Д.НАДМИД

1981 оны гуравдугаар сарын 21. Энэ өдөр Монгол түмэн сансрын анхны нисэгчээ од гариг­сийн оронд үдэж мордуул­сан түүхтэй. Тэр жирийн биш нэгэн өдрийг, тэр гайхамшигтай үйл явдлыг Монголын түүх мартахгүй ээ. Мартах ч учиргүй билээ. Хүн бүрийн царайд баяр бахдал гэрэлтэж харсан зүг бүхэнд “Монгол хүн сансарт нислээ” гэсэн зурагт хуудас нүд баясгаж байлаа. Сансар огторгуй гэсэн нэр томъёо 1950-иад оноос Монгол хэлнээ орж ирж. Тэгвэл сансрын нисэгч гэсэн үг 1961 онд ЗХУ-ын иргэн Ю.А.Гагарин сансарт анх ниссэнээр олны хүртээл болсон байдаг. Тэр үеэс яг 20 жилийн дараа Монголчуудын сансарт нисэх мөрөөдлийг бие­лүүлж талын малчны хүү Жүгдэрдэмидийн  Гүрраг­чаа, ЗХУ-ын иргэн Вла­димир Жанибековын хамт “СОЮЗ-39” хөлгөөр сан­сарт нисч түүхнээ нэгэн алтан хуудас нээсэн. Тухайн өдрийн шөнийн тэг цагт тусгай кодтой дугтуй задарч Ж.Гүрраг­чаагийн зурагтай танил­цуулга, тэмдэг Улаанбаа­тарын төв талбайгаас хаа холын баруун хязгаарын малчны гэрт хүртэл хүрсэн байдаг юм.

Хурган цас хаялсан намбагар дулаахан үүрээр хотын гудамжаар зорчих автобус унаа туг лоозон­гоор чимэгдсэн, хүн бүрийн хараа дээшээ байж билээ. Сансрын “Салют-6”, “СОЮЗ-Т4”, “СОЮЗ-39” хөлгийн цогцолбортой Байконур дахь удирдах төвд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибе­ков, В.Коваленко, В.Савиных нартай хийж буй шууд ярилцлага телевизийн дэл­гэцнээс удтал салаа­гүй. Сансрын нисэгчдийн хөлөг дэхь амьдрал бүр содон үйл явдал харагдаж байлаа. Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ах­луул­сан нислэгэд бэлтгэх комис байгуулжээ. Тэр­нээс жилийн дараа сан­сарт нисэх бэлтгэлд Сүрэн­хорлоо, М.Ган­зориг, Ж.Гүррагчаа, Д.Сайн­цог нарыг сонгон авч оддын хотхонд бэлт­гэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж бүх шалгуурт бүрэн тэнцснээрээ Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн нь тэр байлаа.

2011 онд Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой болж ЗХУ-ын хошой баатар, сансрын нисэгч В.В.Горбатко, санс­рын нисэгч Ж.Жани­беков, В.Ляхов, В.Кове­ленко болон Монголын анд нөхдийн нийгэм­лэгийн дэд ерөнхийлөгч В.А.Бабушкин нарын хүн­дэт зочид монголд ирсэн юм. Тэр үеэр Ж.Гүррагчаа нарын сансрын зоригт хөвгүүд уулзаж хууч хөөрсөн. Энд заримын сэтгэгдлийг сонирхуулья.

 

Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа:

-Сансарт анх хүн нис­сэний 50, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой давхцаж байна. Бид ойгоо сансарт хамт ажилласан анд нөхөд­тэй­гээ тэмдэглэж байна. Баярт ой баяр зөвхөн бид­нийх биш монгол түмний баяр болж байна.

 

ЗХУ, Монгол улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков:

-Сансрын хамтарсан нислэгийн түүхэн үйл явцыг бид өнөөдөр улам тодоор дурсан тэмдэглэж байна. Надтай хамт “СОЮЗ-39” хөлгийн бүхээгт хамт ниссэн анд Ж.Гүррагчаагаа хараад энэ хүн зөвхөн амьдрал ахуйн хувьд биш сансрын нисэгч гэдэг онцгой үйлийн эзэн гэдгээрээ алдаршсанд баяртай бай­на. Бидний орлон нисэгч  В.А.Ляхов, М.Ганзориг нар эрүүл энх сайхан байгаад бүр ч сэтгэл өндөр байна. Хүмүүс надаас Монгол хүн сансарт дахин нисэх үү гэж асуудаг. Монгол залуус нэгэн цагч өөр гаригт нисэн очихыг үгүйсгэхгүй гэж би хариулдаг.

 

ЗХУ-ын хошой баатар, сансрын нисэгч В.В.Горбатко:

-Олон арван жилийн өмнө сансарт хийж байсан үйл хэргээ бид өнөөдөр ч үргэлжлүүлж байна. Монгол Улс асар их хөгжин сансрын хөлгийн хурдаар урагшилж байгаа гэж хэлж болно. Би  Монгол анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүний хувьд үүнийг хэлж байна. Монгол, Орос улс түүний иргэд бид сансарт ч, газарт ч үеийн үед хагацашгүй андууд юм шүү.

 

Сансрын баатрууддаа Монгол хүн сансарт нис­сэний түүхт 32 жилийн ойн мэнд дэвшүүлж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.