ШУА-ийн Философи, социологи эрх зүйн хүрээлэн

М.ЗОЛЗАЯА

Философи, социо­логи, эрх зүйн хүрээ­лэн­гээс 2008, 2010, 2012 онд явуулсан социологийн су­далгааны зарим дүн болон бусад мэдээлэлд тул­гуур­лаж хүн амын шашин шүтлэгийн хүрээнд гарч буй өөрчлөлт, хандлагын талаарх товч өгүүлье.

Шашин бол сэтгэл, ёс суртахуун, оюун санааг эзэмддэг нийгэм, соёлын үзэгдэл төдийгүй хүний хэрэгцээ юм. Шашин шүтэх нь хувь хүний итгэл бишрэл, шашны мэд­рэмж, бурханы оршихуйн тухай төсөөлөлтэй хол­боотой учир судлан шинж­лэхэд нарийн төвөгтэй, тухайн шашны онцлогоос хамаарсан өвөрмөц арга зүйг шаарддаг. Хүн өөрт төлөвшсөн үнэлэмжээр сонголт хийж, үйлдлээ зохион байгуулахад ша­шин шүтлэг нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй. Хүн тө­рөлхтний түүхэнд ч шашин итгэл найдварын баталгаа болсон үе бий.

Манай нийгэмд мухар сүсэгтэн олширч байна. Өөрийгөө ид шидтэн, хутагт хувилгаан, зөнч, үзмэрч, мэргэч төлөшч хэмээн зарлаж /зарим нь амьдрахын эрхээр/ ир­гэдийг мунхруулан нийгэмд айдас төрүүлж, улмаар шинжлэх ухааны мэдлэгийн үнэ цэнийг бууруулж, хуурамч шинж­лэх ухааныг дэлгэрүүлэх боллоо. Тэд ийм бусармаг үйлдлээрээ мөн нийгэмд шашны нэр хүндийг уна­гааж байгаа юм. Тухайл­бал, дэлхийн сөнөх тухай цуурхалд олон хүн итгэж үнэмшсэн, сүсэгтнийг сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хүний эрхийн зөрчил нилээд гарах болсон нь анхаарал татахгүй байхын аргагүй. Угтаа мухар сүсэг ба шашны агуулга, мөн ча­нар, илрэх байдал нь ялгаатай юм.

Яагаад иргэд мухар сүсэгт автагдаад байна вэ, яагаад оюун ухаанаа удирдлага болгож бие даан шийдвэр гаргах эр зориггүй болчих воо?

 Байгалийн гамшиг, нийгмийн шударга бус байдал, түүнээс үүдсэн амьдралын бэрхшээл, өвч­лөл, хүнийсэл, ядуу­рал, ёс суртахууны до­рой­тол зэрэг нь мухраар сү­сэг­лэхэд нөлөөлдөг хүчин зүйлс. Эдгээрээс хамгийн гол шалтгаан нь ядуурал юм.

Өмчгүй, цалин орло­гогүйгээс шалтгаалан өөртөө болон гэр бүлдээ тохиолдож буй бэрх­шээлээ даван туулахын тулд аврал эрэн үзмэрч, зурхайч, бөө, удганд хан­даж байна. Ядуу хүнд материаллаг зүйлд уягдсан сүсэг бишрэл давам­гайл­даг байхад амьдралын боломжтой, боловсролтой хүн бол ёс суртахуун үүд­нээс хандсан сэдэлтэйгээр шүтэж биширдэг. Зовж зүдэрч аврал эрсэн нэгэнд үзмэрч, зурхайчид итгэж найдах, сэтгэлээ тайвш­руулах эрх чөлөө, сонголт байгаа нь сайхан хэрэг. Сүсэгтний хувьд бурхан бол итгэл бишрэлд нь байдаг зүйл учир бусдын шашин шүтлэгийг зөв, буруу, сайн, муу зэргээр дүгнэх нь шашны эрх чөлөөнд халдсан зохисгүй үйлдэл болно.

