Д.БОЛОРМАА
Одоогийн байдлаар Ерөнхий сайдын батламжилсан хамгийн отгон Засаг дарга нь. С.Сүхбаатар нь Японд улс орнуудын хөгжлийн сэдвээр магистр, докторын зэрэг хамгаалаад ирсэн судлаач. Судлаачаас гадна эрхзүйч мэргэжилтэй юм байна. Аав нь цагдаагийн байгууллагад насаараа ажилласан бол ах нь өмгөөлөгч гээд түүний гэр бүл эрхзүйчид гэхэд болно. Аймгийн Засаг даргаас өмнө орлогчоор ажиллаж байсан түүний тухай товч өгүүлэхэд ийм байна. Харин аймгаа удирдах ур ухаан, хийх ажлынх нь талаар ийн хөөрөлдлөө.
-Та Засаг даргаар томилогдоод удаагүй ч өмнө нь орлогч байсны хувьд хийж хэрэгжүүлэх ажил цээжинд бичээстэй биз. Дундговь гэдгийг шууд тодорхойлох ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр зэхэж байна?
-Саяхан нийслэлд орон нутгийн удирдлагуудад салбарын сайд нар шинэчлэлийн ажлаа танилцуулсан. Энэ хурлаас аймаг бүрт хийх ажлууд гарлаа гэж дүгнэж болно. Миний хувьд хийх ажил их байна. Бүгдийг нь энд тоочиж болно. Гэхдээ тоочихоос илүү ард иргэдээсээ асууна. Бүх сумаар явж иргэдтэй уулзаж ярилцаад санал нэгдсэн хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ер нь манай аймаг бусад аймагтай харьцуулахад онцлог давуу талуудтай. Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байрт ордог. Одоо аймгийн мал бүхий нэг өрхөд дунджаар 236 толгой мал ногдож байна. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58, гөлтгөнийн 32, эрдэс будгийн 53 хувь нь манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Нийслэлд ойр учир бага зардлаар говь, тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэх боломжтой. Энэ утгаараа аялагчдын тоо жил бүр өсч байна. Дээрээс нь жилд нартай өдрийн тоо харьцангуй олон, салхины хурд их учир нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломж бий.
-Энэ онд багтааж нийслэлээс Өмнөговь руу хатуу хучилттай зам тавихаар болсон. Энэ зам танай аймгийг дайран өнгөрөх учраас зам дагаж хөгжил ирнэ гэдэг шиг хөгжлийн түүчээ нь байж болох юм?
-Зам барих зургаан аймгийн нэгд нь манайх орж байгаа. Ямар ч байсан хатуу хучилттай замтай болох нь дамжиггүй бололтой. Одоогоор Даланзадгад руу явж байгаа замын 50 километр нь тавигдсан. Цаашид 250 километр дутуу. Энэ бол дор хаяж хоёр жилийн ажил болов уу гэж харж байна. Ер нь хатуу хучилттай замтай холбогдсоноор бидэнд том боломж ирж байна. Ялангуяа, Дундговь нь Өмнөговь аймгийн хүнс, барааны хэрэгцээг хангах зах зээл болохыг эрмэлзэж байгаа. Тэр дундаа, Оюутолгойд ажиллаж байгаа ажилчдын хэрэгцээний тодорхой хувийг нь хангах баазыг аймагтаа бий болгоё гэж зорьж байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанийнхан өндөр хэрэглээний бараагаа нийслэлээс зөөдөг байсан бол тодорхой хувийг нь Дундговь аймгаас зөөх боломжтой гэсэн үг. Энэ нь Өмнөговь аймгийн хувьд төсөв мөнгө, цаг хугацаа хэмнэх том боломж юм. Гэхдээ үүнийг аймгийн удирдлагууд дангаараа шийдэх асуудал бол биш. Ард иргэд ямар саналтай байгааг нь асуусны дараа шийднэ. Өөр нэг бодлого бол үйлдвэржилтийн асуудал. Яахав, олон жилийн өмнөөс манай аймагт махны үйлдвэр барина гэж Засгийн газрын төвшинд ярьж ирсэн нэг төсөл бий. Тэр төсөл нь Засгийн газрын үед ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаа. Дээрээс нь Дундговь аймагт байх ёстой үйлдвэрийн нэг нь сүү. Яагаад гэвэл манай мах, сүүн бүтээгдэхүүний чанар бусад аймагтай харьцуулашгүй. Харин арьс шир, ноос ноолуурын тухайд бидэнд нөхцөл нь бүрдэхгүй байна. Учир нь манайх усны хомсдолтой. Ус их хэмжээгээр шаарддаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж одоогоор алга. Өөр нэг зовлон нь төрөл бүрийн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхээр үйлдвэрийн байр дутагдалтай байна. Үүнийг улсын төсөв юм уу орон нутгийн хөрөнгөөр барих учиртай. Тэгэхгүй бол аж ахуй нэгж бүр тус тусдаа умгар юм бариад байвал үйлдвэрлэл бүрэн төгс хөгжихгүй байгаа юм. Нөгөө талаас санаа зовоох асуудлын нэг нь бас ус юм. Усны нэмэлт үүсвэрийг олох шаардлага аминд тулсан гэхэд болно.
