Д.МЯГМАР

Монголчууд энерги, “эрчим хүч”-ээ сэргээхээр Дорноговь аймгийн Хамарын хийдийг зорьж дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлсээр л. Далай лам эл нутгаас тэр дундаа Хөвсгөл сумаас Эрдэнэ ноён хутагтын есдүгээр дүрээр О.Угтахбаярыг тодруулж хувилгааны сэнтийд нь залсан нь монгол түмний анхаарлыг татсан үйл явдлын нэг болоод байна. Гэгээнтний багш, Хамарын хийдийн тэргүүн хамба Цэндийн Дөштэй ярилцлаа.
-Танай нутгаас гэгээнтнийг тодруулсан талаарх яриа олны чихийг мялаах болж. Ноён хутагтын нутгаас гэгээнтнийг тодруулахад та бүхний хувь нэмэр, оролцоо хэр байв?
-Манай хийдэд 18 лам шавилан сууж байна. Сая манай нутгаас гэгээнтнийг тодруулаад Далай лам руу авшиг хүртээхээр хоёр лам хамт явсан. Манай аймгийн Хөвсгөл сумын уугуул, 1984 онд төрсөн О.Угтахбаярыг гэгээнтний хойд дүр хэмээн тодруулсан. Миний шавь нарын нэг юм даа. Данзанравжаа хутагт 1803 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн гэдэг. 1984 онд эргээд сумандаа төрлөө.
-Хутагтын нутгаас, энерги цогцолсон дагшин газраас, тэр дундаа таны шавь хувилгаан болж тодрохоор хэмжээлшгүй баярлаж байгаа байлгүй?
-Нэг жилийн өмнө дөө, олон хүний нэрийг Далай лам руу илгээсэн. Далай лам маань чойжин буулгаад, оройжин ном шүүх ажлаа жил хэртэй хийж байж Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас түүний нэрийг тодруулж өгсөн.
-Гэгээнтний талаар танилцуулахгүй юу?
-О.Угтахбаяр Өлгий хийдээд хэдэн жил ном үзэж байгаад сүүлд манай хийдэд ирж надад шавилсан. Дашчойлонд хэдэн жил ном үзүүлсэн. Өмнөд Энэтхэгийн “Гомон” хийдэд хоёр жил суулгасан. Сүүлдээ хойд Энэтхэгт дээрхийн гэгээнтэний дэргэд таван жил ном үзсэн. Нийтдээ долоон жил гадаадад бурхан номын дуу сонссон. Манай хийдээс түүний зардлыг нь даагаад долоон жил гадаадад сургаснаар англи, төвд, хинди хэлтэй болсон. Улаанбаатар хотын шашны дээд сургуулийг хоёр жилийн өмнө төгсч, баклавар зэрэг авсан. Өнгөрсөн жилээс манай хийдэд шавилан их унзад хийж байгаад гэгээнтнээр тодорлоо. Хуучин том том гэгээнтнүүд Хамарын хийд орчмоос тодорч байсан. Энэ хийддээ тусгай ёслол хийгээд Энэтхэг рүү Далай багш руу явсан. Далай лам гэгээнтнийг Түвдийн долоон том хийдэд ёслол, хүндэтгэл үзүүлнэ хэмээн дуудсан юм.
-Монголчууд энерги авах гэж Хамарын хийдийг олонтаа зорьдог. Их урт, сонин түүхтэй хийдийг сэргээхэд таныг анхнаас нь номын дуу гаргасан гэж сүсэгтнүүд ярих юм байна. Энэ талаар яриа дэлгэхгүй юу?
-Сүсэг гэдэг өвөрмөц эд юм. Хүмүүс нэг нэгнээ дуурайгаад мухар сүсгээр явбал шашны гол утга оршихгүй. Бусдын амаар элдэв бүтэх, бүтэхгүй үйл хийж байхаар буяныг үнэн голоосоо хийж, бурханд үнэн сэтгэлээсээ сүжиглээсэй.
