Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Наранбаатар уригдлаа.
-УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх боломжтой хүмүүсээ нэрлэж, бусад нь хэнийг дэмжих, аль намтай эвсэх, хамтрахаа ярьж эхэлсэн. Ногоон нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид хурлаа хийгээгүй, намын байр суурь одоогоор тодорхойгүй байгаа. Манай нам парламентад суудалгүй учраас Ерөнхийлөгчийн сонгуульд шууд оролцох эрхгүй. Гэхдээ хэнийг дэмжих вэ, аль намтай хамтрах вэ гэдгээ ярьж байна. Өнгөрсөн онд МАХН-тай ногоон үзэл баримтлалыг дэмжиж, ногоон улстөрийн төлөө санамж бичгийг нэг жилийн хугацаатай байгуулсан. Түүнийгээ сунгах, эсэх талаар хараахан шийдээгүй. МАХН ч тодорхой зүйл ярихгүй байна. МАН-ын зүгээс бусад намтай хэрхэн хамтрах тухайд харзнаж байх шиг байна. Ер нь намуудын хувьд сүүлийн жилүүдэд үзэл баримтлалын ялгаа байхгүй болсон. Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржоос өөр хүн гарч ирээсэй гэсэн хүлээлт үүссэн. Анх гарч ирэхэд нь бүгд дэмжиж байсан. Гэтэл явцын дунд дэмжихээ больсон байх жишээтэй.
-Яагаад?
-Ялангуяа цөмийн асуудал байна. Зүгээр нэг шоуны шинжтэй индэр дээрээс бэлгэ тэмдгийн чанартай үг хэлдэг. Манайх цөмийн ямар ч аюулгүй орон , Монгол Улс цөмийн аюулгүй бүс нутаг гэж зарлачихаад нөгөө гараараа цөмийн хөтөлбөрийг явуулаад байгаа байхгүй юу. Тухайлбал, Энэтхэгт очоод цөмийн түлш, уран нийлүүлэх гэрээ хийчихээд ирсэн байх жишээтэй. Японд ч бас очиж уулзалт, ярилцлага хийсэн бололтой. Үүнээс үзэхэд ярьж байгаа шигээ биш байна. “Бусдад таалагдана гэдэг бол хамгийн дээд зэргийн мэргэжлийн хууран мэхлэлт” гэгчээр төрийн тэргүүний үйл хэрэг ярьж хэлж байгаагаасаа эсрэг байна. Гэхдээ сайн тал ч бас бий. Өмнөх намын тогтолцоо буюу МАН-ын хийж байсан зүйлүүд, АН-ын “Шинэчлэлийн” Засгийн газрын үйл ажиллагаа хоёр өөр байна шүү дээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой, бүх юмыг харлуулж болохгүй. АН юм хийж, өөрчилж чадаж байгаа. Харин Ц.Элбэгдоржийн хувьд бол нэг л биш ээ. АН үнэхээр шинэчилж шийдэх гэж байгаа бол өөр болох биз. Өнөөдөр Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевыг хар л даа. Өөрийгөө ч зөв авч явж байна, улс орноо ч зөв удирдаж байна. Ялангуяа боловсрол, технологи, шинжлэх ухааны тал руу мундаг чиглүүлж байгааг та бүхэн харж байгаа байх. Цаг зуурын аргацаасан байдлаар хандахгүй байна шүү дээ. Ер нь тэр бүс нутгийн хэмжээнд ч, дэлхийн хэмжээнд ч глобал хандаж, тэгж ажиллаж чадаж байна. Бид ч ийм зүйлийг Төрийн тэргүүнээсээ хүсч байгаа. Ингэж ажиллаж чадах хэн байна гэдгийг ч харж, хүлээж байна.