-Нэмэлт эх үүсвэрийг яаж бий болгох вэ?
- Мандалговь орчмоор нарийн судалж усныхаа эх үүсвэрийг тогтоох шаардлага байгаа. Одоогоор аймгийн төвийнхөн 30 километрийн холоос усаа зөөж байна. Зөөж байгаа усны нөөц дуусч, чанар нь ч муудаж унданд хэрэглэхэд чанаргүй болж байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа. Тэгэхээр усны шинэ эх үүсвэр ярихаас өөр аргагүй. Шинэ эх үүсвэр нь нэг талдаа ундны усны асуудал шийднэ. Нөгөө талдаа үйлдвэрлэл хөгжих суурь болно.
-Дундговьд ажилгүй иргэн хэд байдаг юм. Тэднийг ажил, орлоготой болгох, цаашлаад боловсон хүчнийг орон нутагт татах ямар санал санаачилга байна?
-Ажилгүй иргэд гэвэл албан ёсны бүртгэлтэй ч байна, бүртгэлгүй ч бий. Ер нь дунджаар 2000 орчим хүн ажилгүй гэсэн судалгаатай. Тэр дотроо нэг хэсэг нь ажилтай болмогц нөгөө хэсэг нь ажилгүй болоод ороод ирдэг. Ажилгүй иргэдийн тоо 2000 орчимд байнга хэлбэлздэг гэх үү дээ. Тэр олон хүнийг ажилтай болгохын тулд, хөдөлмөрт бэлтгэхийн тулд мэргэжил эзэмшүүлэх ёстой. Тийм боломж нь Дундговьд бий. Манай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв улам өргөжиж байна. Хамгийн гол нь ямар үйлдвэрлэл түлхүү хөгжих боломж байна тэр чиглэлд нь боловсон хүчнээ бэлдэх ёстой. Түүнээс биш хүн болгон өөрийнхөө сонирхсоноороо үсчин, гоо сайханч болоод нэмэргүй. Ингэж явбал үр дүн алга. Тиймээс хөгжих үйлдвэрээ тодорхой болгоод боловсон хүчнээ бэлдэх асуудал байгаа юм. Нөгөө талдаа сумдынхаа хөгжилд анхаарах шаарлага байна. Ер нь сумдад жижиг, дунд үйлдвэрлэл чамгүй хөгжсөн. Тэр нь болохоор Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хүмүүс зээл аваад талх нарийн боов, оёдол, жижиг барилгын материалын үйлдвэр гээд жижиг үйлдвэрлэл бий болсон. Эдгээр нь бүх суманд нэг ижил үйлдвэрлэл. Гэвч нэг харамсалтай зүйл бий. Юу гэхээр тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зөвхөн сумынхаа зах зээлд борлогдож байна. Гадагшаа гарах боломж байхгүй. Яагаад гэвэл бусад суманд яг тэр төрлийн үйлдвэрлэл нь байгаа. Энэ буруу тогтолцоо. Сум бүрт тодорхой чиглэлээр дагнасан үйлдвэр байж бусдад нийлүүлж ашиг олно уу гэхээс ижил бараа үйлдвэрлээд ашиг олох боломжгүй. Үүнийг эргээд харахад жижиг үйлдвэрүүд зах зээлээ хуваагаад амь аргацаасан ашиг олж байгаа юм. Тэр нь чанартай, чанаргүй янз бүр. Тиймээс сум бүр тодорхой чиглэлээр дагнах шаардлагатай. Тухайлбал, Дэлгэрцогт сум гэхэд ноосоор эсгий хийдэг. Ноосыг нь бусад сумаас нийлүүлж оронд нь эсгий бүтээгдэхүүнийг солилцон авах ёстой. Ингэж харилцан солилцож байж хөгжих боломж гарч ирж байгаа юм. Дээрээс нь хүнд суртлыг арилгах ёстой. Тэр дундаа зөвшөөрөл авдаг тогтолцоог нь хялбаршуулах хэрэгтэй.
-Дагнахын тулд төсөв мөнгө бас хэрэгтэй болно биз дээ?
-Хувийн хэвшлийг дэмжсэн зүйлд улсын төсвийг зарцуулах нь хориотой. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрт нь зориулсан хөрөнгийг бодлогодоо чиглүүлэх шаардлага байна. Ингэхдээ төсвийг нь хүмүүст зүгээр тараагаад өгөх биш, эсгийгээр дагная гэвэл эсгийгээр юм хийж чаддаг бүх хүнийг нэгтгээд хоршоо болгон зээлийг нь өгнө. Дээр нь мэргэжилтэн дутмаг байвал түүнийг нь бэлдэж өгч, тоног төхөөрөмжөөр нь хангаад явбал үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж харж байна.
