Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Эрчим хүчний сайд М.Сономпил уригдлаа. 

-Эрчим хүчний салбар энэ өвлийг хэл амгүй, ямар нэгэн том эрсдэлгүй давах шиг боллоо. Ачаалал бол оргилдоо хүрсэн байх. Энэ бүхнийг хэрхэн зохи­цуулав?

-Манай салбарынхан өвөл­жилтийн бэлтгэлээ хав­раас хийж эхэлдэг. Өнгөр­сөн онд тодорхой хуга­цаанд график гаргаж ажилласан. Түүний дүнд өвлийг өнтэй давлаа. Ер нь эрчим хүчний салба­рын­хан цагаан сар өнгөрвөл өвлийг давлаа гэж ярьдаг. Миний хувьд өвөл дуусах болоогүй шүү гэж анхаа­руулж байгаа.

Хаврын тэнгэр хартай гэдэг шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд  олон газар цас орж, шуурсны улмаас зарим суманд шугам гэм­тэх, тасалдах байдал гар­сан. Өвлийн оргил ачаал­лыг амжилттай давсан ч сэтгэл амрах болоогүй байна.

Ер нь эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд өсч байгаа. Энэ өвлийн хувьд ачаалал дээд цэгтээ хүр­сэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад эрчим хүч­ний хэрэглээ ихээхэн нэмэгдсэн, айл өрхүүдийг цахилгаанаар хараахан тасалдуулаагүй ч  түүнд зохицуулалтууд хийсэн. Томоохон үйлдвэр, аж ахуйн газруудад цахилгаа­наа хязгаартай хэрэглэ­хийг зөвлөж, айл өрхүүдэд санамж, мэдээллүүдийг өгч ирсэн. Оргил ачаалал гэдэг маань 17-21 цагийн хооронд хэлбэлздэг. Энэ үед эрчим хүч шууд ду­тагддаг. Иймд яг энэ үеэр эрчим хүчээ хэмнэж хэ­рэглэхийг иргэдэд зөвлөж байгаа юм. Нэг үеэ бодвол иргэд ухамсартай ханддаг болсон байна. Аль аль талдаа анхаарч байгаа учраас ард олноо тав тух­тай өвөлжүүллээ. Дулаа­ны хэрэгцээний хувьд нийслэл оргил ачаал­лынхаа хэмжээнд очсон. Шинээр дулааны  шугамд холбох боломжгүй бай­шин, барилгуудын хол­болтыг хийгээгүй. Өм­нө нь хийгдсэн холболтын аж­луудыг хэвээр  нь, өөрөөр хэлбэл бололцоотой хэм­жээнд нь  явуулсан. Жишээ нь 100 айл холбох ёстой шугамд 120 айлыг холбочихвол доголдол га­рах нь ойлгомжтой. Иймд стандарт, нормын дагуу холболт, олголт хий­хэд анхаарсан. Өн­гөрсөн жил  180 гаруй барилга дулааны сүл­жээнд  холбогдож чадаа­гүй.

-2013 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил”-ээр  зарласан. Дотоод зардлыг бууруулна гэж байгаад ямар зохицуулалт, тооцоолол  хийж  байна?

