Д.БОЛОРМАА

Дорноговь аймгийн иргэдийн санаа зовоох хамгийн том асуудал нь ураны олборлолт. Сум, сумын иргэд найз нөхөд, ах дүүсээрээ Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг аймагт нь ирнэ гэсэн сур­гаар ажил болгон Сайн­шанд хотод цугларчээ. Тэдний асуух асуулт ганц­хан ураны олборлолтын тухай. Ердөө Улаанбадрах сумын нэг айлын 22 тугал уранд хордож үхсэн бол тэдний хөршийн малаас хүзүүгүй ботго, хоёр тол­гойтой унага, нүдгүй хурга, ишиг төрсөн гэнэ. Энэ талаар иргэд зогсоо зайгүй ярьж, ураны олбор­лолтод Засгийн газар ямар байр суурьтай байгааг Н.Алтанхуягаас шалгаав.

-Улаанбадрах сумын иргэн Н.Төмөр: Цөмийн энергийн газраас томи­логдсон баг манай суманд ажиллаад явсан. Тэд хариугаа саяхан бидэнд илгээхэд “Хортой” гэж гарсан байна. Өнөөдөр ийм л орчинд манай сумын иргэд амьдарч байна шүү дээ. Дулаан уулын ураны орд, “Арево” компани уран олборлос­ноос болж манай суманд мал гажигтай төл гаргаж байна. Магадгүй цааш­лаад ургийн гажигтай хүү­хэд төрөхийг үгүйс­гэхгүй. Ийм байтал Зас­гийн газ­рын мөрийн хөтөл­бөрт яагаад шар нунтаг олбор­лоно гэж заасан юм бэ. Үүнд тодорхой хариулт өгөөч.

-Н.Алтанхуяг: Надтай хамт мэргэжлийн албад яваа. Та нартай уулзах байх. Ер нь би өөрөө физикийн багш хүн. Уран ямар хортой вэ гэдгийг хэнээс ч дутуугүй мэднэ. Энэ утгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр зүйлийг тусгайлан оруулсан байгаа. Үүнд, Монголын газар нутагт цөмийн хаягдал хэзээ ч булахгүй. Атомын цахил­гаан станц хэзээ ч барих­гүй гэж. Өмнөх Засгийн газрын үед атомын цахил­гаан станц барина гэсэн заалт байсан. Харин Шинэчлэлийн Засгийн газар үүний эсрэг байх болно. Тэр шар нунтагийн тухайд боловсруулж болох тухай л дурьдсан. Шар нунтаг бол тийм аюултай зүйл бас биш. Гэхдээ  энэ ажил иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж орон нут­гийнхан үзэж байвал нэгд­сэн ойлголцолд хүрсэн үед хийнэ гэсэн хариулт өгөв.  Улсын хэмжээнд ураны 83 хайгуул байдгаас 30 нь Дорноговь аймагт байгаа гэх. Иргэн Н.Төмөртэй адил ураны хайгуул, олборлолттой холбоотой­гоор байгаль орчин, мал амьтан, хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн талаар боди­той судалгаа мэдээлэл гарган орон нутгийнханд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг иргэд олонтаа дурьдсан. Улсын хэм­жээнд хайгуулын 80 лиценз олгосны 30 нь Дорноговь аймагт байдаг учраас орон нутгийн иргэд энэ асуудалд нэлээд эмзэг хандаж байгаагаа илэр­хийлж байлаа. Сайн­шандын аж үйлдвэрийн цогцолбор хэзээ ажиллаж эхлэх, кино театр хэзээ барих, хямд орон сууцны хөтөлбөр хэзээ хэрэгжих, автозамын ажил хэзээ дуусах зэрэг олон жил ярьсан ажлуудын эхлэх, дуусах цаг хугацааг иргэд асууж, үр дүнг нь хүлээж байгаагаа Ерөнхий сайдад дуулгалаа. Тэрээр нутгийн иргэдтэй уулзахаас гадна сургууль, эмнэлэг, жи­жиг, дунд үйлдвэртэй танилцаад амжсан юм.

