
Б.ЭНХТУУЛ
Сонин хэвлэлийнхний хэзээний танил, энэ буурал өвгөнийг Д.Мижиддорж гэдэг. Байсхийгээд л бичиг, цаас болсоор редакцид минь зочилдог энэ өвгөн боловсролын салбарыг идэвхтэй дэмжигч. Мөн “Хотод тийм зүйл боллоо”, “Хороонд ийм зүйл боллоо” хэмээн гүйж явдаг зан нь түүнийг огтхон ч зүгээр суулгадаггүй юм. Гэтэл саяхны нэг өдөр түүнийг энгэр дүүрэн одонтой, багш нарын баярт хүрэлцэн ирэхийг харав. Мэдэх нэг нь түүнийг Мижээ багш хэмээн авгайлах. Мөн Монгол Улсын гавьяат багш гэсэн цол тэмдгээр энгэрээ мялаасанд нь баяр хүргэх аж. Тиймээс эрхэм багшийн алдар гавьяаг хүндэтгэж, энэ удаагийн дугаартаа зочноор урив.
ГАВЬЯАТ БАГШ БУЮУ ТАНИХГҮЙ ТАНИЛ МИНЬ
Багш шавь барилдана гэдэг сайн заяаны учрал юм шиг. Орчлонд хүний хувь заяаг олж төрсөн хэн бүхэнд олон сайхан багш нар мэдлэг оюунаа чилээн байж, орчлон хорвоотой танилцах, амьдралыг таних нүдтэй болгодог. Мижээ багш тийм л буянтай хүний нэг. Боловсролын салбарт хамт ажиллаж байсан багш, сурагч хоёроос хэнээс нь ч асуусан түүнийг түмний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ санаж, мэдлэг, оюуныг минь эрдмийн балаар амталж, ололтыг минь бахдалын очоор ивээсэн хүн гэж хэлнэ. Нээрээ ч бурхан, хүн болгонд заяагаад байдаггүй тэр их хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрч зан, тэгсэн хэрнээ сурсан мэдсэн бүхнээ бусдад түгээх буянтай үйлсийн эзэн байх ховорхон хувь тавиланг хайрласан юм шиг. Яагаад гэвэл, тэр хариуцаж авсан ажлаа ягштал хийдэг, нэг ангийн 30-40 хүүхдийг нэг хүн шиг хөдөлмөрч, нэг гэрийнхэн шиг эвсэг, тусархаг мэдлэг боловсролтой нэгэн болгож хүмүүжүүлж чаддаг онцгой ур чадвартай нэгэн. Энэ тухай шавь нар нь одоо ч ам булаацалдан ярьдаг юм билээ.
Тэрээр боловсролын салбарт 50 гаруй жил ажиллахдаа “Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг өөрөө” гэдэг шиг ажилдаа ахиц гаргаж, алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж, мэдэх чадах бүхнээ түмний хүүхдэд зааж сургасаар иржээ. Боловсролын салбарт олон жил ажилласан энэ буурал багш залуу багш нарт үлгэр дуурайл болох олон сайхан бүтээлтэй юм. Түүнтэй ажил, амьдралынх нь тухай хууч хөөрөв.
ТЭР САЙН БАГШААС ГАДНА ШАГГҮЙ САЙН СЭТГҮҮЛЧ
Мижээ багш Архангай аймгийн Хайрхан сумынх. Тэрээр сумын төвд бага сургуулийн дөрөвдүгээр ангийг дүүргэж, 1951 онд их хотын хөдөлгөөнд хөл тавьж байжээ. Тэгээд тухайн үедээ нэртэй сургуулиудын нэгд тооцогдож байсан Офицерийн сургууль буюу Сүхбаатарын нэрэмжит цэргийн сургуульд элсэн орж, долдугаар ангийн боловсрол эзэмшсэн байна. Цэргийн сургуульд гурван жил суралцахдаа чамгүй их зүйлийг сурч мэдсэн хэмээн өвгөн багш хуучилах. Сургуулиа төгсөөд дахин суралцах хүсэлдээ хөтлөгдөж, хотод үлдсэн гэдэг. Тэгээд 1957 онд багшийн сургууль, 1959 онд тоо физикийн курс, 1973 онд МУИС-ийн Түүх, нийгмийн ухааны факултетийг төгсөж, эрдмийн их далайд хөл тавьжээ.
