Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа. Өнөөдөр Казах ард түмний Наурызын баяр тохиож байгаа учраас бидний яриа эндээс эхэлсэн юм.
-Юуны өмнө танд Наурызын баярын мэнд хүргэе?
-Баярлалаа.
-Наурызын баярын утгыг ярьж өгөөч. Хаврын баяр гэж ойлгох нь зөв үү?
-Юуны өмнө казах ард түмэндээ баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Наурызын баяр шашинтай огт холбоогүй. Зөвхөн ёс заншлын шинжтэй баяр. Жил болгоны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь ч өөрийн гэсэн утга учиртай. Гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэж маргаашаас эхлэн өдөр уртасна. Энэ утгаар казахууд Наурызын баярыг нарны баяр ч гэж билэгшээх нь бий. Бас хаврын баяр гэж болно. Өдөр уртсаж эхэлснээс хойш дэлхий дээрх ан амьтан ичээнээсээ гарч, шинэ ногоо цухуйж бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт эрч хүч дүүрэн болно. Энэ баярыг тэмдэглэж байгаа арга хэлбэрийн хувьд монголчуудын Цагаан сартай адилхан. Өглөө эртлэн босоод ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, идээний дээжээ өргөн барина. Гэрт нь зочилсон хэнийг ч баян, ядуугаар үл ялгаварлан дайлж гомдоохгүйгээр баярлуулж гаргадаг уламжлалтай. Хүн дайлахын хэрээр буян ирнэ гэж ойлгодог юм.
-Энэ өдөр тусгайлан үйлддэг ямар заншил байдаг вэ. Налайхад байдаг казахууд хониор тахил үйлддэг гэж сонссон юм байна?
-Монголчууд Цагаан сараар ууц эсвэл өвчүү тавьдаг шүү дээ. Тэгвэл манай казахууд наурыз шөл буюу “көже”-гээр нэгнээ дайлна. Ямар ч айлд орсон долоогоос доошгүй идээний дээж орсон хандтай шөл байдаг юм. Яахав, нийслэлд байгаа айлууд энэ шөлөө хийх нь бий. Хийхгүй нь ч байна. Казахын ард түмэн Аксаклаа дээд зэргээр хүндэтгэнэ. Энэ үгийг махчилж орчуулбал “цагаан сахал”, утгачилбал “буянтай буурал” гэсэн утгатай. Ер нь казах нөхөд өвөг дээдэс, настан буурлуудаа ямар ч нөхцөл байдалд эрт цагаас өнөөг хүртэл ихэд хүндэтгэнэ. Учир нь Аксакалын амнаас хэзээ ч буруу зөрүү, болчимгүй үг гарахгүй бөгөөд тэд хойч үеийнхэндээ бүх талаар сайхан жишээ үзүүлж үлгэр дууриал болж явдагт нь асуудлын гол нь орших юм. Аксакалын үг аллахын зарлиг гэсэн үг. Иймээс зарим айл хэрэг төвөгт өртөж болшгүй, зан байдал, хүмүүжил сахилга бат сулхан хүүхдээ Аксаклтай уулзуулж сургамжийн үг сонсгон зөв замд оруулдаг уламжлалтай.
-Та нутгийн зөвлөлийн дарга байх аа. Соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулав уу?
-Энэ жил Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл Наурызын баярыг өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Гурван том арга хэмжээг зохиолоо. Нэгдүгээрт, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болсон. Энэ нь аймгаас төрж байгаа залуу бөхчүүдийг дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.
Барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, “Бес Богда бүргэд” дэвжээ хамтран зургаа дахь жилдээ зохиосон юм. Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр үзүүрлэлээ. Өөр нэг арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зохиосон үзүүлэн байлаа. Казах түмний урлагийг харуулсан үзүүлэн дэлгэж, зан үйлийнхээ ёс заншлыг бодит байдлаар нь харуулж чадлаа. Казах эмэгтэйчүүд маань үйлэнд урнаа илтгэх хатгамалаа дэлгэж, хувцасны үзүүлбэр үзүүлсэн. Үүний хажуугаар анчин бүргэдээ ч гэсэн олон нийтэд үзүүлэн сонирхуулж, казах ард түмэн маань дуулж хуурдсан. Өмнө нь Казахстанаас мэргэжлийн дуучин авчирч дуулуулдаг байсан бол энэ удаад дотроо байгаа иргэдийнхээ авъяасыг хөгжүүлэх үүднээс өөрсдөөр нь дуулууллаа.
-Казах түмний зан заншил ихээхэн анхаарал татдаг. Үүний нэг нь эмэгтэйчүүдийг богтлох тухай юм. Гэр бүл болох хүнээ багаас нь “тоочиглосон” байдаг гэсэн үү?