-Танай аймгийн орлого яг хэд билээ. Зарлагаа нөхөх юм уу?
-Хуучин бол орлого нь зарлагаасаа бага байсан. Одоо зарлагаа нөхөж байна. Гэхдээ бусад аймаг шиг овойж товойсон орлого байхгүй. Энэ утгаараа улсын төсвөөс орон нутгийн хөгжилд зориулж өгсөн 9.4 тэрбум төгрөгөөр маш оновчтой менежмент хийж чадах юм бол тодорхой үр дүн гарна.
-Яг юу хийнэ гэж?
-Ард иргэдтэйгээ ярьж байж шийднэ. Том төслүүдийг санхүүжүүлэхгүй. Яагаад гэвэл улсаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам харгуйд хөрөнгө оруулалт хийдэг. Зөвхөн орон нутагт ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн чанартай асуудлыг шийдэхэд л зарцуулна.
-Та усны асуудалтай гэж байна. Усны хомсдолоос үүдсэн хор уршиг гарч байна уу?
-Аймгийн төвийн хувьд эрсдэлжилт ихтэй. Ер нь манайх гэлтгүй говийн усны эх үүсвэр нь эрсдэлжилт ихтэй байдаг шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар уснаас болоод ийм төрлийн өвчин ихсээд байна гэх судалгаа гарч ирээгүй. Аажимдаа хүний биед нөлөөлж байгаа гэдэг нь тодорхой.
-Дундговийг аялал жуулчлал хөгжүүлэх бааз нутаг гэдэг. Ялангуяа, түүхийн олдвор олон учраас аялал жуулчлалаар ашиг олох боломжтой юу?
-Бид аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө гэж гаргасан. Байгалийн үзэсгэлэнт газар түшиглэсэн аялал жуулчлалын баазууд цөөхөн хэдэн газар бий. Тэд жуулчдын урсгал явж байгаа гол маршрутаас хөндий учраас жуулчид авах боломж нь хомс. Яахав, зүгээр нэг амралтын газар буюу дэн буудлын үүрэг гүйцэтгэж байна. Цаашид жуулчдыг зориуд хүсч очдог тийм газартай болохыг эрмэлзэж байгаа. Гэхдээ аймгийн хэмжээгээр дандаа жуулчин болно гэвэл бас худлаа. Зөвхөн боломжтой газраа түшиглэнэ. Жишээлбэл, Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа бий. Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд, эртний бэхлэлт цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин. Түүнчлэн эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай. Энэ утгаараа байгалийн үзэсгэлэнг илэрхийлсэн аяллыг хөгжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тэнд бүх хөрөнгө, хүчээ зориулаад үр шимийг нь хүртэнэ гэсэн бодлого баримталж байна. Аялал жуулчлал нь байгалийг үзэхээс гадна уламжлалт ёс заншлыг харуулсан, эсвэл урлаг соёлын арга хэмжээтэй байж болно. Энэ мэтчилэн янз бүрийн хэлбэрээр нутагтаа жуулчдыг татаж ирүүлэх аргаа сонирхлын аялал жуулчлалын загвараар хөгжүүлж болох юм. Үүний тулд орон нутгийн иргэдтэй ойлголцох ёстой. Тэд хүлээн зөвшөөрвөл ажил хэрэг болгох боломж нь байна.
-Дундговьчуудыг уужуу тайван хүмүүс гэдэг. Та нутгийнхаа зон олны талаар яриач?
-Дундговьчууд үнэхээр тайван амгалан, хүлээцтэй тэвчээртэй ард түмэн. Нөгөө талаар их хөдөлмөрч. Манай аймгийн Засаг даргаар ажилласан олон хүн бий. Тэдэнтэй ярьж байхад “Намайг ажиллаж байхад ингэж хөдөлж байсан. Том бэрхшээлийг ингэж давсан. Бүтээн байгуулалт ингэж хийсэн” гэдэг. Зөв зохион байгуулаад удирдлага нь санаачлагатай манлайлагч байж чадах юм бол ард түмэн нийтээрээ хөдөлж өөрсдийн амьдралаа дээшлүүлэх бүрэн бололцоотой. Ийм л ард түмэн манай аймагт бий. Дундговь аймгийн бүтээлч хөдөлмөрч, оюунлаг ард иргэдийн дотроос улсын баатар гурав, хөдөлмөрийн баатар 16, ардын цолтон ес, төрийн шагналт 10, гавъяат цолтон 120 гаруй, эрдэмтэн доктор 18, улсын цолтой бөх 12, улсын цолтой уяач найм, төрийн шагналт зохиолч 11 төрөн гарсан нь бидний бахархал билээ.