Түүний ажил, амьдралын түүх ч бас их сонин юм. Тухайн үед илгээлтийн эзэд эх орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарааж байсан цаг. Мижээ багш ч мөн соёлын үрийг хөдөө тарихаар 1957 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд бага ангийн багшаар очиж байжээ. Шинэхэн диплом өвөртөлсөн залуу багшид хөдөө нутгийн дан цагаан байшин ажлын гараа, амжилтын эхлэл нь болж байсан гэдэг.
Түүнийг Баян-Өндөр суманд бага ангийн багшаар очингуут тоо-физикийн багшаар давхар томилж, хоёр ажлыг хавсарч хийх үүрэг оногджээ. Гэтэл удсан ч үгүй, залуухан багшид “Пионерийн удирдагч” гэсэн гурав дахь ажил нэмэгдэв. Энэ үеэс Д.Мижиддорж гуай олон ажлыг зэрэг амжуулдаг, бүхнийг хүүхдийн төлөө гэсэн хичээл зүтгэлтэй нэгэн болжээ. “Эхний ажил минь надад их зүйлийг зааж, сургасан” хэмээн ярих өвгөн багш боловсролын салбарт 50 гаруй жил ажиллахдаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Уянга төвийн арван жил, нийслэлийн 3,23, 57, 31 дүгээр дунд сургуульд багшилж байжээ. Энэ хугацаанд тоо-физикийн багш, түүхийн багш, пионерийн ахлах удирдагч, Хувьсгалт залуучуудын эвлэл болон үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, намын үүрийн дарга, сурлага хүмүүжлийн эрхлэгч зэрэг албан тушаалыг хашиж байв.
Д.Мижиддорж гуай сайн багшаас гадна шаггүй сайн сэтгүүлч. Ахмад багш маань 1985 оноос сонин хэвлэлд мэдээ, нийтлэл сурвалжлага нийтлүүлсэн гэдэг юм билээ. Түүний энэ хөдөлмөрийг төр засаг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Багшийн гавьяаны одон”, “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Гэгээрлийн яамны тэргүүний багш”, “Пионерын тэргүүний удирдагч” зэрэг 40 гаруй цол тэмдгээр энгэрийг нь мялаажээ. Тэрээр “Би баяр болгоноор одон медалиа энгэртээ “бөөндөөд” байдаггүй юм. Хаана ямар баярт очих гэж байгаагаасаа шалтгаалаад одон тэмдэгээ сонгож зүүдэг юм. Бүгдийг нь зүүвэл энгэрт минь бараг багтахгүй” хэмээн ярьж суугаа нь түүнийг зүгээр суугаагүй гэдгийг гэрчлэх аж.
“МИЖЭЭ БАГШ ҮНЭХЭЭР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮН”
Д.Мижээ багшийн тухай боловсролын салбарт хамт ажиллаж байсан нөхөд нь ингэж ярьж байна. Түүнтэй хамт 20-30 жил ажиллахдаа олон зүйлийг сурч авсан гэх залуу багш нар олон таарав. Мөн “Түүний хөдөлмөрч, бүтээлч зан шавь нарт нь төдийгүй залуу багш нарт их сургамж болдог байсан. Д.Мижиддорж гуай нэг ангийн 20-30 хүүхдийг нэг гэрийн хүүхдүүд шиг эвсэг, хөдөлмөрч, бүтээлч байлгаж чаддаг увидастай нэгэн” гэж хэлэх хүн олон таарав. Тиймээс олны аманд магтаалын үгтэй хамт сүлэлдэх тэрхүү үлгэр жишээч ангийнханы тухай олж мэдэхыг хүсэв. Эрхэм багш ч бас энэ тухай ярихдаа сэтгэл нь нэг л догдлонгуй.
