Ө.СОНОР

Эрчүүд баярлаж өнжив. Монгол цэргийн баяр, шинэ цагийн зэвсэгт хүчин үүссэний 92 дахь хавар өчигдөр тохиосон. Энэхүү ойг баяр болгон өргөжүүлсэн учир эрчүүд хундага тулгасан байх. Сүхбаатарын талбайд харчуудынхаа эрүүл мэндийн үзлэгийг үнэгүй хийж, генерал цол олгож, эр хүний тухай бэсрэгхэн хэлэлцүүлгүүд ч энд тэнд өрнөжээ. Хүний хатуу амьдралыг туулахад, эх орноо харийн дайснаас хамгаалахад, үр хүүхдээ өсгөхөд эр хүний гүйцэтгэх үүрэг маш их. Тиймээс ч нүүдэлчин монголчууд эртнээсээ хүүгээ, ааваа, ханиа, ахаа, эрчүүдээ хүндэлж малгайг нь хоймортоо залж, цайныхаа дээжийг барьж ирсэн юм. Харин өнөө цагт эрчүүд бид баярлах, цэнгэхээсээ илүү өнөөдрийнхөө амьдарч буй орчин, дотоод ертөнц рүүгээ эргэн харах зайлшгүй шаардлага тулгарчээ. Эрчүүд бидний олонхи нь гэр бүлдээ халамжгүй, боловсролгүй, хүмүүжилгүй, бүдүүлэг, архи уудаг гэсэн тодорхойлолтод хамрагддаг болсон нь нуух аргагүй үнэн болсон байна. Жендер гэхээр л бид зөвхөн эмэгтэйчүүдийн эрх, тэднийг янз бүрийн хүчирхийллээс ангид байлгах эрх гэж ойлгодог байсан бол одоо эрчүүдийн эрх бүсгүйчүүдээс дутахгүй зөрчигдөж, биеийн бус ч гэсэн сэтгэл санаа, ахуй байдлын асар их хүчирхийлэл эр хүнийг байнга зовоож байгааг мэргэжлийн сэтгэл судлаачид анхааруулах болжээ.
Одоо хэдэн баримт дурдъя. Нийслэлд эрчүүдэд зориулсан эмнэлэг 400 байдаг бол эрчүүдийнх 10 байна, парламентын гишүүдийн 89 хувь нь эрчүүд байгаа ч төрийн албан хаагчдын 30 хувийг л эзэлдэг ажээ. Их дээд сургуульд суралцагчдын 39 хувь нь л эрчүүд, харин гадаадад хүнд хөдөлмөр хийж буй ажилчдын 92 хувь нь өнөөх эрчүүд маань байх юм. Энэ бол эхний л хэдэн баримтууд. Түүнээс цааш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байх харилцаа эрчүүдийн хувьд хэт зөрүүтэй байгаа жишээ олон.
Нийгмийн амьдрал дахь эр хүний нэр хүнд яагаад ингэтлээ унаа вэ. Үүнд хариу олох, эрчүүдийн асуудлыг засаг, төрийн анхааралд оруулахын тулд ажиллаж буй хэд хэдэн байгууллага манайд байна. Засгийн газрын дэргэдэх Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, “Адам” эрчүүдийн эмнэлэг гэх мэт байгууллагууд хамтарч өнгөрсөн баасан гаригт “Эрэгтэйчүүдийн өнөөгийн тулгамдсан асуудлууд” онол практикийн бага хурлыг зохиожээ. Энэхүү хуралд Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал А.Батсайханы тавьсан “Эрэгтэйчүүдийн хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэл анхаарал татаж байна. Хамгийн сүүлд гаргасан статистикаар манай улсад 1,969,795 эрэгтэй хүн амьдарч байгаа буюу нийт хүн амын 49,42 хувийг эзэлдэг гэж гарчээ. Харамсалтай нь эрчүүдийн маань 89,1 хувь нь бие бялдрын хөгжил муутай гэж судалгаагаар дүгнэгдсэн нь түгшүүр байв. Монгол эрчүүдийн маань үнэлэмж жилээс жилд буурч нийгмийн оролцоо, идэвхи, биеийн болон оюун санааны эрүүл мэнд доройтож байгаагийн шалтгаан нь эрчүүдэд зориулсан хөгжлийн нэгдсэн бодлогогүй, ямар ч нөхцөлд амьдрах чадвартай гэсэн хандлагатай байсантай холбоотой гэж үзсэн байна. Түүнчлэн эрчүүдийн нийгмийн хамгааллын систем үүсч, тогтворжоогүй, эрхийнхээ төлөө тэмцэх мэдлэг боловсролгүй, зарим тохиолдолд эр хүн гэдэг үүднээс ичиж зовдгоос хохирлыг нуруундаа үүрч хувь заяатайгаа эвлэрч байгаа тухай ч өгүүлжээ. Цаг бусаар тахир дутуу болж буй хүмүүсийн 80, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөгсдийн 90, амиа хорлогсдын 60 хувийг эрчүүд эзэлдэг байна. “Энэхүү баримтаас харахад монгол эрчүүд мөхлийн ирмэг дээр байна гэж хэлэх үндэслэл байгаа юм. Бодит байдлыг харуулахын тулд арга буюу эмэгтэйчүүдтэй харьцуулах шаардлага гарч байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн байгууллагын ажиллагааг ямар нэг байдлаар илүү үзэж байгаа хэрэг биш гэдгийг ойлгоорой” хэмээн тэрээр илтгэлдээ онцолсон байна. Эцэст нь эрчүүдээ дээрх бүх асуудлаас ангижруулахын тулд бид өөрсдийгөө хамгаалах үйлсэд нэгдэх, хамгаалах бодлого боловсруулах, архины хор хөнөөлөөс хамгаалсан дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээг дэлгэрүүлэх гэсэн санааг шийдэл болгон гаргаж иржээ. Түүний илтгэлээс товчлон хүргэе.
