Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг”-ийнхаа энэ удаагийн зочноор олон нийтийн санал асуулгаар саяхан “Эх оронч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг урилаа.

-УИХ-ын 2012 оны сонгууль болоод өнгөрлөө. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль тун дөхөж байна. Сонгуулийн шинэчилсэн хуулийн ажлын хэсгийн гишүүн, тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд тэрхүү хуулийн үр дүнг хэрхэн дүгнэдэг вэ?
-2012 оны УИХ-ын сонгууль шинэ тогтолцоо, зарчим, арга ажиллагаагаар явагдсан. Ер нь бүхэлдээ олон шинэ зүйлийг нэвтрүүлсэн, туршсан хэцүүг давах сонгууль болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш бид сонгуулийн хууль тогтоомжид том өөрчлөлт оруулах тухай олон жил ярьсны эцэст зөвшилцөлд хүрч, сонгуулийн шинэтгэлийн гарааны үндсэн алхмыг өнгөрсөн сонгуулиар тавьсан. Тухайлбал, 20 жилийн хугацаанд бид УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар системээр явуулж ирснийгээ пропорциональ элемент оруулах уу, үгүй юу гэж ярьж байсан. 2012 оны сонгууль 48:28 буюу 48 нь мажоритар, 28 нь намын жагсаалтад сонгогчдын саналаар буюу 5 хувийн дэмжлэг авсан төлөөллийн хувь хэмжээгээр намд суудал хуваарилах зарчмыг оруулсан. Хоёрдугаарт, сонгогчдын бүртгэл мэдээлэлтэй холбоотой асуудлууд ихээхэн зөрчил, маргаан дагуулдаг байсан. Сонгогчдын бүртгэлийг автоматжуулсан системийн хүрээнд нэлээд цэгцэлж хуульчилж өгсөн. Тэр дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтад Улсын бүртгэлийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэн хариуцаж байхаар зохицуулж, өмнөх сонгуулиудтай харьцуулахад дэвшил гарсан. Гуравдугаарт, бидний санаачлан оруулсан эмэгтэйчүүд нэр дэвшигчдийн 20-оос доошгүй байх квот УИХ-д эмэгтэйчүүдийн оролцоог ихээхэн нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн өндөр ач холбогдолтой болсон. Дөрөвдүгээрт, санал хураалт болон тоолох ажиллагаанд шинэ арга,хэлбэр нэвтэрсэн нь сонгуулийн автомат машиныг оруулж ирсэн явдал, энэ нь одоо иргэдийн зүгээс эргэлзэх, шүүмжлэлтэй хандах явдал гаргахад хүргээд байгаа. Уг нь 2012 оны сонгуульд бид хууль зүйн хувьд дэвшилттэй олон сайн шинэлэг зохицуулалтууд тусгасан ч хуулийг биелүүлэх, хэрэглэх явцад тодорхой зөрчил дутагдлууд гарсан. Тухайлбал, Автоматжуулсан системийн тухай хуульд туршин шалгахгүйгээр автомат программ хангамжийг нэвтрүүлэхгүй байх, улс төрийн намуудын итгэлцэл, зөвшилцлийн хангах зарчмын үндсэн дээр явуулах гэх мэт механизмуудыг хийж өгөхийн хамт Их хурлын сонгуулийн хуульд саналын хуудсыг хүчинтэй, хүчингүйгээр нь ялган боож багцална гэсэн заалтыг бид зориуд оруулж тусгайлан заасан юм. Түүний цаад санаа нь саналыг хуудсыг ялган багцалж боох явцад хянах ажиллагааг орон даяар давхар явуулах хосолсон хэлбэртэй байхаар тооцсон. Гэтэл санал хураах өдрөөс гурав хоногийн өмнө СЕХ хуулийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой журам дотроо бүх саналын хуудсыг хүчинтэйд тооцно. Зөвхөн саналыг хүчинтэй, хүчингүйгээр унших машины программд нийцүүлэхээр хуулиас давсан ноцтой өөрчлөлт хийж хууль зөрчсөн. Энэ дээр сонгуулийн гол гажиг үүссэн юм. Аль ч улс оронд саналыг машинаар тоолох, гар аргаар тоолох хоёр аргыг эхний үед хослуулдаг. Ингэж байж эргэлзээ, сэжиг таамаг багасдаг, арилдаг. Тэгэхээр би түрүүнд хэлсэн, хууль зүйн талаас энэ механизмууд зөв суусан. Харин хууль мөрдөж ажиллаагүй зөрчил гаргаж.
