С.ЦЭЦЭГМАА, Ч.ГАНТУЛГА, Б.БАТТҮШИГ

 Хавар “Би ирлээ” гэ­сэн шиг гадаа нэг л сай­хан. Нар ээсэн хаврын  өдөр Монгол цэргийн өдөрт зориулсан сур­валж­лага бэлдэхээр гарлаа. Биднийг “Батлан хам­гаалахын их сургууль”-ийн үүдэнд очи­ход өнөөдрийн хариуц­лагатай жижүүр бололтой нэгэн сонсогч угтсан юм. Хашаан дотор хүүхдүүд жагсаалын бэлтгэл хийж байгаа нь жавхаатай. Урт цэлийсэн хонгилоор явсаар хошууч генерал Я.Чойжамцын өрөөний үүдэнд ирэв. Түүнийг журмын нөхөд болон хамт олон нь Чой генерал гэж авгайлдаг аж. Эгэлхэн мөртлөө энгүй амьдралтай энэ эрхэмийг энэ удаа­гийнхаа зочноор урьж ололт амжилт, аз жарга­лаар дүүрэн амьдралынх нь тойргоор аялахаар зорь­сон юм. “Батлан хам­гаалахын их сургууль” хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Монгол цэргийн өдрийг тохиолдуулан га­даадын зочид төлөөлөгчид болон манай их сур­гуулиудын захирлууд тус сургууль дээр ирсэн аж. Генерал маань ажил ихтэй байсан тул биднийг гэртээ очихыг урилаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДЭГДЭЭХЭЙГЭЭ ДАГУУЛСАН НУГАС

 

Батлан хамгаалахын яамны хажууханд байрлах даруухан байранд Чой генералынх амьдардаг аж. Хаалгыг нь тогшиход түүний гэргий Ц.Цэенбадам хаалгаа тайлж өглөө. Нүү­рэндээ инээмсэглэл тод­руулан биднийг эелдэгээр угтсан гэрийн эзэгтэй Чой өглөө явахдаа “Сурвалж­лагч нар ирнэ Цэенбадам өдөр гэртээ бэлэн бай­гаарай” гэж тушаал буулгасан. Ер цэргийн хүний гэргий байна гэдэг ямар ч үед хамтдаа тушаал авдаг, орон тооны бус цэргийн хүн гэсэн үг гэсээр яриагаа эхэлсэн юм. Тэрээр үг бүртээ л ханиараа бахархаж, ханийхаа дотоод мөн ча­нар, авьяас, алиа занг нь хүртэл дэлгээд авсан шүү. Зочны өрөөнд нь гэр бүлийн том зураг байх юм. Том охин нь эдийн засагч мэргэжилтэй бол ганц хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөхөөр японы цэргийн сургуульд сурч байгаа юм байна. Энэ айл цэцэг шиг гурван сайхан охинтой, аавынхаа офицер болсон жил мэн­дэлсэн голомт залгах ганц хүүтэй аж. Харин өвөө эмээгийн амин эрдэнэ болсон гурван ачтай болжээ. Тавиур дээгүүр олон орны таваг, аяга тэргүүтэн тавьсан нь гэр бүлийн хоёрын хобби гэнэ. Дээшээ харсан ам­тай болохоор бэлгэдэл болгож цуглуулдаг гэсэн. Түүнтэй ханийх нь тухай, хамтын амьдралын он жи­лүүдийн тухай, цэргийн даргын гэргий байхын үнэ цэнийн тухай ярилцсан. Амьд­ралын хүнд хатуу бүхийг хамтдаа туулж, энэ л амьдралынхаа түүхийг бичиж яваа эрхэм генерал маань ханийн тэнгэр түшсэн азтай хүн юм даа гэсэн сэтгэл төрж байснаа нуух юун. Дурсамж дүүрэн амьдрал, ханийхаа тухай ярихдаа Ц.Цэенбадам эгч жаргалтай байлаа.

-Ярилцлагаа та хоёрын бага наснаас эхэлье. Нэг ангийнх гэсэн?

-Бид хоёр Говь-Алтай аймгийнх. Нэг ширээний найзууд байлаа. Ангидаа хамгийн өндөр нь болохоор хамгийн арын ширээнд суудаг байсан. Дөрөвдүгээр анги төгссөн жил Чойгийн аав хотруу сургуульд сурах болоод нүүсэн. Энд наймдугаар ангиа төгсөөд буцаад Говь-Алтайдаа очоод, манай нөгөө ангид орсон юм. Хамт сагс тоглодог байлаа. 1974 онд 10 жилээ төгсч манай хүн цэргийн сургуульд, би Иркусткийн Багшийн дээдэд явсан юм. Сургуулиа төгсч ирээд л Зүүнбаянруу явсан даа. Бид Зүүнбаянд 10 жил амьдарсан. Амьдралын минь хамгийн дур­самжтай, жаргалтай үе тэнд өнгөрсөн гэж боддог.