1819-1821 онд тавдугаар ноён хутагт Хамарын хийдийг анхлан байгуулсан гэдэг. 1937 он хүртэл Хамарын хийдийн чадалтай олон лам ном хурж байсан гэдэг. Говийн хутагтын тав, зургаа, долдугаар дүр нь манай хийдэд сууж байсан.1937 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ногоон малгайтнууд Монгол орны хаа, сайгүй шашны сүм, хийдийг сүйтгэж, балласан даа. 1990 онд Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж нутгийн өвгөчүүл санаа нэгдэн Хамарын хийдийг сэргээхээр сэтгэл шулуудсан. Тухайн үед би хөдөө амьдарч байлаа. “Дорноговь аймгийн Дэчинчойнхорлон хийдийг байгууллаа, та ирж энэ ариун үйлсэд нэгдээч” хэмээн надад заллага явуулсан юм. 1990 оны зургадугаар сарын 8-нд хийдийг нээх том хурал хийж тэнд би анх очиж байлаа. Төд удалгүй би ч хөдөө явчихлаа. Өвөл арванхоёрдугаар сарын эхээр хоёр том хийд нээлээ гэсэн. Тэгээд би 1990 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хамарын хийдэд ирж сар гаруй ганцаараа сүсэгтэн олондоо ном, сургаалиа айлдсан даа. Тэр үед лам ховор ганцаараа хэцүүхэн л байсан. Нутаг буцаад байтал намайг 1991 оны дөрөвдүгээр сард дахин дуудуулж “Хамарын хийдэд аймгаас лам нар ирж сахиус залах гэж байна. Та нутаг орны хийдэд минь эзэн суугаач” хэмээн бурхны олон шавь нар, сүсэгтэн олон надад эдийн дээд хадаг барьсан түүхтэй. Ганц өвгөн лам хадагтайгаа хатав гэгчээр юм болох вий хэмээн би ч бас дотроо эмээж байсан үе бий.
-Шашны үзэл суртлыг дэлгэрүүлэх цагийн эхэнд танд хадаг барихад ямар сэтгэгдэл төрж байв?
-”Олигтойхон сүм, хийд гэх юмгүй нүцгэн талд нэг хөгшин лам юу хийнэ гэж энэ хадгийг авч байна” гэж би өөрөөсөө асууж байсан. Өөрөө дийлэхгүй, чадахгүй том ажил, авчихав уу хэмээн эмээж суусан.
Урьд нь, цаг сайхан байхад манай энд 108 мод саглайсан сайхан газар байсан гэдэг. Энэ нүцгэн хээр талын газрын хөрсийг нь ухаад үзэхээр модны илжирсэн үндэс гардаг юм. Сонин байгаа биз. Сүйдсэн газар орныг сэргээх үйлсийг бурхан багш надад өгсөн юм байлгүй дээ.
2004-2006 онд Хамарын хийдийн шамбалын орныг бүтээлээ.
-Сүм, дуганыг бүтээн босгоход сүсэгтнүүдийнхээ хандив, дэмжлэгээр л ажлаа хийдэг болов уу. Улсаас санхүүжилт өгөхгүй юу?
-Хамарын хийдийн гол хэсэг болох Шамбалын орныг тойруулан 108 суваргыг анх бүтээн босгосон. Сүсэгтнүүд маань биднийг дандаа л харж, дэмжиж байдаг учраас л буяны, бурхны үйл ийм түргэн, зовлонгүй бүтдэг юм болов уу. Буяны садангуудын өглөгөөр л бид түмний бишрэл, сүсгийн эх орныг цогцлоосон гэж боддог.
2005 онд би Энэтхэгээр хөндлөн, гулд явж Далай лам, Ренбүчи нартай ярилцаж Монголоос хэдэн лам сургаж хойч үеэ бэлдмээр байна гэж санал солилцоод гэрээ хийгээд ирсэн. Гэрээнийхээ дагуу залуу лам нараа Энэтхэгт сургах ажил өнөө хэр үргэлжилж байгаа. Энэтхэгт суралцсан лам нар маань захаасаа гэгээнтэн болж тодорч байгааг түмэн олон харж баясаж байгаа.
2006 онд суварга босгох ажлаа нэг мөр болгож Шамбалын орны нээлтийг ард, олонтойгоо хамт хийсэн. 2007 онд цахилгаантай болж, сүсэгтнүүд хэзээ ч ирсэн гэрэл, гэгээтэй болсон. 2009 онд Хамарын хийдэд Мобикомын сүлжээг оруулсан. 2010 оны долдугаар сард бүтээн байгуулалтын чамгүй их ажлыг нугаллаа. 2011 оны есдүгээр сард энэ их суваргыг бүтээсэн. Би мундагтаа хөдөө, нүцгэн талд ганц өвгөн ирээд бурханы орныг бүтээн байгуулчихсангүй. Буяны садангуудын сэтгэлийн өглөг, их хөдөлмөрийн үр шим өнөөдрийн Хамарын хийдийн төрхийг ингэж сайхан засч, сайжрууллаа.
-Сүсэгтэн олон өөр, өөрийн нутгийн ёс заншил, хүмүүжлээр аливаа асуудалд ханддаг байх. Хамарын хийд тэр дундаа Шамбалын оронд хэрхэн хүндэтгэл үзүүлж, ямар дэг жаягаар бишрэл, хүндэтгэлээ үзүүлдэг юм бол?