Орчин үеийн хүний амьдралын хэм зохицлыг алдуулсан шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд нь сэтгэл гутралыг нэмэг­дүүлж байна. Иймд шашны сургаал номлол дахь тайвш­руулах, идэвх­жүүлэх, сэ­рэмжлүүлэх агуулга нь үнэ цэнэтэй. Түүнчлэн сүсэг бишрэлд тулгуурлаж ёс суртахууны хэм хэмжээг төлөв­шүүлд­гээрээ нийг­мийн хөгжилд шашин эерэг нөлөөтэй. Ер нь ертөнцийн тухай шашны, фило­софийн, шинж­лэх ухааны дүр зургийн аль нэгийг огт үндэслэлгүй мэтээр нотлох гэсэн оролдлого явцгүй бөгөөд харин эдгээр нь харилцан бие биенээ нөхөн гүйцээж бүхэл бүтэн зураглалыг бий болгодог. Хэрэв манай хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүд олон түмэнд шинжлэх ухааны мэдлэгийг түлхүү хүргэж чадвал тэдний итгэл, найд­варын хандлага аяндаа өөрчлөгдөж, мухар сүсгээс ангижрах боломжтой.

Шашин судлаач, доктор С.Цэдэндамба Монголын нийгэм дэх шашин шүтлэгийн төрөл, хэлбэрийг уг гарвал шинж, монгол нутагт оршин тогтнож ирсэн цаг хуга­цаагаар нь нэгд, нэн эртний улбаа мөртэй байгаль шүт­лэг ба түүнд суурилсан бөө мөргөлийн болон ялангуяа тэнгэр шүтлэгийн хэл­бэрүүд; хоёрт, монгол оронд шарын шашин дэл­гэрэх үеэс хэвшиж тогтсон буддын шашны зан үйл, шүтлэгийн хэлбэрүүд; гуравт, нэн шинэхэн үед нэвтэрч дэлгэрч байгаа христийн болон өөр бусад шашин шүтлэгийн ил­рэлүүд нийгмийн нэгэн орон зайд зэрэгцэн оршиж байна гэж үзсэн байдаг (Шашин шүтлэгт гарч буй өөрчлөлт. –ФСЭЗХ. Монголын нийгмийн өөрчлөлт. Уб.,2008).

Тус хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд шашин шүт­лэгийн талаар бие даа­сан судалгааг хийгээгүй ч захиалгат болон төлөв­лөгөөт социологийн су­далгаанд иргэдийн шашин шүтлэг, шашин шүтэх болсон шалтгаан, шашны ямар зан үйл хийдэг зэргийг тодруу­лахад чиглэсэн асуулгыг оруулан судалж ирсэн.

Манай судлаачдын 2008 онд 21 аймаг, 126 сумын 4406 иргэдийн дунд явуулсан “Соёлын үйлчилгээ-хүний хөгжилд” судалгаанд оролцогчид “Олон шашны урсгалаас та алиныг нь илүү сүсэглэдэг вэ?” гэсэн асуултанд 71.3 хувь нь буддын шашин, христийн шашин 4.3 хувь, ислам шашин 4.1 хувь, бөө мөргөл 1.9 хувь, 18.3 хувь нь аль ч шашин шүтдэггүй, 1 хувь нь бусад гэж хариулжээ (“Соёлын үйлчилгээ-хүний хөгжилд” социологийн судалгааны дүнгээс-Философи, эрхийн судлал. XXIII боть. Уб.,2008).

Мөн хүрээлэнд хэрэгжүүлсэн “Монгол улсын засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт 2009-2010” тайлан-илтгэлд иргэдийн шашин шүтлэгийн байдлыг 2005, 2008, 2010 оны 3 удаагийн судалгааны дүнгээр харь­цуулан гаргасан /Ард­чил­сан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт 2009-2010. Уб.,2010/.

Уг судалгаанд хамрагдсан 1000 хүний 33.8 хувь нь шүтлэггүй, 53.8 хувь нь буддын шашин, 1.7 хувь нь ислам шашин, 4.7 хувь нь христ, 4.7 хувь нь бөө мөргөл, 0.2 хувь нь бусад шүтлэгийн хэв маягийг сонгодог /уул, ус, од, эрхэс/ гэж хариулжээ.