-Сургууль төгсөж очоод шууд мэргэжлээрээ ажилласан уу?

-Чой надаас нэг жилийн өмнө очсон. Би 1979 онд араас нь очсон юм. Тэр үед ч юм их чанга байсан. Эхний нэг жил ажил олдохгүй хэцүү байлаа. Би Зүүнбаянд анх хүүхдийн өдөр өнжүүлэх бүлгийн суурийг тавьсан.  20-иод хүүхэдтэй. Су­мандаа ганцхан цайны газартай. Өдөр хүүхдүүдээ дагуулаад цайны газар руу очиж цайлдаг байлаа. Зүүнбаян хавар болохоор их элс шороо босдог газар. Тэр элс шороон дунд хүүхдүүдээ хөтлөөд явахыг харсан манай офицерууд намайг “дэгдээхэйгээ дагуулсан нугас” шиг гэж цаашлуулдаг байсан юм. Гурван жил өдөр өн­жүүлэхэд, нэг жил Орос хэлний багшаар ажилсан. Түүнээс хойш амьд­ралынхаа бүхий л хуга­цаанд хичээлийн эрхлэг­чээр ажиллажээ. 

-Арын амьдралыг хэрхэн зохицуулж ирэв?

-Тэр үеийн офицерууд хэдэн сараар хээрийн бэлт­гэлд гарчихдаг бай­сан. Эхнээсээ л ийм амьд­ралаар амьдрана гэдгээ мэддэг байсан. Миний л итгэж хайрласан хүн. Харин сэтгэл санааг нь зовоочихгүй санаа амар ажлаа хийх боломжийг нь бүрдүүлж өгөх юмсан гэж хичээдэг байлаа. Хүүхдээ төрүүлээд 10 хонов уу үгүй юу ажлаас дуудна. Гэхдээ энэ бүхний ард гараад, цэргийн хүний эхнэрийн хувьд, хүүхдүүддээ ээжийнх нь хувьд нэг ч удаа халамж хайраар ду­таагаагүй байх гэж итгэдэг.

-Их хөдөлмөрч байжээ?

-Хааяа ханьдаа тог­лоом болгож хэлдэг юм “Би ер нь чамтай суугаагүй бол Гандигийн оронд их хуралд хэд хэд суучихсан байгаа шүү” гэж. Тэгэхээр амьдралдаа гутраад байгаа юм уу  үгүй биз дээ гээд инээдэг юм. Би их хөдөлмөрч байсан шүү. Ер нь хөдөлмөр л хүний амьдралыг тэтгэдэг. Хүмүүс тэр бүр мэддэггүй болохоос цэргийн хүний ар гэр байна гэдэг асар том хариуцлага юм даа Москва руу цэргийн сур­гуульд явахад нь гурван хүүхдээ аваад л үлдэж байлаа. Тэр болгон хүүхдүүдээ да­гуу­лаад явна гэхэд хэцүү. Дөрвөн жил сурахад нь хоёр удаа л очих эрх өгдөг байсан юм.

-Удаан уулзаагүй хү­мүүст бие биенээ санасан сэтгэл асар их байсан биз?

-Тэгэлгүй яахав. Эндээс явах гэж бөөн юм болж байсан. Би гурван охиноо дагуулаад явах бодол байсан юм. Гэтэл дүү маань загнаад “Ганц удаа ч болсон хүүхдүүдээ орхиод яв. Ахтай хоёулахнаа амарч байгаад ир гэж зөвлөсөн”.  Намайг очсоны дараа цүнхээ үү­рээд л  Москва, Ленинградын олон ч сай­хан газраар дагуулж явсан даа.

 

ЦЭРГИЙН ХУВЦАС ӨМСӨӨД ДЭСЛЭГЧ БОЛОХОО ШАХСАН

 

-Цэргийн даргын гэргий байхын хүнд хэцүү үе нь хэзээ байдаг вэ?

-Санаа сэтгэл нь тогтворгүй байвал хамтдаа шаналж, инээж баярласан үед нь сэтгэл уужирч хамтдаа энэ насыг барж байна. Ямарваа нэг цэрэг өвдлөө, гэмтлээ, сахилга бат алдаа гэвэл “Нөхрийн салаа” биш байгаа даа гэж зовно шүү дээ. Манай хүн “Энхийг сахиулах” ажил­лагааг санаачилж зохион байгуулалцсан. Тэр үед ээж аавын олон хүүх­дүүдийг харийн нутаг руу явуул­чихаад үргэлж араас нь сэтгэл зовнидог байсан. Шөнө утас дуугарахад нь би хамт л сэрнэ. Өглөө босохоос нь өмнө хоол цай, хувцасыг нь бэлдэнэ. Бэлтгэл сургуулилтад явахад нь хоол цайгаа идээ болов уу, дулаан хувцасаа өмсөө болов уу гэж санаа зовно. Хув­цасыг нь бэлдэнэ. Тэр үед мөнгийг нь өгөөд оёулна гэж байх биш. Нормын гутал нь тэсэхгүй. Ху­рууныхаа өндгийг шал­бартал оёдог л байлаа.