-Хяналт, хариуцлагын талд ч зөрчил гарч түүнээс үүдсэн гажиг үүссэн гэж ярьдаг?
-Хариуцлагын зарчмыг хуульд тусгаснаас гажуудуулж, хуулийн байгууллагуудын зүй бус оролцоог хуулийг хэрэглэхдээ ашиглах явдал гарлаа. Гэхдээ хяналт, хариуцлагын асуудал өмнө байгаагүйгээр нэмэгдсэн. Өөр нэг асуудал бол Сонгуулийн шинэчилсэн хууль сонгуулийн шинэтгэлийн томоохон дэвшил буюу Монголын улс төрийн тогтолцооны шинэчлэлийг дэмжиж чадсан. Тухайлбал, Монголд бүрэн дүүрэн утгаараа ардчилсан ёс, ардчиллын зарчмууд нийгмийн амьдралд зөв түгэн дэлгэрэх гол түлхүүр нь ард түмэн засгийн эрхийг барих механизм болох чөлөөт, шударга сонгууль. Шударга сонгууль явуулахыг дэмжсэн түлхэцээрээ энэ хууль Монголын улс төрд шинэлэг тогтолцоог авчирсан. Мэдээж Сонгуулийн шинэчилсэн хууль амьдралын хэрэгцээ шаардлагыг дүүрэн тусгасан төгс сайн хууль болж чадаагүй. Энэ тухай би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа удаа дараа хэлж байсан. 48:28 гэсэн тогтолцоо ямар ч тохиолдолд дараагийн шинэчлэл хийх завсрын буюу шилжилтийн шатны эхний том алхам. Учир нь, нэг хэсэг нь 100 хувь пропорциональ систем байх ёстой гээд, нөгөөх нь давамгайлсан байх ёстой гэдэг ч юм уу шахах шаардах, зарим нь бүр хэт мэдэмхийрхэх явдал гарч байсан. Ямартай ч сонгуулийн тогтолцооны шинэчлэл нийт засаг төрийн тогтолцоонд нөлөөлж байдаг. Өнөөдөр та бүхэн харж байгаа байх. Намуудын нэрийн жагсаалтын асуудалд гэхэд цааш хяналт,үүрэг хариуцлагын тухайд гишүүдтэйгээ хэрхэн уялдах вэ, ямар зохицуулалтууд байх вэ, тэр хүмүүсээ хэрхэн сонгон шалгаруулах вэ гээд илүү нарийн зохицуулалтуудыг тодруулахыг нэхэж шаардаж эхэллээ. Намуудын дотоод ардчилал болон УИХ-ын дотоод үйл ажиллагаа зэргийг эргэн авч үзэх шаардлага үүсч байна. Энэ талаас үзвэл Сонгуулийн шинэчилсэн хууль үүсээд байсан олон хүндрэлтэй асуудлуудыг дэвшилттэйгээр шийдэж, бас зүгээр нэг ерөнхий ярьдаг асуудал бус, тодорхой ололт, мөн алдаа дутагдал, сургамж дагуулсан цаашид улам сайжруулах ёстой хууль мөнөөс мөн.
-Сонгуулийн үр дүнг шинэ хуультай, тогтолцоотой, мөн санал тоолох машинтай холбон шүүмжилж байгаад ямар тайлбар хэлэх бол?
