Ж.ЦОГЗОЛМАА

Бээжин ийн дуулж байна. Төрийн өмчит томоохон компаниудаараа дамжуулан эдийн засгийн шилдэг нүүдлийг хийж чадсан Цагаан хэрмийн эзэд Монгол хэмээх тог­лоомноосоо уйдаж эхэл­сэн нь энэ бололтой. Эрчим хүчний эх ундаргаа инжинд тавиад хоосорч буй Монголын Засгийн газар “Чалко”-д тавьсан “сүй”-гээ цуцлахаас арга­гүйд хүрснээ зарлалаа. Тавантолгойгоо сонгуу­лийн төсөв болгосон улс­төрчдийн балгаар цуутай “хурим”-ын зар их өрийн паян болон хувирав.

Хятад дэлхийн нүүрс­ний хамгийн том хэрэг­лэгч бас үйлдвэрлэгч. Хүн амынхаа тоогоор толгой цохиж буй тус улс нийт нүүрсний хэрэг­лээ­нийхээ дийлэн­хийг эрчим хүчний зориу­лалтаар ашиглаж буйг АНУ-ын Эрчим хүч­ний мэдээллийн агентла­гийн өнгөрсөн онд гарга­сан дүгнэлтэд дурьджээ.

Ёроолгүй сав адил хязгааргүй шин­гээгч их хэрэглээтэй Хятадын зах зээлд байр сууриа хэдийнэ эзэл­чихээд байсан томоо­хон түнш нь Индонез. Гэвч тэдний өмнө Монгол гэгч шинэхэн тоглогч гарч ирсэн юм. Индонезийн нүүрсний уурхайн ассо­циацийн гүйцэтгэх захи­рал Supriatna Suhala “Коксжих нүүрсний арвин эх үүсвэр болсон Монголын Таван­толгой бүрэн ажиллаад эхэлвэл Хятадад нүүрс ний­лүүлж буй бүх улс оронд дарамт болно” хэмээжээ. Өлсгөлөнд нэрвэгдсэн эрчим хүчний зах зээлийг тэр чигт нь цатгах илчлэг ихтэй “хүнс” зөвхөн Мон­голын Таван­толгойд нууг­даж байснаас тэр. Өнгөр­сөн 2011 оны долдугаар сард Монгол Улс “Чалко”-той гэрээ хийж 350 сая ам.долларын өртөг бүхий нүүрс нийлүүлэхээр тохи­ролцсоноор анхаар­лын төвд орсон. Дэлхийн зах зээл дээр нэг тонн кокс­жих нүүрсний үнэ 150-220 ам.долларт эргэлдэж бай­хад Монгол Улс “Чалко”-д нүүрсээ тонн тутамд нь ердөө л 70 ам.доллараар худалдаж байв. Одоо бүр 53 “ногоон” болтлоо шал­даа буулаа. “Бид нүүрсээ дэлхийн зах зээл дээрх үнээр худал­дахыг хүсч байна. Хятадаас өөр худалдан авагчийг хайж байна” хэ­мээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь “Рой­терс”-т өгсөн ярилцлага­даа дурд­жээ. Олон улсын биржүү­дийнхээс хоёр дахин доо­гуур үнэ хэлсэн “Эрдэнэс Тавантолгой” дахь хачин бодлогын шалтгаан нь тодорхойгүй. Тэгсэн хэрнээ урьдчилгаа төлбөрт 350 сая ам.доллар аваад түүгээрээ иргэддээ мөнгө тараасан. Уул уурхайн акулуудыг сонгон шалга­руулалтад уухайлан дуу­даад эцэст нь адгийн гэрээ байгуулсан хамгийн муу туршлага энэ болох биз. Улс төрийн намуудын хувьд Тавантолгой сонгуу­лийн санал худалдан авах зэвсэг нь болж, үр дүнд нь өмнийн говио “ломбард”-нд тавиад хүүнд нь идүүлж буй сонгодог жишээ энэ боллоо. “Чалко”-той бай­гуул­сан гэрээгээ цуц­лахын тулд бид 50 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх учиртай. Улстөрч­дийн тайлбарласнаар алдарт “Чингис” бондын орло­гоор энэ өрөө дарах юм гэсэн. “Өр дарах гэж бонд гаргадаггүй. Харин бүтээн байгуулалт хийх гэж, дэд бүтцийн томоо­хон төслүүдээ хэрэгжүү­лэх үндсэн зорилго юм” гэд­гийг шилдэг эдийн засаг­чид батлаад байна. Тэгээд болоогүй дахиад 186 сая ам.долларыг урьд­чилгаа төлбөр буцааж тө­лөх даал­гавар Мон­голын Засгийн газрын өмнө бий. Бодоод үз л дээ, зөвхөн урьдчил­гааныхаа хүүний төлбөрт 10,5 сая “ногоон” заржээ. “100 мянган айлын орон сууц”-ны амин сүнс болсон зур­гаан хувийн хүүг хэрэг­жүүлэхэд хан­галт­тай их хөрөнгийг Засгийн га­зар сандал ширээ булаа­цалдсан уймраа шийдвэ­рийнхээ өрөнд өгчихөж. Сургууль, цэцэрлэг бари­хад гадаа­даас буцалтгүй тусламж гуйж уруулаа унжуулж явахааргүй байж болох сая сая төгрөг Таван­тол­гойд хийсэн бод­логогүй гишүү­дийн балгаар үгүй болжээ.

Авдран дахь зоос нь багтаж ядсан Хятадад нүүрсээ экспортлох гэсэн улсуудын цуваа урт, бас хүлээлт, хүсэл их. Харин Бээжин Тавантолгой гэдэг тоглоомын үеүдийг ам­жилттай давж, тун удахгүй “Game over” гэж хэлнэ. Тэд Монголын говиос хэрэг­тэйгээ аваад дуусах тэр цагт дахиад л сонгуу­лийн их мөнгөний гол Улаанбаатарт “үер­лэнэ”. Тэр нь ямар гээч баялгийн ундаргаас эх авах бол.