Д.БОЛОРМАА

Говийн ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй дар­­­га нар тав хоног ажил­лалаа. Тэд орон нутгийн хөгжил, цэцэглэлтэй хол­боотой хэд, хэдэн тушаал шийдвэрийг газар дээр нь гаргаж амжсныг дуулгая. Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн түгжрэ­лийг багасгах хос замыг гурван жилийн өм­нө барих байлаа. Ганц байшин ха­гас дутуу барьс­ныг эс тооц­вол сайж­руул­сан зам гэж торойх зүйл алга. Харин Хятадын талынхан өөрийн нутагтаа гэрээ ёсоор хос замаа тавь­чи­хаад монголчууд бидний залхууг гайхашран суугаа сурагтай. Энэ хариуцлага­гүй байд­лыг хоёр сарын дотор арилгахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбог­дох дарга нарт хатуу сануул­лаа. Гурван жил барьж амжаагүй замыг хоёр сарын дотор ашиг­лалтад оруулахыг сануул­сан хэрэг. Шийдвэр ёсоор бол бид ирэх зургадугаар сарын 1 гэхэд Замын-Үүдийн хилээр гарахдаа түгжрэл, бухимдалгүйгээр үйлчлүүлэх болж байгаа юм. Өөр нэг үүрэг өгсөн нь Хятадаас оруулж ирэх цементийг галт тэргээр оруулж ирүүлэх тухай шийдвэр байлаа. Хятадууд манайд цемен­тээ ний­лүүлэхдээ  галт тэргээр оруулж ирнэ. Харин боом­тын орчимд өнөөх цемен­тийг ачааны машинд шил­жүүлэн ачи­на. Ингэснээр цаг зав, санхүү төсвөө үрээд зог­сохгүй цемент ачих залуу­чуудын эрүүл мэндийг золиослож буй нэг үйлдэл. Энэ байдлыг газар дээр нь харсан Ерөн­хий сайд Н.Алтанхуяг це­мен­тээ машинд шилжүү­лэн ачих биш Эрээнээс вагонтой нь шууд Улаан­баатарт оруулж ирэх шийд­вэрийг гарга­сан. Гагцхүү шийдвэр нь ажил хэрэг болгохыг хүлээх үлдэж байна.

 

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ 1400 ХҮҮХЭДТЭЙ. ГЭВЧ ЦЭЦЭРЛЭГ АЛГА

Замын-Үүд сум бол Монголын хаалга. Хята­даас Монгол руу ордог зангилаа нь Замын-Үүд сум. Гэвч оршин суугаа газарзүйн онцлог нь энэ суманд тийм ч их ашиг тусаа өгөөгүй байгаа нь хэний ч нүдэнд тусна. Боомт орчимд түгжрэл гэж “мангас”-тай. Дээр нь цэвэр усны хомсдолтой, дулааны асуудалтай. Дамжин өнгөрөх томоохон бүс учраас суурьшмал ир­гэд  өдрөөс өдөрт нэмэгдэн хүн амын тоо хурдацтай өсөх ч тэдэнд үйлчлэх төрийн үйлчилгээ хомс. 20 мянган хүн амтай энэ суманд ердөө 100 хүний ортой эмнэлэг, 2700 хүүхэд суралцах бо­ломжит ерөнхий боловс­ролын нэг сургууль, цэ­цэр­лэгт 200 хүүхэд хүмүүжиж байна. Цэцэрлэг нь 100 хүүхэд хү­мүүжүүлэх орчинтой хэ­дий ч ачааллаа хоёр дахин нэмэгдүүлсэн нь энэ. Энэ 200 хүүхэд бол хамгийн азтай нь. Цаана нь сур­гуулийн өмнөх боловсрол эзэмшихийг хүссэн 1400 хүүхэд гэртээ өдрийг өнгө­рөөж байгаа юм байна. Сургууль ч мөн адил. Анги дүүргэлт 50 хүрч байгааг сургуулийн захирал бүсгүй Ерөнхий сайдад дуулгасан. Дээрээс нь соёлын төв, спорт заал гэж байхгүй. Одоо байгаа соёлын төв нь 100 хүн ч суулгаад ярилцах боломж­гүй. Үүнийг Ерөнхий сайд иргэдтэй уулзах үеэрээ өөрөө онц­лон хэлж байлаа. Ийнхүү хилийн зангилаа болсон Замын-Үүдийн хөгжлийг хурдасган  “жи­шиг сум” болгох үүднээс улсын төс­вөөс энэ жил 15 тэрбум төгрөг гаргахаар шийд­вэрлэснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дорно­говь­чуудад дуулгасан. Энэ хөрөнгөөр нэн тэргүүнд сургууль, цэцэрлэг, эмнэ­лэг, соёлын төв, спортын төв, ногоон байгууламж барих нь зүйтэй гэдэгт  санал нэгдэж амжсан. Гэхдээ улсын төсвөөс ногд­сон 15 тэрбум төг­рөгийг ердөө дээрх бүтээн байгуулалтад зарцуулна. Харин хил, гаальтай хол­боотой асуу­далд Замын-Үүдийн чө­лөөт бүсийн бүтээн бай­гуулалтын дор өрнөх ажил юм.

