“ЗМ”-ний сэдэв: Хүүхэд бүрийг хамгаалъя

С.ЦЭРЭНДЭЖИД

“Зууны мэдээ” сонин “Хүүхэд бүрийг хамгаалъя” сэдвийн хүрээнд хөдөлгөө­ний дутагдалд өртөж байгаа хүүхдүүдийн тухай цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Бага насны хүүхдийг бялдар­жуулж, хөдөлгөөний хомс­долоос сэргийлж байх үүрэгтэй, боломжит ганц хичээл нь биеийн тамир. Гэтэл зориулалтын заал, талбай байхгүйгээс хүүх­дүүд энэ хичээлээс хэрхэн хоцрогдож байгааг сурвалжиллаа.

 

ХҮҮХДҮҮД ХАНГАЛТТАЙ ХӨДЛӨХГҮЙ БАЙГААГААС БИЕ ЖИЖИГТЭЙ БОЛЖ БАЙНА

 

 Ерөнхий боловсролын сургалтад биеийн тамирын хичээлийг заавал оруулж өгдөг нь хүүхдүү­дийн бие бялдрыг өв тэгш хөгжилтэй болгох зорил­готой.  Улаан­баатар хотын хэмжээнд ерөнхий боловс­ролын 164 сургууль байгаагаас 47 нь спорт заалгүй. Мөн заал­тай сургуулиудаас нурж унах шахсан, хичээл явуу­лахад хүндрэлтэй нь ч олон байна. Сурагчид биеийн тамирын хичээлээ хэрхэн хийж байгааг сур­валжлахаар Чингэлтэй дүүр­­гийн 61 дүгээр сур­гуулийг зорьсон юм. Тус сургууль нь байгуулагдаад 10 гаруй жил болсон ч өнөөг хүртэл биеийн тамирын заалгүй бөгөөд сургуулийнхаа  коридорт биеийн тамирын хичээлээ хийдэг.

Мэдээж зориулалтын заал биш болохоор жагсах, дасгал хийхээс өөр хөдөл­гөөн хийх боломжгүй. Сагс, волейбол тоглох нь бүр ч боломжгүй зүйл аж. Учир нь дуу чимээ их гардаг, цементэн шалтай, сагс, волейболын зориу­лал­тын хэрэгсэл байдаг­гүй гэнэ. Уг нь стандарт хэмжээгээр нэг хүүхдэд спорт заалны хоёр метр квадрат талбай ногдох  ёстой байдаг. Гэтэл энэ коридорт зөвхөн нэг цагийн хичээлд гэхэд хоёр ангийн 80 гаруй хүүхэд хамт ордог аж. Бодоод үзэхээр энэ сургуулийн нэг хүүхдэд ногдох тал­байн хэмжээ нэг алхамаас хэтэрдэггүй бололтой. Энэ талаар тус сургуулийн биеийн тамирын багш Б.Чагнаадорж “Шаард­лагатай дасгал хөдөлгөөн хийлгэдэггүй болохоор манай сургуулийн хүүх­дүүд биеэр их жижиг. 1.7 метрээс дээш өндөртэй хүүхэд ховор доо. Арга ч үгүй биз. Манай сургууль дээр хүүхдүүд хөдөлгөө­нөөр үнэхээр дутагдаж байна. Тэмцээнд оролцох гээд очихоор хотын төвийн сургуулийн хүүхдүүдийн хажууд биеэр хамаагүй жижиг, өсөлт муутай ха­рагд­даг. Энэ нь тэмцээний шалгаруултад ч нөлөөлдөг байх. Манай хүүхдүүд заал­­гүй болохоор тэм­цээнд оролцохоос ичдэг тухайгаа ч ярьдаг юм. Тэглээ гээд яахав дээ. Зориулалтын заалгүй болохоор бидэнд бэлтгэл хийх ямар ч боломж байх­гүй. Бэлтгэл сургуулилтаас гадна хүүхдүүдийн эрүүл мэнд, хөдөлгөөний дутаг­дал л хамгийн тулгамдсан асуудал болоод байна” гэж ярилаа. Тус сургуулийн биеийн тамир ордог коридор нь эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс хүүхдүүд осолдох, гэмтэх тохиолдол олон гардаг аж. Сургууль дотроо биеийн тамирын заалгүй ч дулааны улирал эхлэхээр гадна талбайд биеийн тамирын хичээлээ хийх боломжтой байдаг. Гэтэл энэ сургуульд гадна тал­бай бас л байхгүй. Хуучин байсан талбай дээр нь хувийн компани барилга барьчихсан. Энэ сургууль 1700 гаруй сурагчтай. Зөвхөн спортын заалгүй ганц сургууль дээр л гэхэд ийм олон хүүхдийн эрүүл мэнд хаягдаж, бие бял­дараа зөв хөгжүүлж, эрүүл чийрэг хүн болон төлөв­ших насан дээрээ ийнхүү хөдөлгөө­нөөр “өлсөж” байна.

Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Тэмүүжин “Бид биеийн тамирын зориулалтын байргүй болохоор хүс­сэнээрээ тоглож чаддагүй. Стандартын зааланд тоглож үзээгүй болохоор тэмцээнд оролцохдоо ичдэг. Биеийн тамирын хичээлээр энгийн дасгал л хийдэг болохоор ямар ч сонирхолгүй байдаг. Үнэнийг хэлэхэд суух дургүй. Манай нэг найз 23 дугаар сургуульд сурдаг юм. Биеийн тамирын зориу­лалтын гоё заалтай гэсэн. Манай найз биеийн тамирын хичээлдээ хам­гийн дуртай гэж ярьдаг юм” гэв.

 

ХАМГИЙН ЖИЖИГ ЗААЛТАЙ СУРГУУЛЬ

 

Зориулалтын биеийн тамирын заалтай сур­гуулиуд байдаг ч тэднээс эрүүл ахуйн, стандартын шаардлага хангасан нь бас л цөөхөн. Нурж унах шахсан байртай, шал нь хэд хэдэн газарт цөмөр­сөн, дөрөвхөн метрийн өндөртэй, 9*18 метрийн харьцаатай буюу хамгийн жижиг заалтай сургуу­лийн нэг бол Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сур­гууль. Нэг цагийн хичээл  дээр 70 гаруй хүүхэд хамт ордог бөгөөд өдөрт доод тал нь 20 цаг хичээллэдэг. 1400 хүүхэд үсэрч, харайж, дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг  талбай багатай заал­ны хувьд хүндрэлтэй асуу­дал. Элэгдэлд орох нь ч аргаүй биз. “20 цаг дараа­лан ордог болохоор цэвэр­лэгч нь тэр бүр цэвэрлэж чаддагүй. Урьд орой нь цэвэрлэгээгээ амжуулж хийдэг. Үүнээс болж хүүхдүүд өвчлөх магадлал өндөр байдаг” хэмээн тус сургуулийн биеийн та­мирын багш онцолж бай­сан юм. Одоогоор заалны шал нь хэд хэдэн газартаа цөмөрсөн бөгөөд доод талын ангийг нь ашиглах боломжгүй болжээ. Түүнээс гадна нэг цагийн хичээл дээр орж байгаа 70 гаруй хүүхдийг эрсдэлээс хамгаална гэдэг бас л хэ­цүү. Хэзээ заал нь нураад унах бол доо гэсэн айдас тус сургуулийнхныг нөм­рөөд байна. “Манай сургуулийн хувьд биеийн тамирын заалтай ч аюул­гүй байдлын шаардлага хангаагүй. Хэзээ ч нурж мэдэхээр эрсдэлтэй бай­далд байгаа. Талбай жи­жиг болохоор хүүхдүүдэд шаардлагатай дасгал хө­дөлгөөнийг нь хийлгэхэд хэцүү байдаг. Гэхдээ заал­гүй сургуулиудыг бодвол ортой л юм даа. Түүнээс шаардлага хангадаггүй” хэмээн тус сургуулийн биеийн тамирын багш Б.Бөхбат ярилаа. Ийнхүү хэдэн мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, хөдөл­гөөний дутагдалд орж байна. Томчуудын буруу, төрийн буруу бодлогоос болж бие бялдрын догол­долтой өсөн хүмүүжиж байгаагаа тэд өөрсдөө ч мэдэхгүй. Европын орнуу­дад  цаг агаарт тохируулан улирал, улирлаар нь ээлж­лэн хичээллэх спортын заалууд байдаг гэнэ лээ. Гэтэл манай улсад улиралд зориулсан спортын заал битгий хэл заалгүй, жижиг­хэн заалтай нь ч ховор байна.  Кембрижийн бо­ловс­ролыг нэвтрүүлнэ, сурагчдын сурлагын төв­шинг тогтооно гэж гадаа­дын байгууллагад их хэм­жээ­ний төлбөр төлж бай­хаар үүнд зарцуулж байгаа хөрөнгийнхөө тал хувиар ч болтугай ганц сургуулийг спорт заалтай болгоосой.