-Хуучин цагт тийм заншил байсан нь үнэн. Одоо бол үгүй. Залуучууд хайр дурлалынхаа үндсэнд хамтын амьдралаа холбодог болсон.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн Наурызын баяр хэзээ байв?
-Намайг хүүхэд байх үед энэ баярыг тэмдэглэдэг байсан. Харин соц нийгмийн үед Наурызын баярыг хорьчихсон шүү дээ. Хожим 1990 оноос хойш нийгэм нээлттэй болж өргөн хүрээнд тэмдэглэх болсон доо. Тодотгоод онцгойлох нь юу юм. Бүх жилийн баяр л сайхан байдаг. Уламжлалаа дээдлэх ёс заншил учраас тэр. Каках түмний эртнээс баримталж ирсэн цаг тооллын уламжлалаар өдөр шөнө тэнцэж, нар наашлан урин цаг ирснийг зарладаг энэхүү гайхамшигт баярыг бид хэзээнээс айл саахалт, аймаг хотлоороо тэмдэглэж ирсэн. Ийнхүү тэмдэглэх нь элэг бүтэн, эв нэгдэлтэй байхын ерөөлтэй билээ. Манай казахын ард түмэн өвөрмөц онцлог, дахин давтагдахгүй чанар, агуулга хэлбэрээ хадгалсан соёл, ёс заншилтай, түүнийгээ унаган төрхөөр нь хадгалсан онцлогтой. НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын өвд бүргэдээр ан бариулах соёлоо бүртгүүлсэн нь үүний тод жишээ юм. Монгол орныхоо эрх тэгш иргэд байж, нэгдмэл эрх ашгаа ямагт дээдлэн, эвтэй найртай амьдарч ирсэн үүх түүхтэй. Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулж буй казах, урианхай түмнийхээ хөдөлмөр бүтээлийг Монголын төр засаг өндрөөр үнэлж иржээ. Наурызын баяраа хөдөлмөрөөрөө чимдэг нь бүхний зүй ёсны бахархал. Аймаг маань хүн ам нягт суурьшилтай, ажиллах хүчний нөөц чадамж өндөр, бүтээн байгуулах үйлсийг илүү хурдацтай өрнүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой. Казах, урианхай, тува, дөрвөд түмний өгөөмөр баян газар нутаг, өнөр өтгөн мал сүрэг, орчин цагийн боловсрол мэдлэг, ажилсаг хөдөлмөрч чанар нь Баян-Өлгийчүүдийн хэтийн сайн сайхан амьдрал, хөгжлийн баталгаа юм. Аймгийн боловсрол, соёл, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд жилээс жилд өргөжин хөгжиж байна. Хууль цаазат, ёс зүйт төрөө дээдлэн эрхэмлэж, аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа орон нутгийн удирдлагууд, ард түмний хамтын хичээл зүтгэл илүү их амжилт бүтээлийг өрнүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
-Казахуудыг домбор, бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Та домбор тоглож, бүргэд тэжээдэг үү?
-Хүн бүр гарын таван хуруу тэгш байдаггүй гэдэгчлэн А.Бакей гэдэг хүн дуу хөгжмийн талдаа авъяас чадвар, мэдрэмжгүй. Яахав, домбороо бол дуугаргана. Гэхдээ бусдын адил сайхан тоглож чаддаггүй. Бүргэдийн хувьд сайхан ёс заншил. Бүргэдээр ан хийдэг ёс дэлхийн казахзууд дотор Монголын казахт илүү хадгалагдан үлдсэн байдаг юм. Энэ бол том бахархал шүү. Казахын анчин эрчүүдэд уламжлал болсон нэг сайхан заншил бий. Энэ юу вэ гэвэл бүргэдээ аваад ан гөрөөнд явахад нь хэн хүн “Дагая хамт явъя” гэвэл түүнийг орхидоггүй. Түүгээр ч үл барам намнасан үнэг чоно мэт ангаа тэнцүү хувааж авна. Хэрэв тэнцүү биш ганц үнэг бариулсан бол өөрөө авах эрхгүй заавал тэр дагаж явсан хүнийхээ ганзагыг мялаана. Ер нь эрчүүд бүргэдийнхээ хүч, морины хурд, өөрийнхөө жудгийг бусдад харуулахад дуртай байдаг.
-А.Тлейхан гишүүн та хоёр арван жилдээ нэг сургуульд сурч байсан гэсэн үү. Ер нь хэзээнээс нэг нэгнийгээ мэддэг болов?