-Манай нам УИХ-д олонхи байснаа цөөнх болсон учраас зарим нь сонгуулийн хуультай, тогтолцоотой, эсвэл санал тоолох автомат машинтай ч юм уу холбож ярих явдал цөөнгүй үзэгдэж, сонсогдож байгаа. Гэвч түрүүнд хэлсэн автомат машины тухайд хууль зүйн талаас нь буруу гэж шүүмжлэхгүй байгаа. Харин түүнийг хэрэглэх үед эргэлзээ, таамгийг өдөөх зүйл нь Сонгуулийн ерөнхий хорооны санал тоолох ажиллагаандаа хүчинтэй, хүчингүй хуудсыг давхар авч үзэх явцад хянана гэсэн зарчим алдагдсантай холбоотой. Шулуухан хэлэхэд, сонгуулийн тогтолцооноос болж улс төрийн аль нэг нам нь ялж, ялагдах тухай асуудал орчин үед яригдахаа бараг больсон. Сонгуулийн хуулиа ашигтай гэж хийгээд, манай өмнөх практикт амжилтгүй дүн гарч л байсан. Өнөө цагт Хүний эрхийн болон сонгуулийн нэгдсэн стандарт бий болчихсон шүү дээ. 1996 оны сонгуульд манай нам олонхи байхдаа гаргасан хуулиар ороод ялагдаж л байсан. Өнөөдрийн нөхцөлд хэрэв аваад үзэх юм бол Сонгуулийн шинэчилсэн хуультай холбоотой бодитой санал шүүмжлэлүүд ч өрнөөгүй байна. Уг нь асуудал өрнөх ёстой, ярих ч ёстой. Яагаад гэвэл тэр хуулийг боловсронгуй болгох үүднээсээ, хуулийг биелүүлэхэд дахин алдаа завхрал гаргуулахгүйн тулд. Харин тусдаа асуудалд юу орох вэ гэвэл, нам, нэр дэвшигчид хэрхэн оролцсон, сонгогдсон сонгогдоогүй учир шалтгааны асуудлууд. Дээр нь 2012 оны сонгуулийн дараа эрх баригч бүлгийн алдаатай бодлого. Түүнийг мөн сонгуулийн хууль, тогтолцоотой холбож ярих асуудал биш. Ерөнхийд нь дүгнэхэд, Сонгуулийн шинэчилсэн хууль 2008 оны сонгуулийн маш том сургамжид үндэслэн удаан хэлэлцэгдэж батлагдсан. Гар тооллого алдаатай, луйвартай гэж нийгэм даяараа ярьж, хүний өөрийн намгүй бүгд л ярьж байсан даа. Тэгээд ч автомат машиныг ашиглах асуудлыг хуулийн орчин бүрдээгүй байхад 2010 оны арваннэгдүгээр сард Улсын төсвийг хэлэлцэх үеэр МАН, АН-ын УИХ-ын гишүүд орсон төсвийн ажлын хэсэг 24 тэрбум төгрөг сонгуулийн автомат машин худалдан авахаар тусгаж Төсвийн байнгын хороогоор дэмжүүлж, нэгдсэн чуулганаар шийдсэн, харин бид хуулийг нь 2011 онд гаргуулсан түүхтэй.
-2012 оны Их хурлын сонгуулиас хойш Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдан гарсан. Тэр талаар юу хэлэх вэ?
-Тэр хоёр хуулийг хоёуланг нь УИХ дахь МАН-ын оролцоо, хэлэлцүүлэггүйгээр хүч түрэн баталсан. Өнөөгийн улс төрд хамгийн том иргэний хяналтын хүчин болсон парламентын намын оролцоог хааж боох дарангуйлсан арга замаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг үндсэндээ дангаар шийдсэн. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ч хэлсэн байна лээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн легитим буюу хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдалд эргэлзээ үүсгэсэн гэж. Үнэн шүү дээ. Тэрхүү хуулиудын хүлээн зөвшөөрөгдөх ардчилсан шинж чанар, батлагдсан талаас авч үзвэл ихээхэн сөрөг үнэлгээ дагуулах нь ойлгомжтой. Энэ нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдалд эргэлзээ төрүүлж байна. Нэг хүнд зориулсан хууль мэт болчихсон.