 

БИ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН

 

-Нэлээд хэдэн удаа АНУ-руу томилолтоор явсан байхаа?

-Анх явах болоход баярладаг юм билээ. Манай нөхөр Америк явах гэж байна гээд л. Аль хүүхдээ да­гуулж явах уу, гэр орноо хэнд захиж үлдээхэв, юу юу авч яах вэ гээд бодож, зохицуулах зүйл их гарна. Харин онгоцны буудал дээр буусны дараа яаж цагийг өнгөрөөх вэ, цэ­вэрлэгч, тогооч ч хамаагүй ажил олоод хийчих юмсан гээд зар харсаар байгаад л өнждөг байсан. Нэг мэдэхэд л найман сар, жил өнгөрчихсөн эх орон руугаа буцах болдог. Гэтэл энд ажлаа хийж байсан адилхан офицерууд амьд­рал нь дээшилчихсэн, унах унаагаа сольчихсон байх жишээтэй. Харин хайрцагтай хувцаснууд бид хоёрыг хүлээгээд л байж байдаг. Миний зардлыг улсаас даах биш, өөрсдөө л зохицуулдаг байлаа.

-Аливаа гэр бүл амжилтад хүрэхийн тулд заавал нэг нь амжилтаасаа татгалздаг юм шиг санагддаг?

-Зүүнбаянд байхад гадаад хэлтэй хүн хэрэгтэй байна гээд би чинь бараг дэслэгч цол зүүгээд цэргийн хүн болохоо шах­сан шүү дээ. Гэхдээ хоёулаа ногоон хувцас өмсчихвөл энэ ар гэр үр хүүхдүүд минь яах билээ гэж бодогддог юм билээ. Бүгд л хөсөр хаягдахаар байсан.

-Ханийхаа ямар зан чанараар бахархдаг вэ?

-Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Үргэлж л хүнд туслах юмсан гэж бодож явдаг. Ямар сайн даа Зүүнбаянд байхад 45 размерийн гутал өмсдөг цэрэг ирж л дээ. Нормонд тийм том гутал байхгүй.  Хот руу манай ах руу захиж авчруулж байсан удаатай.

-Амьдралд жаргал зовлон аль нь ч тохиолддог шүү дээ. Хэцүү хүнд үед түшиж тулах хань л нүдэнд харагддаг байх?

-Тэгэлгүй яахав. Дунд охин маань өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед хэн надад цай авчирч өгөхөв хань минь л үүрийн таван цагт цай хоол бариад ирдэг байсан. Хүүх­дийнхээ даавууг авч явж угаана. Амьдралын бүхий л цаг минут бүрт намайг ганцаардуулж, гомдоож байгаагүй. Ханийн түшиг гэдгийг дэндүү ихээр мэд­рүүлсэн хүн дээ. Хүүх­дүүддээ ч сайн аав. Надад нэг мөрөөдөл байсан юм. Ханийгаа ажлын өрөөтэй болгох. Би мөрөөдөлдөө хүрсэн. Манай хүн чинь ном их уншдаг. Юм бичиж тэмдэглэдэг. Тэр болгон гэртээ суугаад хийхэд тухгүй. Тиймээс Га­чууртад ажлын өрөөтэй байртай болгосондоо баяртай байдаг. Дулаа­ра­хаар зусландаа гарна даа.

 

40-ӨӨД ЖИЛ ХАДГАЛСАН ЦАГААН УУЛ ЦЭЦЭГ БИЙ

 

-Генералын гэргий байна гэхээр асар том хариуцлага шаарддаг уу?

-Хаана ч явсан генералын гэргий гээд хүмүүс хүндэтгэлтэй харьц­даг. Тэр хүндэт­гэлийг дааж явах асар том хариуцлага ирдэг. Нөх­рийнхөө нэрийг хугал­чихгүй юмсан, бусад офицеруудын гэргий нарт үлгэр дуурайлал болох юмсан гэж хичээдэг.

-Танд сэтгэлээс гар­даггүй гайхалтай бэлгийг барьж байв уу?

-Их залуу сэтгэл­гээтэй хүн. Өдөр бүр л гайхалтай сэтгэлийн бэлгийг барьдаг. Гэгээн Валентины өдрөөр үргэлж цэцэг илгээдэг. Дөчөөд жилийн тэртээ өгсөн цагаан уул цэцгийг нь одоо хүртэл хадгалдаг.