Манай улс 2010 оны хүн ам, орон сууцны ээлжит тооллогод анх удаа шашин шүтлэгийн байдлын тухай мэдээлэл авсан дүнгээс харахад 15 ба түүнээс дээш насны хүн амын дотор шашин шүтлэгтэй ба шүтлэггүй хэсгийн харьцаа 65.6:34.4 хувь байна (Хүн ам, орон сууц 2010 оны улсын тооллого: Үндсэн үр дүн. Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Уб.,2011). Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүмүүсийн 10 хүн тутмын 6 нь шашин шүтдэг байна. Шашин шүтлэгтэй энэ хэсгийн дотоод бүтцийг задлан үзвэл: 86.2 хувь нь буддын шашинтан, 4.9 хувь нь ислам  шашинтан, 3.5 хувь нь христ шүтлэгтэн, 4.7 хувь нь бөө шүтлэгтэн, 0.6 хувь орчим нь өөр бусад шашныг шүтэгчид гэсэн шашны бүлэг нийтлэ­гүүдэд хуваагдаж байгаа аж. Эндээс харахад шашин шүтэгчдийн дотор буддын шашин шүтэгчид үнэмлэхүй олонх буюу 86.2 хувь байгаа хэдий ч 15-аас дээш насны нийт хүн амын дотор эзлэх хувийн жин нь 53.0 хувь, христийн шашин 2.1, бөө шүтлэгтэн 2.9 хувийг эзэлнэ (Шашин шүтлэгт гарч буй өөрчлөлт. –ФСЭЗХ. Монголын нийг­мийн өөрчлөлт. Уб.,2012).

ФСЭЗХ-д 2008-2010 онд хэрэгжүүлсэн “Залуучуудын амьдралын зорилго, үйл ажиллагаа” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд 2010 онд «Залуучуудын амьдралын зорилго, үнэт зүйлийн өөрчлөлт» социологийн судалгаа явуулж, нийт 727 респондентоос цуглуулсан мэдээллийн нэгдсэн дүнгээс үзэхэд манай 16-35 насны залуучууд сүсэг бишрэлтэй бөгөөд тэдний 81.2 хувь нь буддын ша­шин шүтдэг гэж хариулжээ.

Мөн 45.3 хувь нь өөрийгөө сүсэгтэй гэж боддог, гэхдээ сүмд очиж мөргөл үйлддэггүй гэсэн бол 11.6 хувь нь бурханд итгэдэггүй, сүсэг бишрэлгүй, 4.2 хувь нь би үнэнхүү сүсэгтэй хүн байнга мөргөл үйлдэж, сүмд очдог; би сүсэгтэй хүн, заримдаа сүмд очиж мөргөл үйлддэг гэж 30.5 хувь нь хариулсан байна. Шашин шүтдэг шалтгааныг тодруулахад тэдний 64.1 хувь нь өвөг дээдсээс уламжилж ирсэн учир буддын шашныг хүндэтгэн шүтэж байдаг гэсэн нь нэг талаар аялдан дагасан шинжтэй боловч нөгөө талаар залуус соёл уламжлалаа дээдэлдгийг харуулж байна. Мөн 11.8 хувь нь байнга итгэл үнэмшил өгдөг учраас шүтдэг; 42.3 хувь нь үе үе лам, зурхайч, үзмэрч зэрэг хүмүүст ханддаг; 25.5 хувь нь бараг ханддаггүй, зөвхөн гарцаагүй болсон тохиолдолд очдог; 15.1 хувь нь лам зурхайчид итгэ­дэггүй байна. 2003 онд МУИС-ийн Шашин суд­лалын тэнхмээс явуулсан судалгаанд оролцогчдын 79.5 хувь шашин шүтдэг гэж хариулсан байдгийг дурдах хэрэгтэй.

Мөн залуусын уламжлалт шашин соёлыг хамгаалах талаарх санаа бодлыг асуухад 52.7 хувь нь уламжлалт шашин үн­дэсний соёлын нэг хэсэг учир хамгаалах шаард­лагатай; 16.6 хувь нь уламжлалт шашин нь илүү үнэн зөв шашин учир хамгаалах хэрэгтэй; 19 хувь нь даяаршлын үед олон шашин орж ирж байгаа тул уламжлалт шашин хэмээн явцуурах шаардлага байхгүй гэж үзсэн байна (Монголын залуучуудын нийгмийн дүр төрх. ФСЭЗХ. Уб.,2012 бүтээлээс дэлгэрэнгүй үзнэ үү).

“Оператив” судал­гааны төвөөс нийслэлийн төвийн бүсийн 6 дүүргийн 18-аас дээш насны 1000 хүнийг хамруулсан “Улаанбаатарчуудын ша­шин шүтлэгийн байдал” /2012 онд/ судалгаанд оролцогчдын 67.7 хувь нь буддын шашин шүтэж байхад 18-24 насны залуусын 12.3 хувь нь христ, 15.9 хувь нь бөө мөргөлийг шүтдэг гэсэн бага зэрэг өсөлттэй дүн харагдаж байна. Залуус буддын шашны сургаал номлол, зан үйл, бэл­гэдлийн нарийн учрыг мэдэхгүй ч уламжлалт ёс заншлаа бодож шүтдэг байна. Иргэдийн шашны эрх чөлөөний үзэл хандлага нь оршин сууж буй газраас хамааран харилцан адилгүй байж болох ч судалгаанд орол­цогч нийслэлийнхний 55-аас дээш хувь нь буддын шашин шүтэж /насны бүтцээр/ байна.