-А.Тлейхан гишүүн надаас долоон насаар ах. Багадаа Цэнгэл сумын сургуульд сурч байлаа. Аравдугаар ангидаа Баян-Өлгий аймгийн Өлгий хотын нэгдүгээр арван жилд суралцсан гээд хойно хойноосоо нэг зам, жимээр явсан хоёр доо. Надаас насны хувьд ах, дээр нь нэг суманд төрж өссөн болохоор А.Тлейхан ахыг би дээр үеэс мэднэ. Харин эр өсч, эсгий сунана гэдэг шиг би ч их сургууль төгсч, ажил төрөлтэй болсон үеэс буюу 1980-аад оны эхнээс бие биеэ илүү сайн мэддэг болцгоосон.
-Та хоёр нэг омгийнх гэхээр хамаатан гэсэн үг үү?
-Нэг омгоос гаралтай боловч ойрын хамаатан садан гэж ойлгож болохгүй. Сонирхуулж хэлэхэд, манай казах өөрсдийн үүх түүх, удам угсаагаа сайн мэднэ. Ямар ч казах хүн өөрөөсөө дээш долоон үеэ мэддэг. Үүнийгээ үр хүүхдүүддээ ч багаас нь эхлэн төлөвшүүлдэг. Омог гэж хуваагддагт орчин үеийн байдлаар хандах учиртай. Хуваагдаж жалга, довны үзэл гаргахдаа бус хамгийн гол нь үр удмаа хамгаалж үлдэх чухал ач холбогдлыг нь ойлгох хэрэгтэй.
-Нэг нутагт төрж өссөн, ойр ажилладаг хүмүүс учраас та хоёрын дунд сайхан дурсамжууд олон байгаа болов уу. Тэдгээр дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний амьдралд баяр баясгалан, аз жаргалтай сайхан мөчүүд олон байдаг. Мэдээж амьдрал болсон хойно сүүдэртэй, бэрхшээлтэй үе ч тохиолдоно. Энэ бүхэнд зовлон, жаргалаа хуваалцах үе бидэнд байсан. Манай том хүүг гэрлэхэд А.Тлейхан гишүүн, тэдний гэр бүлийнхэн хамгийн түрүүнд ирж баяр хүргэж, тэдний хүүхдүүд гэр бүл болоход эхнэр бид хоёр очиж баяр хүргэдэг гэдэг юм уу, ийм сайхан мөчүүдийг хуваалцсан дурсамжууд бий. Манай А.Тлейхан гишүүний гэр бүлийнх нь хүн эмч мэргэжилтэй. Хүүхдүүдээ багад нь өвдвөл хамгийн түрүүнд А.Тлейхан гишүүний эхнэр Пашка эмч дээр очдог байлаа. Ямар ч хүнд, хэцүү нөхцөлд өвчин эмгэгээс эдгээж өгдөг байсан ачийг нь өнөөг хүртэл манай гэр бүлийнхэн марталгүй санаж явдаг юм.
-Казах түмний дундаас бишгүй олон Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг. Хөдөлмөрч түмэн гэдгийг илтгэх үзүүлэлт байх?
-Баатарлаг үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ улс, аймаг, сумандаа нэрд гарсан алдартнуудаараа бид бахархдаг. Улсын баатар М.Икей, хөдөлмөрийн баатар Т.Нух, Ш.Улболган, Г.Борхүү, С.Чоя, М.Ахан, төр нийгмийн зүтгэлтэн А.Жамила, Б.Хурметбек, ардын жижигчин Ж.Хибатдолда, гавьяат тамирчин О.Бахыт нарын олон алдартнууд Баян-Өлгий аймгаас төрөн гарсан, төрөн гарсаар ч байна. Өнгөрсөн 2011 оны Наурызын баяраас хойшхи хугацаанд хөдөлмөрийн баатар Б.Пунцаг, гавьяат багш В.Суранхүү, хүний гавьяат эмч Р.Асай, гавьяат барилгачин Б.Жирен, бүргэд, хадны сүг зураг судлалын доктор Х.Едилхан, улсын аварга боксчин Т.Ерболат, улсын сайн малчин Ж.Шалатай, чацарганы жижиг дунд үйлдвэрийн эзэн А.Еркегүл нарын сайчууд казахуудын дундаас тодорч манлайлсаныг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Хөх мөнх тэнгэрийг эрхшээсэн, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн түмэн олны маань үйлс үргэлж өөдрөг, мандан бадарч байх учиртай гээд Наурызын баяраа ёслол төгс тэмдэглэж байгаа Баян-Өлгийчүүдэд баярын мэнд дэвшүүлье.