1. ТӨРИЙН АЛБАНД ЭРЧҮҮДИЙН ОРОЛЦОО БАГА БАЙНА
Төрийн албан хаагчдын 30 хувь нь эрчүүд байгаа нь хөгжлийн төвшинг тодорхойлох үзүүлэлт гэж болно. Үндсэн шалтгаан нь техник технологи, гадаад хэлний мэдлэг боловсрол доогуур, ажлын хариуцлага алддаг, их ашиг олдог хүнд хүчир ажилд эрчүүд зүтгэж мөнгөний машины үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой. Төрийн бус байгууллагын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд удирдаж олон зуун байгууллага үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, өөрийн гэсэн тохилог байртай байхад нийгэмд танигдсан эрчүүдийн төрийн бус байгууллага Монгол Улсын хэмжээнд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байна. Тэд орц хонгил, гудамжны буланд эрчүүдийнхээ төлөө ажиллаж байгаа нь нууц биш.
2. СУРЧ БОЛОВСРОХ СОНИРХОЛ БУУРЛАА
Эрэгтэй хүүхэд учраа олно, эмэгтэй хүүхдээ боловсролтой болгоё гэсэн хандлагаас үүдэн эрчүүдийн боловсрол илт доошиллоо. Их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын 39 хувь нь эрчүүд байна. Гэр бүлтэй болох гэр бүлээ тэжээн тэтгэх чадвартай байхын тулд эрчүүд ашиг орлого ихтэй хүнд хүчир хөдөлмөр эрхэлж сурч боловсрох явдлыг хойш тавьж байгаагаас боловсролын төвшин буурч байна. Иймээс өөрийгөө илэрхийлж хүссэн ажлаа хийж бүтээж чадахгүй ихэнх тохиолдолд ямар нэгэн гутралд орж ихээхэн бухимдалтай аж төрж байна. Гадаадад ажиллагсдын 92 хувь нь эрчүүд байгаа нь эрэгтэйчүүдийг мөнгө олох зорилгоор харьд илгээж буйг илтгэнэ.
3. ЭР ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг бид хөндөж чадаж байгаа ч эрчүүдийнхийг чимээгүй өнгөрч байна. Гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн эмэгтэй хүн л өртдөг гэсэн хатуу үзэл баримтлалтайгаас эрэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж болох хүчин зүйлийг судалж тогтоосонгүй. Эмэгтэй хүний хувьд амьдрах аргагүй зодож, доромжлох нь хүчирхийлэл байдаг бол эр хүний хувьд амьд хүн дэргэд нь байхын аргагүй гутаан доромжилж, хөөж тууж, мөнгө нэхэж, сэтгэл санааны түгшүүрт байдалд оруулах нь хүчирхийлэлд өртөж байгаа явдал юм Эмэгтэйчүүдийн хүчирхийллээс шалтгаалж хийсэн танхай дээрэм зэрэг гэмт хэргийн золиос эрчүүд болж байгаа бөгөөд эмэгтэй хүчирхийлэгч ямар ч гэм зэмгүй өнгөрч байна. Эрчүүдэд үйлчилдэг, тэднийг ойлгодог, хөгжүүлдэг, хүмүүжүүлдэг эрчүүдийн байгууллагуудыг олноор бий болгон гэмт хэрэг хийдэг эрчүүдгүй болгох ажлыг сэдэж санаачлах ёстой атал эрчүүдэд зориулж том, том хорих барьж байгаа нь “Та нар хэрэг хийгээд бай бид хориод байя” гэсэнтэй адил харгис бодлого болж байна. Эрчүүдийн эрх зөрчиж байгаа хамгийн тодорхой жишээ хэлье. Архинд донтох эмгэг нь олон улсын ангилал бүхий өвчин гэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрч спорт сувилал, нөхөн сэргээх үйлчилгээ, эмгүй эмчилгээгээр эмчилж анагаадаг байхад бид тэдгээр архинд донтох эмгэгтэй хүмүүсийг мэргэжлийн оношлогоогүйгээр шүүхийн шийдвэр гаргаж дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд аль хэдийнэ жагсаалтаас гаргасан эм тариа хийж ямар ч сонголтгүйгээр албадан хорьж, өнөөг хүртэл шоронжсон нөхцөлд эмчилгээ нэрийн дор хүний эрхийн олон үзүүлэлтийг зөрчсөөр байна. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дотор эрчүүдийг үзэн ядах, үгүйсгэх фиминист үзэл хандлага цухалздаг болсон нь цөөн хүн амтай, улс үндэстний хувьд сайн зүйл биш юм. Боловсролын салбарт эрэгтэйчүүдийн эзлэх хувь туйлын бага хувь эзэлдэг бөгөөд гэр бүлийн хүрээнд ч үр хүүхдээ хүмүүжүүлэх чадвараа алдсан байна. Хүүхдүүдийн хувь нь аавтайгаа дотно харьцаатай байгаа судалгаа байна. Энэ нь гэр бүлд эцэг хүний үүрэг илт дутагдаж байгааг нотолж байна.
4. ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД
Сүүлийн үед эрчүүдийн эрүүл мэнд нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Монголчуудын дундаж наслалт 64 байдаг бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 6,5 хувиар бага байна. Эрэгтэйчүүдийн ихэнх хувь нь эмнэлгийн анхан шатны эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байгаа нь нууц биш. Энэ байдлаасаа шалтгаалж монгол эрчүүд чимээгүйгээр өвчин эмгэгээ нуун тэсвэр тэвчээртэйгээр нас барж байна. Бодит амьдрал ийм байна.