 

Ч.Сайханбилэг: ЗАМАА ТАВИАГҮЙ БАЙЖ ТАЙЛБАР БИТГИЙ ТАВЬ

Замын-Үүдийг баал­даг өөр нэг төрх нь боом­тын түгжрэл. Эрээн руу зорчих, Монгол руу нэвт­рэхэд аль, аль талд нь түгжрэл гэж цадигаа алдс­ныг хэн хүнгүй мэдэх биз. Зорчигч, ачаа тээш хоёрыг зэрэгцүүлж байгаад л уур бухимдлыг нь төрүүлнэ. Гэхдээ түгжрэлийг саа­руулах төрийн бодлого аль 2010 онд гарсан юм байна. Гэвч ажил хэрэг болоогүй яваа нь энэ. Тод­руулбал, 2010 онд Хятадын талтай ярилцаад зорчигч, ачааны машин хоёрыг тусад нь хос замаар гар­гахаар болж. Хоёр тал ч өөрсдийн нутаг дэвсгэртээ хос замаа тавих үүрэгтэй.

Хятадын тал энэ үүр­гээ биелүүлж 1.2 кило­метр замаа тавьчихсан.  Харин монголчууд төлөвлө­гөө ёсны 2.3 киломер замаа тавих нь байтугай орж гарах бай­шинг нь ч ба­риагүй аж. Энэ ажлыг гүйцэтгэнэ гээд ам мөчгөө өгсөн “Баярс констракш”-ны за­хи­рал н.Баярсайхан гэдэг бүсгүй “Манай компани 2010 оноос эхлэн гүй­цэтгэгчээр ажиллаж эхэл­сэн юм. Ажлаа эхлээд удаа­гүй байтал зам тавих газар орчимд холбооны таван байгууллагын кабель байсан. Дээрээс нь Эрээн хотоос Замын-Үүд сумыг хангадаг 10 мянган кв агаарын шугам бас бий.  Үүнийг зайлуулахгүйгээр замаа барьж болохгүй уч­раас цаг жаахан алдлаа. Бид энэ хугацаанд олон улсын кабель гэмтээж их хэмжээний төлбөр төлс­нөө хэлье.  Ер нь ажил яагаад яв­сангүй гэдгийг Ерөнхий сайд та өөрөө гааль, хилийн  төлөөлөгч нараас нь асуугаарай. Манайд бол энэ орчимд зам тавь гэсэн захиалга өгсөн.  Захиалгыг нь бие­лүүлье гэхээр газар дор нь өчнөөн асуудал бай­лаа. Үүнийгээ тооцоолох­гүйгээр захиалга өгсөн нь өөрөө буруу юм. Гэхдээ бид ка­бель зайлуулах ажилдаа түүртэж хий хоосон суу­гаагүй шүү.