-Хэмнэлтийг хоёр ут­гаар ойлгож болно. Тү­рүүнд хэлсэн, иргэд ца­хилгаанаа хэмнэж  сурч байна. Ма­най салбарын­хан ч үүнийг сурталчилж, уриалж байгаа. Үндсэн хэмнэлт гэдэгт манай эрчим хүчний үйлдвэр, салбарууд айл өрх, албан байгууллагыг цахилгаанаа хэмнэ  гэчи­хээд өөрсдөө үрэлгэн байж болохгүй. Иймд хэмнэл­тийг өөрс­дөөсөө эхлэх  хө­дөлгөөн өрнүүлсэн. Ингэснээр ойрын хоёр жилд эрчим хүчний үнийг нэмэх шаард­лагатай  гэж ярьж байснаа нэмэхгүй гэсэн шийдвэр гаргаад  ажил­лаж байна. Ялангуяа дотоод хэмнэлтийн горимд шилжихийн тулд  эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг компаниудыг алдагдлаа бууруулж нөөц болол­цоо­гоороо ажиллах зөвлөмж өгөөд байна. Юуны өмнө алдагдлын шалтгаан юунаас үүдэж байгааг тодорхойлох ёстой. Ал­дагдалтай байна гээд тэр нь  жил бүр нэмэгдээд байх биш нөөц болол­цоо­гоо хангалттай ашиглах нь чухал. Сүүлийн үед ингэж ашиглаж, ажиллах шаард­лага үнэхээр бий болоод байна. Цаашид эрчим хүч­ний салбарын компаниу­дын удирдлагын төвшинд менежментийг боловс­рон­гуй болгох чиглэлд олон ажил хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байгаа.

-”Улаанбаатар цахил­гаан түгээх сүлжээ” ком­панийн  Дуудлагын төвд очиж ажилласан байсан. Эндээс ямар бодит үр дүн гарч байна?

-7004-7004  дугаарын утас бүхий  Дуудлагын төвтэй болсноор иргэдийг чирэгдэлгүй болгож, санал, гомдлыг  хүлээж авч байгаа.  Одоогоор ажилтнууд нь  12  цагаар ажиллаж байна. Цаашид 24 цагийн турш иргэдээс цахилгааны тасралт, санал хүсэлтийг авч байхаар төлөвлөсөн. Цахилгаан тасалдахтай холбоотой дууд­лага хүлээж авахаас гадна дотооддоо иргэд ямар санал, хүсэлт тавьж байгааг судалж салбарын ажилд нэвтрүүлэх, иргэдэд үйлчлэх, тэднийг дуу хоолойг сонсоход чухал алхам болж байна. Цаашид бодлого хэрэгжүүлэхдээ тусга­ж, анхаарч ажил­лана. Жишээ нь аль дүүргээс дуудлага их ирж байна, хаана тасалдал гарч байна, тэнд ямар асуудал шийдэх шаардлагатай вэ, хөрөнгө оруулалтыг хэр­хэн зарцуулах ёстой вэ гэдгийг судалж дүгнэлт хийхэд ихээхэн ач хол­богдолтой юм.  Ялангуяа бид  нийслэлийн асуудалд төвлөрч ярьж байна. Гэхдээ өнөөдөр 323 суманд эрчим хүчний сүлжээ орсон. Зургаан сум үлдээд байгаа. Энэ жилээс ца­хилгаан шугам сүлжээнд холбох ажил хийнэ. Ерөнхийдөө цахилгааны сүлжээгүй сум, баг гэж байхгүй болж бай­гаа. Харин нийслэлийн хэмжээнд цахилгааны асуу­дал ихээхэн хүнд­рэл­тэй. Улаанбаата­рын хүн ам ойролцоогоор 500 мянга гэж  тооцоолж  замаа, цахилгаан дулааны шугам сүлжээгээ шийд­сэн байдаг. Гэтэл одоо хүн амын тоо нэг сая  гараад явчихлаа. Тэгэхээр нэг дахин өргөтгөх шаардлага бий болж байна.

-Танаас ярилцлага ава­хаар мэдээлэл харж байхад танай салбарынхан 2013-2014 оны өвөлжил­тийн бэлтгэл ажлын төлөв­лөгөөгөө хийчихсэн гэсэн нь анхаарал татлаа?