Түүнчлэн өнгөрсөн оны Их хурлын сонгуулийн үеэр гарсан бас нэг томоохон онцлог өөрчлөлтийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Тэр нь юу гэвэл, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулсан. Манай намын зарим нөхөд сонгуулийг нийслэлийн сонгуультай хамт явуулсан нь сонгуулийн дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж ярьдаг, тэгж үздэг. Гэтэл 2004-2008 оны парламент Их хурлын сонгуулийг 2012 онд бүхэлд нь аймаг,нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамт явуулахаар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан байсан. Тэгэхээр ямар асуудал үүссэн гэхээр бид 2012 оны сонгуульд олон шинэ шийдлийг гаргаж, амьдралд нэвтрүүлэхээр болсон, бас орон нутгийн сонгуулийг бүхэлд нь хавсарга сонгууль болгож Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулахгүйн тулд сонгуулийг зэрэг явуулах нь улс төр, эрх зүй, эдийн засаг талаас маш зөрчилтэй гэдгийг олон удаа ярьж өөрчлөхийг зүтгэсэн. Ингээд л хийгдсэн зөвшилцлөөр нийслэлийн ИТХ-ын сонгуулийг Их хурлын сонгуультай хамт авч үлдээд, бусдыг нь салгаж явуулсан учиртай. Түүнээс зарим хүний ойлгож байгаачлан бид шийдсэн, эсвэл нийлээд хуйвалдчихсан юм биш. Өмнөх парламентын гаргасан шийдвэрийг өөрчлөхдөө хэсэгчилсэн байдлаар зохицуулалт хийсэн нь тэр.
-Тэгэхээр өнөөдөр өмнөх сонгуулийн эргэлзээгээ тайлалгүй гэх юм уу, эргэж нягтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгууль явуулах гэж байгааг шүүмжлэх хүн олон байна?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зарим нэг саналыг тусгасан гэж байгаа ч бидний хувьд саналыг хангалттай тусгаагүй, хэлэлцүүлээгүй гэж үзэж байгаа. Манайхны хувьд эргэлзэж байгаа зүйл нь Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг хүн ам ихээхэн төвлөрсөн суурин газруудад сонгуулийн үр дүнг зарим нь автомат машины сонгууль болсон гэж шүүмжилж буй энэ цаг үед санал тооллогыг хяналтад илүү суурилсан байдлаар анхаарч илүү сайн хяналтыг тавих ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, дүүрэгт хоёрхон хэсэг биш яагаад дээр нэрлэсэн газруудад саналыг гар аргаар тоолох маягаар автомат машины дүнг баталгаажуулах, гарч буй дүнг баланслуулах үүднээс хосломол хэлбэрийг хэрэглэж болдоггүй юм бэ гэсэн асуудлууд бий. Энэ бол хүн хүч, зардал чирэгдэл талаасаа тийм ч хүндрэлтэй биш. Үүнийг хууль тогтоогчид эргэж харж, эргэлзээ, сэжиг таамгыг арилгасан, сонгуулийг илүү шударга, хууль ёсны явуулахад анхаарах байх. Ер нь, намуудын хамтарсан хөндлөнгийн ажлын хэсгийг ажиллуулж хуульд заасанчлан туршин шалгах ажиллагааг явуулах нь зөв. Намын нарийн бичгийн даргын хувьд хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж, ард иргэдтэй уулзаж явахад засаг төрд байгаа хүмүүсийн дур зоргоор авирлах хэтэрч, хүч түрэмгийлсэн байдлаар ажлаа явуулж байгаагаас үзэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ямар ч үнээр хамаагүй өөрт ашигтайгаар эргүүлэх хандлага байх нь гэсэн болгоомжлол байгааг ярьж сануулж байна. Энэ нөхцөлд эргэлзээг давах гол тайлал бол сонгууль шударга өрсөлдөөн дор явагдах ёстой. Сонгогчдын санал автомат машин дээр тоологдохоос гадна давхар хяналтын нэмэлт арга хэмжээнүүдийг авсан байдалд сонгууль болох ёстой. Түрүүнд миний хэлсэн хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж буй томоохон төвлөрсөн суурин газруудад хяналтын нэмэлт механизмыг ашиглах нь цаг үеэ олсон зөв шийдэл болно.
Нэмж хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэлээд олон хязгаарласан зүйлүүдийг оруулсан ч одоогийн эрх баригчид төрийн төсвийн хөрөнгийг дайчилсан маягтай ёс зүйгүй хандаж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч нь одоогийн Төрийн тэргүүн байна гэж мэдэгдэж байгаа учраас намаас түдгэлзсэн Ерөнхийлөгч маань одоогийн байдлаа ашиглаж хэрэг дээрээ сурталчилгаагаа албан бусаар эхлүүлчихлээ. Төрийн төсөв, үйл ажиллагааг сонгууль руу дэндүү их чиглүүлж байна. Үүнд санаа зовж байна. Эрх баригчид сонгуулийн хуулийг гаргахдаа өөрсдөдөө зориулсан, тооцсон байдлаар хийсэн. Хариуцлагаас зугтах, хяналтаас сугарах тэр болгоноо тооцож хийсэн байдал ажиглагдаж байгаа.