-Та намын байр сууриас ярихгүй, хувийн үзэл бодлоо илэрхийлнэ гэлээ. Тэгэхээр ногоонтнуудын хувьд гэж байгаад асууж болно биз дээ. АН шинэчлэлийг жинхэнэ утгаар хийх гэж байгаа бол өөр болох ёстой гэдгийг ямар өнцгөөс хэлж байгаагаа жаахан тодруулахгүй юу
-Цөмийн хөтөлбөр, нөхөн сэргээлтийг тусгасан байдал, лицензүүдтэй хэрхэн харилцах вэ, энэ асуудлыг хэрхэн шийдэж байна гэдгээс харахад реформ жинхэнэ утгаараа харагдахгүй байна. Саяхан лицензүүдийг эргэж харна, хураахыг нь хурааж, цэгцлэхээ цэгцэлнэ гэж ярьж байсан. Тэр бол О.Баасанхүү гишүүн “хэрэг угаах” хэрэг гэсэн нэр томъёог гаргаж ирж байсан, түүн шиг зүйл болох вий. Нэг асуудлыг нааштайгаар шийдэж байгаа юм шиг хор уршигтай өөр олон асуудлыг нуун дарагдуулдаг арга яах аргагүй харагдаад байна. Тиймээс хардлага төрөхгүй байхын аргагүй.
-Ингэхэд та намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа яагаад өгөх болов. Сонгуульт хугацаа дууссан уу, эсвэл өөр шалтгаантай юу?
-Намын дүрмээр шийдсэн асуудал. Би 2011 оны наймдугаар сарын 28-нд болсон намын их хурлаас Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. 2012 оны наймдугаар сарын 28-нд ажлаа өгсөн. Энэ хугацаанд намын ажилд өөрийн чадлаар зүтгэлээ. Нэг зорилгоо биелүүлсэн. Намаа хуулийн хүрээнд авч үлдэж чадсан. Гэхдээ намын ерөнхий үйл ажиллагаа сул байсан байж магадгүй. УИХ-ын сонгуулиар парламентад ядаж нэг төлөөлөлтэй болохсон гэсэн зорилт тавьсан. Түүнийгээ биелүүлж чадсангүй. Аливаа зүйл хариуцлагатай байх ёстой. Японы улстөрд их ч бай, бага ч бай ямар ч албан тушаалтай байсан зорилгоо биелүүлж, үүргээ гүйцэтгэж чадаагүй бол шууд би больё гээд буудаг. Тэр сайхан зарчим гэж боддог. Надад хүсэл, эрмэлзлэл байсан ч нас залуу, туршлагагүй байна. Цаашид өөрийгөө боловсруулъя, суралцъя, улс төрийн орчныг илүү таньж мэдэх хэрэгтэй гэж бодож ажлаа өгсөн. Тэгээд ч түүний дараахан намын ээлжит бус хурал болж, удирдлагууд нь зарим хариуцлагаа ухамсарлаж ажлаа өгсөн. Ийм байдлаар халаа, сэлгээ болсон.
-Танай нам ИЗНН-ыг нэрээсээ “ногоон” гэдэг үгийг хасахыг шаарддаг. Саяхан энэ асуудлыг дахин хөндөж албан бичиг өгсөн гэсэн. Энэ талаар ямар бодолтой байна?
-Намын өдөр тутмын ажилд оролцохгүй болохоор мэдэхгүй байна. Миний хувийн байр суурийг сонирхож байгаа бол би тэр талаар өмнө нь ч ярьж байсан. Одоо ч тэр байр суурь хэвээр байгаа. Ногоон гэдэг нэрийг огт өөр, тухайлбал хүрэн, улаан, хар үйл хэрэгтэй хүмүүс зүүх нь ёс зүйн хувьд утгагүй. Тэдэнд тэр нэр зохих ч үгүй. Энэ бол нэг хэсэг нь ногоон нэр зүүх гээд л нөгөө хэсэг нь өмчлөх гээд байгаа ч юм биш. Тэр хүмүүс харин өөрсдөө ухамсраараа больчихмоор байгаа юм. Бараг Иргэний Зориг гэдэг нэрээрээ явах нь улс төрийн карьерт нь нөлөөлж, дэмжигчдийнх нь хүрээ тэлэх ч юм билүү. Үнэхээр хөгжлийн гарцыг уул уурхай гэж харж байгаа юм бол зөв талаас нь ярьдгаа яриад явна биз. Бид хоолтой, мөнгөтэй байх ёстой, түүний тулд эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Тэр үүднээсээ эрдэс баялгаа ашиглах ёстой гэсэн зөв тал байгаа шүү дээ. Түүнийгээ л ярина биз, гэтэл заавал “Ногоон” гэдэг нэр зүүчихээд үйл хэрэг нь өөр яваад байгаа нь утгагүй. Улс төр төлөвшсөн оронд ийм үзэгдэл байдаггүй. Хэрэв байх аваас солиорол, тэнэглэл гэгч нь болох биз.
