Д.БАЯР
УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед Сангийн яамнаас Монгол Улсад Баялгийн сан байгуулах талаар ихээхэн ярьж, бичих боллоо. Та уншигчдад Баялгийн сан гэж юу болох талаар товчхон танилцуулахгүй юу?
-Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул, уурхайн салбар эрчимтэй өсч байна.
Энэ салбарын бодит өсөлт 2010 онд 3.6 хувь байсан бол 2012 онд 8.9 хувь болж нэмэгдсэн байна. Цаашлаад Оюутолгойн үйлдвэрлэл эхэлж байгаатай холбоотой энэ салбарын үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ.
Уул, уурхайн салбар ДНБ-ий 18.6 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Эдийн засаг, экспортод эзлэх байр суурь ингэж нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ салбараас орж ирэх орлогыг Монгол Улсын нийт эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар, өнөө болон ирээдүй үед хүртээмжтэй, зүй зохистой харьцааг нь хэрхэн хангаж удирдах вэ гэдэг асуудал гарч байгаа юм.
Бидний өвөг дээдсээс хөндөлгүй хадгалж ирсэн байгалийн баялагийг олборлосны үр ашгийг зөвхөн бидний үе хэрэглээд, зараад дуусах нь шударга бус юм. Маш хялбархнаар тооцоолж үзвэл өнөөдөр бид уул, уурхайгаас олсон 100 төгрөг тутмын 30 төгрөгийг 4 орчим хувийн бодит өгөөжийн төвшинтэйгээр ирээдүй үедээ зориулан хадгалахад 30 жилийн дараа 100 төгрөг болохоор байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээгдэхгүй, хязгаарлагдмал байгалийн баялгийн зарим хэсгийг нөхөн сэргээгдэх буюу жил тутам тодорхой хувийн үр өгөөж өгөх хадгаламж буюу санхүүгийн нөөц хэлбэрээр ирээдүй үедээ өвлүүлж болж байна.
Өнөөдөр баялаг бүхий олон улсад “Баялагийн сан” олноор байгуулагджээ. Эдгээр сан дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч болсон байна. Баялгийн сан нь ихэвчлэн төрийн өмчит хуулийн этгээд хэлбэрээр буюу Олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хувьцаа, бонд, үнэт металл болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө байршуулж, өөрийн хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй, урт хугацаанд хамгийн үр ашигтай ажиллах зорилттой ажилладаг. Улс орнууд баялгийн сандаа түүхий эдийн экспортын орлого, төлбөрийн тэнцэлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьчлалын орлогоо хийх замаар сангаа бүрдүүлдэг. Нийт сангуудын гуравны хоёр нь буюу 70 орчим хувь нь байгалийн баялгийн орлогоос Баялгийн сангаа байгуулсан байгаа юм.
-Засгийн газрын олон сан байдаг. Эдгээр дээр нэмж, Баялгийн санг байгуулах шаардлага, бусад сангуудаас ялгарах онцлог, ач холбогдол юу вэ?
-Засгийн газрын олон тооны тусгай сан бий. Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудыг хэрхэн ангилах, үйл ажиллагааны зарчмуудыг хэрхэн тодорхойлох талаар тодорхой судалгаа хийж байна. Одоо байгаа Засгийн газрын тусгай сангуудыг Баялгийн сан, Эргэлтийн сан, Үүргийн сан, Нөөцийн сан гэж ангилан авч үзэж болохоор харагдаж байгаа. Эргэлтийн сан гэдэгт үйл ажиллагаа нь жил дамнан байнга хэрэгжих өөрт олгосон эх үүсвэрийг хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулах буюу тухайлбал үйлдвэрлэл, ажлын байр бий болгох зээл өгөх замаар тодорхой орлого олж, зээлээ эргэн төлүүлж тухайн үйл ажиллагаагаа дахин санхүүжүүлээд явах санг ойлгож болно. Нөөцийн сангийн хувьд гамшгийн нөөцийн сан, стратегийн нөөцийн сан гэх мэт сангууд орох бол үүргийн санд та бидний сайн мэдэх Эрүүл мэндийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын гэх мэт сангууд орж болж байгаа юм.
