Д.БАТТОГТОХ

Тунгалаг Туулын минь рашаан нийслэлчүүд биднийг лав 390 гаруй жил тэтгэсэн. Сүүлийн гурван жилд Яармагийн гүүрээс Сонгины гүүр хүртэл Туулын ус тасрах болсон. Энэ нь арьс ширний үйлдвэрүүд болон цахилгаан станцууд, хог хаягдал болон хайрга, элсний үйлдвэрүүд гээд олон шалтгаантай холбоотой. Урсац бүрдэх шар усны үерийн дараа хур тунадас ортол ус нь тасарч, нөхөн урсаж дийлэхгүй дутагдалд ордог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
ХЭНЭГГҮЙГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОГ
Цас мөс ханзарч, хайлмагтсан цагаар Туулын эрэг дээр очиход өнөөх л хог сэтгэл сэмлэж орхилоо. Архи, пивоны шил, лааз бут ёроолдож, гялгар тор хийсч, хугалж хаясан бургасны мөчрүүд энд тэндгүй хөглөрч, цемент барилгын үлдэгдэл гээд голын мөсөн дээгүүр сүлжих машин, тэрэг булан тохойн бургаан дундуур холхилдоод их хотын гудамжинд явж буй мэт дүр зураг тусах нь хамгаалах эзэнгүй соц нийгмийн үеийн өмч л ийм байдлаар завсар гарч сүйрсэнтэй төстэй санагдана. Туул гол дэлхийн хамгийн их бохирдолтой долоон голын нэг болж бүртгэгджээ. Мөн Улаанбаатар хотын ундны усанд агуулагдаж буй ураны агууламж маш өндөр гарсан талаар “АНУ-ын Science of the Total Environment” сэтгүүл болон www.ncbi.nlm.nih.gov цахим хуудаст бичжээ. “Туулын нэртэй холбогдсон арав гаруй байгууллага хэдэн оюутантай нийлж хааяа нэг цэвэрлэдэг боловч эргээд харахад л хог ургаа юу даа гэлтэй дүүрчихсэн байдаг юм” хэмээн “Тунгаа” ТББ-ын тэргүүн Д.Лхагвадорж хэлж билээ.
ХЭТЭРСЭН ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯНА
Ер нь алт, зэс, нүүрс гэсэн ашигт малтмалын нөөц тогтмол байдаг бол усны нөөц хувьсаж, нөхөн төлжиж, дутагдаж байдаг чанартай юм билээ. Даанч нийслэлчүүд бид ашиглаж болох хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэсээр тасрахад хүргэдэг. Орон сууцны суултуурын усыг нэг татахад арав гаруй литр ус урсдгийг таван литр болтол хэмнэх боломж бий гэдэг. Сэтгэл байвал хэмнээд хянаад байж болох гэнэ. Туул гол минь нийт 704 орчим км урсдаг амин эх булаг юм. Улаанбаатарчууд бид голынхоо дөрвөн эх үүсвэрээс Гачууртаас Сонгино хүртэл хоногт дунджаар 150-170 мкуб орчим ус хэрэглэсээр мөн төдий хэмжээний бохирдсон усыг тодорхой стандартад нийцсэн үед эргүүлэн нийлүүлэн урсгадаг байна. Хотын их төвлөрөл болон барилгажилтаас болж усны хэрэглээ өдөр ирэх бүр өссөөр. Энэ байдлаараа үргэлжилбэл 2017 онд нөөц шавхагдана хэмээн судлаачид тооцжээ. Ядаж Туул голд нэмэр болдог Улиастай, Дунд гол болон Сэлбэ голыг сэргээх төсөл эрх мэдэлтнүүдийн балгаар таг зогссон байна.
ХУДАГ БҮРТ ЭНГИЙН ТООЛУУР ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар хотод 3000 гаруй гүний худаг байдгаас Ус сувгийн удирдах газрын мэдэлд 550 орчим, үлдсэн хэсэг нь хувийн эзэмшилд байдаг бололтой. Нэгэнт л өмчлөөд авсан юм чинь усаа уух, луувангаа идэхээ хэнээр заалгах юм хэмээн бодож болно. Гэвч хуульд мэдээж өмчлөөд авсан газар нь тухайн аж ахуйн нэгж, хувь хүний өмч боловч газрын хэвлий дэх ус болон ашигт малтмал улсын өмч болохыг заасан. Туул гол Алтан тэвшийн хөндийгөөс сэлбэгдэж байдаг. Энэ савнаас өчүүхэн жижиг хэсгийг ахуйн хэрэгцээндээ авсаар тооныхоо олноор ихсэх ба нөгөө талаар бохирдлын голомт үүссээр цаашид Алтан тэвшийн хөндийд байгаа ай сав өөрөө бохирдох аюул нүүрлээд байна. Ийм ч учраас усаа хэмнэх хамгийн энгийн арга бол усны тоолуурын хэрэглээг нийтэд хэвшил болгох нь чухал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Бас нэгэн зөрчилтэй зүйл нь хуулиа сайн судлаагүйгээс худгаа эхэлж гаргаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг. “Туул гол дагуу 170 гаруй гүний худаг байдаг ч “Скай ресурс”, “Суруга Монгол”, “Дүнжингарав” болон “Нарантуул” захын ойролцоох худгуудад бохирдол үүссэн учир сүлжээнээс салгаж тухайн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Я.Болдбаатар ярилаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гурван жилд нэг удаа 200 байгууллага хайгуул, өрөмдлөг, худаг гаргах хүсэлт илгээж, аттестачлалд ордог ажээ.
ГОЛЫН ХАЙРГА БАРИЛГЫН СТАНДАРТАД ТААРДАГГҮЙ
Элс хайрга, олборлогч аж ахуйн нэгжүүд олон нийтийн эрх ашгийн төлөө хууль, ёс зүйгээ сахих ёстой ч эсрэгээр хандах нь их. Нийслэлийн засаг даргын захирамжаар 84 компанийн элс хайрганы зөвшөөрлийг цуцлаад байгаа боловч тэд нөхөн төлбөр авах ёстой хэмээн шантаажилсаар олборлолтоо эхлүүлэх бодолтой суугаа бололтой. Хууль эрх зүйн акт нь гарсан ч одоог хүртэл шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжид хариуцлага тооцож чаддаггүй гэнэ. Байгаль хамгаалах сангийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн “Дэлхий дээр зөвхөн Монгол Улс голынхоо хайргыг ухаж барилгадаа хэрэглэдэг. Голын хайрга барилгын стандартад таардаггүй юм. Хайрга усаа татаж байдаг бөгөөд хайрга дуусвал ус үгүй болно. Хайрга ус хоёр салшгүй холбоотой байдаг юм” гэлээ.