 

БИЧИЛ БИЗНЕСМЭНИЙГ “БОЙЖУУЛЖ” БАЙНА

 

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг тэргүүтэй албаныхан Бизнес инку­батор төвийн үйл ажилла­гаатай танилцсан. Инку­батор гэдэг нь та бидний мэддэгээр бол хүүхэд бой­жуулагч аппарат. Тэгвэл жижиг, дунд бизнес эрх­лэхийг хүссэн хүн бүрийг ийм аргаар бойжуулж, халаасаа зузаатгах болом­жийг аймгийн Засаг дарга П.Ганхуяг дарга олгож байгаа юм байна. 2012 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр энэ төвийг байгуулсан бөгөөд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үзэсгэлэн худалдаанд хам­­руулах, зуучлах үйл­чилгээ үзүүлдэг аймгийн хэмжээнд анхдагч бай­гуул­лага юм. Одоогийн байдлаар энд 16 “бой­жигч” буюу анхлан бизнес эрхлэгчид, бизнесээ өргө­жүүлэхийг хүсэгч хувь хүмүүс ажиллаж байна. Сийлбэр, арьсан урлал, оёдол, эсгий болон буриад гутал урлал, нарийн боовны чиглэлээр тэдний бизнесийг өргөжүүлэн, цаашид хоршоо нөхөрлөл хэлбэрээр зах зээлд гар­гахыг тус төвийнхөн зорьж байгаа аж. Өөрийн гэсэн байртай болох нь энэ төвийнхний өмнө тулгамд­сан гол асуудал гэнэ. Жилийн нийт төсөв болох 60 сая төгрөгийнхөө 15 саяыг түрээсийн зардалд төлж байгаа нь төвийн үр дүнтэй үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд энэ асуудлыг анхаарч үзэхийг Бизнес инкубатор төвийн захирал Ц.Ариунцэцэг Ерөнхий сайдад уламжиллаа. Харин барилгын санхүү­жилт нь шийдэгдвэл газар ашиглах эрхийг үнэ төл­бөр­гүй олгохоо аймгийн Засаг дарга П.Ганхуяг дуулгав.

 

ОНОШЛОГООНЫ АППАРАТ ОЛГОХЫГ ХҮСЛЭЭ

 

Дорноговь аймгийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг нь 160 хүний ортой юм байна.  1931 онд орос эмч нар ирж ажил­ласнаар түүхээ бичиж эхэлсэн тус эмнэлэг 1992 оноос хойш ОХУ-ын тус­ламжаар баригдсан барил­гад үйл ажиллагаа явуулж буй аж. Эмнэлгийн амбу­ла­торийн үзлэг сүүлийн таван жилд 18 хувиар өссөн бол алсын дуудлага есөн хувиар буурсан. 2006 оноос хойш эхийн эндэг­дэл гаргаагүй, перинаталь эндэгдэл тууштай буурсан зэрэг эерэг үзүүлэлт гар­сан сайн мэдээг эмнэл­гийн дарга Ц.Алтанцэцэг албаныханд хэлнэ лээ. Говийн ус, шорооноос шалтгаалан шүд, нүдний өвчлөл энэ аймагт элбэг учир дээрх чиглэлийн оношилгоо, эмчилгээний тасгууд багагүй ачаалал үүрдэг байна. Харин нийс­лэл рүү явж эмчлүүлдэг байсан зүрх судасны чиглэлийн өвчтөнүүдээ Дорноговийн нэгдсэн эмнэлэг өөрсдөө бүрэн оношилж эмчлэх боломж­той болжээ. Ийм оноштой өвчтөнүүдийнхээ 60 хувийг орон нутагтаа эм­чил­дэг болсон нь сүүлийн үеийн өндөр хүчин чадал­тай тоног төхөөрөмжтэй болсонтой нь холбоотой гэнэ. Мөн тус эмнэлэгт дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд ирсэн ч зарим нь захиалсан шаард­лагад нийцээгүй, эсвэл зөвшөөрөл лицензээ аваагүйн улмаас одоогоор бүрэн ашиглагдаагүй бай­на. “Тендер шалгаруулалт нэрийн дор төсвийн хө­рөнгийг үр ашиггүй зар­цуул­даг байсны тод жи­шээ Дорноговийн нэгдсэн эмнэлэгт ч байгааг энэ дүр зураг харууллаа. Тендер­тэй холбоотой бүх асуудал нэг дээвэр дор орж байгаа учир цаашид оролцогч хувийн компаниудын эрх ашгийг иргэдийнхээс дээ­гүүрт тавьсан ийм хариуц­лагагүй байдал үргэлж­лэхгүй. Тэр дундаа эмнэл­гийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийг хатуу шаардлага дор явуулна. Юуны өмнө танайд улсын төсвөөр оношлогооны багаж авч өгье” хэмээн амалсан юм.