-Та түрүүнд намуудын ялгарал алга болсон гэлээ. Тэгэхээр одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч гэсэн нэг хэвэнд цутгачихсан юм шиг ижил уриа дэвшүүлж, бие биеэ давтаж ярьсан нөхдүүд байна гэсэн үг үү?
-Ерөнхийд нь тэгж ойлгож болно. Тэгэхээр хувь хүний өөрийн манлайлах чадвар, хэр зэрэг эх оронч байна, улс төрийн тууштай чанар байна уу гэдгийг сонгогчид илүү харах байх. Бусдаар бол намууд бүгдээрээ шахам уул уурхайг түшиж амьдаръя гэсэн сонголттой байна шүү дээ. Ялангуяа хоёр том намын хувьд ийм байгаа. Дараа нь орж ирсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч мөн адил, хувь заяатайгаа эвлэрчихээд байна. Бид арай өөрөөр харах ёстой, өөр байдлаар хийх ёстой, шийдэх учиртай, сонголт гэсэн юм гарч ирэхгүй, харагдах ч үгүй байна шүү дээ.
-Тэгвэл, өнөөдрийн шүүмжлээд байгаа уул уурхай, экологийн сүйрэл, байгаль орчны доройтол зэрэг асуудалд ямар гарцыг харж байна?
-Таны хэлсэн дээр нэмээд Улаанбаатарын асуудал, эрүүл мэнд, авлига хээл хахууль гээд бүх асуудал сэтгэлгээтэй хамааралтай. Гэтэл тэрхүү сэтгэлгээнээс гарч байгаа, бидний хүсч буй зүйл нь сайн утас, сайхан машин гэх мэт эд зүйл, техник хэрэгсэл рүү чиглэж байна. Энэ нь өөрөө олборлолтыг өдөөж байдаг. Тэгэхээр эргээд хүний хэрэглээ, сонголт, боловсрол, төлөвшлийг ярих ёстой болно. Хамгийн гол нь бид боловсрол руугаа илүү хандах ёстой. Өнөөдөр арван жилийн дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс харахад “Хүн орчин” гэх мэт зарим хичээл байгаа ч яг нарийндаа хүний сэтгэлгээ рүү хандсан зүйл маш бага байна. Ийм байхад асуудал ярих хэцүү. Тэртэй, тэргүй нийгэм бужигнаантай байгаа нөхцөлд улс төрийн бүх хүчин, ямар ч мундаг улс төрч, хэнбугай нь ч төрд гарч ажиллалаа гэхэд хүүхдүүд рүүгээ, ирээдүй рүү, боловсрол руу харсан сонголт алга. Боловсролын яам, энэ салбарын ажил, явуулж буй бодлого урсгалаараа байна. Их сайн хийж байгаа зүйл нь кембрижийн хөтөлбөр гэж байгаа ч бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид өөрсдөө түүнийгээ ойлгохгүй, тайлбарлаж чадахгүй байх жишээтэй. Тэгэхээр бид энэ байдалдаа удаан байна гэсэн үг. Дараагийн үе маань ч сэтгэлгээний хувьд бидэнтэй төстэй байхаар үр нөлөө явж байна. Үүнийг анзаарч, аливааг өөрөөр, шинээр хардаг болсон тохиолдолд байдал өөрчлөгдөнө. Саяхан нэг телевизээр Данийн хүүхдүүдийн тухай нэвтрүүлэг гарсан. Түүнээс харахад Данийн ард түмэн амьдралаас маш бага зүйлийг хүсдэг юм байна.Барьж байгаа утас нь заавал ухаалаг гар утас гээд байхгүй, нөгөө л “Nokia” байх жишээтэй. Ийм сэтгэлгээгээр хандаж сурвал байдал арай өөр байх болов уу. Одоо манайхан юу ч хийж чадахгүй байж ямар эд хэрэглэж байна вэ. Дэлхийн зах зээл дээр дөнгөж гарсан үнэтэй автомашинууд ердөө хоёр хоногийн дараа л манайд орж ирж байна. Тэгвэл гадаадын улс орнуудад явж байхад тийм үнэтэй машин олон харагддаггүй. Манайхан ийм сэтгэлгээтэй болохоор бидний хүсэх, шаардагдах мөнгө нь их. Тэр хэрэгцээг хангахын тулд буруу алхам, буруу сонголтууд хийгээд байх шиг.