-Энэ тун анхаарууштай асуудал. Хамгийн гол нь иргэд, олон түмэн буян хийж байгаа нь гээд элдэв төрлийн будааг суварга руу цацдаг нь тун буруу үйлдэл шүү. Таны нүүр рүү будаа шидээд байвал буян болж, сайхан санагдах уу, бодоод үзээрэй. Ном ёсоороо бол суваргыг нар голлосон үед эргэдэг юм шүү. Сүүдэр богинохон үед суваргыг эргэж тойрдог онцлогтой.
-Ямар учир жанцан байдгийг та манай уншигчдад хэлж өгөхгүй юу?
-Суваргыг өглөө эрт эргэвэл сайн байдаг юм. Эсвэл орой сүүдэр буусан үед тойрч болно. Ингэж байгаа нь хүндэтгэл юм. Суваргыг гараараа тулж болдоггүй. Хүмүүс залбирлаа шивнэж байна гээд очоод л бариад авдаг. Энэ чинь суваргыг сэвтээсэн хэрэг болно. Тулж мөргөхөд тоос суварганд наалддаг тул үүнийг цээрлэдэг. Суварга урт сүүдэртэй үед сүүдрийг нь дайрч, гишгэж болохгүй. Хэрэв гишгэвэл суваргыг нураасан, эвдсэн ялд унадаг.
-Буян үйлдэх нэг хэлбэр нь идээ, будаа өргөх гэж хүмүүс ойлгодог. Энэ буруу үйл болж таарсан уу?
-Үнэхээр ядарсан хүн, өнчин амьтан, адгуус хооллоно гэвэл тэр буянаа ээрэм хээр талд хийгээрэй. Хээр очиж оготно хооллож болно. Өмчгүй амьтан түүгээр хооллог, хөөрхий. Мөнгөөр олон идээ, ундааны дээд аваад хаа, хамаагүй, эрээ, цээргүй цацаж байгаа нь хэнд ч буян болохгүй. Хайран зарлага л болно. Талаар нэг шидсэн чихэр, печень, амттаны дээдийг хэн ч идэхгүй. Идээ, ундааг шороонд хутгахаар ямар ч амьтан идэхгүй л байх. Өнөөдөр Монголд ядарч, зүдэрсэн олон хүн байна. Ядаж тийм хүнд атга будаа аваачаад өгчихвөл сайхан цай хийгээд уучихна даа.
-Хийд, овоонд хамгийн их хөглөрч, хог болж байгаа зүйл нь хадаг болж. Хадгийг ямар үед, яаж хэрэглэх дэгтэй юм бол?
-Хадаг эдийн дээд учраас хүн гэртээ хадгалж байх ёстой. Хадгаа бурханд өргөж болон. Гэгээн хүнд барьдаг. Ихэс дээдэс, сайд ноёдод барьж золгодог. Хашаа хайс, утасны шон, мод, гүүр гэх мэтээр дуртай газраа хадаг уях болж. Хүмүүсийн сониуч зангаар л ийм буруу үйлдэл гадуур түгээд байна.
-Эхчүүд, эмэгтэйчүүд очиж хүслээ хэлж залбирдаг мөөмөн хаданд сүү, шар, цагаан будаа өргөсөөр бүр цагаан овоо болжээ. Энэ зөв үү?
-Мөөмөн бөмбөл бол эмэгтэйчүүдийн сүлд овоо юм. Ямарваа овоо, суварга, бурхан шүтээний өмнө хүн оюун ухаан, бодол санаагаа төвлөрүүлж бясалгаж байж залбирах хэрэгтэй. Ам дамжсан олны яриагаар өнөөдөр бурхан номын газар сүсэглэж, бишрэх дэг алдагдаж хүн бүр л их мэдэгч болчихсон бусдад буруу үйл заагаад байж байгаа нь нүгэл юм. Өөрөө юмны учрыг үл шинжлээд бусдад бурангуй зүйлээ заахаар яаж үнэн сүжиг, өргөл болох билээ. Шамбалын оронд хүмүүс очихоороо бас буруу мухар сүсгээр хандаж улаан шороон дээр нь хэвтээд байдаг. Эсвэл нар луу хараад гараа өргөж энерги авна гэх мэтээр монголчууд маань буруу зан үйлд нэвтэрчээ.
-Шамбалын орноос утсаар ярихаар бусдад энерги дамжуулдаг гээд хүмүүс, ах, дүүс рүүгээ залгаад мэнд мэддэг. Энэ бас зөв ёс уу, мухар сүсэг үү?
-Тэр бас л хэн нэгний эрх ашгийг илүү үзсэн хэрэг биз. Энергийг гар утсаар дамжуулж болдогсон бол амар л юм. Хүмүүсийн бодол, сэтгэлийн үр юм даа. Чамирхаж, их мэддэг хүмүүсийн зохиосон үлгэр зөндөө бий шүү. Угтаа бол Шамбалын оронд очиж баруун хаалганы сүмтэй гурвалжин, суварганы харалдаа парлел байдалтай завилан сууж сансар огторгуйгаас эрчим хүч авдаг. Өвлийн хүйтэнд хүн гадаа суухаар хөлдчих гээд байдаг. Завилж, биеэ хурааж суусан хүн дулаацдаг. Их хутагтын номд энэ энергийн төвийн талаар жанлав оршиж адислаж бууна гэж байдаг.