 

ДОРНОГОВЬЧУУД ЭНЭ ОНЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ БОЛГОЖЭЭ

 

Хол ойрын зоригчдыг үдэж угтах үүд хаалга болдог Дорноговь айм­гийнхан 2013 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгожээ. Энэ аймагт аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бий. Дэл­хийн өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон орчмын шашин-түүхийн дурсгалт газрууд аялагч жуулчдын сонирхол татдаг гол цөм нь юм. Сүүлийн жилүүдэд танин мэдэхүйн аяллаас гадна шашин мөргөл, бясалгалын аялал хөгжих хандлагатай байгаа гэх. Амралтын өдрийг ч алга­салгүй байнгын ажилла­гаатай байдаг тус музейн чухал үзмэрүүдийн тоонд 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн яс, далай тэнгисийн амьтан ургам­лын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч бай­сан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруу­лын ул мөр зэрэг палан­теологийн чухал олд­ворууд багтдаг байна. Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны сүүлчээр тус музейд зочлохдоо Чингис хааны дагуул тугийн нэг байсан гэх “Их цагаан сүлд”-ийг нь музейн брэнд болох ёстой хэмээн ач холбогдол өгч онцолсон байна. Сайншанд хотод өөр нэгэн томоохон музей ажилладаг нь ноён хутагт Данзанравжаагийн музей юм. Хутагтын үйл хэргийг илтгэх түүх дурсгалын үнэт эд зүйлсийг отгон шавийнх нь үр удам хам­гаалан сахиж, Манжийн дарлал, их хэлмэгдүүлэлт зэрэг түүх соёлын өвд халдсан бэрх үеүдээс авч үлдэж чаджээ. Улмаар шашин ном нээлттэй болсон үед догшин ноён хутагтын эд хэрэгсэл, бичиг соёлын дурсгалыг дэлгэн харуулахаар тус музейг байгуулж. Хутаг­тын чандар, хувцас өмсгөл зэрэг материаллаг эд өлгийн зүйлсээс гадна оюун санааных нь тусгал болсон гар бичмэл, уран зураг, баримал зэрэг нэн ховор үнэт бүтээлүүд энд эх хувиараа хадгалагдаж байна. Алдарт “Саран хөхөө” дуулалт жүжгийн гар бичмэл, жүжигт хэрэглэж байсан хувцас, нүүрний будаг, шашны үйл хэргийнх нь элдэв төрлийн хэрэгсэл, тоглож байсан шатар нь хүртэл бүрэн бүтнээрээ байна.  Ийнхүү өнгөрсөн долоо хоног Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, ГЕГ-ын дарга О.Ганбат нарын дарга дорнын говьд ажиллаж, иргэдэд тул­гамд­сан зарим асууд­лыг газар дээр нь шийдсэн ажилч хэрэгч өдрүүд байлаа.