Мижээ багшийн үед цаг хатуухан, засаг төр цэгцтэй байсан үе. Энэ үед Д.Мижиддорж гуай багш байхын ач тусыг олонд хүртээж, хүний 20-30 хүүхдийг өөрийн хүүхэд шигээ тойглож, сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилт гаргаж, улсад нэртэй, боловсролын салбарт түүх болон үлдсэн нэгэн ангийг бэлтгэж чаджээ. Түүний тавдугаар ангиас нь бие даан хариуцаж авсан энэ ангид хүсэл зорилго нэгтэй ч, ааш араншин нь өөр 39 хүүхэд суралцдаг байсан гэдэг. Гэтэл тэднийг аравдугаар анги хүртэл нь удирдахдаа өөрийнхөө энгэрт гялалзах одон медалиас дутахааргүй цол гуншинтай анги болгож чаджээ. Түүний удирдсан энэ анги тавдугаар ангидаа БНМАУ-ын сансрын нисгэгч М.Ганзоригийн нэрэмжит СБД-ийн тэргүүний бүлэг. Зургадугаар ангидаа хотын, долдугаар ангидаа улсын тэргүүний бүлгээр олон удаа шалгарч байжээ. Мөн наймдугаар ангидаа улсын хошой, тэргүүний “Алтан медальт” анги гэсэн алдар нэрийг авч байв. Энэхүү цол хэргэмийг нэг хүн биш, нэг ангийнхан авсан нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?
ХЭЗЭЭНИЙ Л “ХЭНХЭГ” ЗАНТАЙ ТҮҮХИЙН БАГШ
Өвгөн багш хэзээний нийгмийн идэвхтэй, “хэнхэг” зантай гэдгийг дээр дурьдсан. Харин түүний “Түүхийн багш” гэсэн энэ мэргэжил хэн хүнд хэрэг болохуйц, тэр тусмаа хүүхэдтэй ажилладаг хүмүүст санаа авахаар нэгэн сонирхолтой зүйлийг урлахад хүргэжээ. Тэрээр “Алтан медальт” ангийнхаа хүүхдүүдтэй хамтран он, сар, өдрөөр нь түүчээлсэн нэгэн өдрийн тэмдэглэлийг хөтлөсөн байна. Энэ дэвтэрт хүүхэд насаа өчигдөр юм шиг дурсах тухайн үеийн гэрэл зургууд, бүх хүүхдийн улирлын болон жилийн эцсийн сурлагын дүн, ангидаа тэмдэглэсэн багт наадам, баг хамт олны ажил, багшийн сайшаал магтаал, зэмлэл шүүмжлэл гээд бүгдийг эмх цэгцтэй бичжээ. Дэвтрийн эхний хуудсыг нээхэд “Д.Мижиддорж багштай, Б.Лхагвамаа даргатай “БНМАУ-ын сансрын нисгэгч М.Ганзоригийн нэрэмжит, 1985 оны улсын тэргүүний алтан медальт бүлгийн түүх. 1981-1925 он” гэжээ. Хоёр гурван жилийн өмнө 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн шилдэг сурагчдын үүх түүх Мижээ багшид одоог хүртэл хадгалаастай байгаа нь гайхалтай санагдав. Анх энэ дэвтрийг нээхэд 36 пионер, зургаан салаан дарга идэвхтэй оролцсон гэдгийг онцлоод, ангийн дарга, ариун цэврийн дарга, сурлагын болон дэг журмын салаан дарга, эд аж ахуйн салаан дарга гэх мэтчилэн хүүхэд бүрийг зураг, хөрөгтэй нь нэг бүрчлэн танилцуулсан нь хэний ч анхаарлыг татах аж. Одоо энэ ангийн хүүхдүүд багштайгаа уулзах бүртээ энэ дэвтрийг үзэх гэж их яардаг.