Б.НОМИН

Зайсанг, тодруулбал тэр хавьд оршин суугчдын асуудлыг хэрхэх вэ гэдэгт гарц хайхаар өчигдөр Хан-Уул дүүргийнхэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зайсанг бараадан амьдардаг жирийн иргэдийн хувьд тэднийг тоож, анх удаа хийж буй хамгийн том хэлэлцүүлэг энэ байв.
УИХ-ын хаврын чуулганаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн ИТХ болон “Хан Зайсан” ТББ-аас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Салбарын яам болон нийслэлийн удирдлагуудыг энэ хуралдаа урьсан ч УИХ-ын гишүүн Лу.Болд болон хороодын Засаг дарга нараас бусад нь ирсэнгүй. Хэтэрхий адармаатай, олон хүний чихийг халууцуулж, сэтгэлийг шаналгах “хүнд” сэдэв болохоор халгасан ч байж мэднэ. Гэсэн ч энэ хэлэлцүүлэгт Хан-Уулын иргэд өндөр ач холбогдол өгч байгаа нь илт байв.
Хан-Уулын 11 дүгээр хороо буюу Туул голын хөвөө, Зайсангийн оримд олон жил амьдарч байгаа ч газраа өөрийн нэр дээр шижлүүлж чадахгүй өдийг хүрсэн иргэдийн гомдлоо мэдүүлэх талбар нь энэ хэлэлцүүлэг болсон юм. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас иргэдэд эзэмших зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн хариулт өгдөг төрийн албаныхан мөнгөтэй компаниудад болохоор аль “хуулийг” бариад өгчихдөг нь мэдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн.
Өөрсдийгөө Зайсангийн уугуул иргэд гэж нэрлэж буй эдгээр хүмүүс Богдхан ууланд тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоож өгөхийг, бас он удаан жил амьдарсан газрыг нь албан ёсоор эзэмшилд нь өгөхийг хүсч байгаа.
Өмнө нь тэдний энэ асуудал хэнд ч сонин биш байсаар ирсэн. Сонирхохоос, өөрөөр хэлбэл шийдэхээс ч халширмаар сэдэв болохоор тэр. Гэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатараас нэгэн том зориг гарсан нь энэ асуудлыг шийдэхийн тулд ямар ажил хийх шаардлагатайг судлах ажлын хэсэг байгуулсан явдал байв. Ажлын хэсэг Зайсангийн орчимд олон жил амьдарсан ч хууль ёсны газргүй иргэдийн тоо, судалгааг өнгөрсөн хугацаанд гаргажээ. Нийтдээ 350 гаруй өрх бий гэнэ.
Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн Лу. Болд иргэдэд бяцхан тайлбар хийсэн юм. “Газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлд иргэдийнхээ саналыг тэмдэглэж авахаар УИХ-ын Тамгын газраас зөвлөхүүд ажиллаж байна. Иргэдээс маш олон хүсэлт, санал ирсэн. Маш хурц нэг асуудал байгаа нь Зайсангийн иргэдтэй холбоотой. Энэхүү хэлэлцүүлэг энэ цаг үед болж байгаа нь учир шалтгаантай. Засгийн газраас Газрын тухай багц хуулийг УИХ-д өргөн барихаар ард түмний хэлэлцүүлгийг явуулж байгаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн гол, олон түмний анхаарлыг татсан нэг асуудал нь Газрын тухай багц хууль.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооныхонд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хуульд тусгах шаардлага зайлшгүй бий. Тиймээс та бүхэн өнөөдөр саналаа чөлөөтэй илэрхийлж, цаашид тулгараад байгаа энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэх арга зам, гарцыг олох тал дээр хамтран ажиллах шаардлага байгаа юм” гэлээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн н.Догмиддагва:
-Би Ерөнхийлөгчид гурван ч удаа өргөдөл өгч, захидал бисэн. Богд уулын хамгаалалтын хилийн бүсийг хэзээ тогтоох вэ, тогтоочихоод бидний газрыг олгож өгөөч ээ гэсэн зөвшөөрөл хүсч байна. Үе, үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Дархан цаазат Богд уулын хилийн заагийг шинээр тогтоохгүй байсаар өдийг хүрлээ. Энэ хаврын чуулганаар хилийг нь тогтоож өгөх болов уу, яах бол.
11 дүгээр хорооны иргэн М.Ганчимэг
-Манай 11 дүгээр хорооныхон их зовлонтой хүмүүс бий. Хүний газар дээр бид ирээд буучихсан ч юм шиг, эсвэл хүний газар нутагт төрчихсөн ч юм шиг. Энэ асуудлыг Ерөнхийлөгчид ч тавьсан . “За дараа болъё. За дахин ярилцъя” гэдэг. Үнэхээр том хэмжээний асуудал юм байна лээ. Зайсанд амьдарч байгаа бид нэг, хоёр, гурваараа шат шатны шүүхэд байнга дуудуулж очоод байцаалгаж байна. Сүүлдээ Хан-Уул дүүргийн цагдаагийнхан хүртэл мөнгөтэй компаниудын эрх ашигт үйлчилдэг болчихсон.