 

БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ НАЙЗ ДАА БЭЛЭГЛЭЖ БАЙЖЭЭ

 

-Төрөөс хэр хангамж өгдөг байв?

-Хангамж тааруу байсан шүү. Манай хүн нэлээн дээр байранд орох өргөдөл өгсөн юм билээ. 1998 онд энэ байранд орохын өмнөхөн нэг найз нь над руу утасдаж сайдын зөвлөлийн хурал хийлээ. Танай нөхөр шиг тэнэг хүн орчлон дээр байхгүй гэдэг юм байна. Чиний нөгөө мөрөөдөөд байсан байр будаа болсон шүү дээ. Уул нь нэг байр өгсөн чинь Нямсамбуу орог гээд байраа өгчихлөө гэлээ. Орой ирэхээр нь за яасан миний хөгшин байраа бэлэглэчихээд ирэв үү гэсэн чинь тэглээ хө хоёулаа хашаа байшин авдаг юмуу гэж байсан хүн. Тийм л хүний төлөө төрсөн хүн дээ.

Биднийг ийнхүү ярилцаж байх үед утас дуугарч генерал биднийг өрөөндөө урьсан юм. Цэенбадам эгч нөгөө л дулаахан инээмс­гэлэ­лээрээ шагнаж, зун манай зусланд очиж нөхрийн минь ажлын өрөөг сонирхоорой гэсээр үдсэн. Биднийг очиход Чой генерал өрөөндөө сууж байлаа. Генералын өрөө цэргийн хүнийх гэхэд  нэг л дулаахан энергитэй юм. Өрөөнд нь олон төрлийн цэцэг байх. Ширээн дээр нь хайртай ач зээ нарынх нь зураг харагдана.  Бидний яриа залуу насны дурсамжаар нь аяласнаар эхэлсэн. Сургуулийн музей­гээр зочилж, “Тэмүүжин” сургуулийн бяцхан сонсогч нартай яриа өрнүүлж, зургаа татуулаад амжсан. Тэдэнд үг хэлэх болгондоо сур­гамж хайрлаж, хүүх­дүүдтэй аав нь, ах нь, найз нь юм шиг чин сэтгэ­лээсээ хандаж байгаа нь ёстой л нэг хайр нь дотроо хал нь гаднаа хүн юм гэсэн эрхэм бодлыг төрүүлсэн юм. Түүнтэй ажил амьд­ралын гараа, цэргийн хүн байхын аз жаргал, хувь хүн, дотоод сэтгэлийнх нь тухай хөөрөлдлөө.

 

АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛЫГ ХУГАЦААНААСАА ӨМНӨ АВСАН

 

-Удам дамжин цэргийн мэргэжил эзэмшсэн хүн цөөнгүй байдаг. Харин та хөдөөний малчин айлаас гаралтай хүн. Тэгэхээр ёстой л хувь заяааны төөргөөр, бурханаас өгсөн хишгээр гэдэг юм уу армитай амьдралаа холбосон байх. Ер нь яаж яваад цэргийн хүн болов. Тэр тусмаа Зүүнбаян гээд социализмын үеийн хамгийн том, хүн болгон мэдэх нэртэй том дивизид ажлын гараагаа эхлэж байжээ. Үүнээс яриагаа эхлэе?

-Манай удамд цэргийн хүн байгаагүй л дээ. Дунд сургуулиа төг­сөөд л мэргэжлийн барим­жаагаа олох гэж мунгинаж яваад л нэг мэдэхнээ цэргийн дээд сургуульд элсчихсэн юм. Тэгээд л аав ээж, ах дүү, найз нөх­дөөсөө хол, номын дуу сонссоноос биш юу ч мэ­дэхгүй, ёстой л дарь үнэр­лээгүй нөхөр Зүүн­баянгийн дивизэд томи­логдож байлаа. Анх са­лааны дарга болж 20 гаруй цэргийг урдаа жагсаагаад, үүрэг даалгавар өгөөд цэргийн албаны гараагаа эхэлсэн дээ. Офицерийн хувьд төдийгүй хувь хүнийхээ хувьд ч аав, ээжийнхээ гараас гараад бие даасан амьдралд хөл тавьж байгаа нь тэр шүү дээ. Тийм учраас хамгийн сонирхолтой, хэзээ ч мартагддаггүй үе маань Зүүнбаянтай холбоотой.