Тэгэхээр би түрүүнд хэлсэн, энэ удаагийн сонгуулийн хамгийн чухал зүйл шударга байх, итгэл төрүүлэхүйц байх, хүлээн зөвшөөрөгдөхүйц хууль ёсны байх. Үүнийг бүрдүүлэхгүй бол шинэчлэгдсэн байгаа, хууль сайжирч байна гэсэн хандлагаар яваад байвал олон нийтийн зүгээс гүнзгийрч байгаа үл итгэх явдал хүчээ авч эцсийн дүнд буруу жишиг тогтсоор байна. Сонгууль хэн нэгэн хүнийг сонгож гаргаж ирэхээс илүү төрт ёсны залгамж чанар, тогтвортой байдал, нийгмийн өргөн зөвшилцөлд хүргэх үр дүнд хүргэх зорилгыг агуулдаг. Ийм учраас сонгууль нь хяналттай, ойлгомжтой, олон нийтэд зөв мэдээлэл өгөх зарчмаар явагдах ёстой.
Харамсалтай нь тийм нөхцөл бүрдүүлээгүй байгаа. Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. УИХ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэмэлт хяналт бий болгох арга хэмжээ,боломжоо авч үзэх хэрэгтэй.
-Одоо асуултаа жаахан өөрчилж танай намын тухай асууя. Тухайлбал, МАН хэзээ хурлаа хийх вэ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаар нам дотроо хэзээ ярих бол?
-МАН-ын ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа арга тактик маш тодорхой байгаа. Сонгуулийн хуульд зааснаар сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх ажил зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр сонгууль болно гэж тооцоход тавдугаар сарын эхээр эхлэнэ. Сонгуульд нэр дэвшүүлэх ажил хууль,дүрмээрээ Намын Бага хурлаар эцэслэн тодроод, нэг ёсондоо гараагаа эхлэх учиртай. Гэхдээ бид өнгөрсөн сонгуулиудын сургамжаас харах юм бол ерөөс дарга, эсвэл хэдэн хүн шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэлийг анхаарч аль болох гишүүд нь илүү оролцоо саналтайгаар шийдвэр гаргадаг байя гэж байгаа. Ингэхийн тулд энэ ажлыг бид орон нутгийн сонгуулиас хойш дэс дараатай хийж хэвшүүлэх гэж хэрэндээ ажиллаж байна. Учир нь, аливаа юм амархан эерэг болж өөрчлөгддөггүй. Бид намч үзэл, зарчмаар ажиллах хүнийг сонгох гэж байгаа юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийг хангадаг, зохицуулдаг Монгол төрийн тэргүүн. Ерөнхийлөгч хүний онцлог юу вэ гэвэл, сонгогдсоныхоо дараа нийт улс үндэстний төлөө зүтгэхээр намын гишүүнчлэлээс түдгэлздэг. Тэгэхээр нэг талаас харвал хувь хүнийг сонгох гэж байна. Нөгөө талаас харвал төрийн том институцийг бид шинээр бүрдүүлж бий болгох гэж байна. Тэр институц нь төр улсаа дотоод,гадаадад төлөөлдөг, нийт үндэстний нэгдэл нягтралыг хангадаг, төрийн дээд байгууллагуудын зохистой харилцан уялдаатай байхад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Дээр нь одоо цагт үгүйлэгдээд байгаа улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийг хангах замаар нийгэм улс төрийн тогтвортой байдалд маш том түлхэц үзүүлдэг. Ингэхээр бид юунд онцгой ач холбогдол өгөх ёстой вэ гэхээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт. Сонгуульд оролцохдоо Ерөнхийлөгчийн хувьд хуульд заасан үүргүүдийг биелүүлэхдээ улс үндэстнийхээ төлөө ямар үзэл санаа, ажил