-Хар уул буюу Баянзүрх хайрханы өмнөх хүүхдийн овоонд хүмүүс хүслээ хэлбэл биелэдэг гэх юм?
-Хүүхдийн овоонд хүмүүс үр, садынхаа хойдох буян заяаг нь даатгадаг. Ухаан, бодлоо төвлөрүүлэн залбирч болно. Тэрнээс биш хаа хамаагүй хадаг уяж, чулуу овоолох хэрэггүй. Хүсэл биелэх эсэх нь тухайн хүний сэтгэлийн сүжиг мэднэ дээ. Хүн сэтгэл дотроо сайхан зүйл хүсэн мөрөөдөж түүнийгээ биелж байна хэмээн төсөөлбөл сэтгэл дагаад ажил үйлс сайхан бүтдэг дээ. Хүн угаас сэтгэлийн амьтан юм. Хүнд муу санаж, муухай зүйл боддог бол амьдрал нь тэр хэрээр бартаатай, ажил үйлс нь бүтэхгүй.
-Баянзүрх хайрхан дээр гараад архи хувааж уух сайн гэж хэлэх хүн таарлаа, сая. Тийм ёс байна уу?
-Хаанаас даа. Тэр хүмүүс архи уух шалтгаанаа л олж ядаад дэмий зүйл ярьжээ. Буруу үйлээ дэврээж, архи уух нэг арга юм даа, тэр. Хайрханы бэлд сүм бий. Тэнд хүж, арцаа жаахан уугиулана. Тэр хэсэгт зогсож байгаад бодож, хүсч байгаа зүйлээ ууландаа хэлээд сэржим тааруулаад л өргөж болно. Хүний толгой дээр мордчихоод архи өргөөд байхаар ам руу нь орох уу. Монголчууд эцгийнхээ толгой дээр гарчихаад “та цай уу” гэж цацдаггүй биз дээ. Уул, ус, нутаг орон гэдэг чинь яг л хүнтэй ижил хүндэтгэлийг хүлээх учиртай юм. Чулуу тавьдаг газар ганцхан байдаг. Уулын хөтөлд замын овоо байдаг даа. Тэнд харин “Овооны эх нь таньд, олзны эх нь маньд” гэж хэлээд чулуу тавьж болно. Бурхан, ном, судартай, ариун дагшин газар тамхи татахыг цээрлэдэг. Ийм газар архи ууж болдоггүй, согтуу явдаггүй. Хоорондоо муудаж, маргаж болохгүй. Хараал хэлэх, хүүхдээ загнаж, цохихийг цээрлэдэг. Дагшин газар бие засч болдоггүй. Элдэв хог, бохир зүйл хаяж болохгүй гэх мэтээр их нарийн дэг, олноороо сахих зүйл бий.
-Их мөнгөөр элдэв дээдийн идээ, будаа авч, Хамарын хийдэд хадаг уяж арц, хүж асааснаараа сайн юм болохгүй гэв үү?
-Буян хийхэд мөнгө үрж, их эд, зүйл тараасандаа гол утга нь оршдоггүй. Олон түмний төлөө, олон амьтны тусын тулд өр нинжин сэтгэлээр “Та нэг ерөөл айлдчихаарай” гэж хэлээд ганц шүдэнц өгчихсөн ч энэ нь буян болно.
-Танайх энэ жил хутагтын ой тэмдэглэх юм байна. Ойтой жил говь, хангай дэлэгнэж хур ус элбэг, өвс ургамал нь тэгширч, өвөл нь өнөтэй болдог гэдэг?
-Тавдугаар хутагт мэндэлсний 210 жилийн ой энэ жил тохионо. Ойтой учраас бид суваргуудаа дахин шохойдож, будах хэрэг гарна. Сүсэгтнүүд маань бурхан, шүтээний газраа тос, зул, идээ, будаа өргөж байгаа нь энэ гээд бохирдуулчихна. Ойтой жил манай нутагт байсхийгээд хур буугаал гүй мөн сайхан байдаг юм.
-Танай хийдийн ном хурах үнэ хотын гандангаас хамаагүй хямд юм байна?
-Хамба хурлын үнийг нэмсэнгүй. Бусад хийд хурлын үнээ нэмлээ гэж зэмлэх нэгэн таардаг юм. Сүсэгтэн олны тусыг бодож, тэднийхээ л хэм, хэмжээнд явна, бид.