Дээрх судалгааны дүн­гүүдээс үзэхэд уламж­лалт буддын шашин зон­хилж, түүх соёлын уламжлалыг хадгалагч, дамжуулагчийн үүргээ гүйцэтгэсээр байна гэж дүгнэж болно.

Германы социологич М.Вебер тухайн улс орны соёлын хөгжлийн хүрээ­нээс хамаарсан ид шидийн элемент байдаг хэмээсэн. Тэгэхээр цаашид сүм хий­дийн шашнаа сур­талчлах арга хэлбэр, түүнийг хүлээн авч буй сүсэгтний сэтгэл зүй, үнэ­лэмж, хандлагыг су­далгааны үндэстэй тодорхойлох нь чухлаар тавигдаж байна.

Монголд христийн католик, үнэн алдартны, англикийн, апостолын, пресвитерианы болон баптист, лютеран, долоо дахь өдрийн адвентист, методист чиглэлийн 15 төрлийн сүм, цуглаан бий болсон бөгөөд дээрх урсгалууд нь гол төлөв АНУ, Англи, Герман, Канад, өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудаас санхүүждэг. Христийн шашин шүтэгчдийн 90 хувь нь протестант, 9 хувь нь хожмын үеийн гэ­гээнт­­нүүдийн сүмд (мормон), 1 хувь нь като­лик болон үнэн алдартны шашинтан байдаг аж.

Баян-Өлгий аймаг, казахууд бөөнөөр оршин суудаг Ховд аймгийн зарим сум, Налайх дүүрэг, Шарын гол сум зэрэг га­зарт ислам шашны сүм дуган баригдаж сү­сэгт­нүүдэд үйлчилдэг. 1990-ээд оноос хойш ислам шашны сүсэгтнүүдийн хэрэгцээ шаардлагаар Турк, Саудын Араб, Пакистан, Египет, Казахстан улсын шашны дээд сургуулиудад дээд боловсролтой молла нарыг бэлтгэн сургах болсон. Манай улсын казахууд ислам шашны зан үйл, ариун үүрэг, гол баяр ёслолыг уламжлалаар нь баримтлан үйлдэж хэв­шил болгож байна. Тухайлбал Коран судрыг уншиж цээжлэх, намаз мөргөл, мацаг барих, хажийн их мөргөл үйлдэх, өглөг өгөх, шашнаар тогтоосон татвар төлөх, рамадан сар шувтарсны ба хаж мөргөлийн дараах баяр ёслолыг өргөн тэмдэглэх болжээ.

Бөө мөргөл бол манай эртний язгуурын шүтлэг юм. Байгаль хамгаалах хийгээд шашин соёлын уламжлалыг даган зарим уул, овоог тахих төрийн албан ёсны шийдвэр гарсан нь тэнгэр тайх зан үйлийг сэргээсэн бөгөөд бөө мөргөлийн дэлгэ­рэлтэд багагүй нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Өнөөдөр бөө, удганыг тодруулах уг барих зан үйл хэт хавтгайрч хуурамч бөө, удган нар олширсон нь ажиглагдаж байгаа.

Цаашид улсын хэм­жээнд хутагт хувилгаад, бөө, удган, лам хувраг гээд бүх шашны зүтгэлтэн нарын талаар нарийн тоо бүртгэл гаргах; Төрийн бус байгууллагын тухай хууль, Төр сүм хийдийн харилцааны хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулж, сүм хийд, тэдгээрийн жи­жиг цуглаан, салбаруудыг албан ёсны бүртгэлтэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна. Мөн шашны байгууллага, сүм хийдүүдийн гадаад харилцааны талаар албан ёсны мэдээлэл хомс буйд холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй болов уу.

Нийгэмд хүмүүнлэг харилцаа тогтож, хариуц­лагын мэдрэмж дээшлэн иргэдийн амьдралын ча­нар өсөхөөр шинжлэх ухаан, урлаг, оюун ухааныг эрхэмлэсэн үзэл санаа, үнэлэмж зонхилох учиртай.