хэргийг гол тулгуураа хийж явах юм бэ гэдэг чиг шугамаа гаргаж сонгогчдод танилцуулдаг. Тэгэхээр энэ чиг шугамаа цаг үе,нийгмийн захиалга болох иргэдийн маань санаа бодол юунд төвлөрч, ямар асуудлыг түлхүү шийдээсэй гэж хүсч байгаа юм бэ гэдгийг тэднээсээ сонсож зөвлөх замаар гаргах нь зөв болно. АН одоогийн Ерөнхийлөгчөө дэмжинэ гэж шууд ардчиллаа үгүйсгэсэн, тодорхой хэсэг бүлэг асуудлыг шийддэг арга барилаараа хандчихаад ойлгомжтой шүү дээ гэж даналзаж байгаа. Тэгвэл бид одоогийн Ерөнхийлөгч хэн байхаасаа илүү нийгмийн ямар захиалга, шаардлагыг хангах вэ гэдгийг олонтойгоо зөвлөлдөе гэж байна. Энэ ажил тодорхой үе шаттайгаар явж байгаа. Гол нь эв нэгдлийн элч байх талаас хандаж байна уу, ам, ажлын зөрүүгүй, хууль шүүхийн байгууллагыг аль нэг улс төрийн хүчнээс хараат байхыг өөрчилж бодитой бие даасан шударга шүүх болгох талаас аль нь эрэмбэ дарааллыг тэргүүлж, иргэд юу хүсч байна гэдгийг сонсож байна.Түүний дараа бид нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсээ асууж эхэлнэ.
-Өрсөлдөгчгүй сонгууль болно гэсэн мэдээлэл ихээхэн цацагдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ. Танай намд нэр дэвшүүлэх боломжтой хэдэн хүн байна?
-Одоогийн Ерөнхийлөгчөө нэр дэвшүүлнэ гэж АН-ын удирдлагын цөөн хүн зарлаад хийж байгаа бүх ажлаа сонгууль руу хандуулж, телевизийн суваг эргүүлэх бүрт нэг ижил дүрс гардаг боллоо шүү дээ,сүүлийн үед. Одоогийн Ерөнхийлөгчийг дэмжсэн, бодлого үйл ажиллагаатай нь холбоотой нэвтрүүлэг телевизийн суваг бүрээр гарч байна. Энэ нь эрх баригчид хэтэрхий хэлбэрдсэн, эрдсэн хууль бус ажиллагаа явуулж байна. Хэвлэл мэдээлэлд хаалт боолт хийх, сүрдүүлэх явдал улам гаарах боллоо. Ингэж нийгмийг сонгуульжсан уур амьсгал руу түлхчихээр, өөрөөр хэлбэл АН-аас нэр дэвшигч нь Ц.Элбэгдорж юм бол танай намаас дэвшүүлэх хүн байхгүй юмуу гэж ам асуух байдлыг зориуд гаргаж, энэ хэлэлцүүлэг хийсэн, хийгээгүй өрнөөд явж байна л даа. Бид анхааралтай харж, ажиглаж байгаа. Олон хүн бидэнд санал бодлоо хэлж байна. Мэдээж түрүүн хэлсэн шаардлага, шалгуурын талаар улсууд санал бодлоо хэлэхдээ тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Зарим нь шууд хүний нэр нэрлэж байна. Түүгээр бол хэд хэдэн хүний нэр яригдаад байгаа. Мэдээж олон хүний тухай нээлттэй саналаа хэлэх нь буруу биш. Гэхдээ хүмүүсийн санал бодлыг ирэх сард шүүж үзнэ. Энд би өөрийн бодлыг хэлэхэд гурван хүний нэр түлхүү яригдаж байх шиг. Тэдний дотор зүй ёсоор МАН-ын одоогийн даргын нэр яригдаж байна. Ардчилсан ёсны үүднээс үгүйсгэхгүй нэг зүйл юу вэ гэвэл 45 насанд хүрсэн, ялгүй, хуулийн зохих шаардлагуудыг хангасан Монгол Улсын иргэн МАН-аас нэр дэвших боломжтой учраас хэнд ч энэ эрх нь нээлттэй байгаа. Иймээс хүний нэрийг шууд нэрлэх нь энэ өрсөлдөөний мөн чанарыг алдагдуулах учраас мөн хууль зүйн талаас, ардчилсан ёсны үүднээс, бидний одоогийн явуулж байгаа ажилтай зарчмын хувьд нийцэхгүй учраас миний хариулт ийм л байна.