Б.УРАН С.ЦЭРЭНДЭЖИД
Ард иргэдийнхээ төлөө нойр хоолгүй, цаг наргүй ажиллаж гал усны гашуун зовлонгоос аварч байдаг хүмүүс бол яахын аргагүй Онцгой байдлын аврах гал унтраагчид мөн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийн хамт олон Аюуш эмэгтэйг хүүхдийнх нь хамт аварсан билээ. Байшинд нь гал гарч хүүхэдтэйгээ хамт угаартсан тэднийг онцгойгийнхон аварсан юм. Болсон явдлыг эргэн дурсахад, шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд таван давхар байшинд гал гарсан тухай дуудлага иржээ. Гал унтраах ангийнхныг очих үед дөрөвдүгээр давхрын гурван өрөө байрны том өрөө битүү шаталттай байсан аж. Унтлагын өрөөнд байсан ээж охин хоёр өрөөнөөсөө гарч чадахгүй угаартсан байхад нь аврагчид очжээ. Хэрэв хэдхэн хором өнгөрсөн бол тэднийг амиа алдах байсан гэж аврагчид ярьж байна.
“Монгол Улсын төлөө” энэ удаагийн буландаа гал унтраагчдыг онцоллоо. Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах аравдугаар ангийнхан 105-уулаа. Тэд галыг унтраадаг ч галд найзаа алдаж байсан гашуун дурсамжтай. 1984 онд тус ангийн гал унтраагч Ж.Баярсайхан хүний амь аврахаар гал руу ороод гарч ирээгүй аж. Түүнчлэн гал унтраагч н.Чулуунбаатар нүүрэндээ битүү түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирч байжээ. “Бид 5-10 жил ажиллаад нурууны өвчтэй болдог. Гэхдээ ажлаа хүнд хүчир гэж боддоггүй. Нэгэнт тангараг өргөсөн хүмүүс шүү дээ” гэж гал унтраагч Н.Батзориг хэлсэн юм. Аврагч нарт ажлаа хийснийх нь төлөө шагнал урамшуулал өгдөггүй. Тэд ч тийм зүйл хүсдэггүй. Харин амь насыг нь аварсанд талархаж, урмын үг хайрлах бүрт чин сэтгэлээсээ баярладаг гэнэ. Ээж, охин хоёрыг галаас аварсны дараа гэр бүлээс нь тэдэнд зориулж талархлын бичиг илгээжээ. Эгээ л төрийн шагнал авсан мэт бахдал болгон хадгалдгаа ярив.
Д.Чинтөмөр: 
ЗАЛУУС ЗАЛХУУ, АЙМХАЙ БОЛЖЭЭ
Ингээд тухайн үед таван давхар орон сууцанд гарсан түймрийг унтраахад тасгаа удирдаж байсан ахлах ахлагч, ээлжийн бага дарга Д.Чинтөмөртэй ярилцлаа.
-Таны ажил хэцүү. Гэхдээ хамгийн их бахдал, хүндлэлийг хүлээдэг биз?
- Тангараг өргөсөн албан хаагчийн хувьд хүнд хэцүү зүйл байсан ч тушаал бол тушаал шүү дээ. Бид ажлаа хэцүү гэж голохоос илүү бахархаж, хайрлаж явдаг. Хүний амийг асаж буй гал дундаас аварна гэдэг бидний хувьд эр зориг шаардсан ажил. Хүнээ аварсны дараа баярласан талархсанаа илэрхийлж байгаа нь л биднийг мэргэжлээрээ бахархахад хүргэдэг. Мэдээж урамшуулж шагнахдаа гол биш баярлаж байгаа чин сэтгэл нь л бидэнд ажиллах эрч хүчийг өгдөг. Сэтгэлийн дэм гэдэг бол эд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл. Миний сургасан 100 гаруй байлдагч байна. Эдний дотор хурандаа болсон хүн ч байна. Тэгэхээр энэ хүмүүсээрээ бахархаж ажиллаж байна даа.
-Орчин үеийн залуучууд энэ ажлыг хэр сонирхдог юм бэ. Гал унтраахын тулд нэлээдгүй эр зориг хэрэгтэй гэж та хэлсэн?
-Манай анги 105 ажилтантай. Ажиллах хүчин дутагдах нь харьцангуй гайгүй. Гэхдээ орчин үеийн хүүхдүүд залхуу, аймхай болсон нь үнэн. Их дээд сургууль төгссөн залуучууд ирдэг ч биеэ тоосон байдал их гаргадаг. Манайд 18-25 насны залуучуудыг ажилд авдаг. Тэдэнд гал унтраах техник хэрэгслийг анхан шатнаас нь эхлээд заах хэрэгтэй. Гэтэл зарим нэг нь их сургууль төгссөн, мэднэ гээд зөрүүдлэх нь ч бий. Угаах, цэвэрлэх ажилд дургүй залуус олон болсон байна билээ. Би аравдугаар ангиа төгсөөд илгээлтээр энэ ангид ороод 28 жил ажиллаж байна.
-28 жил ажиллахдаа шантрах үетэй хэр олон таарав?
-Тушаал аваад гал руу орно гэдэг хэцүү. Амь биеэ үл хайрлан тэднийг аврах л үүрэгтэй. Хамт олноороо тушаал гүйцэтгэхээр яваад найз нөхдөө бэртэж гэмтэх, амь насаа алдахыг харах ямар хэцүү гэдгийг төсөөлж байгаа байлгүй дээ. Мэдээж очсон дуудлага бүртээ амжилттай ажиллаж чадахгүй. Дуудлагыг аваад шууд очсон ч шатаад дуусчихсан, эсвэл хүний амь эрсдчихсэн байх нь бий. Энэ бүгдэд л их харамсдаг. Замын түгжрэл, гал гарсан газрын ойр, хол, гэр хорооллын хэцүү гудамжууд биднийг харамсахад хамгийн их нөлөөлдөг юм. Өвлийн дулаалгатай гэр л гэхэд 3-5 минутын дотор шатаад дуусчихдаг.
- Та бүхний цалин ямар вэ. Боломжийн байж чаддаг уу?
-Манай цалин их бага байсан. Одоо харин гайгүй. Манай ажилтнууд 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Хэдийгээр нэмэгдсэн ч өнөөгийн нийгэмд хүрэлцээ муутай нь үнэн. Биднээс амьдралын боломж бололцоотой нь тун цөөхөн. Бараг л бүгд гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын хэрэглээ ямар байдаг билээ.
-Амь биеэ үл хайрлан хамтдаа тушаал биелүүлдэг ангийнхандаа хандаж юу хэлмээр байна?
-Тангараг өргөсөн эрчүүд бид эр зоригтойгоор ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй. Залуу гал унтраагчдадаа шантралгүй,зоригтой ажиллаарай гэж захимаар байна.