-Өнгөрсөн сард бид салбарын хэмжээнд өргөт­гөсөн шуурхай зөвлөгөөн хийсэн. Ирэх жил ажил­лах төлөвлөгөөг үндсэндээ баталсан. Өөрөөр хэлбэл, яаж ажиллах вэ гэдгээ тодорхойлсон гэсэн үг. Ирэх  сарын 1-нээс эрчим хүчний салбарын  үйлд­вэр, компаниуд графикт завсарын ажлуудаа хий­гээд эхэлчихнэ. Арав­ду­гаар сарын 1 гэхэд дуусна. Ялангуяа ирэх өвөл ца­хилгааны ачаалал ихсэнэ. Түүнийг хэрхэн давах талаар салбар бод­логоо гаргасан. Ирэх онд Салхитын 50 мВт-ын ца­хил­гаан станц ашиглалтад орно. Салхитын станцаас  30 орчим мВт-ыг төвийн эрчим хүчний системд авна. Нөгөөтэйгүүр, Оюу­толгой-Тавантолгой чиг­лэлийн цахилгаан дам­жуу­лах агаарын шугам ашиглалтад орно. Оюутол­гойгоос Дундговь-Чойрын чиглэлд холболт хийж бай­гаа. Тэндээс тодорхой эх үүсвэр авна. Түүнээс гадна ОХУ-аас одоогийн байдлаар 175  мВт-ын эх үүсвэр импор­тоор авдаг. Ирэх жилээс үүнийг нэ­мэгдүүлж ава­хаар ярьсан. Үүнээс гадна эрчим хүчээ хэмнэлттэй ашиглаж, гаднын эх үүс­вэр болон шинээр барьж буй үүсвэрүүдийг ашигла­сан нөхцөлд бид 2013-2014 онд  эрчим хүчний хэрэг­цээ­гээ хангах боломж бий гэж тооцоолоод байна.

-ТЭЦ-IV-ийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?

-Ирэх жилийн зур­га­ду­гаар сард ашиглалтад орно. Дөрөвдүгээр цахил­гаан станцад энэ төслийг хэрэгжүүлснээр, цахил­гаа­наар 100 мВт, дулаа­наар 188 Гкал/цагаар өр­гөтгөх нь богино хуга­цаанд бага зардлаар өсөн нэмэгдэж байгаа хэрэг­цээг хангах хувилбар юм. Үүний дүнд 2015-2016 онд эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангана гэсэн тоо­цоо гарсан. Тэр хүртэл бид зарим эх үүс­вэрийн ажлыг эхлүүлж, эхний ээлжийг  ашиглал­тад оруулна гэж үзсэн. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцын эхний ээлж 2016 онд ашиглалтад орох болов уу гэж харж байна.

-Энэ эх үүсвэрүүдийг илүүтэй сонирхож байгаа­гийн учир нь   нийслэлд барилга, тэр дотроо орон сууцнууд олноор бариг­даж, ашиглалтад орж бай­на. Дулаан, цахилгааны нөхцлөө аваагүй, төв шу­гамд холбогдоогүй барил­гуудын сураг ч дуулддаг. Тэдгээрийг холбоход даац хэтрэх, магадгүй нийслэл тэр аяараа харанхуй болох, эсвэл хот хөлдөх аюул нүүрлэж байна гэлцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын асуудалд Эрчим хүчний яам, Барилга хот бай­гуу­лалтын яам, Зам тээврийн яам, бусад яам, холбогдох байгууллагууд онцгой ан­хаарал тавьж байгаа. Яа­гаад гэвэл хот  өдөр ирэх тусам өргөжин тэлж бай­гаатай  хөгжлийн бодлого хамт явж байна. Зам тээ­вэр, барилга, хот байгуу­лалт, эрчим хүч гээд цогц асуудал юм. Эрчим хүчний тухайд бид Улаанбаатарын бага тойрог сүлжээ гэж 87 км томоохон сүлжээг бий болгож байгаа. Түүнийг дагаад дэд станцууд бариг­дах юм.  Энэ онд багтаж ашиглалтад орохоор тө­лөвлөсөн. 2014 он гэхэд нийслэлийн дэд бүтцийн асуудалд бондын хөрөнгө­нөөс багагүй ажил төлөв­лөсөн. Манай сал­барт эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Дулааны цахилгаан стан­цын тухайд Засгийн газ­рын шийдвэр гарсан. Хо­тын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах Амгалан дулааны станц 300 мВт-ын хүчин чадал­тай байхаар төлөвлөсөн. Үндсэндээ ажил эхэлсэн. Арванхоёр­дугаар сарын 1 гэхэд эх­ний ээлжийг ашиглалтад оруулна. Энэ  станц ашиглалтад орсноор зүүн хэсэгт өгч байсан дулаанаа хотын төв хэсэг болон Яармаг, Зайсан руу татна. Ингэснээр 2015-2016 он хүртэл хот дулааны хэрэгцээгээр дутагдахгүй болох юм.