Хилээр орж ирэх бараа бүтээгдэ­хүү­нийг шалгах Рентгенээ хүлээл­гэн өгсөн” гэж тайл­бар­лалаа. Харин түүний яриаг Н.Батбаяр, Ч.Сайханбилэг нар үгүйсгэн “Танай ком­пани байшингаа ч барьж ам­жаагүй байгаа биз дээ. Аль 2010 оны бүтээн бай­гуу­лалтыг өнөөдөр хүртэл хийгээгүй шалтгаанаа ин­гэж тоочих хэрэггүй. Хята­дын тал замаа аль хэдийнэ тавьчихаад та бид­нийг хүлээгээд байна. Ажилдаа жаахан хариуц­лагатай ханд. Төсөв мөн­гийг нь улсын төсвөөс хангалттай өгсөн шүү” гэж зэмлээд авлаа. Үүний дараагаар Н.Алтанхуяг сайд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатад зам бо­лоод боом­тын өргөтгөлийн аж­лыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгах хатуу үүргийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, О.Ганбат дарга гурван жил бүтээгүй аж­лыг хоёр сарын дотор дуус­гах хэцүү даалгавар авсан. Рент­ге­ний тухай тод­руулахад энэ нь барааны төрлийг автома­таар тогтоох багаж юм. Гаалийн бай­цаагчид бараа бүрийг он­гичих хэрэггүй болж байгаа гэсэн үг. Рент­генээр бараа бүрийг тоо­чин хориотойг нь илрүү­лэх боломжтой юм байна. Гэвч одоохондоо энэ бага­жаа ашиглаж үр ши­мийг нь хүртээгүй явна. Шалтгаан нь мэдээж зам, байшин барилга гээд олон зүйл дээр байгааг Гаалийн Ерөн­хий газрын дарга О.Ганбат онцолсон.

 

ЭРЭЭНИЙ ЦЕМЕНТИЙГ ГАЛТ ТЭРГЭЭР ЗӨӨХӨӨР ШИЙДЛЭЭ

Н.Алтанхуяг сайдын өөртөө оноо цуглуулсан өөр нэг шийдвэр нь Хята­даас оруулж ирэх цемен­тийг галт тэргээр нь оруулж ирүүлэх тухай. Одоо бол манайхан Эрээ­нээс 800 мянган тонн це­мент авч байгаа юм байна.  Үүнийх нь тал буюу 400 орчмыг нь галт тэргээр зөөвөрлөж шууд нийслэлд хүргэх нь зүйтэй гэсэн санал юм. Ямар галт тэргээр зөөх вэ гэхээр манай улсаас төм­рийн хүдэр ачаад гарч бай­гаа вагоныг ашиглах. Энэ ажил ирэх арванхоёр­ду­гаар сарын 29-нд биелсэн  байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох албаныханд бас л даал­гасан. Харин үлдсэн 400 орчим мянган тонныг нь өнөөгийн практик буюу Эрээний галт тэргээс ачаа­ны машиндаа шил­жүү­­лэх зарчмаар ажиллах юм бай­на. Ингэхдээ гар аргаар ачих бус олон тоо­ны уут цементийг “Том уут” гэгчид нэгтгэн кра­наар өргөн ачихыг чухалч­лах ёстой болов. Энэ ар­гаар ачвал нэг вагон це­мен­­тийг машинд шилжүү­лэхэд 20 минут зарцуулна. Харин гар аргаар ачвал 2.30 цаг зарцуулдаг гэх. Чухамдаа цаг хугацаандаа гол асуу­дал нь байгаа юм биш. Тэр цементийг ачих залуучуу­дын эрүүл мэн­дийг бодсон­доо гаргасан шийдвэр бай­лаа. Өөр нэг асуудал нь хилээр ачаа зөөдөг том оврын авто­машины жин хэмжээнд хязгаар тогтоо­сон стандарт гэнэ. 2011 онд гарсан энэ стандартыг мөр­дүүлэхийн тулд машиныг урт, өргөн, өндөр, жин гээд олон та­лаас нь хэмжиж, тогтоосон тооноос давсан хэсгийг тайр гэдэг нь иргэ­дэд чи­рэгдэл үүсгээд зог­сохгүй өргөн хэрэглээний бараа­ны үнэ өсгөхөөс эхлээд эдийн засгийн хор хохирол дагуулж буй юм байх.  Энэ стандартыг эргэн харахыг хүссэн олон иргэн байсан учраас Ерөнхий сайд хүнд даацын зам ашиглалтад ортол дээрх стандартыг мөрдүүлэхгүй байхаар тогтсон юм.