Тэр үед чинь байр савны хангамж муу, таван офицер гурван ортой жи­жигхэн өрөөнд амьдарна. Хоёроороо ээлжилж анги дээрээ цэргүүдтэйгээ хо­ноно доо. Тэгээд эхнэргүй залуу офицерүүд чинь цэргүүдтэйгээ л хооллоно. Өглөөнөөс орой унтах хүр­тэл офицерүүд цэргүүд­тэйгээ байнга хамтдаа, тэр үеийн шаардлага ч тийм байж. Эргүүлийн офицер бол ангидаа 24 цаг байрлана. Заримдаа би чинь офицер бил үү, цэрэг бил үү гэж эргэлзэх үе ч гарна шүү. Хөдөө хээр цэргүүдтэйгээ яг л адил­хан майханд хоноглож, жонхуурсан хоолноос идээд л явна. Би 22 дөнгөж хүрсэн залуу дэслэгч. Гэтэл миний ах шиг 27-28 хүрсэн хөгшин цэргүүд ч байна шүү дээ. Тэгээд эрчүүд болсон хойно сэт­гэлээ нээн илэн далангуй бишгүй ярилцаж, асуудлаа шийдээд л явна.

Тэр буцалж, бужиг­насан цэргийн амьдралд ороод ирэхээр чинь эр хүн өөрийн эрхгүй дасна, зохицно, аав, ээж, найз нөхдөө санагалзах нь ба­гасаад ирдэг юм билээ. Тэгээд ч тэр үеийн шаардлага, хариуцлага өндрийг хэлэх үү Говь-Алтайд байгаа аав, ээжийгээ эргэлээ, хот руу гэрлэх хүүхэн рүүгээ очлоо гээд дураараа гараад явж болох биш. Нөгөөтэйгүүр тэр цагт гадаад улс төрийн нөхцөл байдал түг­шүүртэй, хүйтэн дайны ид үе байлаа шүү дээ. Иймд байлдааны бэлтгэл тас­рахгүй. Хээрийн сургууль, хичээл, буудлага, жо­лоодлого гээд ар араасаа л хөврөнө. Салааны дарга гээд бага тушаалын офицерүүд чинь хацар нь халтайж сайртсан, царай зүс муу гэж жигтэйхэн, хувцас хунар нь ч гандсан нэг тийм бөөдийсөн юмнууд л байна шүү дээ.

Ихэвчлэн цэргийн баярын дараагаар хээрийн сургууль гээд гараад явчихдаг байлаа.

-Ид элсээр шуурна биз?

-Тэгэлгүй яахав. Майханд хоноод өглөө босоход чинь нарийн элс даавууг нэвтэлж биднийг сайхан дарчихсан байна. Үеийн залуучууд нэг нэгнээ дэмжээд цэргүүдээ зохион байгуулж, нэг зорилготой болгохын төлөө зүтгээд ирэхээр офи­церийн манлайлах үүргээ ч сайн ухамсарлан гүй­цэтгэж эхэлдэг. Би чинь салааны дарга хүн байна, ядаж л цэргүүдээсээ өмнө гутлаа тосолчихсон байх хэрэгтэй, тийм үед тэгж хэлчих нь зөв, амралт чөлөөт цагаар нь тэг­чихвэл дажгүй гэж бодож эхэлнэ дээ. Одоо бодоход сайхан байжээ.

Тэгээд долоо найман сарын дараа нэг хээрийн сургуульд үүрэг даал­гавараа сайн гүйцэтгэсэн юм байлгүй хугацаанаасаа өмнө ахлах дэслэгч цол авч байлаа. Урамшсан гэж жигтэйхэн. Тухайн үед тэгж хугацаанаасаа өмнө цол авна гэдэг их ховор. Хамт төгссөн үеийнхэн хаана алба хааж байна, ялгаагүй бүгд дуулна шүү дээ. Чойжамц тэгж, ингэж гэж шуугиад л.

Карьер маань ч бага багаар дээшилж нэг мэдэхэд л Зүүбаянд зургаан жил болчихсон юм. Дараа нь тэр үеийн ЗХУ-д М.Фрунзийн цэргийн академид суралцахаар явж байлаа. Одоогийнх шиг Америк, Европ гээд дуртай газраа цэргийн академид явах биш ЗХУ-ын академид суралцана гэдэг офицер болгоны мөрөөдөл байлаа шүү дээ. Уг нь үүнээс хоёр ч жилийн өмнө ЗХУ-ын академид элсэх шалгалт өгөх эрх аваад байсан юм. Даанч тэр үед том хээрийн сургуульд батальон захирч орохоор болоод явж чадаагүй.

-Таны оролцсон хамгийн том хээрийн сур­гууль юу байв?

-1979 онд болсон хээрийн сургуулилт л хамгийн том нь. Бүх буунуудыг байлдааны сумаар сумлуулаад түр цэргүүд нэмэгдэж ирээд нэг л биш болсон. Тал хөндийгөөр дүүрэн машин, орос цэргүүд зам асуугаад сонин байлаа. Бараг л дайн болох нь уу гэж бодогдоод. Бүх төрлийн цэрэг оролцсон, манай орны батлан хамгаалах чадварыг бүрэн харуулсан том сургуулилт тэр болж билээ. Би тэгэхэд хэдэн цэргээ удирдан дээд удирдлагын тодорхой даалгаврыг биелүүлээд л гүйж явлаа. Цар хүрээг нь мэдээж хожим ухаарсан л даа. 