Харин Баялгийн сан байгуулах үндсэн үзэл баримтлал нь уул, уурхайн салбарын орлогын өсөлтөөс хамаарсан эдийн засгийн хэт халалт, Голланд өвчин буюу уул, уурхайн салбарын орлогын өсөлтөөс хамааран бусад салбарын өрсөлдөх чадвар алдагдах, хөгжил нь саарахаас сэргийлэх юм. Энэ утгаараа Баялгийн сангийн бүх хөрөнгийг гадаад зах зээлд байршуулах буюу дотоодод мөнгөний нийлүүлэлт, валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх замаар үр, өгөөж олох ёстой.
Баялгийн сан нь байгуулагдсан зорилгоороо Тогтворжуулалтын сан, Хуримтлалын сан, Болзошгүй нөөцийн сан гэсэн ерөнхий гурван төрөлд хуваагдаж байна гэж үздэг.
Тогтворжуулалтын сангууд нь Засгийн газрын төсвийн орлогын хэлбэлзлийг багасгах, үндэсний эдийн засаг болон төсвийн зарлагыг циклээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулах, тэнцвэржүүлэх зорилготой, хуримтлалын сан нь өнөөгийн нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг болон эдийн засаг дахь нөөц, бололцоог ирээдүй үеийнхэнд хуваарилах зорилгод зориулсан хадгаламжийг бий болгох, энэхүү хуримтлагдсан хөрөнгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн нөөц болгон удирдах зорилготой, болзошгүй нөөцийн сан хуримтлалын сангаас гадна зарим улс орнууд ирээдүйд тухайн улс орны нийгэм, эдийн засагт бодитой учрах томоохон хүндрэл, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор хуримтлал үүсгэдэг байна.
Манай улсад одоо байгаа сангуудаас Төсвийн тогтворжуулалтын сан, Хүний хөгжил сан нь Баялгийн сангийн зарим шинж чанарыг агуулж байгаа юм. Тухайлбал, бид уул, уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнэд үндэслэн бодитойгоор тооцож хэрэв бүтээгдэхүүний үнэ өндөр байвал энэ хэсэгт ногдохыг хадгалах, улмаар бүтээгдэхүүний үнэ бидний тооцож тусгаснаар бага гарч төсвийн орлого тасалдвал авч зарцуулж байх Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулсан.
Харин Хүний хөгжил сангийн тухай хуулийн зорилго нь уул, уурхайн салбарын орлогоос тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх юм. Өөрөөр хэлбэл, энэ санг байгуулсан зорилго нь хуримтлалын сан бий болгох байсан боловч зарцуулалтыг нь хязгаарлаагүйгээс бүх мөнгөө хишиг, хувь болгон тараачихсан. Цаашид бид энэ хоёр сангийнхаа удирдлага, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, магадгүй өөрчлөн зохион байгуулах замаар Баялгийн сангийнхаа тогтолцоог бүрдүүлнэ.
-Тэгэхээр одоо байгаа Төсвийн тогтворжуулалтын сан, Хүний хөгжил санг ямар нэг хэмжээгээр өөрчлөн зохион байгуулах асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Эдгээр сангуудыг өөрчлөх шаардлага яг юу байна вэ?
-Эдгээр сангууд байгуулагдаад 2-3 жил болж байна. Хүний хөгжил сангийн хувьд асуудал маш тодорхой байгаа. Тус сангийн хуулийн зорилго нь уул, уурхайн салбарын орлогоос тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэх. Гэвч энэ санд байнгын нөөц бүрдээгүй харин урьдчилгаа төлбөр зэрэг өр, зээлийг энэ сангаас төлөх шаардлагатай болчихсон байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийг төвлөрүүлж байгаа энэ санг хуримтлалын санд шилжүүлэх шаардлагатай байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зах зээлийн үнэ тэнцвэржүүлсэн үнээс өндөр байгаа нөхцөлд Төсвийн тогтворжуулалтын санд хөрөнгө төвлөрүүлэхээр заасан. Мөн энэ хуулиар тэнцвэржүүлсэн төсвийг ДНБ-ий хоёр хүртэлх хувийн алдагдалтай баталж болохоор заасан. Өнгөрсөн хоёр жилийн хувьд энэ санд 330.0 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан. Харин бид 1.9 их наяд төгрөгийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийн алдагдалтай ажиллаж Засгийн газрын бонд, зээлээр санхүүжүүлсэн байдаг. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Төсвийн тогтворжуулсан санд хуримтлагдсан хөрөнгийг хэн, хэрхэн удирдах талаар тусгасан зохицуулалт тодорхой биш байгаагаас сангийн хөрөнгө Монголбанк дахь тусгай дансанд хүүгүй байршиж байна.