-Цахилгааны тав дахь шинэ  эх үүсвэр барина гэж  олон жил ярилаа.Тэр асуудал юу болж байна?

-Өмнө ярьж байснаар бол ТЭЦ- V   өнөөдөр ашиглалтад орчихсон, бид дараагийнхаа станцыг ярьж байх ёстой. Гэтэл арван жил яриад хийлгүй хоцорсон. Одоо бид зөвхөн 5 дугаар цахилгаан станц  гэж ярих шаардлагагүй болсон. Өнөөдөр  нийтдээ таван станцын асуудал ярьж байна. Эрчим хүчний яам бодлогын асуудлаа оруулж Засгийн газар, Бодлогын зөвлөл шийд­вэрээ гаргасан. Таван­толгойн станц, мөн Багануур дүүрэгт барих 600-700 мВт-ын станцыг барих шийдвэр саяхан  гарлаа. ОХУ-аас эрчим хүчээ авдаг Баруун бүсэд  60 мВт-ын цахилгаан станц барихаар бодлогын зөвлөл ярьж шийдвэр нь гарч байна. Мөн 5-р ца­хилгаан станцын асууд­лыг ч орхигдуулахгүй. Ганц 5-р цахилгаан станц биш  дөрвөн эх үүсвэрийн ажил зэрэг эхэлж гэмээ нь бид эрчим хүчний дутагдаж буй хэрэгцээгээ хангаж чадна. Тэгэхээр эдгээр ажил зэрэгцээд явах нь гэж ойлгож болно.

-Эрчим хүчний асууд­лыг 100 хувь  төр нуруун­даа үүрч ирсэн. Хувийн хэвшилд шилжүүлэх, хувьч­­лалын тухай ч бага­гүй ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай салбар Эрчим хүчний хөгжлийн төвтэй болсон. Тэнд бодлогын судалгаа боловсруулахаас гадна мэдээлэл, судалгаа, хяналт, шинжилгээний ажлууд хийнэ. Энд зориуд хэлэхэд, эрчим хүчний ажлыг бодлоготойгоор хийх шаардлагатай. Ма­най  салбарт олон зовлон бий. Бодлогод улс төрчид оролцож,  цахилгааны үнэ тариф, хөрөнгө оруулалт гээд олон асуудлыг ший­дэж байдаг. Манай сум цахилгаангүй, аймагт бай­­дал ийм байна, той­рогтоо ийм ажил хийнэ гэж тал талаас булаа­цалд­даг. Тий­мээс  энэ салбарт хөгжил дэлхийн зах зээ­лийн жиш­гээр явж чадаагүй. Ду­лааны болон цахилгаан станцуудынхаа үйл ажил­лагааг жигд авч явж чадал­гүй дампуурлын байдалд хүргэчихсэн. Хө­рөнгө оруулалтыг бодло­гогүй цацсанаар нэг аймагт хоёр дулааны станц барьчихсан байх жишээтэй. Энэ мэ­тээр улс төрчид их оролц­соноор салбарын бодлогыг алдагдуулаад байдаг нь ард иргэдэд буруу ойлголт төрүүлдэг байж магадгүй. Тухайлбал, манай салбар өөрсдөө санаачлан сумдад дулааны станц барьж, аймгууд руу шугам татах эрхгүй шүү дээ. Түрүүнд ярьсан тав дахь эх үүс­вэрийн асуудал ч үүнтэй холбоотой. 1993 оноос хойш манай улсад нэг ч шинэ эх үүсвэр ашиг­лалтад ороо­гүй. Эрчим хүчний сал­барынхан  эрэл­хэг хөдөл­мөрлөж өнөөг хүртэл 30 жилийн хугацаанд ёстой бор зүрхээрээ авч  явж ирсэн. 