-Нийгмийн сэтгэлгээ ийм байгаа юм чинь түүнийг дагаад Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн өмнөх сонгуулиудын жишгээр сонгогчдын хүсэл, шунал, хэрэгцээнд тулгуурлах юм биш үү. Ер нь хэр өрсөлдөөнтэй болох бол. Эсвэл одоогийн Төрийн тэргүүн ямар ч өрсөлдөгчгүй 100 хувийн саналаар гарч ирэх юм болов уу?
-Яалаа гэж.Ямар ч өрсөлдөөнгүй, өрсөлдөгчгүй, нэг хүнээс өөр сонголтгүйгээр сонгууль явагдахгүй байлгүй. Гэхдээ яг өнөөдрийн төвшинд харахад Ц.Элбэгдорж шиг хүчтэй хүн алга. Нам нь УИХ-ын сонгуульд ялж, олонхи биш ч олуулаа болж Засгийн эрх барьж байна. Өөрөө ч сайхан имижтэй үг хэлж, түүгээрээ хүмүүст таалагдаж байна. Гэвч энэ нь нийгэмд хоёр янзаар харагдаж, танигдаж байна. Нийгмийн дэмждэг хэсэгт нь улам таалагдаж байх шиг. Эсрэг байр суурьтай хүмүүсийн хувьд сөрөг нөлөөтэй. Тэд улам эсэргүүцэж, эгдүүцэх талтай. Иймээс шинэ хүнийг хайж эрэлхийлж байгаа. Прагматик талаас харахад экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх хэмжээний, нийгэмд үнэлэгдсэн кандидат байсан. Гэхдээ хууль эрхзүйн талаас дэвших боломжгүй. Түүнээс гадна нэр дэвших боломжтой хүн олон бий. Ухаантай хүн өөрийгөө голдог болохоор ил гарахгүй байх шиг байна. Өөрийгөө голохгүй олонд танигдах гээд яваад байгаа хүнийг ухаантай гэхэд бас хэцүү. Түүнээс биш Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших хүн олон бий. Намууд хүнээ таньж, олж нэр дэвшүүлэх л чухал. Хамгийн гол нь тэр хүн эх оронч байгаасай. Улс төрчдөөс гадна энгийн олны дотор ч зөв бодолтой, улс орноо гэсэн сэтгэлтэй хүн олон бий. Өнөөдөр улайм цайм буруу юм хийсэн, эх орныхоо эсрэг ажилласан хүмүүс өнөөдөр хэвлэл, мэдээллийн ачаар зөв хүн болж харагдаад байдаг. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй.
-Тэгвэл, сэрэмжлүүлэг гэх үү, мессэж ч гэмээр юм уу, түүнтэй төстэй мэдээллийг сонгогчдод хүргээч гэвэл та юу хэлэх бол?
-Нэг л зүйлийг хэлнэ. Мэдээж ард түмнээ өнгөөр, мөнгөөр, намаар, улстөрөөр ялгаж үздэг хүн эх орноо бүтэн хайрлаж чадахгүй. Олон хэл мэддэг, олон юм судалсан, их мэдээлэлтэй, их ухаантай, олон диплом цуглуулсан мундаг гэгддэг хүн байснаас хэр тааруу мэдлэгтэй ч чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө зүтгэсэн хүн байгаасай. Ийм хүн гарч байж төр, засгийн төвшинд оволзож байгаа хорыг илааршуулна. Ингэж байж монгол төрийг баланслуулна.