 

ХАМТЛАГТ БӨМБӨР ТОГЛОДОГ БАЙЛАА

 

-Цэргийн амьдрал мэдээж хатуу. Харин таны гэр бүлийн хүн их сайхан эмэгтэй байна лээ. Та ухаалаг ханьтай учирсан болохоор өдий зэргийн амжилт гаргасан байх?

-Тэр хамгийн үнэн. Бурханаас илгээсэн хамгийн том бэлэг миний хань гэж бодож явдаг. Бид чинь нэг ангийн хоёр шүү дээ. Багаасаа хамтдаа өсч, цаг минут бүрийг хамт л өнгөрөөдөг байсан. Цэргийн сургуульд ороод хүнд хэцүү бүхнийг туулж явахад миний хажууд байсан даа. Хэрвээ өөр хүнтэй учирсан бол өдийд яаж явах ч юм билээ хэн ч мэдэхгүй.

-Эмэгтэйчүүдийн баяраар та Зүүнбаянд байтугай хотод ч нүдний гэм амтат бялуу өгч эхнэрээ баярлуулж байсан гэж сонссон?

-Бидний амьдралд олон сайхан дурсамж бий. Тэр үед чинь бялуу үнэхээр ховор байлаа. Найздаа захиж авчруулаад тагтан дээрээ хадгалж байгаад өгсөн чинь ёстой их гайхсан даа.

-Цэргийн амьдралаас хааяа шантрах үе тохионо биз?

-Хааяа больдог ч юм билүү гэж бодох үе гарч байсан. Үеийн залуучууд эрх дураараа зугаацахыг хараад сэмхэн атаархах сэтгэл төрнө. Ангийн дарга болсны дараа ажлын их ачаалалтай байсан. Тэр үед тайтгарлыг гэр бүлээсээ л авдаг байсан. Хүүхдүүдийнхээ тоглохыг хараад баярлана. Анги дээр байхдаа хааяа өрөөндөө ганцаараа сууж, олон зүйлийг боддог байсан. Эсвэл хөдөө сал­хинд гарна. Ер нь цэргийн хүн аль болох өөрийгөө цэнэглэж, хурцалж өгөх хэрэгтэй..

-Гэр бүлийн хурал хийдэг байсан гэсэн?

-Хүүхдүүдийгээ бага байхад долоо хоногт нэг удаа хуралддаг байлаа. Хүүхдүүдээ урдаасаа харуулж суулгаж байгаад энэ долоо хоногт хэн сайн байсан, хэн гэрийн ажил муу хийсэн гээд л авч өгнө. Хагас цэрэгжилтийн байдалд оруулж байсан байж болох ч тэрний муу юм гэж лав байхгүй дэг шүү.

-Таныг хөгжим дажгүй тоглодог гэнэ лээ. Гитарыг бас л балбана биз?

-Цахилгаан хөгжмийн хамтлагт бөмбөр тоглодог байлаа. Тэр үед чинь гитар дардаг банди нарт охид бас талтай. Би бүр багаасаа 28 дугаар дунд сургуулийн үлээвэр хөгжимд явчих­сан. Гомбо багш, бас үлээ­вэр хөгжмийн Пүрэвжав гээд мундаг багш нартай байлаа. Ноотыг мөн ч их хуулж бичсэн дээ. Түүний ачаар хөгжмийг бол одоо ч гэсэн дарна аа, дарна.

-Нэг сэтгүүлчээс болж том хэрэгт ороогдохоо шахаж байсан гэл үү?

-Манай нэг цэрэгт мэс засал хийсэн эмч бие дотор нь мэс заслын махир хутгаа орхиод оёчихож. Тэр хутга гол судсыг нь үрсээр байгаад хагалаад дотуур цус алдалт болж, нөгөө цэрэг нас барчихлаа. Тэгсэн чинь ээж нь тэр үеийн МХЗЭ-ийн дарга Нарангэрэлд гомдол би­чиж л дээ. Тэгэхэд “За­луучуудын үнэн” сонины сурвалжлагч Энхтуяа над дээр ирж, баахан юм асууж явдаг юм байна. Тэгсэн удалгүй хэрэг бишдлээ. “Залуучуудын үнэн” сонинд “Зүрхэнд шивсэн зүү” гээд нийтлэл гардаг юм байна. Намайг намын хороон дээр дуудаад хөөх туух юм болоод явчлаа. Уг нь бол эмнэлгийн буруугаас болсон хэрэг шүү дээ. Гэтэл намайг цэргээ халамжилж чадаагүй гээд буруу үүрүүлдэг юм бо­лоод. Тэр үеийн захир­гаадалт аймаар байгаа биз. Тэгээд донгодуулж байлаа. Донгодуулна гэдэг чинь тэр үед янз бүрийн шаг­налаас хасагдахаас өх­сүүлээд албан тушаалаар ахих боломжгүй болдог том шийтгэл байлаа шүү дээ.