11 дүгээр хорооны иргэн Д.Батсүх:
-Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Зайсангийн ард түмнийг уугуул буюу суугуул гэдгээр ялгах ёстой гэж ойлгож байгаа. Уугуул гэдэг нь энд олон жил амьдарсан, өөрөөр хэлбэл гэр хороололд амьдарч байгаа хүмүүс. Суугуул гэж хэлэх гээд байгаа нь өнөөх асар их мөнгөтэй, газрыг хэдэн га талбайгаар нь хашиж авчихаад орон сууц барьчихсан хүмүүсийг үндсэндээ хэлж байгаа юм. Уугуул гэж хэлж байгаа, өөрөөр хэлбэл өнөөдөр энд ирчихсэн байгаа хүмүүс газраа хувьчилж авах сонирхолтой байна. Яагаад вэ гэхээр, монголын ард түмэн өмч хувьчлалаар авах юмаа авчихсан. Харин Зайсангийн энэ хэдэн айлд хувьчлалын “нар” туссангүй.
Тусгай хамгаалалттай бүс нутгийн хилийн цэсийг шинээр тогтоож, уугуул иргэдэд газрыг нь өмчилж өгөөд, тэр олон арван га газарт орон сууц барьж, тэндээс мөнгөжих эх үүсвэрээ болгоод байгаа суугуулуудаас харин ахиухан татвар авах замаар зохицуулсан нь зөв болов уу.
Өмгөөлөгч Л.Мөнхтөр:
-УИХ-ын гишүүн Лу.Болд нар надад Зайсангийн иргэдтэй холбоотой маргаанд ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан юм. Хүсэлтийн дагуу нийтдээ 12 иргэний асуудал шүүхийн шатанд байна. Ямар маргаан байна вэ гэхээр, Зайсангийн уугуул иргэдийн өчнөөн жил оршин суусан газарт давхардуулаад хэд, хэдэн компанид газрын зөвшөөрөл олгочихсон. Ийм асуудлаас болж 11 дүгээр хорооны иргэн Н.Оюун-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Яагаад ийм хэмжээнд хүрсэн бэ гэхээр, энэ хүн бол тухайн газартаа олон жил оршин суусан. Кадастрын зургаа гаргуулаад авчихсан байдаг. Гэтэл тэр газартай нь давхцуулж газар олгосноос болоод компаниуд орох, гарах газрыг нь хаагаад, хашаа хатгачихсан. “Нисч” гэртээ орох юм уу эсвэл гэрээсээ гарахгүй тэнд хоригдоод суух уу гэсэн нөхцөл байдал үүссэн байна. Ингээд хашааны өнцөгт жаахан нүх гаргаад тэрүүгээр орж, гарч байж. Гэтэл түүнийг бусдын эд хөрөнгийг эвдэж, устгасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаад байна.
“Хан Зайсан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Алдархишиг:
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гарахаас өмнө 11 дүгээр хороонд олон хүн амьдарч байсан. Өмнөх засгийнхан арга хэмжээ аваагүй. Иргэд маань зөвхөн сонгууль өгөх үүргээ гүйцэтгээд, эрхээ эдэлж чадахгүй байна.
Дархан цаазат газрын 20 хувьд нь л ашиглах зөвшөөрөл өгөхөөр хуульд заасан. Гэтэл үүнээс хамаагүй их хувиар ашиглуулчихаад эрх мэдэлтнүүд ямар ч арга хэмжээ авахгүй, нүд, чихгүй мэт өөрсдөө хүртэл дотор нь ороод амьдраад явж байна. Үүнээс үүдээд иргэд барьцаж байна. Хэдийгээр дархан цаазат газар боловч бид энд амьдрах ёстой юм байна гэдэг ойлголттой болчихлоо. Төрийн ямар ч зохицуулалтгүйгээс болж дархан цаазат Богдхан уул маань, ялангуяа Зайсангийн ам гамшгийн хэмжээнд хүрчихээд байна.
11 дүгээр хорооны иргэн Д.Онончимэг:
-Би нэгдүгээр хэсгийн 100 гаруй өрхийн 300-400 гаруй иргэнийг төлөөлөн ярьж байна. Бид хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүст талархаж байна. Яагаад гэхээр эрх мэдэлтнүүдбидний дуу хоолойг сонсохгүй, мэдэхгүйгээр зөвхөн албан өрөөндөө шийдвэр гаргаж байдаг.
Би 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсэгт 53 жил амьдарч байна. Богдхан уулын хамгаалалтын захиргаанд болохоор энэ уулыг хувааж идэж мөнгөждөг хүмүүс л ажиллаж байна. Яагаад гэхээр хууль, засгаа хүндлээд юм барьж, газраа ухаж чадаагүй байна. Гэтэл Богд уулын захиргааны хүмүүсийн харах нүд чихийг мөнгө хаачихсаныг суурьшлын бүс болчихоод байгаа зайсангийн ам харуулж байна. Ингээд одоо уугуул иргэдийг нь хөөх болчихоод байна. Биднийг авч хэлэлцдэггүй, яагаад гэхээр бид тэдэнд мөнгө атгуулдаггүй, амьдралаа ярьдаг байхгүй юу.
11 дүгээр хорооны иргэн Ш.Жаргалсайхан:
-Би энэ нутагт 60 жил амьдарч байгаа хүн. Одоо хүмүүс бизнес хийж мөнгө олдог болчихсон. Зайсангийн газар өндөр үнэтэй. Хоёр га газрыг 450-550 сая төгрөгөөр зардаг. Тэгээд дамжуулаад л зараад байдаг юм. Зарах болгонд нөгөө барьсан байшингийнх нь үнэ өсөөд л байдаг. Үүнийг зогсоох цаг болсон. Яам бол чадахгүй. Манай Хан-Уул дүүргийн газрын алба, ЗДТГ л чадна. Тиймээс бид тэдэнд хамтарч ажиллах санал тавьж байна.