Б.СОЛОНГО

Энд идэх хоолгүйдээ өлсөж байгаа тухай бичих гэсэнгүй. Томчуудын буруугаас “өлсөж” байгаа хүүхдүүдийн тухай бичих гэсэн юм. Олон улсад хөдөлгөөний өлсгөлөн гэсэн нэр томьёо бий. Ер нь бол олон цагаар хөдөлгөөнгүй удаан сууснаас үүдэлтэй өвчин. Соёл иргэншлийн давалгаанд олон шинэ төрлийн өвчин үүсч бий болж байгаа ч, хамгийн түгээмэл, тэр дундаа анагаах ухааны салбарын толгойны өвчин болсон нь хөдөлгөөний дутагдал юм. Фитнесс клубт гүйдэггүй юм гэхэд ганцхан километрийн зайтай ажил руугаа алхаж явахаас залхуурдаг болсон томчууд хөдөлгөөний өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нь өөрсдийнх нь буруу.
Ажилтай, завгүй, залхуу гээд түмэн шалтаг нь энэ өвчний суурь болдог нь үнэн. Гэтэл бид ид гүйж харайх насан дээрээ байгаа бяцхан хүүхдүүдээ насан туршид нь дарамталж мэдэх олон өвчний шалтгаан болдог хөдөлгөөний өлсгөлөнд нэрвэгдүүлж байгаа нь даанч харамсалтай. Хүүхдүүд бидэн шиг залхуурахгүй. Гэртээ ч, цэцэрлэгтээ ч, сургуульдаа ч тэд сахилгагүй. Гүйж харайна гэдэг тэдний хувьд хамгийн зугаатай ажил нь. Гэвч бид тэр зугаатай мөчийг нь шууд боомилж, эрхэнд нь халдаж байна. Тэд өөрсдөө ч мэдэхгүйгээр хөдөлгөөнөөр өлсөж байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Хүүхэд бүрийг хамгаалья” сэдвийн дор хүүхдүүдийг хөдөлгөөний өлсгөлөнгөөс хамгаалахыг уриалж, энэ асуудлыг хөндөж байна.
ХӨДӨЛГӨӨНИЙ ӨЛСГӨЛӨН ГЭЖ ЮУ ВЭ
Хүүхдүүд яагаад хөдөлгөөний өлсгөлөнд нэрвэгдэж байгаа гэж. Та ингэж бодож байна уу. Энэ асуултад хариулахын өмнө хөдөлгөөний өлсгөлөн гэж ямар эрсдэлтэй өвчин болохыг товчхон тайлбарлая. Хүн хөдөлгөөний дутагдалд орсноор, өөрөөр хэлбэл, удаан хугацаанд сууснаар хөлийн судсанд цус бөөгнөрдөг. Улмаар өөх тос, сахар задрахаа больж, цусанд хуримтлагдаж эхэлнэ. Ингэснээр бодисын солилцооны хямралд өртөж, энэ нь зүрх судас, цусан хангамж, мэдрэл, үе мөч гээд хамаг өвчний суурь шалтгаан болдог учиртай. Хөшиж биш хөгширч үхэх юмсан гэж өөрсдөө ярьдаг хэрнээ дөнгөж өсөж, төлжиж буй залуу биетэй бяцхан хүүхдүүдийг өвчний хар үүр лүү түлхсээр байна. Бид үр хүүхдээ өглөө цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг. Ихэнх тохиолдолд машинаар. Орой авахдаа ч бас. Хүүхэд гэртээ ирээд хичээлээ давтана, тоглож наадах гэхээр томоотой суу гэж загнана. Сахилгагүйтэх гээд байвал компьютер асаагаад өгчихнө. Тэгээд унтуулна. Маргааш өглөө нь машинаар зөөнө. Хүүхдүүдэд тоглож наадах талбай үгүй. Тэд гүйж харайя гэвч боломж байхгүй. Тиймээс хэд гурваараа нийлээд PC тоглоомын газрыг зорино. Тэндээ хэдэн цагаар ч хамаагүй суудаг. Ердөөсөө суудлын өвчин биднээс илүүтэй хүүхдүүдийг онилчихож. Та хүүхдээ цэцэрлэгтээ, сургуульдаа хэдэн цаг суудгийг мэдэх үү. Биеийн тамирын хичээлдээ хэр хугацааг зарцуулдаг, багш нь ангид нь ямар дасгал хөдөлгөөн хийлгэдэг, миний хүүхэд ямар спортод дуртай, дуртай спортоороо хичээллэдэг болоход нь яаж анхаарах вэ. Та энэ бүх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Хариулт нь олдохгүй л болов уу. Учир нь бид хүүхдүүдээ мартчихаж.
ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ НЭГ ХҮҮХДЭД 30 МКВ ТАЛБАЙ НОГДОХ УЧИРТАЙ
Манай хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ хангалттай хөдөлдөг байлгүй дээ. Багш нар нь дасгал хийлгэдэг байх. Үнэндээ бид ингэж л найддаг. Гэвч таны, миний охины, хүүгийн ангид хэдэн хүүхэд суралцдагийг тооцоолоод үзээрэй. Ерөнхий боловсролын сургуулиас эхэлье. Хэдэн саяар тоологдох өндөр төлбөртэй хувийн сургуулиудыг эс тооцвол улсын нэртэй ерөнхий боловсролын сургуулиуд бүгд гурван ээлжээр хичээллэх болсон. Бүгд гээд хэлчихэд буруудахгүй байх. 1200 хүүхдийн нормтой боловч 2000 давсан хүүхдийг арай ядан байгаа байшиндаа багтааж байгаа нь тун ч олон. Хайлаастын 72, Чингэлтэйн 37 гээд хэдэн хорооны дунд ганцхан байдаг сургуулиуд захаас аваад олон. Ээж, аавын гараас дөнгөж гарсан зургаан настнууд хүртэл гурав гурваараа ширээндээ чихэлдэн сууж, багшийн заасныг ойлгох гэж ядаж байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа үед хичээлийн дундуур хүүхдүүдэд завсарлагын хугацаа гэж тавхан минутыг өгнө. Үндсэндээ тэд хичээлийн 4-5 цагт огт хөдөлгөөнгүй чихцэлдэн суудаг. Хөл, гар нь хөшсөн ч тэдэнд гомдоллох эрх үгүй. Уг нь бол норм, дүрэмдээ стандартад заасан талбай бүхий ангид 30-аас илүүгүй хүүхэд сурах ёстой юм. Гэвч энэ бол зүгээр л цаасан дээрх тоо. 50 хүүхэдтэй анги гэхэд гайхаад байх хүн одоо үгүй болсон. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээл долоо хоногтоо үсрээд л хоёр удаа орно. Ингэхдээ 40 минутаар. Нэг удаагийн хичээлээр зааланд 4-5 ангийг багтаана. Бараг 200 дөхсөн хүүхэд сургуулийн заал гэх умгар танхимд биеийн тамирын хичээл хийсэн нэр зүүдэг. Нийслэлд л гэхэд биеийн тамирын заалгүй 14 сургууль бий. Тэр сургуулийн хүүхдүүд спортоор хичээллэх тухай ойлголт ч үгүй байдаг биз. Стандартын шаардлага хангасан заалтай нь маш цөөхөн. Сургуулийнхаа коридорыг хүртэл анги болгон ашиглаж байгаа энэ үед биеийн тамирын заалны тухай ярих ч илүүц биз. Сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн насынхан мөн ялгаагүй. Миний охины ангид лав 45 хүүхэд сурдаг. Орон дээрээ багтахгүй болохоор хичээлийн танхимдаа өөд, уруугаа харж зөрөлдөн унтдаг юм билээ. Өглөө багш нь эгнүүлж зогсоож байгаад дасгал хийлгэдэг. Гар, хөл, хүзүүг нь хөдөлгөхөөс бус гүйлгэж, алхуулах боломжгүй гэсэн. Аргагүй дээ. 30 метр квадрат хүрэхгүй нэг ангид 45 хүүхэд цугларч байгаа юм чинь. Гэтэл нөгөө дүрэм, журамд нь зааснаар бол 90 хүртэл хүүхэдтэй цэцэрлэгт нэг хүүхдэд ногдох талбай 35 метр квадрат байна. Харин 90-ээс дээш тооны хүүхэдтэй бол 30 метр квадрат байна гэж заажээ. 90-ээс доош хүүхэдтэй цэцэрлэг байна гэж юу байхав. Ямартаа ч цэцэрлэгийн насны хүүхдийн эзлэх талбайн хэмжээ 30 метр квадратаас бага байх ёсгүй аж. Ингээд бодоход бодит байдал ямар байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэнд хүүхэд гүйж тоглох боломжгүй, нэг ёсондоо тэд хөдөлгөөнөөр өлсөж байна. Хүүхдийг бид ирээдүйгээ гэж тодорхойлдог. Бидний бага байхад сургууль, цэцэрлэгийн хүртээмж харьцангуй сайн байж. Аав ээжийн үед олон нийтийн спортын арга хэмжээ олон болдог байсан гэсэн. Тиймдээ ч бид өнөөг хүртэл суудлын өвчний хор уршгийг харьцангуй зөөлнөөр хүлээн авч байна. Харин бидний хойч үе буюу өнөөгийн хүүхдүүдэд хөдөлгөөний өлсгөлөн гэдэг өвчин жинхэнэ утгаараа заналхийлэх бололтой. Хүүхэд бүрийг “өлсөхөөс” хамгаалья.
Үргэлжлэл бий...