Дүгнэж хэлэхэд Хүний хөгжил сан болон Төсвийн тогтворжуулалтын сан хэрхэн хөрөнгө хуримтлуулах, нэгэнт хуримтлагдсан хөрөнгийн удирдлагыг ямар бүтцээр хийх, институцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим ямар байх талаар ойлгомжтой, нарийн, тодорхой, цогц хуулийн зохицуулалт дутагдаж байгаа юм.
-Жил бүр уул, уурхайн орлогын багагүй хэсгийг Баялгийн санд төвлөрүүлээд түүнийг хэрхэн удирдаж, зарцуулах вэ. Энэ талаарх тодорхой бодлого, чиглэлийг хэн, хэрхэн гаргах вэ?
-Би түрүүнд Баялгийн сан гэж юу болох манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар хэлсэн. Баялгийн сан нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хадгалах бодлогын нэг арга хэрэгсэл юм. Олон улсын жишгээр баялгийн сангийн ерөнхий удирдлагыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яамд нь хэрэгжүүлдэг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, уул, уурхайн салбарын орлогын удирдлагын асуудлыг нэн даруй тодорхой болгох хэрэгцээ, шаардлага, олон улсын жишгийг харгалзан Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар нь Баялгийн сангийн хэлтэстэй байх зохион байгуулалтыг хийж, Засгийн газраас энэ бүтцийг баталсан. Тэгэхээр цаашид Сангийн яам Монгол Улсын Баялгийн сангийн талаар баримтлах бодлого, чиглэлийг нэгтгэн зангидаж, удирдлага зохицуулалтыг хийнэ.
Одоо бидний нэн тэргүүнд хийх асуудал нь өөрийн орны нөхцөл байдал, гадаад улсуудын туршлагыг үндэслэн хууль, эрхзүйн маш нарийн зохицуулалтыг нэн даруй бүрдүүлэх асуудал болоод байна.
Дараагийн асуудал нь Баялгийн санд хуримтлагдсан хөрөнгийг хэрхэн үр дүнтэй удирдах вэ гэдэг асуултад хариулт өгөх хэрэгтэй. Норвеги, Чили гэх мэт ихэнх орнуудад Сангийн яамнаасаа Баялгийн сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгслүүдэд хэрхэн байршуулах талаарх зааварчилгааг боловсруулж, батлуулан хөрөнгийг санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн этгээдэд өгч, түүнийгээ хангуулж ажилладаг.
Монгол Улсын хувьд мөн энэ зарчмаар ажиллана гэж төлөвлөж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Монгол Улсын хувьд Баялгийн сангийн удирдлагын асуудал цоо шинэ юм. Бид өмнө нь гадаадын зээл, тусламж авч байсан бол одоо өөрсдөө хуримтлал үүсгэж, түүнийгээ гадаад орнуудын Засгийн газрын бонд худалдан авах эсвэл олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанд байршуулах замаар хөрөнгийнхөө урт хугацааны үр ашгийг хамгийн өндөр байлгахаар ажиллах болж байгаа юм.
-Баялгийн сан гэж багагүй хөрөнгөтэй сан байгуулагдах нь байна. Энэ сангийн хөрөнгийн удирдлагын асуудал олон нийтэд ил тод, улс төрөөс хараат бус байдлаар шийдэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаа болов уу?
-Олон улсад Сангийн яам нь Баялгийн сангийн хөрөнгөө нэг бол өөрийн Төвбанкиндаа өгч удирдуулах эсвэл тусгай санхүүгийн корпораци байгуулж удирдуулдаг үндсэн хоёр арга зам байдаг. Мөн олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллагыг хөлсөлж авч өөрийн хөрөнгөө удирдуулах боломж ч бас нээлттэй байгаа. Сангийн яамнаас Баялгийн сангийн институцийн зохион байгуулалтыг яаж хийхийг нэлээд нухацтай судлан шийдвэрлэх чиглэл барьж байна.
Олон улсад Баялгийн сангаас санхүүгийн хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаарх санхүүгийн хөрөнгө оруулалтын зааварчилгааг гаргахдаа мэргэшсэн санхүүгийн зөвлөлийн зөвлөмжийг авдаг туршлага бас бий.