Удсан ч үгүй аав маань Говь-Алтайгаас утасдаад яагаад хүний хүүхэд алчихав аа гээд бөөн юм болсон юм. Одоо Энхтуяатай уулзахдаа хэлдэг юм. Чи ч намайг амьдаар минь нэг алах шахаж билээ гээд л.

-Монгол эр хүн гэж таны бодлоор яг ямар хүнийг хэлэх вэ?

-Монгол эр хүн гэж хамгийн гол нь ноён нуруутай, аа бас жаахан хэнэггүйдүү байрын хүнийг хэлэх байх. Ер нь төлөв түвшин, алсын хараатай аливааг өчигдөр, өнөөдөр, маргааштай нь эргэцүүлж чаддаг хүн л байх ёстой гэж үздэг дээ.

 

НАЙЗ ГЭДЭГ НЭГНИЙГЭЭ ХУДАЛДДАГГҮЙ БАЙХЫН НЭР

 

-Хавар болоод удахгүй их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт эхлэх нь. Та залуучуудад хандаад Батлан хамгаалахын дээд сургуулийг товчхон танилцуулж хэлэхгүй юу?

-Ер нь хамгийн сонирхолтой сургуулийн нэг шүү. Төрийн албаны тухай хуульд цэргийн алба хаасан хүнийг авах болсон. Манай сургуульд сурснаар түүнчлэн бүх чиглэлийн мэргэжил эзэмших боломжтой. Дээр нь манайх ижил төрлийн гадаадын сургуулиудтай холбоо харилцаа сайн. Өнгөрсөн жилд гэхэд л 120 оюутан маань гадаадад суралцахаар шилжиж явлаа. ОХУ-д 90 хүүхэд, Өмнөд Солонгост дөрөв, Туркт 10 гээд. Тийм уч­раас залуучууд аа, зөвхөн Батлан хамгаалахын их сургуулийг сонгоорой, та нар алдахгүй шүү гэж хэлмээр байна.

-Найз нөхөд мэдээж ихтэй байх. Ер нь найз нөхдийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Найз нөхөд гэдэг ядарч явахад түшиг, даварч явахад даруулга, ер нь амьдралд байнга дэм болж явдаг л хүмүүс шүү дээ. Янз бүрийн найз байна аа. Өөдлөн дэвшсэн том дарга нар ч байна, архинд орж амьдралаа алдсан нь ч байна. Би бүгдтэй нь эн тэнцүү харь­цахыг л боддог. Хамгийн гол нь найз гэдэг нэг нэгнээ худалддаггүй л байх учиртай. Түүнээс биш дээшлэхэд доли­го­нож гүйгээд, доошоо унахад гишгээд явчихдаг тийм “найз” амьдралд бишгүй л тохионо шүү дээ. За тэгээд амьдралын шалгарлаар шилигдээд үлддэг цөөн хэдэн найз үлддэг юм билээ. Ямар ч тохиолдолд хажууд байдаг, дэм болдог андууд.

-Таны бодлоор сайхан амьдрал гэж юу вэ?

-Өөрийн сонгосон орчиндоо хүнээрээ үлдэж чадах нь амьдралын гол утга учир болов уу. Түүнээс биш хүн болгон сайхан амьдрал гэж тийм ийм гээд баахан хийсвэр абсракт юм төсөөлөөд түүндээ хүрэхдээ гол нь биш байх аа. Малчин бол малчнаа хийгээд л, цэргийн хүн албандаа зүтгээд л аз жаргалтай, дүүрэн амьдарч болдог л юм шүү дээ. Би цэргийн албаныхаа ачааллыг даагаад, стрессийг гэтлээд мөрдөс зүүгээд явж бай­гаадаа л сэтгэл хангалуун. Сэтгүүлч та нар ч баахан зүдэрч байж олон түмэнд сонирхолтой материал хүр­­гэ­сэндээ сэтгэл хангалуун байвал тэр чинь л сайхан амьдрал биз дээ.

-Та шатарчин байсан бол дараагийн тань нүүдэл ямар байх бол?

-Бэрсээ сул хаяна. Өөрөөр хэлбэл өгөөш хаяж байж нөгөө талынхаа сул талыг мэдрэх тактикийн нүүдэл хэрэгтэй. Тэндээс уран нүүдэл бодож олно оо доо.