-Одоо асуултаа жаа­хан өөрчилье. Таныг Эрчим хүчний сайдаар дөнгөж томилогдсоны дараа ярилц­лага хийхдээ   “Бат­лан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүн энэ удаа  эрчим хүчний салба­рыг удирдах боллоо. Хоёр салбарыг харьцуулахад ялгаатай болоод ойр тал нь юу вэ” гэж асууж байснаа санаж байна.Тэгэхэд нэг их ялгаа байхгүй, харин ч ойр  гэж бодож байна гэж байсан. Тэр байр суурь өөрчлөгдсөн үү, эсвэл ?

-Таны асуултад  юу гэж хариулснаа санаж байна.  “Би цэргийн сургууль төгссөн. Цэргийн сургууль төгссөн гэхээр хүмүүс цэрэг командлаад явдаг шиг ойлгоод байдаг. Миний мэргэжил ашиг­лалтын инженер. Сургуу­лиа төгсөөд Батлан хам­гаалах салбарт гурван жил ажилласан. Сүүлд салба­рынхаа  сайдаар  хоёр жил  орчим ажилласан.  Миний мэргэжилтэй эрчим хүч­ний салбар ойрхон. Өөрөөр хэлбэл, цэргийн салбар, эрчим хүчний салбарын хооронд нэг их өвөрмөц ялгаа байхгүй. Удирдлага, зохион байгуулалт, шуур­хай ажиллагааны хувьд төстэй. Онцгой байдал, төмөр зам, эрчим хүч­нийхэн ялгаагүй хагас цэргийн зохион байгуу­лалттай ажилладаг. Аль аль нь шуурхай ажилла­гаа, удирдах, удирдуулах дэг жаяг шаарддаг. Мөн тусгай зохион байгуу­лалттай. Нөгөө талаас би  өмнө нь  УИХ, Засгийн газрын ги­шүүнээр ажил­лаж байсан хүний хувьд  эрчим хүчний салбарыг удирдаж ажил­лахад дөхөм гэж болно.  Ер нь эрчим хүчний сал­ба­рынхан мэр­гэжлээ сайн эзэмшсэн, сахилга дэг журам сайтай байгуул­лага” гэж  хэлж  байсан.  Тэр байр суурь  хэвээрээ.

-Түүнээс гадна бас нэг асуулт байна. Сүүлийн үед зарим хэвлэлээр таныг  Батлан хамгаалахын сайд байсны хувьд   улс дамна­сан зэвсгийн наймаанд холбоотой юу гэж хардаж бичсэн байсан?

-Сайдын ажлаа хүлээл­гэн өгснөөс хойш болсон асуудал юм билээ. Өөрөөр хэлбэл энэ явдал болох үед нь миний бие Батлан хамгаалахын сай­даар ажиллаж байгаагүй хэрэг. Тэгээд ч аливаа зэвсэг, техник худалдахыг Засгийн газрын хурал­даанаар хэлэлцэж шийд­вэрлэдэг. Ийм асуудал оруулж байсан эсэхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээс тод­руулж болно.

-Ер нь яагаад ийм мэ­дээлэл гарах болсон юм бол. Та юу гэж үзэж байна?

-Мэдэхгүй, яагаад на­майг холбогдуулах гээд байгаа нь сонин байна.

-Та бид зэвсэгт хүчний 92  жилийн ой, Монгол цэргийн баярын өмнөх өдөр ярилцаж байна. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ өдөр юу хэлэх бол?

-Юуны өмнө батлан хамгаалах салбарт ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, гадаадад албан үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчид болон одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүлье. Мөн Монгол Улсынхаа гал голомтыг манаж яваа Эрчим хүчний салбарынхаа мөрдөсгүй дайчдад мөн мэндчилгээ дэвшүүлэхдээ баяртай байна.