Засгийн газраас Баялгийн санд хуримтлуулсан хөрөнгө улс төрийн зорилгоор ашиглагдах, аль нэг нам, хүчний улс төрийн амлалтыг санхүүжүүлэх эх үүсвэр болохгүй байх бүх хамгаалалт, зохицуулалтыг хуульд нарийн тусгах бодлого барьж байна.
Сангийн яамны хувьд Баялгийн сангийн хөрөнгийг удирдах санхүүгийн корпораци байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын хувьд олон улсын санхүүгийн зах зээлд ажиллах үндэсний чадавхи бүрдүүлэх замаар хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Дэлхий дээр анх баялгийн сан байгуулсан Кувейт улс болон АНУ, Канад, Солонгос, Хятад гэх мэт улсууд өөрсдийн хөрөнгө оруулалтын корпорацитай байдаг жишгийг баримтлахаар төлөвлөж байна.
-Баялгийн сангийн асуудлаар Сангийн яамнаас ойрын хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө юу байна вэ. Хууль, эрх зүйн орчныг шинэчилэн өөрчлөх гэх мэт асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?
-Эхний ээлжинд Сангийн яам, Дэлхийн банк хамтран “Үр ашигтай баялгийн сангийн удирдлага” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлээд 21-ийг хүртэл зохион байгуулна. Хурлын зорилго нь Монгол Улсад Баялгийн сангийн иж бүрэн тогтолцоог бий болгох үүднээс олон улсын экспертүүдийг оролцуулсан бодлогын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулна.
Үүний дараа Монгол Улсад Баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн үзэл баримтлалыг дахин нарийвчлан боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Сангийн яам, Дэлхийн банк хамтран “Үр ашигтай баялгийн сангийн удирдлага” олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хурлаар ямар асуудал хэлэлцэж, түүнийгээ хэрхэн үр дүнд хүргэхээр тооцоолж байна вэ?
Хуралд Баялгийн сан байгуулж удирдаж байгаа Норвеги, Чили зэрэг найман орны төлөөлөгч оролцож өөрсдийн орны туршлагыг танилцуулна.
Олон улсын хурлын үр дүнд Монгол Улсын хувьд Баялгийн сангаар дамжуулан хэрэгжүүлэх үндсэн зорилтууд юу байх, жил бүр хэдий хэмжээний хөрөнгө хадгалах, хуримтлагдах хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ ямар хэмжээний эрсдэл хүлээж, хэрхэн шийдвэрлэх, баялгийн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны удирдлагыг ямар байгууллага хэрэгжүүлэх, хэрхэн ил тод, хариуцлагатай байдлыг хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой үр дүнтэй хурал болно гэж найдаж байна.
-Эцэст нь Монгол Улсад бий болгох Баялгийн сангийн тогтолцооны талаар таны төсөөллийг сонирхож болох уу?
-Сангийн яамнаас урьдчилсан байдлаар хоёр Баялгийн сантай байх нь зүйтэй гэж үзэж байна. Уул, уурхайн салбараас орох орлогоос төсвийн тогтвортой байдлыг хангах зорилготой Төсвийн тогтворжуулалтын сан, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, уул, уурхайн орлогын үе хоорондын хуваарилалтыг тэгш болгох зорилготой ирээдүй үеийн сан гэсэн хоёр сантай байна.
Эдгээр сангуудын хөрөнгийн ерөнхий удирдлагыг Сангийн яам хэрэгжүүлэх юм. Мөн хөрөнгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх бие даасан хөрөнгө оруулалтын корпораци байгуулах нь Засгийн газрын хөрөнгийн удирдлагын үндэсний чадавхийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Баялгийн сангийн хөрөнгийг ард түмний хяналтад, хараат бус бие даан, ил тод хариуцлагатай удирдах бүх нөхцөл, боломжийг хуулиар бүрдүүлнэ.
Сангийн яамнаас уул, уурхайн салбараас төсөвт орох орлогоос хэдий хэмжээтэйг хадгалах нь зохистой талаар өөрийн эдийн засгийн шингээх чадвар, төсөв, санхүүгийн байдалтай холбоотой судалж тогтооно. Бид Баялгийн санг байгуулснаар төсвийн тогтвортой байдлыг хадгалж, ирээдүй үедээ багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгө өвлүүлэн үлдээж чадна гэдэгт итгэлтэй байна.