М.ГАНЦЭЦЭГ
Төр хамгийн муу менежер гэдэг. Өөртөө байгаа бүхнээ тавьж туудаг, дампууруулдаг, дарга нар нь хувааж идэж, уудаг болохоор дэлхий нийтээрээ төрийг хамгийн муу менежерээр нэрлэсэн биз. Монголын төр ч муу менежер болохыг “МИАТ” компани нотлов. МИАТ-ийг хувьчилна гэж хэдэн жил ярьсаар байгаад эцэст нь ийм зүйл болдог байж. Хэрэв хувьчилвал үр ашигтай гэдгийг бизнесийнхэн болон зарим нэгэн гишүүн хэлдэг байв. Даанч тэндээс идэж, ууж цадаагүй нөхөд хувьчлалыг хойшлуулсаар өнөөдөр дампуурахад хүргэсэн, гар хөл болсон хэдэн нөхөр шоронгийн хаалга татах болж байна. МИАТ алдагдалтай ажилладгийг үе үеийн дарга нар УИХ-д ажил тайлагнах үеэрээ ярьдаг байв. Яг цаанаа бол МИАТ ашигтай ажиллаж байсан. Ашгийг нь хэдэн хүн хувааж иддэг байсан нь өнөөдөр ил боллоо. Ер нь төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, үйлдвэрийн цаана албан тушаал нэмэгддэг, төсвийн мөнгө хяналтгүй урсдаг, төрийн өмчөөр дамжуулан мөнгө угаадаг нь тодорхой болжээ. Эцэст нь алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар дампууруулдаг, төрөөс нэмж мөнгө авдаг, дарга нар нь хувийн компани байгуулдаг бололтой. 2011 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 91 компанийн 57 нь ашигтай, 34 нь алдагдалтай ажилласан байна. Харин өнгөрсөн оны тоо судалгаа олдсонгүй.
ТӨРИЙН ӨМЧИЙН АШИГГҮЙ КОМПАНИУД
Муу менежертэй, ашиггүй ажилладаг компани олон бий. Төр олон компанитай байхын ашиг тус, үр дагавар юу байдгийг “МИАТ” бэлхнээ харуулна. Сүүлийн үеийн жишээ гэвэл уул уурхайн салбарт байгуулсан төрийн өмчит компаниуд бий. Тухайлбал, “Эрдэнэс МГЛ”, түүний охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-г нэрлэж болно. Өнөөдөр тус компаниуд ямар байдалтай болсныг хэн хүнгүй сайн мэднэ. Мөнгөгүй, дээр нь өрөнд баригдсан. Мөнгийг нь төр аваад идчихсэн, улстөрчид нь сонгуулийнхаа шоунд шамшигдуулаад дууссан. Тэнд очсон дарга нар нь мөнгө угаасан, хэнд ч хэрэггүй бараа бүтээгдэхүүн шахсан хэрэг намжаагүй байна. Саяхан Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд тавигдсан хатуу хучилттай автозамын хураамжийг бууруулах, “Чалко Трэйдинг Хонконг” компанитай байгуулсан Нүүрс худалдан авах тухай гэрээ хуульд нийцээгүйг шалгах, зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангаагүй хүнд даацын автомашин болон дугуй нийлүүлсэн хэргийг шалган тогтоохоор болсон билээ. “Эрдэнэс Тавантолгой” цалингаа ч тавьж чадахгүй, гадаад захирлуудаа хүртэл халсан. Тус компанид саяхан Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгох, зээлийн баталгаа гаргасан байгаа.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн данс ч улайсныг шинээр томилогдсон дарга нь ярьсан байна лээ. Энэ компани нь “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулсан юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” юм.
Төрийн эзэмшлийн компаниуд өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн жишээ үүгээр дуусахгүй. Мөн л “Багануур” компани дээр давтагдав. Улаанбаатарын нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг “Багануур” хувьцаат компанийн эзэмшлийн газрыг “Алтай гянт” компани өөрийн болгож сүүлийн таван жил ашиг олж байжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, 500 орчим сая тонн нүүрсний нөөц бүхий газрыг “Багануур” хувьцаат компанийн тухайн үеийн удирдлага бусадтай хуйвалдан хувийн компанид шилжүүлсэн байж магадгүйг өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Төрийн өмчийн хороонд ажиллах үеэрээ хэлж байв. Ингээд мөнгөгүй “Багануур”-т техникийн шинэчлэл хийж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах арван найман тэрбум зургаан зуун гучин дөрвөн сая төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргахаар өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар шийдсэн юм. Төрийн өмчит компани эзэнгүйдэж, алдагдалтай ажилладаг, тэр байтугай өрөндөө баригдан, газраа алдчихдаг жишээ энэ.
“Шивээ-Овоо” компани мөн л “Шинэ шивээ” компанитай газрын маргаан үүсгэсэн. “Шивээ-Овоо” компани өнгөрсөн жил 2.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн төрийн өмчит “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани 2004 оноос ашигтай ажиллаж байсан хэдий ч 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас хаалгаа барьсан удаатай. Ийнхүү тэрбумаар тоологдох төгрөгийн алдагдалтай компаниудыг цэгцлэх цаг болжээ.
НЭРЭЭ ӨӨРЧИЛСӨН ҮЙЛДВЭРҮҮД
Шинэ Засгийн газар бүрдээд алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудаас нэгийг нь ч хувьчилсангүй. Дээр нь нэмж нэгийг байгуулав. Тэр нь “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани юм. Тус компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Төрийн өмч ганцаар зогсохгүй. Баахан үйлдвэр нэмж байгуулсан. Хэдэн агентлаг татан буулгаж хүн цөөлж ажилчдын цалинг хэмнэлээ гээд цаана нь улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь иддэг хүмүүс, компаниуд нэмэгдсэн. Компани, үйлдвэр хоёрт ялгаа юу байна. Тэнд албан тушаал нэмэгдэж, тэр хэрээр төсвийн мөнгийг урсгах болно.
Засгийн газар худалч хүнд хуралдаан болгоноороо л улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулжээ. Одоо ажил үйлчилгээ нь жигдэрч албан тушаалаа хуваачихсан биз. Харин хаана байрлаж хэн дарга нь болж юу хийж байгаа нь бараг мэдэгдэхгүй.
Эхнээс нь дурдвал, “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв”, “Хөдөлмөрийн судалгааны институт” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яамны дэргэд байгуулжээ. “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв” нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас авах, иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй гэнэ. Харин “Хөдөлмөрийн судалгааны институт” нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хөгжүүлэх, салбарын боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ажээ.
“Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд, Монголд суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нэмж байгуулжээ. Мөн “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газар бий. Энэ үйлдвэрийн газар нь авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд хяналт, зохицуулалт тавих, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, стандарт, норм норматив боловсруулах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх үүрэгтэй юм байна.
Ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, зураг төсөл, хяналт шинжилгээ хийх үүрэг бүхий “Ой-МГЛ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяанд байгуулахаар болжээ. Мөн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулав. Тус төв нь төмөр замын тээврийн салбарын суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй аж.
Ийнхүү төрийн өмчит нэртэй үйлдвэр, компаниуд олширч төсвийн мөнгийг хэдэн тийш нь цацаж байна. Үйл ажиллагаагаа олон нийтэд ил байлгадаггүй тэдгээр газарт хяналт гэж алга бололтой. Тэдгээр үйлдвэр, компаниудын ард мөнгө “угаагчид” байдаг, зориудаар дампууруулдаг юм биш биз.
Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн жагсаалт.