Мөн ээлжлээд авч явах гэж, эхнэр хүүхэддээ үзүүлэх гэж гуйдаг гэдгээ ч нуусангүй. Мижээ багшийн “Алтан медальт” ангийнхан одоо ч гэсэн багшийнхаараа орж гардаг, хэн хаана юу хийж яваагаа дуулгадаг гэж байв. Түүхч багшийн ажил бас үүгээр дуусахгүй. Тэрээр 1992 онд гавьяаныхаа амралтанд гарсан ч нийгмийн идэвхтэй зан нь түүнийг огтхон ч зүгээр суулгадаггүй юм. Мижээ багш ажиллаж байсан сургуулийнхаа тухай түүхийн ном бичих, цомог гаргах гээд зүгээр суудаггүй. Өөрийнхөө ажиллаж байсан газар, амьдарч байгаа хорооны тухай мэдээ, материал бэлтгэж сонин хэвлэлд нийтлүүлнэ. Түүнийгээ багцалж, өөртөө мэдээллийн цуглуулга, хайчилбар хийсэн нь хүртэл түүнийг уйгагүй хөдөлмөрч гэдгийг илтгэж байв. Д.Мижиддорж гуайд бүхэл бүтэн үзэсгэлэн гаргах, боловсролын салбарын нэгэн үеийн түүхийг өгүүлэх бүтээлүүд хадгалаастай байна. Ингээд эрхэм багшийнд цаг товлож, улсын тэргүүний бүлэгээр олон удаа шалгарч байсан шавь нарынх нь сэтгэгдлийг сонсов.
“Алтан медальт” бүлгийнхэн
Цаг ашиглах, ажил үүргээ төлөвлөх, өөрийгээ илтгэх, бусдыг манлайлах гээд орчин цагт ховорд тооцогдох болсон олон талт чадварыг тэр ангийнхаа бүх хүүхдэд хэнд ч алдахааргүй “Баялаг” болгон өгч чаджээ. Түүний гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүүхэд бүхэн “Өдий зэрэгтэй яваа минь багшийн минь ач” гэсэн талархалын сайхан үгсээр сонор мялааж байна.
БИД БҮГДЭЭРЭЭ БАГШ ШИГЭЭ ЗАРЧИМЧ
Уран зураач Ч.Гансүх:
-Би хүүхэд байхдаа зураг зурах дуртай байсан. Манай анги байсхийгээд л нэг арга хэмжээ зохионо. Ханын сонин гаргана. Миний зурсан зурагтай ханын сонингоор үзэсгэлэн гаргахад биеийн тамирын заал дүүрч байсан гэж багш минь ярьдаг юм. Багш намайг Соёл урлаг хариуцсан даргаар томилчихсон. Би тэгээд л зураг зураад байна. В.И.Лениний төрсөн өдөр болно. Зургийг нь зурна. Д.Сүхбаатарын төрсөн өдөр болно. Мөн л зургийг нь зурна. Сансрын нисгэгчдийн баяр болно. Ж.Гүррагчаа, Жанибековыг зурна. Сүүлдээ Ленин, Сүхбаатар хоёрыг харахгүйгээр зурдаг болсон. Үүнийхээ ачаар сургуулиа төгсөхдөө Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгалт өгөөд асуудалгүй орсон. Өдий зэрэгтэй яваа минь багшийн ач гэж боддог. Манай анги их зарчимч, эвсэг нийтэч анги. Багшаасаа их айна, хүндэлнэ. Одоо манай анги шиг уулзаж учраад, зовлон жаргалаа яриад байдаг анги байдаггүй юм шиг. Энэ багшийн минь бидэнд өгсөн хүмүүжил байх.
Алтанзаяа:
-Би ариун цэврийн секторын дарга байсан. Мижээ багш хичээлийн дараа биднийг авч үлдээд алдаа дутагдал гаргасан бол түүнийг нь заавал засч залруулна. Багш их зарчимч, цаг их барина Багшийнхаа энэ занг бид бүгдээрээ өвлөж авсан. Мөн багшийнхаа бидэнд өгсөн зүйл, өвлүүлсэн зан чанарыг үр хүүхдүүддээ зааж сургаж явна. Ангийнхаа багшийг гавьяат авсанд их баярлаж байгаа. Таньдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.
ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ЗҮТГЭЛТЭЙ НЭГЭН
Э.Сүрэнхорлоо:
-Би энэ ангийн үүрийн дарга байсан. Монголын пионерийн байгууллагаас ангиараа алтан медаль авахад би бас давхар авч байлаа. Ангийн багш маань их зарчимч хүн. Хэн нэгэн алдаа гаргавал бүхнийг эхнээс нь эхлүүлнэ. Тухайн үед үүнээс нь их залхдаг байлаа. Нэг хүүхдийн буруугаас бүхнийг дахиад эхэлдэг гэж гоморхдог байв. Эргээд бодоход энэ нь биднийг эвсэг, нийтэч байхад их тусалсан гэж боддог юм. Багш минь бас их цэвэрч, нямбай. Ширээн дээр нэг ч зураас гаргахгүй. Шалан дээр хялгас байсан ч авахуулдаг. Цонхны хөшгийг дэгжин бүсгүйн юбканы хормой шиг нэгэн хэмийн нугалаастай байх ёстой гээд янзлуулдаг байсан. Одоо энэ бүх зан чанар миний амьдралд байдаг. Би хог хамаагүй хаядаггүй. Цонхны хөшгөөр оролдсон хүнд дургүй. Цаг нарийн баримталдаг гээд дурьдаад байвал багшаасаа сурсан олон зүйл бий. Би хувиараа үйлчилгээний байгууллага ажилуулдаг. Хүмүүс манай байгууллагын энэ зарчимч, цэвэрхэн тохь тухтай байдалд дуртай байдаг. Энэ бүх занг багшаасаа өвлөсөн. Сургуулиа төгсөөд 20 гаруй жил болж байхад биднийг цуглуулаад уулзаж суугаа минь багшийн минь гавьяа. Багшдаа сайн сайхныг хүсье. Ардын багш аваарай гэж ерөөе.
М.Баясгалан:
-Би Мижээ багштайгаа есдүгээр ангиасаа эхэлж хамт байсан. Намайг энэ ангид орж ирэхэд ангийнхан маань их эвтэй хүүхдүүд байсан. Гэсэн ч чанга хатуу багшийн гарт орж ирлээ гээд дотроо айж байсан. Багш биднийг сүүлчийн хичээлийн дараа ангид заавал авч үлдэнэ. Сурлагын чанар, ангийн баллын оноо гээд суулгачихна. Сурлагын дүн тааруу байвал дагуулж очоод багштай нь уулзана. Багш минь хүүхэд бүрийн төлөө гэсэн зүтгэлтэй багш байсан. Одоо амьдрал дээр бид хэзээ ч ажлыг цалгардуулдаггүй. Ажлыг эхэлсэн бол заавал дуусгадаг. Бид хувьсгалт залуучуудын үүр гээд үе үе хуралдана. Хүүхэд бүрээр хурал удирдуулна, үг хэлүүлнэ. Хүүхэд бүр хурлын тэргүүлэгчээр сонгогдоно. Тийм болохоор бид их цэгцтэй ярьж сурсан, олны өмнө үгээ хэлж сурсан. Багшдаа их баярлаж явдаг шүү. Таньдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.
МИНИЙ БАГШ ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН
Б.Амар:
-Би наймдугаар ангидаа энэ ангид шилжиж ирсэн. Намайг 8-ийн “Г” ангид орсон гэхэд байрны хүүхдүүд “Чи аймаар ангид орлоо” гэдэг байсан. Би дөнгөж хөдөөнөөс ирсэн, юу ч мэддэггүй хүүхэд байлаа. Гэтэл намайг дөнгөж ирэнгүүт эвлэлийн үүрийн даргаар сонгочихсон. Би есдүгээр ангидаа эвлэлийн үүрийн дарга болсноор хожсон уу гэхээс алдаагүй. Хурал бүрийг нээж, хаадаг. Хурлын протокол хөтлөдөг, төлөвлөгөө гаргадаг байсан. Ингэснээр манай анги Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн алтан медальт. Сансрын нисгэгч М.Ганзоригийн нэрэмжит. Хувьсгалт залуучуудын эвлэлийн хотын тэргүүний эвлэлийн үүр байсан. Хогоо түүх, хөшгөө янзлах, аж ахуйч байх гээд тэр бүх зан чанар надад ч бас үлдсэн. Багшдаа, ангийнхандаа эрүүл энхийг хүсье.