 

ГААЛЬТАЙ МАШИНЫГ ДАРГА НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ЦЭРЭГ НЬ ҮГҮЙСГЭВ

Мөнгө, эрх мэдэлтэй нь хилээр бага татвар төлж, зарим тохиолдолд бараагаа шалгуу­лахгүй­гээр хилээр оруулж ирдэг нь нууц биш. Үүнийг  “Гаальтай машин” гэж томъёолдог. Ерөн­хий сайдыг Замын-Үүдэд ажиллах үед яригд­сан гол сэдэв энэ байлаа. Н.Алтан­хуяг Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганба­таас “Гаальтай машин” гэж юу болохыг тайлбарлахыг хүсэхэд тэрээр ийн хариулсан юм. Нуугаад яах вэ, “Гаальтай машин” гэдэг нь татварын мөнгийг хөнгөвчлөн төл­дөг машин юм. Гаальтай машины асуудал нийг­мийн том асуудал болоод байна. Энд манай гааль, цагдаа, тагнуул, төмөр зам гээд орохгүй хүн алга. Эрх дархаа ашиглан татвар төлөхгүй цаашлаад бараа­гаа шалгуулахгүй оруулж ирж байгаа юм. Үүнийг нь зогсооё гэхээр нөгөө бусад хуулийнхан нь ма­най хэдэн гаальчдын ша­хаанд оруулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, бурууг нь илчлэхээр өөрийг нь эргүүлэн асуу­далд оруулж бүгд найрам­дахыг нь ун­шуулчихаж байна. Үүнийг зогсоох гэж үе, үеийн сайд хичээх ч чадах­гүй юм билээ. Гаальтай машин оруулж байгаа гаальчид түүнд нөлөөж байгаа дарга нартай хариуцлага тооцохгүй бол энэ байдал зогсохгүй. Хам­гийн аюултай нь, Мон­голын аюулгүй бай­далд хортой бараа бүтээг­дэхүүн тэр гаалийн ма­шинаар орж ирэхийг үгүйс­гэхгүй. Иймээс ма­най гаальд мөр­дөн шалгах ажлыг олгоно уу. Гаалийн цагдаа гэдгийг маань хуу­лиар олгооч” гэж учирлав. Ерөнхий сайд  гаальтай ма­шины тухай даргаас төдийгүй цэргээс нь ч бас лавлаж амжсан. Тэрээр хил дээр ажиллахдаа би­чиг ба­римт бүрдүүлэлтийн ахлах байцаагч Т.Соёлмаа­гаас энэ тухай лавлахад “Тийм яриа л бий. Бодит байдалд тийм машин байхгүй. Дэгс­дүүлсэн хэрэг” хэмээн тайлбарласан. Газар дээр нь ажиллаж байгаа гаалийн байцаагч үгүйсгэх ч түүний дарга хүлээн зөвшөөрч байна.

 

ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2014 ОНД ДУУСНА

Өндөр технологи ну­тагшуулах, хөрөнгө оруу­лалтын таатай орчин бий болгосноор эдийн засгийг либералчлах зорилгоор гурван ч хууль, үзэл ба­римтлалыг УИХ-аас ба­талсан байдаг. Үүний нэг болох Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль 2003 онд батлагдсан ба энэ дагуу 2004 онд чөлөөт бүс байгуулах тухай тогтоол гарч байв. Энэ тогтоолоор чөлөөт бүсийн нутаг дэвс­гэрийн хэмжээг 900 га-гаар тогтоон хилийн заа­гийг тодорхойлсон. “За­мын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг иж бүрнээр нь байгуулж, хөгжүүлэх стратегийн хөрөнгө оруу­лагчийг олон улсын нээлт­тэй тендерээр сонгосон ч хоёр ч удаа цуцлагджээ. Иймд өнгөрсөн хугацаанд төсвийн хөрөнгө оруулал­таар цөөн тооны ажил хий­сэн байна. Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэхээр БНХАУ-ын Засгийн газ­рын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн жаг­саалтад 2008 онд оруулсан байдаг. Төслийн нийт өр­төг 58.8 сая ам.доллар, үүний 50 саяыг нь БНХАУ-ын Эк­сим банкнаас, үлдсэнийг манай Засгийн газраас сан­хүүжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуул­жээ. Гэвч бүтээн бай­гуу­лалтын ажил төдийлөн урагшлахгүй байсаар өн­гөрсөн оны хавартай золгосон байна. Одоо энд дулааны станцын хашаа, дулааны шугам хоолой, ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэр бохир усны шугам хоолойн угсралт, хорооллын чанартай гол гудамжны суурь, замын далан, гүний гурван худ­гийн өрөмдлөг хийж байгаа гэв. Эдгээрийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөснөө Замын-Үүдийн хилийн боомт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхэт тө­лөөлөгч Д.Бэхбат алба­ныханд дуулгалаа.