 

АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ АВАХДАА ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН

 

-Түрүүн та Тэмүүжин сургуулийнхаа хүүх­дүүдтэй ярилцаж байх даа олон зүйлийг маш эн­гийнээр зааж сургах нь ажиглагдлаа. Тэд бүгд л таны адил хүүгээс ноён гарахыг эрмэлзэж байгаа нь илт?

-Ямар сайндаа би хэллээ шүү дээ хүүх­дүүдэд. Та нарын зарим нь ядаж генерал биш хурандаа бол л доо гэж.

-Та яахын аргагүй байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг гэдэгчлэн хамгийн бага цолоос хошууч генерал болсон хүн. Авахдаа ямар цолонд хамгийн их баярлаж байв?

-Дээр хэлсэн. Ахлах дэслэгч цолыг авахдаа хамгийн их баярлаж байлаа. Тэр үед чинь дэслэгчээс ахлах дэслэгч болтол армид дор хаяж гурван жил зүтгэдэг байсан юм. Гэтэл би хэдхэн сар болоод тэр цолыг авч байлаа. Тэгээд залуу ч байж, оргилуун ч байж. Баярлах нь ч амархан байсан гэх үү дээ. Мартагддаггүй юм.

Дээр нь дунд офицерээс ахлах офицер болно гэдэг мартагдашгүй. М.Фрунзийн нэрэмжит академид сурч байхдаа хошууч цол авч байлаа. Уг нь сурч байхад цол өгдөггүй ч онц сурсан гээд хошууч болсондоо их л баярлаж явлаа. Дараа нь генерал болоход нүд бүрэлзээд л, цээжинд нэг юм огшоод гоё юм билээ.

-Амьдралаа эргэж нэг харахад сайхан дур­самжууд бишгүй л байгаа даа?

-Арван жилийн хэнэггүй явсан он жилүүд мэдээж мартагдахгүй. Мөн 20, 100, тэгээд мянган цэргийг удирдаад нэг зорилготой, нэг хүн шиг улс орныхоо төлөө хөдөлгөж чаддаг байснаа дурсахад сайхан байлгүй яах вэ. Хожим хошууч генерал болчихоод олон улсын янз бүрийн цэргийн арга хэмжээнд оролцон бүрэн эрхт улс орноо төлөөлж явахад сайхан л байлаа. АНУ-ын Үндэсний батлан хам­гаалах их сургуульд байхад 54 орны офицер, 11 генерал номын дуу сонсч байлаа л даа. Тэдний дотор би ганцаараа хоёр таван хошуутай генерал учраас тэд бүгд надад ёсолно, хаана ч явсан хамгийн хүндтэй суудал цолны эрэмбээр минийх байх жишээтэй. Эх орноороо омогших үнэхээр сайхан шүү.

-Дэлхийн олон халуун цэгт үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчидтай ярьж байхад Монгол шиг сайхан орон хаана ч алга, ийм сайхан нутагт төрсөн нь ямар их аз завшаан бэ гэдэг?

-Монгол хүн их сонин шүү. Нутгаасаа гарахаар эх орноороо үнэхээр омогшдог. Иракт ч, Афганистанд ч энхийг сахиулагчдаа эргээд явж байлаа. Бүгд л Монголоо саначихсан, Монголоороо овоглож яваадаа бахархдаг нь шууд мэдэгдэнэ шүү. Гэтэл америк ч юм уу, Австрали цэргийн албан хаагч хамгийн түрүүнд эхнэр хүүхдээ санаж байна гэдэг байхгүй юу. Харин манай цөөн мон­голчууд хамгийн түрүүнд эх орноо л санадаг юм.

Монгол хүн гэдэг чинь эх нутагтайгаа, агаар салхитайгаа хүйн үл харагдах холбоотой юм уу даа. Талын минь сайхан салхи л үгүйлэгдэж байна гэнэ шүү дээ цэргүүд маань.

-Монголын энхийг сахиулагчид Иракт явахад шүүмжлэгчид бишгүй байсан. Дэлхийн тер­рористуудыг улсынхаа эсрэг турхирлаа гэх мэт?

-Эсэргүүцэл мэдээж байсан. Гэхдээ манай улс энхийг сахиулах үйлсэд оролцсоноор тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа юм шүү дээ. Нөгөөтэйгүүр олон улсын тавцнаа нэр хүндээ өсгөсөн гээд ач холбогдол их. Түүнчлэн манай цэрэг бусад орныхтой харь­цуулах боломж нээгдсэн. Бид юугаараа илүү, дутуу байна гэдэг дээр харь­цуулах боломж бий болсон нь маш чухал.

-Эцэст нь нэг хийсвэр, таны хэлснээр абстракт асуулт  тавья. Та өөрт байгаа ямар нэг юм аа золиослон байж бурханаас юуг оронд нь авах вэ?

-Би өөрийн биеийнхээ тархинаас бусдыг бүгдийг өгөөд нэг л зүйл хүснэ. Дахиад нэг тархи.