн хэрэгтэй байна гэдгээ бидэнд хэл. Тэгвэл бид тодорхой хэмжээнд тө­лөвлөгөө гаргаад сур­гал­тын байгууллагууд бо­лон МСҮТ-тэй ярилцаад “Ийм мэргэжилтэн зах зээлд хэ­рэгтэй байна. Үүнийг бид намраас бэлдье” гэдэг зо­рилтуудыг тавих боломж­той.  Одоо­гоор захиалга ирүүлэхгүй байгаа компани ч байна.

-Хөтөлбөр хэрэгжээд сар гаруй болсон байна. Энэ хугацаанд бэрхшээл юу байв?

-Улсын хэмжээний юм хийхээр бэрхшээл гар­даг. Нэгдүгээрт, ком­па­ниуд тэдэн хүн авна гэж ярилцлага хийж сонгочи­хоод эргээд холбоо барьдаггүй. Сургалтын байгууллагууддаа юу гэж хэлдэг гэхээр долоо хоног тутам ажил олгогч компаниудтайгаа ямар нэг арга хэмжээ, үйл ажил­лагаа зохион байгуулж оюутнуудаа уулзуулж аж­лын байран дээр нь аваач. Тэр компаниас нь захирал ч юм уу, ин­жене­рийг нь авчирч лекц, семинар хийж хооронд нь уулзуул гэж байгаа. Одоо сур­гал­тын хугацаанд ер­дөө уул­захгүй байна. Үүнээс болж ажлын байр­тай болох ба­талгаа нь мууд­даг. Хоёр­дугаарт, су­ралцагчдын идэвх са­наачилга муу, чөлөө их авч хичээл тасалж байна. “Та­ван сарын сургалт боловч нэг талаас та нарыг ажилд бэлдэж байгаа юм шүү. Тэгэхээр та бүхэн ажлын байранд ямар хариуц­ла­гатай байх вэ. Цагаа барих ёстой. Тэр зүйлүүдийг энд сурах ёс­той. Тиймээс ца­гаа барь, хичээлээ битгий тасал. Та нар цалин авч байгаа учраас ажил хийж байна гэж бод” гэж хэлдэг.