Д.Оюун:
-Намайг есдүгээр ангид энэ ангид орж ирэхэд бүх зүйл нь дэг, журамтай, эмх цэгцтэй анги байсан. Эхэндээ жаахан эмээдэг байлаа, тэгээд удалгүй ангийнхандаа дассан. Мижээ багш түүх, нийгмийн багш ч гэсэн бүх салбар руу орж хүүхдүүдээ бэлтгэж чаддаг байсан. Хүүхдүүдээ хүсэл, сонирхолоор нь сектор хариуцсан албанд томилдог. Энэ нь хүүхэд бүрийг их хөгжүүлдэг байсан. Багш миний авьяас, ур чадварыг ч бас хөгжүүлж өгсөн. Спортод хувийн зохион байгуулалт их хэрэг болдог. Энэ нь надад маш их тусалсан. Одоо би хүний нөөцийн менежер хийдэг. Ажлаа цэгцлэх, бүртгэх, төлөвлөх гээд багшийн минь зааж сургасан бүхэн надад ач тусаа өгдөг. Манай ангийн хүүхэд бүр хичээл сурлагадаа сайн байсан. Ажил, амьдрал дээр ч гэсэн энэ нь харагдаж байна. Манай ангийнхан бүгд их сайн сайхан явж байгаа. Багшдаа, хань ижилд нь сайн сайхныг хүсье.
ЗОРИЛГОТОЙ, ТЭМҮҮЛЭЛТЭЙ АМЬДРАХЫГ БАГШААСАА СУРСАН
С.Даваахүү:
-Би энэ ангид нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ явсан, цөөхөн хүүхдүүдийн нэг. Мижээ багш маань биднийг тавдугаар ангиас эхлээд дааж авсан. Би багшдаа их баярлаж явдаг юм. Хүн өмнөө тавьсан зорилготой, түүндээ зорьж, тэмүүлж амьдрах ёстой гэж зааж сургасан хүн бол яахын аргагүй багш минь. Бид жил бүр өмнөө зорилго тавьж, тэр амлалтандаа хүрч байсан нь манай ангийн түүхээс харагддаг. Багшийн эрдэм шавьд гэдэг. Би хувийн авто сургууль ажиллуулдаг. Бүх ажил миний гарын дор байдаг. Дүнгийн хүснэгтээс эхлээд бичиг баримт боловсруулах, удирдан зохион байгуулах, хэн нэгнийх нь нийгмийн асуудлыг шийдэх гээд багшаасаа сурсан зүйл их бий. Багш минь биднийг өөрийнхөө хүүхдээс ч илүү анхаардаг байсан. Ингээд баяр бүхэнд биднийгээ хүлээн авч уулздаг. Хэн хаана юу хийж явааг минь чих тавин сонсож суудаг багшдаа баярлаж явдаг шүү. Мөн арынх нь ажлыг амжуулж суудаг хань Отгон эгчдээ бас баярлалаа.
Н.Анар:
-Би багшийгаа гавьяат авлаа гэж сонсоод гэрийнхэндээ хэлээд, баярын нулимс унагаж суулаа. Би багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Багш минь л намайг хүмүүжүүлсэн. Би урлагийн ажилд их идэвхтэй оролцдог байсан. Манай ангийнхан их авьяаслаг хүүхдүүд байсан. Багаар ажиллах, нийгмийн идэвхтэй байх бүх л сайхан зан чанарыг багш минь бидэнд төлөвшүүлж өгсөн.